Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2020/00038/И |
Дугаар | 136/ШШ2020/00079 |
Огноо | 2020-02-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 136/ШШ2020/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1, Б овогт Хын О, РД:/Е66666665/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , “А” ХХК /РД: 6666614/-д холбогдох
Иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 04 дүгээр сард А ХХК-ийн намын хороонд байрлах ломбарднаас 500 000 төгрөгийг 0,3 хувийн хүүтэй зээлж аваад улмаар өөрийн хүүхдүүд болох О.А, О.Аз О.А нарын хүүхдийн 20 000 төгрөгийн дэвтэр, Х.Оын цалинтай ээжийн дэвтэр болон иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтуудыг барьцаалж, уг ломбардны эзэн болон Сүжлхамд банкнаас мөнгө авах итгэмжлэлийг хийж өгсөн. Би 3 хүүхдийн 20 000 төгрөгөөр сард 60 000 төгрөг, цалинтай ээжийн 50 000 төгрөг, нийт 110 000 төгрөг сар бүр шууд суутгуулан зээлд төлж байгаа. Гэтэл 500 000 төгрөгийг зээлж авснаас хойш 2019 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 саруудын нийт 8 сар 110 000 төгрөгөөр тооцож бодоход 880 000 төгрөгийг өнөөдрийн хугацаанд бүрэн төлж дуусаад байна. Би ломбарднаас очиж зээлээ төлж дууссан учраас бичиг баримтуудаа авъя гэхэд өгөөгүй юм. Миний хувьд үндсэн зээл, зээлийн хүүнд төлсөн 880 000 төгрөгийг тооцож үзэхэд үндсэн зээлд 500 000 төгрөг, хүүнд 380 000 төгрөгийг төлсөн ба зээлийн хүүг хангалттай хэмжээнд төлсөн гэж үзэж байна. Учир нь 500 000 төгрөг зээлээд бараг дахин нэг нугалж төлөх хэмжээнд хүртэл төлөөд явж байна. Иргэний хуулийн 282.2. Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Ломбардны эзэн намайг одоо дахиад 349 480 төгрөгийг төлж байж бичиг баримтаа ав гээд өгөхгүй байна. Иймд би зээлийн 500 000 төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлж дууссан учраас А ХХК-ийн ломбарнаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Ж шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Оын авсан мөнгөний тооцоог бодит баримтад үндэслэн үнэн зөвөөр бодож, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 487 760 төгрөг дээр 200 000 төгрөгийг нэмж, аваад нийт 687 760 төгрөг болсон. Баримт дээр гарын үсэг зурж авсан байгаа. Түүнээс хойш бодогдсон хүү нь 132 270 төгрөг, нийт 820 030 төгрөг төлөх ёстойгоос 570 000 төгрөг төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 250 030 төгрөгийн үлдэгдэлтэй. Энэ төлбөрийг төлж барагдуулсаны дараа барьцаанд тавьсан зүйлийг Х.От өөрт нь эргүүлэн өгнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... зээлийг бүрэн төлсөн тохиолдолд бичиг баримтуудыг буцаан өгнө...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч “А” ХХК-иас мөнгө зээлж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн итгэмжлэлээр жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж 50 000 төгрөгийг, 3 хүүхдийн мөнгөн тэтгэмж 20 000 төгрөгийг тус тус авах эрхийг Д.Бямбадүгэрт олгож, Х.Оын иргэний үнэмлэх, О.А, О.А, О.А нарын төрсний гэрчилгээ, жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтрийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон.
Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байхыг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заажээ.
Дээр дурдснаар иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, тэтгэмжийн дэвтэр нь бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхэд хамааралгүй, барьцааны зүйл биш тул хариуцагчийн эзэмшил хууль бус байх тул хариуцагч А ХХК-иас эдгээр баримтуудыг гаргуулан шийдвэрлэж байна.
Хариуцагч А ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас Х.Оын иргэний үнэмлэх, О.А, О.А, О.А нарын төрсний гэрчилгээ, жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийн 0023079 дугаартай дэвтрийг гаргуулж, нэхэмжлэгч Х.От олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.О нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА