| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 217/2020/0078/Э |
| Дугаар | 0090 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | 21.7.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 0090
Д.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.О
Яллагдагч Д.С
Яллагдагчийн өмгөөлөгч Х.Х
Хохирогч М.М
Хохирогчийн өмгөөлөгч М.Г, М.М
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 632 дугаар захирамжтай, Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт Д-н С.
Д.С нь албан үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хуулиар олгогдоогүй хийх ёсгүй үйлдэл хийж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн даргаар М.М-г эгүүлэн томилох тухай тушаалын биелэлтийг түдгэлзүүлж, хийх ёстой үйлдлийг хийлгүй М.М-г ажил албан тушаалд нь эгүүлэн томилохгүй, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, мөн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаартай тогтоолыг дүр эсгэн биелүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 632 дугаар захирамжаар:
Яллагдагч Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Д.Сд төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.Сд төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг Орхон аймгийн Засаг даргад хүргүүлэхийг прокурор, мөрдөгчид даалгаж, Хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг дурдаж, Энэ захирамжийг яллагдагч, түүний өмгөөлөгч, прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:
“... Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зайлсхийх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нэг мөр шалгаж тогтоох үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэн прокурорт хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Яллагдагч П.С-г гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байх ба үйлдсэн гэмт хэргийн хугацааг тогтоох үндэслэлээр буцаасан байна гэх ойлголтыг өгч байна. Д.Сг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр болон 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Тамгын газрыг төлөөлөн гаргасан тушаалууд нь гэмт хэргийн шинжтэй гэх асуудлаар яллагдагчаар татагдсан ба гэм бурууг шийдвэрлэх хуралдаан болоогүй байхад гэм буруутай мэт дүгнэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоох үндэслэлээр ялангуяа шүүх хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн.
Учир нь урьдчилан хэлэлцүүлгийг яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ... хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн. Мөн энэхүү асуудалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт цугларсан бөгөөд нотлох баримт бүрдсэн гэж үзэн прокурор ялласан яллах нотлох баримтын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Яллагдагч Д.Сг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр болон 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Тамгын газрыг төлөөлөн гаргасан тушаалууд нь гэмт хэргийн шинжтэй гэх асуудлаар яллагдагчаар татагдсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, прокурорын яллах дүгнэлт ирүүлсэн хэрэгт яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг зөрчсөн баримт хэрэгт авагдаагүй байхад нэмэлт ажиллагаа хийж, хэргийг шийдвэрлэх хугацааг харгалзана гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1, 2 заалтыг үндэслэн яллагдагч Д.Сд тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэмэлт ажиллагаа хийж, хэргийг шийдвэрлэх хугацааг харгалзана гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1, 2 заалтыг зөрчсөн. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 632 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор Б.О эсэргүүцэлдээ:
“ ... Шүүх шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нэг мөр шалгаж тогтоох үндэслэлээр буюу гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалт “Шүүх урьдчилан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор ... асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана...” гэснийг зөрчиж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.
Хохирогч М.М нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн даргын ажил албан тушаалаа эрхлээгүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүйн улмаас өмнө ажиллаж байсан ажил албан тушаал болон одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг шүүхээр тогтоолгосон Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1041 дугаартай шийдвэр /2 хх-ийн 138-140/, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаартай, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 681 дугаартай шийдвэрүүд /2 хх-ийн 182-194/ нийт 6 удаагийн шүүхийн шийдвэрээр нийт 15.226.334 төгрөгийг гаргуулан авсан холбогдох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлт үйлдэх үед хохирогчийн зүгээс иргэний нэхэмжлэл гаргаагүй тул иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй болно.
Харин шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татах эрх нь нээлттэй байхад энэ эрхээ хэрэгжүүлэлгүй хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 632 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “...эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч Х.О-ын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалбал яллагдагч Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Яллагдагчийн өмгөөлөгч Х.О нь “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг үндэслэн хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай тогтоолын хуулбарын хамт анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Анхан шатны шүүх өмгөөлөгч Х.О-ын гаргасан дээрх хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1599 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хийхээр товлосон байна.
Урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсоны дараа хохирогч М.М, түүний өмгөөлөгч М.М нар нь “...яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх..., 10.075.872 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулах..., иргэний хариуцагчаар татан оролцуулах асуудлыг шийдвэрлүүлэх..., хэрэгт нотлох баримт хавсаргах тухай хүсэлтийг /Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 00836 дугаартай шийдвэрийн хуулбарын хамт/ гаргажээ.
Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийн өмгөөлөгч Х.О-ын гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй /хангах, эсхүл хангахаас татгалзсан эсэх нь тодорхойгүй/-гээс гадна энэ талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.3-т “Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Харин анхан шатны шүүх хохирогч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу иргэний нэхэмжлэлтэй холбоотой иргэний хариуцагчийг тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт болон “... гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нэг мөр шалгаж тогтоох, ... иргэний хариуцагчийг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудал юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж тодорхойлсон атал анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудалтай холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь буруу байна.
Иймд шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан “... хүсэлт шийдвэрлээгүй..., урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн нь үндэслэлгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Харин давж заалдах гомдлын “яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хэсгийн тухайд анхан шатны шүүх яллагдагч Д.Сд төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Сд урьд авсан тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 632 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан зарим хэсгийг хүлээн авч, давж заалдах гомдлын “яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Сд урьд авсан тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