Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 0091

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

   Шүүх хуралдаанд: 

 

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Д, С.Г

               Хохирогчийн төлөөлөгч                           Б.П

  Нарийн бичгийн дарга                              Н.Хонгорзул нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолтой, С.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлтэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, К овогт С-н Д.

 

Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 09 дүгээр сард албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-р дамжуулан түүний төрсөн дүү Г.У-н “Эй Си И Икс” ХХК-с 20.249.600 төгрөгийн бараа материал, “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-р дамжуулан түүний эхнэр Ж.Н-н “ТННХ” ХХК-с 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, “ВSВ люкс мебель” ХХК-ны худалдааны зөвлөх Э.Т-р зуучлуулан түүний найз Б.Б-ны “Амжилтын нар” ХХК-с 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч бусдад давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч К ургийн С-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн гэм буруугийн талаар гэсэн хэсэгт:

шүүгдэгч С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. ... Шүүх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийлээ гэснийг тус тус эс зөвшөөрч байна.Үүнд:

Шүүхийн шийтгэх Тогтоолын тодорхойлох хэсэгт: Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” компанийн санхүү эрхэлсэн захирал Ж.Э-т нөлөөлж, худалдан авах ажиллагааны хэлтэс, түүний ажил хариуцсан менежерүүдэд үүрэг, чиглэл өгүүлэх замаар худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар зохион байгуулахаар гэх үйл баримтаар шүүгдэгч санаатайгаар Төрийн болон орон өмчөөр ажил гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг зохицуулах тухай Монгол улсын хууль тогтоомж, аж ахуй нэгжид дагаж мөрдвөл зохих дүрэм, журамд заасан ажил гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаа нээлттэй, шударга байх үндсэн зарчим болон тодорхой худалдан авах ажиллагааг зохицуулсан заалтуудыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна гэжээ.

Дээрх байдлаар буюу С.Д нь Ж.Э-т нөлөөлсөн, Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил, бараа материал худалдан авах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг зөрчсөн гэх дүгнэлт нь огт үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Тухайлбал:

С.Дыг Ж.Э-т нөлөөлсөн гэх ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Нотлох баримтгүй хийсвэр дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Гэрч Ж.Э шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө ч тийм зүйл яриагүй. Өөр хэн нэгэн тийм хандлага байсан гэж гэрчлээгүй.

Ж.Э нөлөөнд автсаны улмаас худалдан авах ажиллагааны хэлтэс, түүний ажил хариуцсан менежерүүдэд үүрэг, чиглэл өгүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Ж.Э нь Эрдэнэт үйлдвэрийн санхүү эрхэлсэн дэд захирлын хувьд ажил үүргийн дагуу Ерөнхий захирлын тушаалыг хэрхэн биелүүлэх талаар нэгжийн удирдлага, ажилтнуудад “"Худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллаарай” гэсэн чиглэл өгөх журамтай юм байна.Энэ талаар Ж.Э-н болон бусад гэрчүүд мэдүүлсэн байх ба ... худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар зохион байгуулах талаар Ж.Э санааг гаргаж харин С.Дд санаагаа хэлсэн талаар нотлох баримт хэрэгт авагджээ. Тухайлбал:

Р.О-н 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэгт: ... Технологийн сургууль дээр хийсэн хурлын үеэр Ж.Э захирал 10,000,000 төгрөгт багтаан, худалдан авах ажиллагааг зохион байгуул гэж Хангамжийн хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдэд хэлсэн. Р.О-н 2019.05.08-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт: ... Ж.Э захирал Технологийн сургууль дээр уулзсан уулзалт дээр худалдан авалтыг яаралтай 10,000,000 төгрөгт багтаан зохион байгуул гэсэн үүргийн Хангамжийн хэлтсийн Ц.Э болон тэнд очсон менежерүүдэд хэлсэн. Би сонссон зүйлээ л мэдүүлсэн.

С.Дын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... “Манай байгууллага худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захирлын тушаал 2017 оны 8 дугаар сарын 30-нд гарсан бөгөөд тушаалд Технологийн сургуулийн тоног төхөөрөмжийг яаралтай худалдан авах гэж заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны дэд захирал Ж.Э-тэй орж уулзахад Хангамжийн хэлтсийн дарга Ц.Э-ыг дуудаад тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн.

