Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сумын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн ******* сум дахь сумын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2440000000073 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, *******, 41 настай, халх, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны 11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, ******* овогт ******* Мөнгөнсүх.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” рестораны халуун тогооны ширээг архины шилээр цохиж, бусдын эд хөрөнгийг сэргээн засах боломжгүйгээр устгаж, хохирогч эд хөрөнгөд 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь , бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн бүх хохирлыг төлж барагдуулсан.” гэв. 

 

Эрүүгийн 2440000000073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байхад манай “” рестораны харуул ах ах залгаад нөгөө сэтгэцийн өвчтэй гээд байдаг Мөнгөнсүх гэх залуу Хараа нэртэй нэг шил архи барьж орж ирээд заалны 1 номертой ширээн дээр очиж суугаад заалны хөргөгчөөс 1 лааз пиво авч ууж суугаад нөгөө барьж явсан архиараа ширээний тавцан хэсгийг 3 удаа цохиод цөмлөчихлөө гэсэн. Би нээх удалгүй яваад ирэхэд манайхаас гараад хойшоо чиглэлтэй явж байсан. Ирээд ажилчдаасаа асуухад угаасаа сэтгэцийн өвчтэй гэдэг болохоор манай ажилчид айгаад ойртоогүй юм билээ. Бас харуул ах ах болон зөөгч охидуудыг хэл амаар доромжилж ална гэсэн байсан. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай ресторанд орж ирж 32,400 төгрөгийн хоол идээд мөнгөө өгөөгүй гараад яваад өгсөн гэж байсан. Ер нь ******* сумынхан өвчтэй гэдгийг нь мэддэг болохоор айгаад нээх зүйл хэлж байгаагүй юм билээ. Өмнө нь бол байнга орж ирдэг ирээд хоол унд юм уу манайхаар үйлчлүүлж байсан хүмүүсийг ална мөн шүлс гэх зүйлийг шууд шалан дээр хаях гэх мэт зүйл зөндөө болдог тэр тусам нь цагдаад мэдэгдэхгүй болохоор давраад байгаа юм. Одоо бид нарт хохирол мөнгөнөөс төлөөгүй байгаа би ширээний мөнгө болон хоолны мөнгийг гаргуулж авбал гомдол санал байхгүй”  гэх мэдүүлэг (хх-ийн 07-08 дугаар хуудас),

-Гэрч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр ажилдаа гарч байсан. Өдөр 17 цагийн үед ******* сумын сэтгэцийн өвчтэй гэх Мөнгөнсүх гэх залуу манай ресторанд орж ирсэн юм билээ. Би гадуур эргүүл хийгээд цонх сав юмаа эргээд орж ирэхэд зааланд дотор сууж байсан. Намайг харахад бармен нар руу уурлаад хоолоо хурдал гээд байх шиг байсан. Би хоол захиалаад идэх гэж байна гэж бодоод байж байтал сандал дээрээс архиа аваад ширээний тавцан 2-3 удаа цохиод нэг хэсэгт цөм цохисон. Би бол айгаад ойртоогүй холоос хараад зогсож байхад ширээ хагалаад гарнаас цус гараад байх шиг байсан. Тэгээд цусаа хараад дотор ална хядна гээд орилж байгаад гараад хойшоо яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас),

-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №2024/ШД-353 дугаартай “…халуун тогооны ширээ 1,800,000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 15-17 дугаар хуудас),

-Шинжээч 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ ширээ нь БНХАУ-с шууд бүтнээрээ орж ирдэг. Халуун тогооны ширээний тавцан нь зориулалтын чанартай материалаар хийгддэг. Сэлбэг гэж дангаараа орж ирдэггүй юм. Тийм болохоор шууд бүтнээрээ халуун тогооны ширээ нь 1,800,000 төгрөгөөр тодорхойлж гаргасан байгаа” гэх мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №1071 дугаартай шинжээчийн “.. нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (хх-ийн 72-74 дүгээр хуудас),

-Яллагдагч *******ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.

 

Эрүүгийн 2440000000073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүгдэгчийн өмгөөлөгч:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41 дүгээр хуудас)

-*******ийн өвчний түүх, *******ийн СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн мэдээлэл (хх-ийн 59-69 дүгээр хуудас)

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “******* нь “Twins” рестораны эд хөрөнгийн хохирол болох 1,800,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дансанд хийж барагдуулсан болно. Иймд манай рестораны хохирол төлбөр төлөгдсөн тул санал гомдол саналгүй.” гэх хүсэлт, ХААН банкны дансанд 1,800,000 төгрөг төлсөн баримт (шүүх хуралдаанд гаргаж өгсөн) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” рестораны халуун тогооны ширээг архины шилээр цохиж, бусдын эд хөрөнгийг сэргээн засах боломжгүйгээр устгаж, хохирогчийн эд хөрөнгөд 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 07-08 дугаар хуудас),

-Гэрч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн11 дүгээр хуудас),

-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №2024/ШД-353 дугаартай дүгнэлт (хх-ийн 15-17 дугаар хуудас),

-Шинжээч 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (хх-ийн 72-74 дүгээр хуудас),

-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би рестораны ширээг хагалсан. Би гэмт хэргээ үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

“Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “Эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.

“Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмч, өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 1,800,000 төгрөгийн хохирол учирсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” рестораны халуун тогооны ширээг архины шилээр цохиж, бусдын эд хөрөнгийг сэргээн засах боломжгүйгээр устгаж, хохирогч эд хөрөнгөд 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.   

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч “Хүлэг морьтон трейд” ХХК-д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гүржав нь “...хохирол төлбөр төлөгдсөн тул санал гомдол байхгүй” гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгч нь хохирогчид 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар хохирол төлсөн болох нь тогтоогдож байна.

  Иймд шүүгдэгч ******* нь хохирогч “Хүлэг морьтон трейд” ХХК-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,800,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

   Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон.

 

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч  *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 (таван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж  өгнө үү.” гэж,

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,800,000 төгрөгийг төлсөн нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Хөдөлмөр эрхлэх боломжгүй. Сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан. Эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Улсын яллагчийн гаргасан шүүгдэгчид 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй. Улаанбаатар хотод Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага үүсдэг. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульд заасан.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулаад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэж,

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчээс “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

  Шүүхээс шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 41 дүгээр хуудас)

 Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1071 дугаартай “******* нь Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. *******ийн дээрх эмгэг нь дотоод шалтгаантай байх ба тодорхой үе шатгүй болно. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлтээр ******* нь Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. (хх-ийн 72-74 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан …эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан тул шүүгдэгч *******ийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзээд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