Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 44

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

Хохирогч С.Сумъяа

Шүүгдэгч Д.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Балж овгийн Доржийн Баярт холбогдох 201717000115 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 5 дугаар багийн харьяат, 1964 оны 09 дүгээр сарын 08-нд төрсөн, 53 настай, эрэгтэй,  ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Балж овгийн Доржийн Баяр

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолоор/

 

Шүүгдэгч Д.Баяр нь 2017 оны 04 сарын 20, 21-ний өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч С.Сумъяаг байнга зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Баяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Яллагдагчаар татах тогтоолд байгаа бүхэн үнэн. Би унтаж байгаад сэрээд тамхи байна уу гэж асуухад байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр муудсан. Хэрвээ тамхи байсан бол бид хоёр муудахгүй байх байсан. Одоо гаргасан алдаагаа дахиж давтахгүй. Би буруугаа ойлгосон. Хохирогчоос уучлалт гуйж байна. Миний буруу болохоор уучлалт гуйхгүй бол болохгүй бид 2-ын харьцаа хэвийн байгаа. Бид 2 эвлэрсэн гэв.

 

       - Шүүгдэгч Д.Баярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 04 сарын 20-ны өдөр найз Ганзоригтой цуг 0.5 граммын Ерөөл архи уугаад хамтран амьдрагч С.Сумъяагийн гэрт очсон. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, нэг сэрэхэд Сумъяа миний цээжин дээр сууж байсан.  Тэгээд би босох гээд Сумъяагийн баруун гарын бугалган дээрээс базсан. Хөхнөөс нь хазсан эсэхээ мэдэхгүй байна. 2017 оны 04 сарын 21-ний өдөр бас архи уугаад  гэртээ ирээд Сумъяагаас тамхи байна уу гэхэд байхгүй гэхээр нь бид хоёр маргалдсан. Би Сумъяаг зодсон талаар санахгүй байна.   гэх мэдүүлэг, / хх-н 28 х /     

 

- Хохирогч С.Сумъяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би 2017 оны 04 сарын 20-ны орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ унтаж байхад Баяр согтуу орж ирсэн. Би хоол ундаа ид гэхэд идэхгүй унтаад өгсөн. Гэтэл шөнө 24 цаг өнгөрч байхад гэнэт миний толгой руу цохисон. Би босоод ирэх байх гэж бодоод дээр нь дараад суусан. Гэтэл намайг хазаад байсан. Маргааш нь ийм зүйл болсон гэж хэлэхэд мэдэхгүй байна гэж хэлсэн. Маргааш нь 04 сарын 21-ний өдөр би эмнэлэгт хоолоо өгчхөөд, талийгаач нөхрийнхөө ээжид хоол өгчхөөд гэртээ байхад Баяр орой согтуу ирсэн. Тэгээд унтаж байгаад шөнө тамхи байна уу гэхээр нь байхгүй гэхэд тамхи байхгүй юм уу гичий чинь гэж хэлсэн. Тамхи байхгүй байлаа гээд хүнийг гичий гээд байхдаа яадаг юм бэ гэхэд, намайг цохих гэхээр нь би дээр нь дараад суусан. Намайг дээр нь сууж байхад үснээс татаж, миний гарыг базаад хөхрүүлсэн.  Тэгээд би цагдаа дуудсан. Д.Баяр өмнө нь хүнд зодуулаад тархиндаа гэмтэл авснаас хойш хийсэн зүйлээ мартаж санаад байдаг болсон. Баярыг эмчид үзүүлэхэд эмч “Тархины хувьд 1-2 жилийн хугацаанд эдгэхгүй, цус хуралттай байгаа” гэж хэлсэн. Тэгээд би мэс заслын эмчид үзүүлж эмнэлэгт хэвтүүлсэн. Одоо бид хоёр эвлэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй бидний харьцаа хэвийн байгаа гэв.

 

     - Хохирогч С.Сумъяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  2017 оны 4 сарын 20ны шөнө намайг гэртээ унтаж байхад Баяр 22 цагийн орчим согтуу ирэхээр нь хоол идэх үү гэхэд идэхгүй гэж хэлээд унтсан. Шөнийн 00.10 минутын үед унтаж байхад намайг араас гэнэт үснээс зулгаасан. Би үснээс тавь гэхэд тавихгүй заазуур аваад ир хоолойг чинь огтолно гээд байхаар нь  би түүний дараа 2 гарыг нь өвдгөн дороо хийгээд дээр нь гарч суусан. Тэгтэл миний баруун хөхнөөс хазаад баруун гарын бугалга болон гуяыг базаж хөхөрөөсөн.  Мөн 2017 оны 04 сарын 21-ний өдөр унтаж байхад гаднаас согтуу орж ирээд тамхи нэхээд байхгүй гэсэн чинь үснээс зулгаагаад доошоо дарж,  зүүн гарын шуу, зүүн хөхнөөс хазсан.  Нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг, / хх-н 7-8  х / 

 

- Гэрч Б.Оюуны хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ...миний хувьд нүд харахгүй харааны бэрхшээлтэй,   сонсгол муу юм. Баяр, Сумъяа нарыг зодолдож, муудалцсан талаар эсэхийг сайн мэдэхгүй. Сумъяа надад хэлэхдээ Баяр бид хоёр хоорондоо маргалдаад цагдаагаар явж байгаа гэж хэлсэн. Гэхдээ Баяр сүүлийн үед   чанга дуугарч, бахираад байх шиг санагдах болсон...гэх мэдүүлэг,  /хх-н 12-13 х /

 

           - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 159 тоот актын дүгнэлтэнд: 1.С.Сумъяагийн биед баруун хөх, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 17 х /

 

- Шүүх сэтгэц, гэм судлалын магадлагааны акт / хх-н 22-24 х /

 

- Д.Баярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 33 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн засаг даргын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 05/75 дугаартай албан тоот, / хх-н 34 х / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Баяр нь 2017 оны 04 сарын 20 -ний шөнө Баруун урт сумын 1-р баг 180 айлын 3-9 тоотод буюу хохирогч С.Сумъяагийн гэрт хамтран амьдрагч С.Сумъяагийн баруун хөх, зүүн буглага, баруун гуяан тус газар хазах, базах зэргээр түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Сумъяа, гэрч Б.Оюун нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 159 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн баримтыг үндэслэвэл шүүгдэгч Д.Баяр нь хамтран амьдрагч С.Сумъяаг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч С.Сумъяагийн  шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Намайг 2017 оны 04 сарын 20-ны орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ унтаж байхад Баяр согтуу орж ирсэн. Би хоол ундаа ид гэхэд идэхгүй гээд унтаад өгсөн. Гэтэл шөнө 24 цаг өнгөрч байхад гэнэт миний  үснээс  зулгаасан үснээс тавь гэхэд тавихгүй  байхаар нь  би түүний 2 гарыг нь өвдгөн дороо хийгээд дээр нь гарч суусан. Тэгтэл миний баруун хөхнөөс хазаад зүүн гарын бугалга болон баруун гуяыг базаж хөхөрөөсөн. Маргааш нь ийм зүйл болсон гэж хэлэхэд би мэдэхгүй байна гэж хэлсэн...,” гэх, гэрч Б.Оюуны“...Сумъяа надад хэлэхдээ Баяр бид хоёр хоорондоо маргалдаад цагдаагаар явж байгаа гэж хэлсэн. Гэхдээ Баяр сүүлийн үед   чанга дуугарч, бахираад байх шиг санагдах болсон...” гэх мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 1.С.Сумъяагийн биед баруун хөх, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 159 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна.

       

  Иймд шүүгдэгч Д.Баярыг тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр буюу тэдгээрийн хооронд үүссэн таарамжгүй харьцааны улмаас, шууд санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.    

          Шүүгдэгч Д.Баярт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Харин хэргийн зүйлчлэл тохироогүй байх тул Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Баярын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар ял сонсгож яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг өөрчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Учир нь: шүүгдэгч Д.Баярын дээрх үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагчаа  байнга зодсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд  гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт  эрх зүйн эсрэг үйлдлийг  гурав буюу түүнээс дээш үйлдэхийг ойлгохоор заасан байдаг. Гэтэл шүүх хуралдаанд өгсөн хохирогч С.Сумъяагийн “...Д.Баяр бид 2 байнга мууддаггүй харин 2017 оны 014 сарын 20,21-ны шөнө л гэнэт ямар өвчин туссан юм  намайг үсдэж хазахаар би айгаад цагдаа дуудсан... гэх, шүүгдэгч Д.Баярын “... би байнга архи уугаад байдаггүй мөн байнга муудаад байдаггүй  Сумъяаг дээрээс дараад хэвтчихээр амьсгал давчдаад босох л гэж хазсан байх, тэр шөнө согтуу байсан яг яаснаа ч сайн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд  шүүгдэгч Д.Баярыг  хамтран амьдрагчаа байнга зоддог гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 158 тоот актын дүгнэлтэнд: 1.С.Сумъяагийн биед зүүн хөхөнд цус хуралт  тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг  сарниулаагүй тул гэмтлийн  зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Баярын 2017 оны 04 сарын 21-ний шөнө өөрийн хамтран амьдрагч С.Сумъяагийн зүүн хөхийг хазсан,  зүүн буглагыг базсан гэх дээрх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.Учир нь хохирогч С.Сумъяагийн биед дээрх үйлдлийн улмаас гэмтэл учраагүй болно.

 

         Харин шүүгдэгч Д.Баярыг 2017 оны 4 сарын 20-ны өдөр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдож байгаа боловч шүүгдэгч Д.Баяр нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчид учирсан хохирол, гэм хор бүрэн арилсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Д.Баярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Д.Баяр  хохирогч С.Сумъяатай эвлэрсэн нь шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Бидний амьдрал хэвийн байгаа, бид 2 эвлэрсэн, хамт амьдарч байгаа” гэх мэдүүлгээр нотлогдож байна. 

 

         Шүүгдэгч Д.Баяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй,бусдад төлөх төлбөргүй болох, хохирогч С.Сумъяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 293, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Баярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-т зааснаар   зүйлчилснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар зүйлчилсүгэй.

 

             2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Баярын 2017 оны 4 сарын 21-ний шөнө С.Сумъяагийн зүүн хөхөнд хазсан, зүүн буглагыг базсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             3. Шүүгдэгч Балж овогт Доржийн Баярыг  хамтран амьдрагч С.Сумъяаг зодож баруун хөх, зүүн буглага, баруун гуяанд цус хуралт үүсгэж биед нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

            4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Баярыг хохирогч С.Сумъяатай  сайн дураараа  эвлэрсэн  тул хэргийг хэрэгсэхгүй болгож Д.Баярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

 

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Сумъяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР