Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 43

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч Х.Баяржаргал, А.Мөнхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайны овгийн Халтарын Баяржаргал, Дүгжид овгийн Адъяагийн Мөнхболд нарт холбогдох 201717000070 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн харьяат, 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Онгон сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 05 сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэн ялаа биечлэн эдэлсэн, ялтай байдал нь 2015 оны  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн, регистрийн дугаар ЛЖ86102116, Сайны овгийн Халтарын Баяржаргал

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн харьяат, 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Онгон сумын 2 дугаар баг, Олон худаг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ЛЖ92090812, Дүгжид овгийн Адъяагийн Мөнхболд

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч Х.Баяржаргал, А.Мөнхболд нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 25-ны шөнө иргэн Г.Батжаргалын 4 тооны эм хонь, 4 тооны ямаа бүгд 8 тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 440.000 төгрөгийн, 

 Шүүгдэгч Х.Баяржаргал нь давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 01 сарын 29-ний шөнө Г.Батжаргалын 4 тооны хонь хулгайлж бусдад 225.000 төгрөгийн нийт 665.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч Х.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 сарын 25-ны өдөр А.Мөнхболдтой хамт Г.Батжаргалын хониноос 4 хонь, 4 ямаа авсан. Дахиад 2017 оны 01 сарын 29-ний шөнө 4 хоногийн дараа ганцаараа явж Г.Батжаргалын хониноос 4 хонь авсан. Миний мотоцикль эвдэрсэн байсан болохоор бэр эгчийгээ гуйж машинаар нь сум руу аваачаад өгье гэж хэлсэн. Сумын төвд очоод Ариунаа гэдэг  хүнд өгсөн. Төлбөрийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

- Шүүгдэгч А.Мөнхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 25-ны өдөр Баяржаргал ах бид хоёр Батжаргалынх руу очиж 4 хонь, 4 ямаа авсан. Тэгээд сум руу орж Ариунаа эгчид хонь, ямаагаа өгөөд 399.000 төгрөг авсан. Тэрийгээ хувааж авсан. Г.Батжаргалын 4 хонь 4 ямааг бид хоёр хувааж малыг малаар нь төлсөн. Төлбөрийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

- Хохирогч Г.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 01 сарын 29-ний өглөө хонио хотноосоо гаргахад хонины хамгийн сүүлд явдаг эм хонь байхгүй байхаар нь хонио тоолсон чинь 12 тооны хонь, ямаа дутсан. Эм хонь 7, ямаа 4, төлөг 1 дутаад байгаа. Манай хонь ямаа баруун чих араасаа хөндлөн зүүн чих урдаасаа ганзага имтэй юм. Одоо санал хүсэлтгүй... гэх мэдүүлэг,  / хх-н 17 х /

 

- Гэрч Б.Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 01 сарын сүүлээр манай нөхөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд энэ үед Онгон сумын 2 дугаар багийн иргэн Х.Баяржаргал гэдэг залуу, танихгүй нэг залуугийн хамт ирж надад хонины гулууз мах 4 ширхэг, ямааны гулууз мах 4 ширхэгийг арьстай нь авчирч өгсөн. Хонь, ямааны мах нийлээд 390.000 төгрөг болсон. Үүнээс хойш 5-6 хоногийн дараа Баяржаргал ганцаараа ирж 1 тооны гулууз мах зарсан. Нийтдээ хэдэн төгрөг болсныг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг,  / хх-н 18 х /

 

- Гэрч Г.Магсарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 01 сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг санахгүй байна Онгон сумын 2 дугаар багийн иргэн Баяржаргал гэдэг залуу надад 20 кг татаж байсан хонины 1 ширхэг гулууз мах өгсөн. Уг хонины мах нь шинэ хийсэн нойтон мах байсан. Арьс ширийг нь аваагүй... гэх мэдүүлэг,  / хх-н 19 х /

 

- Гэрч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 02 сарын эхээр манай сумын махны ченж нар бүгд Улаанбаатар хот руу явсан байх үед 2 дугаар багийн иргэн Х.Баяржаргал гэдэг залуу суманд мах авах хүн байхгүй байна та надаас хонины мах авах уу гэхээр нь би 50.000 төгрөгт бодож 1 тооны гулууз мах авсан... гэх мэдүүлэг,  / хх-н 20 х /

 

- Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...манай хадам дүү Х.Баяржаргал мотоцикль эвдэрчихлээ, намайг сумын төв рүү буулгаад өгнө үү гээд гуйхаар нь би Бонго-3 маркийн машинаараа буулгаж өгсөн. Мотоциклыг нь ачих гээд очиход 4 хонь байсан. Надад хэлэхдээ хүнд өгөх гэж байгаа, аваад ир гэсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг,  / хх-н 22 х /

 

- Хохирогч Г.Батжаргал мөрдөн байцаалтанд өгсөн хүсэлтэндээ: ...Х.Баяржаргал, А.Мөнхболд нараас хохирлоо авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй... гэх мэдүүлэг,  / хх-н 17 х /

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ  /хх-н 9-14 х /

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд  / хх-н 10-11 х /

 

