Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/301

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Орчуулагч, хэлмэрч Т.Х,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгч М.Хийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч С.А, С.Н,

Шүүгдэгч А.Сы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч М.Х, А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Мйн Х, Ши хн овогт Аын С нарт холбогдох эрүүгийн 2313003680356 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн Ногооннуур сумын ... дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Мн Х, .....

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ... дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ше. х. овогт А.н С.....

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х, А.С нар нь бүлэглэж, согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хөх хад” гэх газарт байрлах, хохирогч Ц.Бын малын хашаанаас 8 тооны ямаа хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийн агуулга:

1.Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр малаа хариулж байхдаа А.Стай тааралдсан. Би тэр үед  Увс аймгийн Ховд сумд тэмцээнд оролцоод тэргүүн байранд ороод шагналд нь морь авсан байсан. Тэгээд А.С намайг  шагналаа угаагаарай, 1 шил архи авч өгөх үү? гэхээр нь авбал авч өгье гээд ойр байгаа дэлгүүрт очиж 2 шил авсан. Тэгээд бид хоёр 2 шил архи ууж дуусгаад би яваад өгсөн. А.С нь гол гатлаад явсан. Би А.Стай хамт хулгай хийгээгүй тул намайг цагаатгаж, хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна” гэв.

2. Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт : “...2023 оны 10 дугаар сарын 27-ны орой би малаа оторлохоор болж, адуунуудаа хайгаад явж байсан. Тухайн үед М.Хтэй тааралдахад тэр надад “Би тэмцээнд оролцоод шагналд нь морь авсан, угаагаарай” гэж хэлсэн. Тэгээд  М.Х 1 шил архи,  би 1 шил архи авч уусан. Гэр маань бригадад байдаг. Би тэр орой архи уугаад согтоод унтчихсан байсан. Цагдаа нар ирээд намайг сэрээсэн. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралд хохирогч мэдүүлэг өгөхдөө А.С бид хоёр 2017-2018 онд маргалдсан гэж хэлсэн. Үүнийг өмгөөлөгч нар сонссон. Хохирогч Ц.Б бид хоёрын дунд бэлчээртэй холбоотой маргаан, таарамжгүй харилцаа  байдаг. Хохирогч Ц.Б надад өс хонзонтой байгаа учраас намайг хулгай хийсэн гэж гүтгэж байна. Хохирогч мэдүүлэгтээ ямааг хашаанаас гаргасан нэг бол хашаан дотор байсан гэж өөр өөрөөр мэдүүлсэн байна. Надад хийсэн хэрэг байхгүй тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би тухайн үед согтуу байсан. Болсон явдлыг санахгүй байна” гэв.

3. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:”... Шүүгдэгч М.Х, А.С нар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний өмчлөх эрхэд халдаж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж хохирогчийн эзэмшлийн малыг хулгайлсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримт нөхцөл байдлаас хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. Хулгайлах гэмт хэргийн онцлог нь нууц далд аргаар үйлдэгддэг. Бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан тохиолдолд хүндрүүлэн зүйчилдэг. Шүүгдэгч А.Сы өмгөөлөгч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд 7 тоо эсхүл 5 тооны мал байна гэх асуудлыг ярьж байгаа боловч тухайн гэрэл зургийн үзүүлэлтийн тайлбар хэсгийг хэсэгчлэн харвал 7 тооны мал 5 тооны мал байна гэдэг зүйлийг хэсэгчлэн тусгаж тайлбарласан. 1 кадр зургаар 8 тооны малыг бэхжүүлж авах боломжгүй байсан. Хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ 8 тооны ямааг тусгаарласан талаар хэлсэн. Иймд олон тооны малыг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч М.Х, А.С нар гэм буруу дээр маргасан боловч шүүгдэгч А.С нь тогтворгүй мэдүүлэг өгч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээр маргахгүй байгаа гэж мэдүүлэг өгсөн боловч А.Сы өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн маргаангүй хэргийн зүйчлэлийн талаарх асуудлыг тавьсан боловч А.С нь нэг бол гэм буруу дээр маргаж байгаа нэг бол гэм буруу дээр маргахгүй байгаа гэж ярьж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй байх. Хохирогч мэдүүлэгтээ нэг хүн морьтой зугтсан ба нэг хүнийг нь барьж авсан гэж хэлсэн. Бараан зүсмийн морьтой өндөр хүн зугтаж явсан гэж хэлсэн. Тухайн зүйл болохоос өмнө М.Х нь А.Стай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хамт байсан гэх зүйл яригдсан. Гэмт хэрэг шөнийн цагт үйлдэгдсэн тул бараан зүсмийн гэж илэрхийлж хэлнэ. Анхан шатны шүүх хуралд хохирогч оролцсон. Хохирогч нь биеийн хувьд намхан харагдсан. Тухайн хүний хувьд М.Х  нь өндөр  харагдах нь ойлгомжтой. Хохирогч өөр өөрийгөө хамгаалаагүй бол эрүүл мэнд нь хохирох асуудал үүссэн байгаа. А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болсон үйл явдлыг санахгүй байна гэж ярьдаг. Зарим болсон явдлыг санаж байгаа мэтээр ярьдаг. Хэргийн газарт А.Сы морь байсан. А.С хашаа давж зугтсан талаар хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ хэлсэн. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа шүүхийн шатанд 1 удаа мэдүүлэг өгөхдөө тухайн өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрөөгүй. Хэргийн хохирогч болсон талаарх үндэслэл бүхий тайлбар, мэдүүлгээ өгсөн. М.Х нь би 23 цагийн үед гэртээ очсон гэх асуудлыг ярьдаг. М.Хийн гэр болон хохирогчийн гэр хоорондох зай хол биш. Тухайн гэмт хэрэг нь 23 цагийн орчимд үйлдэгдсэн. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тухайн гэмт хэрэгт М.Хийн оролцоо байгаа болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болдоггүй. Шүүгдэгч А.С, М.Х нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлж хулгайлсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж заасан. Хохирогчийн мал нь 8 тооны ямаа байгаа. Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж заасан. 8 тооны бог мал нь олон тооны малд хамаарч байгаа гэж үзэж байна. Хохирогч, гэрч нар хашаанд 2 хүн байсан ба нэг хүн нь зугтсан талаар хэлсэн. Иймд шүүгдэгч М.Х, А.С нарыг бүлэглэж тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Нэг хашаанаас нөгөө хашаанд шилжсэн үед тухайн асуудлыг таслан зогсоосон. Шүүгдэгч нараас гаргуулах гэмт хэргийн хор уршиг байхгүй. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хор уршиг биет байдлаар төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч М.Хийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт:”...Шүүгдэгч М.Хийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Цагаатгуулах талаар аймгийн прокурорын газарт гаргаж байсан гомдол, хүсэлт байгаа. Гомдлууд дээр хэргийг хэрэгсэхгүй болгож М.Хийг цагаатгаж өгөх тухай бичсэн. Ховд багийн төвөөс урагшаагаа 5-8 км зайтай газарт М.Хийн гэр байдаг. Ховд голын эрэг нь ой модтой. Голын зүүн талд тус аймгийн Алтанцөгц сумын иргэд оршин сууж мал малладаг. Баруун талд нь тус аймгийн Ногооннуур сумын иргэд мал маллаж амьдардаг. Тэдгээр нь хоорондоо 5-10 км зайтай тул бүгдээрээ нэг нэгнийгээ танина. Өдрийн 3-4 цагийн үед А.С нь М.Хтэй таарсан байна. М.Х нь Увс аймгийн Ховд сумд болсон тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн ба шагналаа угаагаарай гэж хэлснээр хоёулаа архи авсан байна. Тухайн архийг М.Хийн гэрт 1 км зай хүрэхгүй газарт архи уусан байна. 5-6 цагийн үед гэгээтэй байх үед А.С гол гатлаад явсан байна. М.Х, А.С хоёр салж явснаас хойш гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг нэг талыг барьж шалгасан. Хүний өмчийг хуулиар хамгаалсан бол хүний эрхийг бас хуулиар хамгаалсан. Шүүгдэгч нар нь өөрсдөө ч бас  мал маллаж амьдарч байгаа. М.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдохгүй байна. Шөнийн 1 цагийн үед хохирогчийн гэрт очсон гэж байгаа. А.С нь согтоод унтсан гэж хэлж байгаа. Согтсон болохоор өөр айлд очсон байж магадгүй. Унтаж байсан гэх газрыг шалгаж тогтоогоогүй. М.Х нь жороо морь унаж байсан, хохирогчийн хашаанд орсон, мориндоо мордоод зугтсан талаарх баримт байхгүй. Нэг хүн хашаа давж зугтсан ба нэг хүнийг барьж авсан гэж байна. Морьтой зугтсан хүн М.Х мөн үү? Гэдгийг тогтоогоогүй, мөн гэж гэрчилсэн хүн байхгүй. М.Хийн үйлдэл нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч М.Хийн өмгөөлөгч С.Н:”... Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас энэ хэрэгт шүүгдэгч М.Хийн өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. М.Хийг гэмт хэргийг үйлдсэн, үйлдээгүй эсэхэд дүгнэлт хийгээгүй. М.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд гэртээ байсан гэдгийг маань нотлох баримт байгаа. Гэртээ бэр эгч Нургүл, эхнэр маань байсан тул тухайн хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэж хүсэлт гаргасан. Хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагаагаар хашааны гадна хэдэн тооны мал байсан, зугтсан хүн нь жороо морьтой байсан уу? байгаагүй юу? хүрэн морь байсан эсэхийг тодруулаагүй. Том нуруутай өндөр залуу байсан гэх зүйл яригдсан. Энэхүү асуудалтай холбоотой ямар нэгэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Хэргийг танилцуулах ажиллагаа хийгдсэн. Бид гэрч Нургүлээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан, шийдвэрлээгүйд гомдолтой байна. Хүсэлтийг хангахаас татгалзсан тухай хариу өгөөгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд М.Х гэртээ байсныг нотлох гэрчийг асуугаагүй гэж үзэж байна. А.С нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. М.Хтэй хамт хохирогчийн малыг хулгайлах гэж гэрт нь очсон, үйлдлээрээ нэгдсэн гэх асуудал ярьж байгаагүй. А.Саас хэнтэй хамт байсан гэж тодруулж асуухад салж явахаас өмнө М.Хтэй архи уугаад өөрөө гол гатлаад Ц.Бын гэрт очсон гэж хэлсэн ба цагдаагийн ажилтан нь А.С нь М.Хтэй хамт хулгай хийсэн мэтээр ярьж байгаа. Хохирогч ялгаатай зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тогтвортой мэдүүлэг өгөөгүй. Анх М.Хтэй холбоотой мэдүүлэг өгөөгүй. Морьтой зугтсан гэх хүн М.Х гэж хэн ч мэдүүлээгүй. Эргэлзээ бий болж байгаа. Хохирогч нь хувийн сонирхолтой. Ц.Бын эхнэрийг гэрч болгосон асуудалд гайхаж байна. Тухайн мал гэр бүлийн дундын эд хөрөнгө учраас Ц.Бын эхнэр нь хохирогч юм. А.С, М.Х нар бүлэглэж үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж байна. Ямар үйлдлээрээ хэрхэн яаж нийлж нэгдсэн нь тодорхой бус дүгнэлт хийгээгүй. Х нь мал хулгайлахаар явсан хүний морийг барьж гадаа зогсож байсан уу? Хохирогч мэдүүлэгтээ үйлдэл дээрээ баригдсан гэж байна. Хашаанд нэг хүн эргэлдэж малыг туугаад гүйгээд байсан хүн А.С байсан. А.С согтуу байсан гэж байна. Гэхдээ энэ нь завдах нөхцөл байдал биш үү? А.С нь завдах үйлдэл дээрээ хажууд нь М.Х хамт явж байсан бол ямар үйлдлээрээ нэгдсэн бэ? Гэмт хэргийг үйлдэхэд  чиглэсэн үйлдэл эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг төгсөөгүй байх гэж тайлбарласан. Гэмт хэрэг төгссөн үү? Гэмт хэрэг төгссөн гэж үзэхийн тулд хулгайлж авсан эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бий болдог. Захиран зарцуулах эрх М.Х, А.С нарт бий болсон уу? яаж гэмт хэргийг төгссөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Төгсөөгүй гэмт хэргийг завдсан гэж үздэг. Гэмт хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч А.Сы өмгөөлөгч А.С: ”...Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчийг М.Хтэй бүлэглэж 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар баг Улаанхарган багийн нутаг дэвсгэрт Хөх хад гэх газарт хохирогч Ц.Бын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлж олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. Улсын яллагч дүгнэлтдээ дээрх хоёр ойлголтын аль нь вэ гэдгийг тусгаж бичээгүй. 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 259 дугаартай яллах дүгнэлтэд А.С, М.Х нар бусдын малыг хулгайлахыг завдсан үйлдэл гэж анх ялласан. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар М.Х, А.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэхдээ дараах зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн байна. Үүнд гэмт хэргийг хэн хаана үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирол хор уршгийг нарийвчлан тогтоох шаардлага тавьсан. 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийж морь битүүмжилж, 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан, А.С, М.Х нарын архи уусан гэх газарт үзлэг хийсэн. Гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн санаа зорилго, зорилт, сэдэлтийг тогтоогоогүй. Монгол Улсын нийт шүүгчдийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай хуралдааны тогтоолын 5.1.6 дахь хэсэгт “хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино” гэж заасан. Өмнөх шүүх хуралд Ц.Б мэдүүлэхдээ шүүгдэгч А.Стай таарамжгүй харилцаа байгаа. Бэлчээрийн газрын асуудлаар 2016-2017 онд муудалцаж санал зөрөлдөж байсан гэж хэлсэн. Хохирогч болон Удвал хоёр үнэн зөв мэдүүлэг өгч байгаа юу? үгүй юу гэдэгт анхаарах зүйл байна. 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр талд авагдсан схем зургаас харахад хохирогчийн малын хашаа нь 30х40 харьцах нь хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй, дотроо 4 тасалгаатай дундаа нэг амбаартай. Дундаа нэг амбаар нь баригдаж эхэлсэн ба өвсний хашааны хажуу талын хашаа ямар зориулалттай гэдгийг нь мэдэхгүй. 300 тооны бог мал байсан гэх хашаа 45 см зайтай хүн багтах боломжтой завсар байсан уу. Босоо модоор хийсэн хашаа байсан. А.Саас архи үнэртэж байсан согтуу байсан гэдгийг хохирогч мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч тухайн өдөр 2 шил архи уусан, гол гаталснаас хойших үйл явдлыг санахгүй байна. Нэг унтаад сэрэхэд мөрдөгч намайг сэрээсэн гэж мэдүүлсэн. Мөрдөгчөөс энэ хэргийг шалгахдаа дэлгүүрээс архи авсан уу гэдгийг тодруулж,  тухайн дэлгүүрийн эзнээс мэдүүлэг авах ёстой байсан. Ямар нэртэй, ямар хэмжээтэй архи авсан гэдгийг шалгаагүй. 2 шил архи уусан болох нь тогтоогдож байна. Cогтуудаа юу хийснээ санадаггүй нэг сэрэхэд мөрдөгч байцааж “чи малыг хулгайлах гэж байсан биз дээ гэж” тулгасан байдлаар асуулт тавьж байсан. Хэнтэй хамт байсан бэ гэхэд өмнө нь М.Хтэй хамт голын цаанаа архи уусан гэж мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдэгдэх үед М.Хтэй хамт байсан гэж мэдүүлэг өгөөгүй. Нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр гэдэг объектив талын шинжээрээ мал хулгайлагддаг. Мал хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэн үү? Халдлагын зүйлийг захиран зарцуулах нь шүүгдэгч нарт шилжсэн үү? гэдэг нь маргаантай. Х.Өрен прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар завдалт гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байсан. Заримдаа 5, 7 тооны мал байсан талаар яригддаг. Захиран зарцуулах эрхийг А.С шилжүүлж авсан уу? гэдэг нь эргэлзээтэй. 300 тооны малыг туухдаа хашааны завсраар орох боломжтой эсэхийг шалгах боломжтой байсан. 300 тооны малыг хашаанд байхдаа үргээгээд хөөхдөө завсраар мал гарах боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай. Хохирогчийн мэдүүлэгт итгэсэн. Малыг яаж гаргасан бэ? завсраар нь тойруулж гаргасан уу? Хашаа давуулж гаргасан уу? Анх 8 тооны мал нөгөө хашаанд байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Яллах дүгнэлтэд А.С нь М.Хтэй бүлэглэж 8 тооны ямааг хулгайлсан ба машин механизм ашиглаж үйлдсэн гэж бичээгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд машин механизм ашиглаж үйлдсэн гэж бичээгүй. Бүлэглэж үйлдсэн гэж бичсэн. Машин механизмын талаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дугаартай тогтоолоор тайлбарласан. Машин механизм ашиглах гэдэг нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалах бэхэлгээг эмхэтгэх, биеэр авч чадахгүй эд зүйлд хүрэх, тээвэрлэх гэх мэтчилэн тайлбарласан. Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 679 дугаартай тогтоолоор “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснийг ойлгоно” гэж заасан. Энэ тохиолдолд дээрх шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй байна. Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай тогтоол байдаг. Энэ тогтоолоор гэмт хэрэгт завдах гэдгийг тодорхойлсон. Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй. Хохирогч болон түүний гэр бүлийн гишүүний мэдүүлгээс харахад эхнэр нь мал яагаад үргээд байна гэж хашхирснаас болж мал хөөж байсан этгээд үйлдлээ зогсож хашаа даваад явсан гэж байна. Завдах гэмт хэргийн шинжийг хангасан биш үү? Улсын яллагч энэ талаар дүгнэлт хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн морь, эмээл, хазаар, М.Хийн 1 тооны морийг битүүмжилсэн. Ямар зорилгоор эмээл, хазаарыг битүүмжилсэн болох нь тодорхой бус байгаа. Эмээл, хазаарыг ашигласнаар хулгайлах үйлдлээ түргэсгэх, хурдан шуурхай, хялбар болгох боломжтой байсан уу? Эмээл, хазаартай холбоотой гомдол гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж байсан боловч битүүмжилсэн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Хохирогч, Удвал, М нарын мэдүүлэгт М.Х хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсоныг хараагүй гэрчлээгүй. Хашаанд ганц хүн байсан гэж мэдүүлсэн. М.Х хашааны буланд байсан гэдгийг нотолсон шууд нотлох баримт байхгүй. А.Саас тухайн үед хэнтэй хамт байсан бэ гэж асуухад М.Хтэй хамт архи уусан гэх А.Сы мэдүүлгийг үндэслэл болгож М.Х, А.С нар нь бүлэглэж, үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэж болох уу? Шууд нотлох баримт байхгүй. Дээрх байдлаар дүгнэж үзэх нотлох баримт байхгүй байна. Иймээс хэргийн зүйчлэлийг өөрчилж, төгссөн гэмт хэрэг биш завдах гэмт хэрэг гэж өөрчилж өгөхийг  хүсэж байна. Бүлэглэсэн байдал тогтоогдохгүй байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313003680356 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ц.Боос 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шөнө 01 цагийн орчимд Алтанцөгц сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх хад” гэх газарт манай малын хашаанд хашсан байсан бог малаас 8 тооны ямааг үл таних морьтой хоёр залуу хулгайлж авч явах гэж байсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,

2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-12 дахь тал/,

2.3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 248-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-12 дахь тал/,

2.4. Яллагдагч М.Х, А.С нарын хамт архи уусан газар болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багийн “Жамбалт” гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 13-18 дахь тал/,

2.5. Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт Алтанцөгц сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хөх хад” гэх газарт өөрийн өвөлжөөндөө өвөлжиж мал маллаж амьдардаг. 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед бог мал болох хонь, ямааг тууж ирж хашаандаа оруулсан. Тухайн үед би хашааны хаалга болон урд хойд хэсгийг сайн шалгаж, түгжсэн. Тэгээд гэртээ ороод манай хүү болон эхнэр бид гурав оройн хоол цайгаа уугаад 22 цагийн үед унтаж амарсан. Тэгээд бид гурав унтаж байхад манай нохой хуцаж мал үргэсэн дуу сонсогдсон юм аа. Тухайн үед би босож цаг харахад шөнийн 01 цаг болж байсан ба, гадаа гарч малын хашаа руу харахад хонь үргэж хашаан дотор эргэлдэж байсан ба, малын хашааны дотор нэг хүн явж байсныг харсан. Тухайн үед би юу ч дугаралгүй нууцаар харж зогсож хэсэг ажигласан. Тэгэхэд манай мал дотроос ямаа барьж авч байхыг харсан. Тэгээд харж байтал гэрээс эхнэр маань надад “чи яасан бэ, мал ягаад үргэж байна” гэж чанга дуугарч орилж асуусан үед малын хашаанд байсан хүн эхнэрийн дууг сонсож шууд хашааны хойд талаас давж зугтсан. Тэгээд би эхнэр хүүдээ “гараад ир” гэж хэлчхээд зугтсан хүний араас хашаа тойрч гүйж очтол хоёр морьтой хүн байсан ба нэг нь мориндоо мордож зугтаж байсан. Тэгээд нөгөө нэг нь морио бургаснаас цулбуурыг тайлж байхад хажууд нь гүйж очих үед нөгөө хүн над руу чулууг авч намайг цохих гэж “чи хэн бэ” гэж шууд дайрсан. Тухайн үед би тэр хүнээс бултаж чулуу барьсан гарыг барьж авч гарыг мушгиж газарт унагааж дарж авч байхад манай эхнэр хүүхэд араас гүйж ирсэн байсан. Тэгээд эхнэр болох З.Удвал, хүү болох М бид гурав тэр хүнийг явуулахгүй барьж гэрийн гадаа авч ирсэн.

Тэгээд манай малын хашааг тойрч харж шалгахад 8 тооны ямаа хашааны хойд хэсэгт гадаа байсан. Тухайн үед хашааны хойд хэсгийг нягталж шалгаж үзэхэд малын хашааны улиас модыг эвдэж зааг гаргаж тэрүүгээр малыг гаргасан байдалтай байсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.

...Тухайн асуудал болсон үед миний үйлдэл дээр нь барьж авсан хүн бол Ногооннуур сумын 03 дугаар багийн иргэн А.С гэх хүн байсан. Харин тухайн үед зугтаж явсан хүнийг М.Х гэдэг ба, түүнийг А.С өөрөө хэлж өгсөн. Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ний орой 18 цагийн үед А.С манай гэрт ирж надад хандаж “та уучлаарай, дараа нь ирж уулзаж албан ёсоор уучлалт хүсье” гэж явсан. Тэрнээс хойш ирээгүй болно.

...эхнэр З.Удвал, хүү Б.М бид гурав түүний явуулахгүй цагдаа иртэл барьж байсан нь үнэн.

...миний хувьд эдгээр хоёр иргэнтэй ямар нэгэн өс хонзон, таарамжгүй харилцаа огт байхгүй, иргэн М.Х, А.С нар нь намайг дээрэлхэж, басамжилсан байх гэж бодож байна. Тухайн үед би Сыг үйлдэл дээр барьчхаад байхад тэр тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, ор үндэсгүй худлаа хэлээд байсан, надад хэн нэгэн хүнийг худал гүтгэж, хэрэгт тохох гэсэн санаа зорилго байхгүй. Тухайн үед харанхуй байсан болохоор өнгө зүс сайн мэдэхгүй байна, гэхдээ хэрэг болсон газраас морь унаад зугтсан иргэн нь бараан зүсмийн морьтой байсан бөгөөд биерхүү залуу хүн байсан.

...миний хувьд Ногооннуур сумын иргэн Х, С нарт маш их гомдолтой байна, би мал маллаж, тайван амьдарч чадахгүй байна, тийм болохоор миний малыг хулгайлж байгаад баригдсан эдгээр 2 иргэнээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна, иргэн Х, С нараас нэхэмжлэх зүйл гэвэл би миний амьдарч байгаа газар нь Алтанцөгц сумын төвөөс 20 км газарт өөрийн тээврийн хэрэгслээр 2 удаа явж ирсэн, мөн өнөөдөр аймгийн төвд дуудагдаж ирэхдээ таксины зардал төлсөн хэдий ч би эдгээр зүйлүүдийг нэхэмжлэхгүй, харин Х, С нарт хуулийн хатуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. Миний бие өөрийн биеэр шүүх хуралд оролцож эдгээр хоёр иргэн миний малыг хулгайлж байгаад баригдсан талаар гэрчлэх болно”

...тухайн үед харагдах орчин хязгаарлагдмал боловч сарны гэрэлтэй байсан би хашаагаа тойроод гараад ирэхэд надад баригдсан А.С нь мориндоо мордож амжилгүй баригдсан. Хамт явсан хүн бараан хар хээр зүсмийн нас гүйцсэн морьтой байсан. Тэр хүн саравчтай малгайтай байсан. Унаж явсан морь нь жороо явдалтай морь байсан. А.С нь надад баригдсаны дараа надтай хамт манай гэрийн байшингийн хажууд сууж байхдаа тэр амандаа нэг зүйл хэлснийг би анзаарсан. Хэлэхдээ “хаяаад /худалдаад/ явчихлаа” гэх зүйл хэлсэн. Түүнийг би ойлгохдоо тэр намайг худалдчихлаа гэх утгатай гэж ойлгосон. Манай хашааны аль ч хэсгээр мал өөрөө гарах боломжгүй. Зөвхөн хашааны хаалгаар л гарах боломжтой. Өөрөө мал маллаж байж малаа хашааны аль нэг хэсгээр гаргаж алдахыг хүсэхгүй. Тийм учраас орой болгон малаа бүртгэж, хашааныхаа бүрэн бүтэн байдлыг хардаг.

Хэрэг болсны дараа манай гэрт А.С ирээд надаас болон манай эхнэрээс уучлалт гуйсан. Хэрэв ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй бол яах гэж надаас болон манай эхнэрээс уучлалт гуйж ирэх вэ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 19, 21, 117, 244-247 дахь тал/,

2.6. Гэрч З.Удвалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...тухайн үед унтаж байхад манай нохой хуцаж мал үргэсэн дуу сонсогдсон ба, манай нөхөр бас сонсож “би гадаа гарч харчхаад ирнэ” гэж хэлж гараад явсан. Тэгээд хэсэг чимээгүй болохоор нь би хүүгээ сэрээж хувцсаа өмсөж нөхөртөө хандаж “чи яваа, мал яагаад үргэж байна вэ” гэж асуухад нөхөр болох Ц.Б “та хоёр хурдан гараад ир, малын хашаанд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд хүү болох М бид хоёр гадаа гүйж гарч ирэхэд манай нөхөр хашаа тойрч гүйж байсан. Тухайн үед хүү бид хоёр бас хашаа тойрч гүйж очтол хоёр морьтой хүн байсан ба нэг нь мориндоо мордсон зугтаж байхыг харсан. Харин нөгөө нэг хүн нь манай нөхөртэй ноцолдож байсан юм. Тэгээд хүү болох Б.М бид хоёр очиж тусалж тэр хүнийг явуулахгүй барьж гэрийн гадаа авч ирж манай малын хашааг тойрч харж нягталж шалгахад 8 тооны ямаа хашааны хойд хэсэгт гадаа байсан. Тухайн үед хашааны хойд хэсгийг дахиж шалгаж үзэхэд малыг хашааны зүүн талын улиас модыг эвдэж тэрүүгээр гаргасан байдалтай байсан. Тэгээд манай нөхөр болох Ц.Б цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23, 26 дахь тал/,

2.7. Насанд хүрээгүй гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...тухайн үед шөнийн 01 цагийн орчимд намайг унтаж байхад ээж сэрээж “боосоорой мал үргэж байна, аав чинь гадаа гарч явсан” гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөж байхад аав Ц.Б ээж бид хоёрт хандаж “хурдан гараад ир, манай хотонд хулгай орсон байна, малын хашаан дотор хүн явж байна” гэж хэлчхээд гүйгээд явсан. Тухайн үед ээж, бид хоёр хагас дутуу хувцсаа өмсөж аавынхаа араас гүйж очиход аав нэг хүнтэй ноцолдож байсан ба, түүний цаана бас нэг морьтой хүн цаашаа давхиад зугтаж явж байсныг харсан. Тэгээд аав дээр очиж ээж бид хоёр тусалж тэр хүнийг явуулахгүй гэрийн гадна ойртуулан авч ирж ээж бид хоёр тойрч малын хашааг шалгасан. Тухайн үед манай малын хашааны зүүн хойд талд 8 тооны ямаа гарсан байсан. Тэгээд аав, ээж цагдаагийн байгууллагад хандсан.

...тэгээд цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийж байхад тэр А.С гэх хүн над руу хандаж “надад бас чам шиг хүүхэд байгаа, би чамайг харна” гэж заналхийлсэн. Тухайн үед би айгаад хэнд ч хэлээгүй байсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28, 30 дахь тал/,

2.8. Гэрч Ө.Алтынгүлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний мэдэж байгаагаар А.С байнга ганцаараа ирж дэлгүүрээс эд зүйл худалдаж аваад явдаг юм, тэр үед А.С, М.Х нар хоёулаа хамтдаа манайд ирж дэлгүүрээс архи авсан санагдаж байна. Тухайн үеийн өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2023 оны 10 дугаар сарын эцэс, намар цаг байсан, манай нөхөр Аманбек малаас ирээгүй байсан бөгөөд 17-18 цагийн орчимд байсан байх тэр хоёр ирээд манай дэлгүүрээс 1 шил архи худалдаж авсан. А.С, М.Х хоёр яг ямар им тамгатай морь унаж явсныг анзаарч хараагүй, ямар байсан ч дараа нь /хар хээр хүрэн/ зүсмийн морьтой явсан, тэр хоёр морио унаад цаашаа эргээд хурдлаад явсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

2.9. Гэрч Х.Жанибекийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “М.Хийн адуунууд ихэвчлэн бараан, хар хээр зүсмийн адуунууд голчлон байдаг бөгөөд жороо морь яг өөрт нь байдаг эсэх талаар мэдэхгүй байна, түүний хамаатан авга ах нарт нь жороо морь байдгийг харж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

2.10. Гэрч Ж.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “А.Сы аавд нь өмнө нь жороо морь байдаг байсан, тухайн жороо морийг А.С унадаг байсан, сүүлийн хэдэн сар тухайн морь харагдаагүй. Харин М.Хт яг өөрийнх нь жороо морь мөн эсэхийг мэдэхгүй нэг хар хээр зүсмийн жороо морь өмнө нь унаж яваа харагддаг байсан. М.Хийн авга ах Тилеген гэх хүнд жороо морь байдаг, тухайн морийг тэр хавийн ах, дүү нар нь бүгд л унадаг, хааяа М.Х жороо морь унаж хэрэглэж яваа харагдсан, яг хэний жороо морь гэдгийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

2.11 Гэрч К.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Манай нөхөр М.Х хулгай хийсэн гэж хэлээд байгаа өдөр А.Стай тааралдаж, модон дотор архи хувааж уусан гэж надад хэлсэн бөгөөд тэр орой миний мэдэж байгаагаар М.Х нь 17-18 цагийн үед, гадаа гэгээтэй байхад гэртээ ирээд хоол, цайгаа идэж уугаад унтаж амарсан. Тухайн өдөр манай нөхөр М.Х дахин гэрээсээ гараагүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 200-201 дэх тал/,

2.12. Хохирогч Ц.Бын бог малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 46-50 дахь тал/,

2.13. Шүүгдэгч А.Сы унаж явсан гэх хээр зүсмийн 1 тооны адууд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 51-54 дэх тал/,

2.14. Шүүгдэгч М.Хийн хар хээр зүсмийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 19-23 дахь тал/,

2.15. Шүүгдэгч А.Сы эмээл болон хазаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

2.16. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-23-0237 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 5 настай сэрх, гунан сэрх, эх ямааны үнэлгээг хүснэгтэд тайлбартай гаргав. Нийтдээ 920.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 64-68 дахь тал/,

2.17 Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БӨА-23-0254 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан соёолон насны морь 1.300.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/,

2.18. Яллагдагч М.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр би гэрийнхээ ойролцоо мал хариулж явсан юм. Тэр үед цаг оройхон байсан байх 17 цагийн орчимд байсан, манай сумын иргэн А.С нь тааралдсан бөгөөд бид хоёр ойр зуурын юм ярилцаж байгаад С надад “...чи саяхан болсон “Адуучин” тэмцээнд 1 дүгээр байранд орсон биз дээ, ганц шил архи хийхгүй юм уу...” гэсэн. Тэгээд ойролцоо дэлгүүр байдаг болохоор тухайн газраас нэрийг сайн санахгүй байна 0,5 литрийн 1 шил архи, С мөн 0,5 литрийн 1 шил архи авч бид хоёр голын эрэг, модон дотор суугаад, тухайн 2 шил архийг хувааж уусан. Тэгээд цаг нэлээд орой болж гадна харанхуй болсон байсан бөгөөд С ч нэлээд согтсон. Би Сыг явъя гэж хэлэхэд С нь би голын цаад талд гарч айлд очиж хононо, би маргааш адуу хайх ёстой гэж хэлээд явахгүй болохоор нь би Сыг тухайн архи ууж байсан газарт орхичхоод гэр рүүгээ харьсан юм. Голын цаад тал бол Алтанцөгцийн газар нутаг юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

2.19. Яллагдагч А.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, тогтоолтой холбоотой асуудлаар дэлгэрэнгүй ярьж өгье. Тухайн өдөр Ногооннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөш” гэх газар, арал орчим өөрийн хэдэн адуугаа хайгаад явж байх үеэр манай сумын 03 дугаар багийн иргэн М.Х надтай тааралдсан. Тухайн үед орой нь 17 цагийн орчим байсан байх Х нь өмнө нь “Адуучин” тэмцээнд оролцоод нэгдүгээр байр эзэлсэн байсан тул би түүний баярыг хуваалцах гээд Хтэй хамт 2 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тухайн газарт Х бид хоёр хэсэг ярилцаж суусан бөгөөд би нэлээд согтсон юм. Тэгээд Х намайг явъя гэж хэлэхэд нь би Ховд гол гаталж голын цаана байгаа Алтанцөгцийн айлуудын аль нэг гэрт нь хоноод маргааш адуугаа хайгаад явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд Х намайг дагуулаад бид хоёр мориор Ховд гол гаталж гарсан.

...нэг мэдэхэд Бын гэрт байсан бөгөөд Б намайг чи миний хотоноос ямаа хулгайлж байгаад баригдсан, одоо сумаас цагдаа дуудсан байгаа болохоор хүлээж бай гэж хэлсэн.

... тухайн үед Х хар зүсмийн морьтой, би хээр зүсмийн морьтой байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-111 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэрийн үйл баримтын талаар:

1. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.С, М.Х нарт холбогдох хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.

2.Тодруулбал:  Хохирогч Ц.Б нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх хад гэх газарт жилийн дөрвөн улиралд мал маллаж амьдардаг, мал бүхий иргэн байх бөгөөд тэрээр 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед бог мал болох хонь, ямаагаа тууж,  малын хашаандаа оруулан, хаалгыг нь түгжиж, хашаагаа эргэж тойрч шалгаад гэртээ орж, эхнэр З.Удвал, хүү Б.М нарын хамт унтаж амарсан байна.

Улмаар хохирогч Ц.Б нь  шөнө дунд 01.00 цагийн үед нохой хуцаж, мал үргэх чимээнээр сэрж, гэрээсээ гарч харахад мал нь үргэсэн байдалтай,  тэдний малын хашаан дотор нэг хүн явж байсан,

Хохирогч Ц.Б чимээ гаргахгүйгээр малын хашаан дотор явж байсан хүнийг хэсэг хугацаанд нууцаар ажиглахад тухайн хүн тэдний малын хашаанаас ямаа барьж авч байсан,

Тэр үед хохирогч Ц.Бын эхнэр З.Удвал гэр дотроосоо нөхөр Ц.Бод хандаж,  “Чи яасан бэ, мал яагаад үргээд байгаа юм бэ” гэж чанга дуугаар хашгирч асуухад малын хашаанд байсан хүн Ц.Бын эхнэр З.Удвалыг дууг сонсоод малын хашаа давж зугтсан,

Хохирогч Ц.Б эхнэр З.Удвал, хүү Б.М нарыг гараад ир гэж дуудан, өөрөө хашаа давж зугтсан хүнийг барьж авахаар араас нь хөөж, малын хашаа тойроод очиход хашааны хойд хэсэгт 2 морьтой хүн байсны нэг нь мориндоо мордож зугтсан, нөгөө хүн нь мориндоо мордож амжилгүй хохирогч Ц.Бод баригдаж, түүнийг эсэргүүцэх үед хохирогчийн эхнэр З.Удвал, хүү Б.М нар ирж, хамжиж барьж авсан бөгөөд тухайн хүн нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат А.С байсан,

Тухайн цаг хугацаа нь  шөнийн 01-02 цагийн үе, гадаа харанхуй байсан тул хохирогч Ц.Б, түүний эхнэр гэрч З.Удвал, хүү Б.М нар мориндоо мордож зугтсан хүний царай, зүсийг харж чадаагүй ба түүнийг  М.Х байсан гэж А.С хохирогч Ц.Бод хэлсэн,

Хохирогч Ц.Б малын хашаагаа тойрч шалгахад хашааны хойд хэсгийн улиас модыг эвдэж, тухайн зайгаар 8 тооны ямааг малын хашаанаас гаргасан, хашааны гадна талд 8 тооны ямаа байсан тул хохирогч Ц.Б цагдаагийн байгууллагад хандсан гэх үйл баримт хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй нотлогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1.Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай яллах дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтад холбогдуулан, шүүгдэгч А.С, М.Х нарыг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

2.Шүүхээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг нь  магадлах аргаар тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, үнэлж дүгнээд шүүгдэгч М.Хэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, шүүгдэгч А.Сд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч М.Хийг цагаатгах үндэслэлийн талаар:

 

1.Прокуророос шүүгдэгч М.Хийг шүүгдэгч А.Стай бүлэглэж, 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө хохирогч Ц.Бын 8 тооны бог мал хулгайлсан гэх хэрэгт яллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн  “олон тооны мал хулгайлж”, “бүлэглэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт  үйлдэж ирүүлжээ.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг нотлох, гэм буруутайд тооцох  ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх юм.

3.Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д уг хуулийн зорилтыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... гэж тодорхойлон заажээ.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг хангалттай, эргэлзээгүй байдлаар нотлохыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорт хариуцуулжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх үүрэгтэй байна.

3.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд байдлаар нь хянаж үзэхэд хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн “...Тухайн үед миний үйлдэл дээр нь барьж авсан хүн бол Ногооннуур сумын 3 дугаар багийн иргэн А.С гэх хүн байсан. Харин тухайн үед зугтаж явсан хүнийг М.Х гэдэг ба түүнийг А.С өөрөө хэлж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал)-ээс өөр бусад нотолгооны хэрэгслүүдэд шүүгдэгч М.Хийг шүүгдэгч А.Стай бүлэглэж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар тусгагдаагүй байна.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг агуулдаг тул нотлох баримтаар тооцох боловч мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульд заажээ.

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн мэдүүлгийг судлан үзэхэд түүний “М.Хийг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж А.С надад хэлсэн” гэх мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч А.Сы мэдүүлэг болох нь тогтоогдож байна.

Гэвч шүүгдэгч А.С нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2 удаа өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлэгтээ тухайн шөнө хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй этгээдийг М.Х биш байсан гэж мэдүүлснээр хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 дахь удаагаа өгсөн мэдүүлгийн эх сурвалж  үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд гэрч буюу М.Хийн эхнэр К.А  шүүгдэгч М.Хийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой 17-18 цагийн үед архи уусан байдалтай гэртээ ирээд хоол цай идэж уугаад унтаж амарсан, дахиж гэрээс гараагүй гэж мэдүүлсэн байна. (2 дахь хавтаст хэргийн 199-201 дэх тал),

5.Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг шөнийн 01.00 цагийн үед үйлдэгдсэн, гадаа харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул хохирогч Ц.Б, гэрч З.Удвал, насанд хүрээгүй гэрч Б.М нарын хэн аль нь гэмт хэрэг үйлдэгдсэн газраас мориндоо мордож зугтсан этгээдийг шүүгдэгч М.Х гэдгийг шууд гэрчилж, таньж чадаагүй болох нь тогтоогдсон, хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед зугтаж явсан хүнийг М.Х гэдэг ба үүнийг А.С надад өөрөө хэлж өгсөн” гэх мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч А.Сы удаа дараагийн мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул хохирогч Ц.Бын мэдүүлгийг дангаар нь үнэлж, шүүгдэгч М.Хийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна.

6.Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б нь хэргийн газраас морь унаж зугтсан этгээдийг хар хээр зүсмийн нас гүйцсэн, жороо явдалтай морьтой байсан гэж мэдүүлсний  /1 дэх хавтаст хэргийн 116-117, 245-247 дахь тал/ дагуу нэмэлт ажиллагаагаар шүүгдэгч М.Хийг бараан зүсмийн жороо морьтой байсан эсэхийг тогтоох ажиллагааг явуулж, гэрч Х.Жанибек, Ж.С нараас мэдүүлэг авсан,

Мөн шүүгдэгч А.С, М.Х нар нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө М.Хийн “Адуучин” тэмцээнд орж түрүүлсэн үйл явдлыг тэмдэглэж, хохирогчийн гэрийн ойролцоо буюу Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт хамт архидан согтуурсан гэх үйл явдлыг нотлох ажиллагааг явуулж, тухайн газарт үзлэг хийж гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлж, хэрэгт хавсаргасан нь 2 дахь хавтаст хэргийн 13-18 дахь талд авагдсан байна.

Гэвч шүүгдэгч М.Хийг бараан зүсмийн, жороо явдалтай морьтой эсэх талаар мэдүүлсэн гэх Х.Жанибек, Ж.С нарын мэдүүлэг нь М.Хийг А.Стай бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг шууд нотлох баримт биш бөгөөд хэрэгт төдийлөн ач холбогдолгүй,

Шүүгдэгч А.С, М.Х нар нь гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө хамт архидан согтуурсан нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлэг, гэрч Ө.Аийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон хэдий ч шүүхээс шүүгдэгч М.Хийг бараан зүсмийн жороо морьтой байсан, мөн хэрэг учрал болохын өмнө шүүгдэгч А.Стай хамт архидан согтуурсан тул мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэх зэргээр нотлох баримтад бус, таамаглалд үндэслэж, М.Хийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

7. Мөрдөн байцаалтын шатанд цугларсан дээрх нотлох баримтуудыг шүүхээс бүхэлд нь үнэлж, дүгнэхэд шүүгдэгч М.Хийг 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед А.Стай бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багт байрлах, хохирогч Ц.Бын малын хашаанаас 8 тооны ямаа хулгайлсан гэх үйл баримт хангалттай, хөдөлбөргүй нотлогдоогүй, М.Хийг буруутай гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй, түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт хүрэлцэхгүй байна.

8.Иймд шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл хийсэн эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд  нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.С, М.Х нарт холбогдох эрүүгийн 2313003680356 дугаартай, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс М.Хэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

9.Цагаатгагдсан этгээд М.Х нь энэ хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийтдээ 63 хоног цагдан хоригдсоныг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч М.Х нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

10.Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь цагаатгагдсан этгээд болох М.Хийн эзэмшлийн хар хээр зүсмийн, 6-7 насны, 1 тооны адуунд үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлсэн байх боловч, уг адууг хураан авах, битүүмжлэх ажиллагааг явуулаагүйг дурдах нь зүйтэй.

11.Шүүгдэгч А.С, М.Х нарт холбогдох хэрэгт урьд тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих асуудлуудыг нотлох ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхийг нэг удаа хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, буцаасан ба хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.С, М.Х нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

12.Түүнчлэн шүүгдэгч М.Хийг тухайн шөнө А.Стай бүлэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  эсэх, эсхүл энэ гэмт хэрэгт өөр хамтран оролцогч байгаа эсэхийг гэрчлэх этгээд нь зөвхөн А.С байх бөгөөд тэрээр  Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “...өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” этгээд байх тул хэргийг “шүүгдэгч М.Хийн үйлдлийг дахин шалгуулах, гэмт хэрэгт өөр хамтран оролцогч байгаа эсэхийг тогтоолгох”-оор прокурорт буцааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй байгаа нь тогтоогдсон, урьд шүүхээс энэ хэрэгт удаа дараа нэмэлт ажиллагаа хийлгэсэн боловч ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

13.Мөрдөгчөөс шүүгдэгч А.С, М.Х нарын хамт архидан согтуурсан гэх газрыг хэргийн газраар тогтоож, үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлсэн нь ойлгомжгүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул уг үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Сыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заажээ.

Прокуророос шүүгдэгч А.Сы гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

2.Тодруулбал: Прокуророос шүүгдэгч А.Сыг шүүгдэгч М.Хтэй бүлэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилж ялласан боловч гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч М.Хийг цагаатгаж шийдвэрлэсэн,

3.Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б, гэрч З.Удвал, Б.М нар хэрэг учрал болсон шөнө хохирогчийн малын хашаанаас 2 хүн мал хулгайлж байгаад баригдсан, нэг хүн мориндоо мордож зугтсан, нөгөө хүн нь А.С байсан бөгөөд тэр зугтаж амжилгүй баригдсан гэх мэдүүлэг өгснөөр хэргийн газарт 2 хүн байсан, А.С нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн газраас зугтсан этгээдийг М.Х, эсхүл өөр хэн нэгэн болохыг тогтоож чадаагүй байх тул А.Сыг “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай  үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

5.Гэмт хэрэгт хамтран оролцох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд тэдгээр нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, урьдчилан тохиролцсон, эсхүл тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдлээрээ нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг.

Тодруулбал: Гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болох бөгөөд  “бүлэглэн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхийн тулд гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт этгээд тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолсон байх учиртай юм.

6.Гэтэл энэ хэргийн хувьд А.Стай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийн үйлдэл, холбогдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүйгээс шүүхээс шүүгдэгч М.Хийг цагаатгаж шийдвэрлэснээр шүүгдэгч А.Сы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байна.

7. Прокуророос шүүгдэгч А.Сыг М.Хтэй бүлэглэн, 2023  оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар баг буюу Улаан харгана багийн нутаг дэвсгэр ”Хөх хад” гэх нэртэй газарт байх хохирогч Ц.Бын хашаанаас 8 тооны ямаа хулгайлж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллажээ.

8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон байна.

Гэмт халдлагад өртсөн хохирогч Ц.Бын  8 тооны ямаа буюу бог мал нь “олон тооны мал” гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч А.Сы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийн шинж тогтоогдож байна.

9. Харин прокуророос шүүгдэгч А.Сыг 2023  оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар баг буюу Улаан харгана багийн нутаг дэвсгэр ”Хөх хад” гэх нэртэй газарт байх хохирогч Ц.Бын хашаанаас 8 тооны ямаа хулгайлж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан боловч, хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч А.С нь олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт завдсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзлээ.

10.Гэмт этгээд нь гэмт хэрэгт бэлтгэх, гэмт хэрэг үйлдэхээр завдах тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7, 2.8 дугаар зүйлийг журамлан гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн болон завдсан тодорхой төрлийн гэмт хэргийг заасан тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчлэх нь хуульд нийцэх юм.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах, эсхүл төгссөн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодорхойлохын тулд тухайн гэмт хэрэг төгссөн үеийг зөв тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн хувьд бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, эсхүл захиран зарцуулснаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог байна.

11. Гэтэл хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.С нь мал хулгайлах зорилгоор хохирогч Ц.Бын малын хашааны хойд хэсгийн модыг салгаж, тухайн зайгаар  8 тооны ямааг хашаанаас гаргасны дараа дахин Ц.Бын малын хашаан дотор явж байхад нь хохирогч Ц.Б мэдэж, А.Сыг үйлдэл дээр нь барьж авсан нь хохирогч Ц.Б, гэрч З.Удвал, Б.М нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд завдалт нь обьектив болон субьектив шинжтэй байна.

Тодруулбал: Гэмт хэрэг үйлдэхээр завдах ойлголт нь хууль зүйн хувьд гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхлэсэн байх, халдагын обьектод хор уршиг учрах бодит заналхийлэл учирсан байх, гэмт хэргийн обьектив талыг хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур, түүний үйлдлийг таслан зогсоосон өөр обьектив шалтгааны үйлчлэлтэй холбоотой байх гэсэн шинжийг агуулах, зөвхөн шууд санаатайгаар хэрэгждэг гэмт үйлдэл юм.

13.Шүүгдэгч А.С нь мал хулгайлах зорилгоор хохирогч Ц.Бын малын хашаанд хууль бусаар нэвтэрч, малын хашааны хойд хэсгийн модыг салгаж, тухайн зайгаар 8 тооны ямааг хашаанаас гаргаж, идэвхтэй үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийн обьектив талыг хэрэгжүүлэн, дахин малын хашаанд дотор явж байх үедээ хохирогч Ц.Бод баригдсанаар түүний үйлдэл нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдож, гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй болох нь тогтоогдож байна.

Тодруулбал: Шүүгдэгч А.С нь шууд санаатай үйлдлээр Ц.Бын малын хашааны модыг салгаж, 8 тооны ямааг авч явахаар хашааны хойд хэсэгт гаргасан хэдий ч тухайн 8 тооны ямааг эзэмшилдээ бүрэн авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж бүрдүүлж чадаагүй, захиран зарцуулаагүй байхдаа хохирогч Ц.Б, түүний эхнэр З.Удвал, хүү Б.М нарт баригдаж, А.Сы хууль бус үйлдэл таслан зогсоогдсон байх тул шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдах гэм буруутай гэж шүүх үзлээ.

14.Иймд Прокуророос шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Сыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг заасан “Бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

15. Гэмт хэрэгт завдах нь гэмт этгээд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдах замаар тухайн гэмт хэргийн обьектив талыг нэгэнт хэрэгжүүлээд эхэлсэн байдаг учир нийгмийн хор аюул ихтэй үйлдэл юм. Энэ  утгаараа хөнгөн гэмт хэрэгт завдсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосныг дурдах нь зүйтэй.

16.Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Сы амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

17. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Хийн өмгөөлөгч С.А, С.Н нар шүүгдэгч М.Хэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  цагаатгуулах, шүүгдэгч А.Сы өмгөөлөгч А.С нь М.Сд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх дүгнэлт тус тус гаргасныг шүүхээс үндэслэл бүхий байна гэж үзэж, хүлээн авсныг дурдах нь зүйтэй.

18.Харин шүүгдэгч А.С нь “Би тухайн үед архи уугаад согтоод унтчихсан байсан, би хэрэг хийгээгүй” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, тэрээр мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед согтуурсан байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Гэмт хэргийн хор уршгийн тухай

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

2.Шүүгдэгч А.С нь хохирогч Ц.Бын 8 тооны ямааг хулгайлахаар завдсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд гэмт халдлагад өртсөн хохирогч Ц.Бын хүрэн зүсмийн 5 настай 2 тооны сэрх, мухар шар халзан зүсмийн 1 тооны гунан сэрх, цагаан зүсмийн гунан насны 1 тооны сэрх, хүрэн зүсмийн 3 тооны эх ямаа, цагаан зүсмийн 1 тооны эх ямаа нийт 8 тооны ямаа нь 920.000 төгрөгийн үнэ цэнэтэй болох нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул гэмт хэргийн хохирол, хор уршгийг 920.000 төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.Харин шүүгдэгч А.С нь хохирогч Ц.Бын мал хулгайлахыг завдах үедээ үйлдэл дээрээ хохирогчид баригдсан тул түүний үйлдлийн улмаас хохирогч Ц.Бын эд хөрөнгөд бодит хохирол учраагүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б нь шүүгдэгч А.Саас гэмт хэргийн хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

4.Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Боос гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

1.Шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвар бүхий субьект болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ”...Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн зүгээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан. Шүүгдэгч А.С нь урьд гэмт хэрэгт холбогдож байсан. Шүүгдэгч А.С нь үйлдэл дээрээ баригдсан боловч үгүйсгэдэг. Гэмт хэрэг үйлдээгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ юу болсныг ойлгож ухамсарлаагүй гэж мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдэх үед баригдсан тул бодит хохирол учраагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.С нь бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.С нь шүүхийн шатанд 63 хоног цагдан хоригдсон. Тухайн 63 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ”...Шүүхээс миний үйлчлүүлэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын олон тооны малыг буюу Ц.Бын 8 тооны малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Бидний зүгээс А.С, М.Х нар гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэж хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргасан. Энэхүү маргаан үндэслэлтэй гэдгийг шүүх тогтоосон гэж үзэж байна. Улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж 4 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна. Урьд энэ хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж, гэм буруу дээр маргахад шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж байсан. Тухайн үед бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдал байсан. М.Хийг цагаатгаснаар дээрх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болсон учраас оногдуулах эрүүгийн хариуцлага хөнгөрөх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан. Улсын яллагч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэлээ. Бүлэглэж гэмт  хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал байхгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4.Шүүгдэгч А.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:”...Би тухайн үед согтуу байсан. Хийсэн хэрэг байхгүй. 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Өвөл болж байна. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсье” гэх хүсэлтийг гаргав.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч А.С нь согтуурсан үедээ хохирогчийн 8 тооны бог малыг хулгайлахаар завдсан нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдлийн нийгмийн хор аюулын хэмжээ хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал, хэрэгт тогтоогдсон бусад хувийн байдлуудыг тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

6.Түүнчлэн шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг баримтлах үндэслэлтэй байна.

7.Иймд шүүхээс шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэхээр завдсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.Сд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар  хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.С нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, хорих ял шийтгүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. (2 дахь хавтаст хэргийн 84-96, 163-171 дэх тал),

9.Иймд шүүгдэгч А.Сы шүүхийн шийдвэрээр 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх хорих  ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Саас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

3.Шүүгдэгч А.С нь хохирогч Ц.Бын 8 тооны ямаа хулгайлахаар завдах үедээ соёолон насны, хээр зүсмийн морийг уналга болгож ашигласан нь тогтоогдсон тул уг морийг (1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий), мөн морины эд хэрэглэл болох эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эмээл, хазаар зэргийг хурааж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

4.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч А.С нар нь мөрдөн шалгах ажиллагаагаар А.Саас хураан авч битүүмжилсэн морь, эмээл, хазаарыг түүний эзэмшлийн эд зүйлс биш, дүүгийнх нь эзэмшлийнх гэж маргасан хэдий ч дээрх эд зүйлс, уналгыг А.Сы эзэмшлийнх биш гэдгийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс зөвхөн шүүгдэгч А.Сы мэдүүлэгт үндэслэж, түүний гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа уналга болгож ашигласан хээр зүсмийн морийг битүүмжилж, эмээл хазаарыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн ажиллагаа, прокурорын шийдвэрийг буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сы өмчлөлийн хээр зүсмийн, соёолон насны, 1 тооны морь битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овогт Мйн Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Хийг цагаатгасугай.

 2.Цагаатгагдсан этгээд М.Х нь энэ хэрэгт 63 (жаран гурав) хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар цагаатгагдсан этгээд М.Х нь нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Шеруши хурман овогт Айн Сд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Сыг “Бусдын олон тооны мал хулгайлахаар завдах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8  дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд 2 (хоёр) жил,  4 (дөрөв) сар хорих ял шийтгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сы энэ хэрэгт цагдан хоригдсон 63 (жаран гурав) хоногийг түүний  эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Саас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Саас гэмт хэрэг үйлдэхээр завдах үедээ ашигласан уналга болох хээр зүсмийн, 1300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий, соёолон насны, адууг, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн А.Сы эзэмшлийн эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэргийг тус тус хураан авч,  улсын орлогод оруулсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сы өмчлөлийн хээр зүсмийн адууг битүүмжилсэн, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б