С.Дын 2018.07.28 өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт ... би 2017 оны 08 сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Б-д албан бичгээр Хангамжийн асуудлыг шийдүүлэхээр хандсан. ... Тэгэхэд Х.Б дарга шийдэж өгнө гээд тушаал гаргасан. Тушаал дээрээ ямар замаар асуудлыг шийдэх талаар дурдсан байсан. Х.Б даргын тушаалыг бариад би дэд захирал Ж.Э дарга дээр орсон. Тэгэхэд яг тэр дор Хангамжийн хэлтсийн дарга Э-г дуудаад тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг даалгавар өгсөн. Ер нь дэд захирал Э бол Э бид хоёрт 10,000,000 төгрөгөөс доош болгоод шууд худалдан авалт хийх тухай зөвлөсөн. Ямар процессоор яаж явдаг талаар нь би мэдэхгүй гэсэн мэдүүлэг байна.

Б.А-н 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... 2017 оны 8 сард С.Д багш надад хэлэхдээ би Эрдэнэт үйлдвэрийн санхүү эрхэлсэн захирал Ж.Э-тэй уулзаад ирлээ. Ж.Э захирал Э дарга бид хоёрыг дуудаад Технологийн сургуулийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг НӨАТ багтсан үнийн дүнг 10,000,000 төгрөгт багтаан шийдвэрлэ гэсэн чиглэл өглөө, ингэснээр сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх ажил түргэн шийдэгдэх юм байна гэж хэлсэн. ... Хэрвээ Э захирал тус ажлыг 10,000,000 төгрөгт багтаах шийдвэр гаргаагүй бол Хангамжийн хэлтсээс зохих хуулийн дагуу явагдах байсан байх. Чиг үүргээрээ Хангамжийн хэлтэс худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой. ... гэсэн мэдүүлэг байна.

С.Дын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэхэд оролцдог, тийм эрхтэй субъект биш тул, тус хуулийг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Энэ хэргийн хувьд тус хуулийг зөрчсөн гэж үзвэл Худалдан авах ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэгтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хангамжийн хэлтсийн дарга, менежерүүдийн хувьд л хамааралтай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаас харагддаг. Үүнд:

Хэрэгт С.Дын ажлын байрны тодорхойлолтод авагдсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар ганц үг өгүүлбэр байхгүй тул түүнийг ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн гэх нь үндэслэлгүй.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай тушаал, хавсралтад Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Э-т даалгасугай.... гэсэн

Ц.Э-н 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг- Би “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангахад хангамжийн хэлтэс нь бараа бүтээгдэхүүн сэлбэг хэрэгслээр хангах энэ ажиллагааг хууль журмын дагуу худалдан авалтыг зохион байгуулах үүрэгтэй.

Р.О-н 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэг худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй. Ажил үүргийн хуваарийн дагуу Хангамжийн хэлтэс худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой байсан.

Ш.М-н 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай тушаалаар Технологийн сургуульд 105,096,000 төгрөг хуваарилагдсан байсан. Тэр мөнгөөр тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд хэрэгсэл худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой байсан. Худалдан авах ажиллагааг хангамжийн хэлтэс зохион байгуулах чиг үүрэгтэй ... гэх баримтуудаас тус тус дүгнэхэд,

Худалдан авах ажиллагааг хариуцан ажиллах үүрэг бүхий Ц.Э, Р.О, Ш.М гэх албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг албан тушаалтнуудын хувьд л энэ хуулийг зөрчиж ажилласан гэх ойлголт яригдах ёстой байхад тус хуулийг хэрэгжүүлэх үүрэггүй С.Дыг тус хуулийг зөрчсөн гэж шүүх бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Нөгөөтэйгөөр Технологийн сургуулийн нярав, нарийн бичгийн ажилтнууд тухайн үед дээрээс өгсөн чиглэлийн дагуу худалдан авалтын нэхэмжлэлийг 10,000,000 төгрөгт багтаагаад бичээд очиход Үйлдвэрийн хангамжийн хэлтэс хүлээн аваад зөвшөөрөөд санхүүгийн хэлтсийн албатууд нь мөн хүлээн авч зөвшөөрөөд Бараа нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд барааны мөнгийг шилжүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Энэ нь юуг нотолж байгаа болох,

нөгөө талаар С.Д нь хөрөнгө мөнгө шилжүүлэх ямар ч эрх мэдэлгүй байгаа зэрэг нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийхийг хүссээр байтал шүүгдэгчийн гэм бурууг шийдсэн тогтоолд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийг тус тус зөрчсөн.

Шүүхийн шийтгэх Тогтоолын тодорхойлох нь хэсэгт: Шүүгдэгч С.Д нь 105,096,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулсан.... гэж дүгнэсэн

Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Р.О-н харьцуулалтын аргаар сонгож авч тус сургууль руу явуулсан гэх Б.Б захиралтай “Амжилтын нар” ХХК-ийн тус худалдан авалтын талыг нь буюу 57,213,673 төгрөгийн бараа нийлүүлсэн байна. С.Д энэ компани буюу эзнийг танихгүй, уулзаж байгаагүй. Ийм ХХК-с бараа нийлүүлж байгааг мэдээгүй байна.

Технологийн сургуулийн ажилтан А гэгч Б.Б-тай ярилцаж түүний эхнэр Ж.Н-н “ТННХ” ХХК-аас 25,597,000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Энэ талаар С.Дд танилцагдаагүй гэсэн нотлох баримт хэрэгт авагдсан.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-р дамжуулан түүний дүү Г.У-н “Эй Си И Икс” ХХК-иас 20,249,600 төгрөгийн бараа материал авахуулсан гэж байгаа нь ч мөн үндэслэлгүй, үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй.

Урьд нь хангамжийн хэлтсээс нийлүүлсэн энэ төрлийн техник хэрэгслүүд ажиллагаагүй, хоорондоо авцалдаж нэгдэж ажилладаггүй, сургуулийн агуулахад хадгалагдаж байдаг тул ийм зүйл дахин давтагдах вий гэж сэрэмжилж, мэргэжлийн хүнээр судлуулаад шаардлага хангасан техник хэрэгсэл авчих гэсэн зорилго агуулсан, тэр ч агуулгаар чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн байна. Энэ юугаар илэрхийлэгдэж байна гэвэл Технологийн сургууль одоог хүртэл тэдгээр төхөөрөмжүүдийг хэрэглэж байгаа ба бүгд хэвийн ажиллаж байгаа гэх хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэгт дурдагдсанаар ойлгогдож байгаа.

Энэ нь Сургуулийн эрх ашгийн эсрэг хийсэн эрүүгийн гэмт хэрэг гэж хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцэхгүй байхад Шүүх тогтоолдоо... Иймд шүүгдэгч С.Дыг санаатайгаар хууль тогтоомж зөрчин, худалдан авах ажиллагааны төрөл хэлбэрийг өөрчлүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн, хийх ёсгүй үйлдлийг хийж нэр бүхий 3 аж ахуй нэгжид давуу байдал бий болгосон гэж үзлээ гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. С.Д нь өрсөлдөгчгүйгээр өөрөө сонгож аваад худалдаа хийлгэсэн гэж дүгнэсэн байгаа нь хэргийн бодит байдлыг мушгин гуйвуулсан зүйл болсон.

Өөрөөр хэлбэл, С.Дыг бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулсан гэж буруутгах нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин түүнийг үүнд хамааралгүй болохыг нотлох буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй, анхаараагүй байна. Дурдвал:

Б.А-н 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: Амжилтын нар ХХК-аас ирсэн хүн нь Хангамжийн хэлтсээс явууллаа гэж хэлж байсан. Тиймээс би танихгүй. ...

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б.А-н гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... Тэгж хэлснээс хойш удаагүй Хангамжийн хэлтсийн менежер Р.О над руу утсаар яриад худалдан авах тоног төхөөрөмжийнхөө жагсаалтыг явуул гэсэн. Түүний дагуу би жагсаалтыг өгсөн. Түүнээс хойш удаагүй ВSВ электроникс гэсэн бичигтэй 2 хүн ирээд Р.О менежер явууллаа ямар хуу ширээ сандал тоног төхөөрөмж авах юм бэ гэсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа ирэхдээ “Амжилтын нар” ХХК болоод ороод ирсэн.

Т-н 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... Түүнээс хойш 2, 3 хоногийн дараа би Технологийн сургууль дээр С.Д захиралтай уулзах гэж очоод үүдэнд таарсан чинь завгүй байна гээд нэрийн хуудсаа өгөөд, барааныхаа жагсаалтыг үнийн саналтайгаа явуулчхаарай гэсэн. Технологийн сургуулиас өгсөн худалдан авах барааны жагсаалтад байгаа тоног төхөөрөмж нь тухайн үедээ манай “ВSВ” ХХК-нд байгаагүй. Тэгэхээр нь би “Амжилтын нар” ХХК-ийн захирал болох найз Ба-тай холбогдож, жагсаалтад дурдагдсан тоног төхөөрөмж байгаа эсэхийг асуухад нийлүүлж болно, боломжтой юм байна гэсэн. Тэгээд би өөрөө дунд нь зуучилж өгөөд Технологийн сургуулийн нарийн бичиг Б.А-тай сургууль дээр нь очиж уулзаад бараа бүтээгдэхүүний сонголтын талаар ярьж, хэзээ нийлүүлэх талаар ярьсан. Тэгэхэд Б.А нь хамгийн гол нь чанартай бараа нийлүүлнэ шүү гэсэн шаардлагыг тавьж байсан. Ингээд удаагүй захиалсан тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

Т-ын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө Технологийн сургуулиас манай ажил дээр хүн ирсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. Одоо бодоод байхад Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтсээс Р.О менежер над руу утсаар яриад Технологийн сургууль дээр худалдан авалт хийх гэж байна, очоод үзэж судлаадхаач гэж хэлсэн юм байна. Тэрний дагуу ямар тавилга хэрэгсэл худалдан авах гэж байгааг нь судлахаар очсон. Технологийн сургууль руу би ганцаараа очсон бөгөөд С.Д захиралтай уулзах гэсэн чинь үүдэнд нь таараад С.Д захирал нэрийн хуудсаа надад өгөөд манай нарийн бичиг Б.А-тай уулз гэсэн. Тэгээд би Б.А-тай уулзаад Хангамжийн хэлтсээс Р.О явууллаа, ямар тавилга хэрэгсэл авах гэж байгаа юм харъя гэсэн. Б.А надад худалдан авах барааны жагсаалтыг хувилж өгөөд явуулсан. ... гэх баримтуудаас дүгнэлт хийвэл,Амжилтын нар” ХХК нь Технологийн сургуультай харилцаж тоног төхөөрөмжийг зарсан асуудалд С.Д нь огт оролцоогүй болох харагдаж байна. Амжилтын нар захирал болон Э.Т нар нь зөвхөн Б.А-тай харилцаж байсан байх ба С.Д нь Э.Т, Б.Б нартай огт уулзаж байгаагүй байхад шүүх нотлох баримтгүйгээр С.Дыг тус компанитай харилцаж шууд худалдан авалт хийж давуу байдал бий болгосон гэж буруу дүгнэлт хийсэн. Мэргэжилтэн Р.О мэдүүлэгтээ худалдан авах ажиллагааны төрөл хэлбэрийг өөрөө санаачилгаараа сонгосон гэж мэдүүлсэн байтал С.Дыг худалдан авах ажиллагааны төрөл хэлбэрийг өөрчлүүлсэн гэж үзсэн нь ямар нэгэн нотолгоогүй дүгнэлт хийжээ.

Нөгөөтэйгөөр 105,096,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг удирдан зохион байгуулах эрх үүрэг бүхий албан тушаалтнууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар ямар ажил хийсэн болох, ямар шатанд явахад нь яаж таслан зогсоогдсон болохыг, энэ талаар ямар ямар баримт байгааг хэрэгт хавсаргуулах шаардлагатай байна гэж өмгөөлөгчийн зүгээс санал хүсэлт гаргаж байсан боловч ямар нэгэн баримт ирүүлээгүй билээ.

Иймээс Эрдэнэт үйлдвэрийн энэхүү ажлыг зохион байгуулах ажилтнууд, Хуульд заасан үүрэгт ажлаа хийгээгүйн өмнөөс С.Дыг буруутгаж байгаа нь хуульд нийцээгүй. С.Д сонгон шалгаруулалтыг таслан зогсоосон гэж үзсэн нь хийсвэр дүгнэлт болжээ.

Ц.Э-н 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: Ж.Э захирал тус ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Хангамжийн хэлтэст өгсөн. ... Би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангахад хангамжийн хэлтэс нь бараа бүтээгдэхүүн сэлбэг хэрэгслээр хангах энэ ажиллагааг хууль журмын дагуу худалдан авалтыг зохион байгуулах үүрэгтэй.

Р.О-н 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэгт ....худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй. Ажил үүргийн хуваарийн дагуу Хангамжийн хэлтэс худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой байсан.

Ш.М-н 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... Эрдэнэт үйлдвэр ХХК- ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай тушаалаар Технологийн сургуульд 105,096,000 төгрөг хуваарилагдсан байсан. Тэр мөнгөөр тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд хэрэгсэл худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой байсан. Худалдан авах ажиллагааг хангамжийн хэлтэс зохион байгуулах чиг үүрэгтэй. Намайг эзгүй хойгуур худалдан авалт хийгдсэн байсан гэж тус тус мэдүүлсэн атлаа Р.О гол том худалдан авалтад дээр танил хүнээ явуулаад худалдан авалт хийлгүүлсэн байдаг.

Гэтэл шүүх С.Дыг л эд нарт давуу байдал олгосон гээд байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийг зөрчсөн. Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Р.О мэдүүлэхдээ үүрэгт ажлаа хийх гэхээр С.Д битгий хүн явуулаад бай гэж хэлэхээр нь ажлаа хийгээгүй гэж мэдүүлсэн боловч С.Д тийм зүйл болоогүй гэдэг. Хэрэв Р.О-н мэдүүлэг үнэн байлаа гэхэд хэн нэгэн хөндлөнгөөс нэг зүйл хэлэхээр ажлаа зогсоодог албан хаагч байж болох уу. Энэ нь зөв үү.

Шүүхийн шийтгэх тогтоолд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардаагүй, С.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын талаар яллах дүгнэлт болон улсын яллагчийн санал дүгнэлтэд тодорхой дурдагдаагүй боловч энэ төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг нь төрийн байгууллагын үйл ажиллагааны хувийн байдал алдагдах, хуулиар тогтоосон хэм хэмжээ зөрчигдөж, нийтийн эрх ашигт хор, хохиролтой нөхцөл байдал бий болсноор тодорхойлогдоно. ...гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Дээрх байдлаар хууль зүйн дүгнэлт хийсэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохицуулах тухай хуулийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн.

Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг хавтаст хэргийн хуудас дугаарлалтгүй бүгдийг дурдаж бичиж эдгээр мэдүүлгээр С.Дын гэм буруутай үйлдэл тогтоогдож байна гэсэн нь ойлгомжгүй, яг хэний ямар мэдүүлэг С.Дын гэм бурууг тогтоож байгаа болон мэдүүлгийг хэрхэн яаж эргэлзээгүй талаас нь үнэлсэн болохыг шүүхийн шийдвэрт тусгаагүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн гомдол гаргагчийн зүгээс үзэж байна.

Хэргийн бодит байдлын талаар дурдвал:

С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчид үйлдвэрийн газрын дэргэдэх салбар Технологийн сургуулийн захирал албан тушаалтай хүн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн харьяа Технологийн сургуулийн захирал С.Дын ажлын байрны тодорхойлолтод “сургуулийн тоног төхөөрөмж худалдаж авах болон худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах талаар заасан чиг үүрэг байдаггүй.

Харин ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар сургуулийн батлагдсан төсвийн дагуу худалдан авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, захиран зарцуулах, зардал хэмнэх, орлого нэмэгдүүлэх зэрэг үүргийг хүлээдэг. Энэ нь зөрчигдөөгүй.

С.Дын энэхүү үйлдэл нь өөрт давуу байдал болгох, ашиг хонжоо хайсан үйлдэл биш, харин ч нийтийн эрх ашиг буюу сурагч, оюутан нарын эрх ашгийн төлөө хийсэн үйлдэл юм.

С.Д нь худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүй байдаг учраас холбогдох албан тушаалтнуудтай уулзаж асуудлаа тавьсан.

Ажлаа мэддэг хүнийх нь хувьд Технологийн сургуулийн холбоо мэдээллийн цехийн ажилтан Г.Г-т гэх инженер залуутай утсаар холбогдож зааланд тавих тоног төхөөрөмжийг зөв сонголт хийгээрэй, энэ асуудалд та нар мэргэжлийн хүний хувьд оролцоорой гэж хэлсэн. Мөн өөрийнхөө туслах Б.А-д худалдан авах ажиллагаанд чанарын хяналт тавиарай гэсэн үүрэг өгч байсан.

Үүнээс хойших асуудлыг тэрээр мэдэхгүй бөгөөд 1 сар гаруй хугацааны дараа Б.А тоног төхөөрөмж ирчихлээ, хүлээж авах шаардлагатай гэж мэдэгдсэнээр тэрээр худалдан авах ажиллагаа дуусгавар болсон талаар мэдсэн байдаг. /Дээрх баримтыг нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ маш тодорхой мэдүүлсэн байдаг ба уг мэдүүлгийг давхар нотлох баримтууд хэрэгт мөн авагдсан байдаг.

С.Д нь Үйлдвэрийн мөнгийг захиран зарцуулах, тендер зарлах зэрэг эрх мэдэл бүхий албан тушаалтан биш бөгөөд Сургуулийн болон Эрдэнэт үйлдвэрийн эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго огт байгаагүй, зөвхөн сургууль эхлэхэд бэлтгэлээ хангасан байх зорилгоор түргэн шуурхай санаачилга гаргасныг хууль зөрчиж албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар хуульчилсан ба 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж... тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд бодит, хохирол, хор уршиг учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба эдгээр үндэслэл энэхүү хэргийн хувьд тогтоогдоогүй.

Энэхүү хэргийн хувьд хохирогчоор тогтоогдсон этгээдийн зүгээс мэдүүлэг өгөхдөө одоо сургуульд учирсан хохирол байхгүй, тоног төхөөрөмжүүд бүгд хэвийн ажиллаж байгаа гэдэг ба, яллагдагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй тогтоогдоогүй, улмаар Технологийн сургуулийн үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хохирол хор уршиг учирсан зүйл байхгүй. Энэхүү сонгон шалгаруулалтын талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-с цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо ч сонгон шалгаруулалт явуулах албан тушаалтнууд руу чиглэсэн байгааг анхаарна уу.

Түүнчлэн нийтийн эрх ашигт буюу бусад аж ахуй нэгж байгууллагад хохирол, хор уршиг учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй, ийм баримт хэрэгт авагдаагүй. С.Дын хувьд өөрт, ашиг олсон зүйлгүй билээ. Энэ хэргийн хувьд хууль зөрчсөн албан тушаалтнуудад нь хариуцлага тооцож, ял оногдуулахгүй хэрнээ, хууль зөрчөөгүй, сургуулийн төлөө мөрөөрөө хөдөлмөрлөж байсан С.Дд ял оногдуулж байгаа нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх хуулийн зарчим алдагдсан зүйл болсон.

Иймд С.Дын хувьд гэмт хэрэг үйлдээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эрх ашигт аюултай байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан зарчмыг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлыг үндэслэн С.Дд холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 09 дүгээр сард албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-р дамжуулан түүний төрсөн дүү Г.У-н “Эй Си И Икс” ХХК-аас 20.249.600 төгрөгийн бараа материал, “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-р дамжуулан түүний эхнэр Ж.Н-н “ТННХ” ХХК-аас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, “ВSВ люкс мебель” ХХК-ны худалдааны зөвлөх Э.Т-р зуучлуулан түүний найз Б.Б-ны “Амжилтын нар” ХХК-аас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч бусдад давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Нийтийн албанд ажиллаж байгаа сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэм хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

 

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн  бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.

 

Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт ... Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан нь нийтийн албан тушаалтанд хамаарна гэж зааснаар шүүгдэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

 

Шүүгдэгч С.Дын хувьд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 105 096 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар өөрөө удирдан зохион байгуулж Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бараа ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журмыг зөрчин тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Эй Си N Икс”-ХХК, “ТHHX-ХХК”, “Амжилтын нар” ХХК-иудад давуу байдал бий болгон сүлжээний тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авсан үйлдэл нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон  албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хохирол, хор уршиг учраагүй, худалдан авсан эд хогшил, бараа материал нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэж хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилжээ.

 

Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас шүүгдэгч С.Дын үйлдэл, гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах, хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн  хэргийн хүрээнд явагдах ба гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, ялын талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н ...Шүүгдэгч М.Д-н хувьд гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                                    С.ЦЭЦЭГМАА