- Эд зүйлийн үнэлгээ / хх-н 15, 33 х /

 

- Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 сарын 06-ны 44 дугаартай тодорхойлолт

 

- Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 сарын 09-ний 45 дугаартай тодорхойлолт

 

- Х.Баяржаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43 х  / 

 

- А.Мөнхболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44 х  / 

 

- Х.Баяржаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 34 х / 

 

- А.Мөнхболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 41 х / 

 

- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 05 сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 37-38 х /,

 

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 39-40 х /

 

- Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллогын баримт / хх-н 49-50 х /

 

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-н 55 х /

 

- Хохирогч Г.Батжаргалын Цагдаагийн газарт 2017 оны 03 сарын 24-ний өдөр гаргасан хүсэлт зэрэг болно.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Баяржаргалыг давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 01 сарын 29-ний шөнө Г.Батжаргалын 4 тооны хонь хулгайлж бусдад 225.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Учир нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр шинэчлэн тогтоож, уг тогтоолын хэрэгжилтийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Х.Баяржаргалын Г.Батжаргалын хониноос 2017 оны 01 сарын 29-ний өдөр хулгайлсан гэх 4 тооны хонины үнэ нь эд зүйлийн үнэлгээгээр 220.000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага бус хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Баяржаргал, А.Мөнхболд нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан  2017 оны 01 сарын 25-ны шөнө иргэн Г.Батжаргалын 4 тооны эм хонь, 4 тооны ямаа бүгд 8 тооны бог малыг хулгайлж бусдад 440.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн хүлээн авсан тэмдэглэл, болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Шүүгдэгч А.Мөнхболд нь Х.Баяржаргалтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар хулгайлсан болох нь шүүгдэгч Х.Баяржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Батжаргалын хоттой хониноос 4 тооны хонь, 4 тооны ямаа гарган хөөж Мөнхболдын гэрийн гадаа зээрчилж янзалсан... гэх,  шүүгдэгч А.Мөнхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...8 тооны хонь ямааг манай гэрийн гадаа янзалсан бөгөөд маргааш нь миний эзэмшлийн Бонго жи-2 маркийн машинд ачиж Онгон сумын төвд Ариунаа гэж хүнд 392.000 төгрөгөөр зарсан... ” гэх, хохирогч Г.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 01 сарын 29-ний өглөө хонио хотноосоо гаргахад хонины хамгийн сүүлд явдаг эм хонь байхгүй байхаар нь хонио тоолсон чинь 12 тооны хонь, ямаа дутсан. Эм хонь 7, ямаа 4, төлөг 1 дутаад байгаа....” гэх мэдүүлгүүд болон  гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр хангалттай тогтоогдоно. 

 

       Шүүгдэгч Х.Баяржаргал, А.Мөнхболд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Х.Баяржаргал, А.Мөнхболд нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

       

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д, бусдад учруулсан хохирол нөхөн төлөгдсөн нь мөн хуулийн 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  хэрэгт тогтоогдоогүй байна.

 

           Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, эд хөрөнгийн байдлыг  харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх  шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Х.Баяржаргал нь урьд гэмт хэрэг үйлдэж Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж биеэр эдэлсэн,  ялтай байдал нь 2015 оны  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

            Х.Баяржаргал, А.Мөнхболд нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв. 

            Х.Баяржаргал, А.Мөнхболд нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу түүний хулгайлсан эд зүйл буцаан олгогдсон, хохирогч Г.Батжаргал нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

            Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн А.Мөнхболдын эзэмшлийн 26-09 УБН улсын дугаартай Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгсэл, Х.Баяржаргалын эзэмшлийн Сонни маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна. 

Харин гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, зөөж тээвэрлэхдээ ашигласан гэх А.Мөнхболдын эзэмшлийн 26-09 УБН улсын дугаартай Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгсэл нь  Г.Монголзориг гэх хүний нэр дээр бүртгэлтэй  учир дээрх машиныг   улсын орлого болгох боломжгүй  тул тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Сайны овгийн Халтарын Баяржаргалыг давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан  иргэн Г.Батжаргалын 4 тооны хонийг хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Шүүгдэгч Сайны овгийн Халтарын Баяржаргалыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, Дүгжид овгийн Адъяагийн Мөнхболдыг  бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х.Баяржаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, А.Мөнхболдыг  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Х.Баяржаргал, А.Мөнхболд нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан ялтан Х.Баяржаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар,  ялтан А.Мөнхболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Х.Баяржаргал, А.Мөнхболд нарт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

          

            7. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан шүүгдэгч Х. Баяржаргалаас 1.000.000 төгрөг, А.Мөнхболдоос 1.000.000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

 

 8.Ялтан Х.Баяржаргал, А.Мөнхболд нарт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Батжаргал нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан А.Мөнхболдын эзэмшлийн 26-09 УБН улсын дугаартай Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгсэл, Х.Баяржаргалын эзэмшлийн Сонни маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг  тус тус хүчингүй болгосугай.

 

  10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Баяржаргал, А.Мөнхболд нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч,иргэний нэхэмжлэгч,иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР