| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2024/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/309 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/309
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
Хохирогч Ш.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А, Д.Э,
Шүүгдэгч К.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Доэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Кийн Жад холбогдох эрүүгийн 2313001150171 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багт оршин суух хаягтай,
Урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
Мөн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 62А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,
-2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,
-2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял,
-2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял,
-Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял,
-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан, ..., Мовогт К Ж,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч К.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Бийн өмчлөлийн “Тика-Ерлан” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлэн 170.000 төгрөг, “Кастр-5” тамхи 12 хайрцаг, “Кастр-3” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” хөх тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” улаан тамхи 2 бодол, 4 хайрцаг буюу 24 хайрцаг, “Ессе чэнж” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Ессе” ногоон тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Улаан шонхор” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “LD” тамхи 10 хайрцаг, “Болор” 0.75 литрийн архи 4 ширхэг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг, “Arkhi” 0,75 литрийн архи 1 ширхэг, “Ерөөл” 0.5 литрийн архи 1 ширхэг, ууттай шоколад 6 боодол, тамхины асаагуур 1 ширхэг, ментос бохь 2 хайрцаг, шилтэй огурцы 1 ширхэг, барааны сагс 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 904.100 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, яллах, өмгөөлөх талын дүгнэлт.
1.1. Шүүгдэгч К.Ж мэдүүлэхдээ: “...Миний бие урьд өмнө удаа дараа ял эдэлж байсан. Тус аймгийн Өлгий сумын 3 дугаар багт харьяалагддаг. 2018 онд хорих ялаа эдэлж гарсан ба тухайн үед аав маань тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт нүүж ирсэн. Дараа нь би Казахстан Улс уруу явсан. Аймагт ирсний дараа би хэрэгт холбогдож цагдаа нараас зугтаж Улаанбаатар хот уруу явсан байсан. 2020 оны 6 дугаар сард намайг албадан авчирсан. Тухайн үед би холбогдсон хэргээ шийдүүлж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял авсан. Би сонгуульд оролцож санал өгч үзээгүй. Сонгуулийн үед хорих байгууллагад байсан. Хохирогч мэдүүлэгтээ би К.Жыг сайн танина, сонгуулийн сурталчилгаанд явж байхдаа К.Жыг харсан. Нэг хараад К.Ж гэдгийг таньсан гэж байна. Гэтэл би хохирогчийг шүүх хурал дээр харсан ба өөр газар харж байгаагүй. Би зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа засварын газарт ажилладаг байсан. Тухайн засварын газарт ажилладаг хүн надад Ш.Б гэдэг ногоо зардаг хүн чамайг асуугаад явсан гэж хэлсэн. Би зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа зөрчил гаргаж байгаагүй. Надад шийдвэр гүйцэтгэгч Зерде хяналт тавьдаг байсан. Н нь Зердетэй хамт ирдэг байсан болохоос биш хяналт тавьж байгаагүй. Н нь нэг удаа прокурорын хамт ирсэн. Би өмнө нь 6 жилийн хугацаагаар хорих ял авсан ба ял эдэлж байхдаа Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрнаас оргож байсан. Надаас болж тус байгууллагын 3 ажилтан ажлаас халагдаж дарга нь солигдож байсан. Тийм учраас дээрх байгууллагын ажилчид миний эсрэг юу ч ярихаас буцахгүй. Н гэдэг шийдвэр гүйцэтгэгч надад хяналт тавьдаггүй байсан атлаа яагаад намайг гүтгэж байгааг гайхаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд миний цахим бугуйвчны цэнэг дуусах үед мессеж ирдэг ба хяналт тавьж байгаа ажилтан нь шууд залгаад ороод ирдэг. Гэтэл хохирогчийн дэлгүүрт орох үед цахим бугуйвчийн сүлжээ нь унтарчихдаг гэж байна. Цахим бугуйвч унтрах явцад тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас залгаж анхааруулж хэлдэг байсан. Цахим бугуйвчаар намайг тухайн цаг хугацаанд хаана байсныг шалгаж тогтоох бүрэн боломжтой.Гэтэл шөнийн 00 цагаас 04 цаг хүртэл намайг хаана явсан маршрутыг прокурор тогтоож чадаагүй байж яллаж байна. Маршрутыг зөв гаргаж өгөөрэй гэж холбогдох байгууллагад гомдол гаргаж байсан. Би цахим бугуйвчны зардалд сард 45,000 төгрөг төлдөг байсан. Хохирогчийн дэлгүүрт орсон хүн надаас туранхай байсан. Миний жин 95 кг доош байдаггүй байсан. Би урьд нь хулгай хийдэг байсан. Гэхдээ энэ хэрэгт хамааралгүй” гэв.
1.2. Хохирогч Ш.Б мэдүүлэхдээ: “...Би тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт амьдардаг. Тухайн үед дэлгүүрт маань хулгай орсон. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хяналтын камерын бичлэгийг авсан. 10 хоногийн дараа алдсан эд зүйлээ хэлж тэмдэглэл үйлдэж баталгаажуулж өгсөн маань үнэн. Хохирлыг барагдуулж өгвөл гомдол санал гээд байх зүйл байхгүй. Шүүгдэгч К.Ж урьд нь ял эдэлж байсан, сонгууль өгч байгаагүй гэх асуудлыг нь би мэдэхгүй. Би К.Жыг сонгуулийн ажилд ухуулагчаар ажиллаж байсан гэж хэлээгүй. Би К.Жын эцгийг танина, бас түүнийг гаднаас нь хараад танина, дүүг нь танина гэж хэлсэн. Манай дэлгүүрийг яаж онгойлгосныг би мэдэхгүй. Цоож нь бүрэн бүтэн байсан. Дэлгүүрт орохдоо гадна талын хяналтын камерыг дээшээ өргөсөн байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр камерын бичлэг үзэхэд дэлгүүрт нэвтэрсэн хүн К.Жтай адил төстэй хүн байсан. Тухайн өглөө манай хүүхэд дэлгүүрт нойтон салфетик авахаар ороход хаалга нь онгорхой байсныг хараад надад хэлсэн. Шүүгдэгч нь би хулгай хийгээгүй гэж уурлаад байна. Үүнийг хууль, хяналтын байгууллага тогтоох байх. Би өөрөө 5 оюутан хүүхэд сургаж байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.
1.3. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн талаарх гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгч А.Ербол, Д.Еркебек нарын илтгэх хуудас, дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, гэрэл зураг, хохирогч Ш.Бийн мэдүүлэг, гэрч Ж.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримт-уудаар уг гэмт хэргийг К.Ж үйлдсэн болох нь тогтоогдож байна. К.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. К.Ж нь урьд 9 удаа ял шийтгүүлж байсан. 7 удаа хулгайлах гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан. Гэмт хэргийг үйлдэх үед ашигласан эд зүйл, өмссөн хувцас, гэмт хэргийг үгүйсгэж байгаа байдал, эд зүйлүүдийг хэрхэн яаж авч гарч байгаа байдлаас харахад К.Ж мөн гэж үзэж байгаа. Нүүрээ нууж маск зүүх, бээлий өмсөх аргуудыг ашигласан. Хяналтын камерын 05 цаг 03 минутаас 04 минут хоорондын бичлэгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Уг 1 минутын бичлэгийн 30 дахь секундийн бичлэг дээр гарч байгаа хүний нүүр царай, бичлэгийн 05 цаг 04 минут 10 секундийн бичлэгээс харахад К.Жын нүүр, хамар төстэй. Биеийн хэмжээ нь харагдаж байгаа. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
1.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт:” Би гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан. “Тика-Ерлан” супермаркетад хулгайгаар орж бэлэн мөнгө авсан гэх үйлдлийг бүрэн нотолж чадаагүй учраас гэм буруугийн талаар маргаж байгаа. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд пүүзэн гутлын 1 ширхэг мөрийг илрүүлж авсан, гутлын мөрийг хэмжихэд урт нь 30 см өсгийн өргөн 9 см, өлмийн өргөн 10 см, хээтэй пүүзэн гутлын мөр байлаа гэж бичсэн. К.Жыг сэжиглэж байгаа бол К.Жын өмсөж байсан гутлыг хураан авч, харьцуулах шинжилгээ хийх ёстой. Хууль бусаар нэвтэрсэн гэх хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй, хээ илрээгүй гэж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан байна. Уг хаалганд шинжилгээ хийх ёстой байсан. Гэрчүүд шар царайтай монхор хамартай тул К.Ж мөн гэж тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг гэрч, хохирогч, яллагдагчаар таньж олуулж болно”, мөн хуулийн 25.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна. Таньж олуулахын өмнө таньж олох хүнийг бусад хүний дунд дуртай байрлалаа эзлэхийг хэлж, тэмдэглэлд тусгана” гэж заасан. К.Жыг “Тика-Ерлан” супермаркетад хулгайгаар орсон гэж үзвэл К.Жтай төсөөтэй хүмүүсийг цуглуулан таньж олуулах ажиллагаа хийх ёстой байсан. Шар царайтай монхор хамартай хүн болгон К.Ж биш юм. Шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
1.5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Би давж заалдах шатны шүүхээс эхлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлоогүй. Хэргийн газрын үзлэг, хяналтын камерын бичлэгт нотолгооны ач холбогдолтой олон баримтууд байсан. Хэргийн газрын үзлэгийн явцад 1 ширхэг пүүз гутлын мөр илэрч байгаа. Тухайн пүүз гутлын хэмжээг гаргасан. Хяналтын камерын бичлэгт байгаа хүн пүүз гуталтай болох нь тодорхой харагдаж байгаа. К.Жын өмсөж байгаа гутлыг шинжилгээнд өгөх боломжтой байсан. Гэхдээ ийм ажиллагаа хийгдээгүй. Цагдаагийн ажилтан эрэн сурвалжлах ажиллагаа хийхэд К.Ж засварын газарт ажилладаг байсан нь тогтоогдсон, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан гэж үзэж дүгнэсэн. Энэ нөхцөл байдлаас болж гэмт хэрэг шийдэгдэхгүй байгаа. К.Жын маршрутыг тогтоосон байна. Дохиоллын байршлуудыг тогтоохдоо 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 12 цаг 07 минутын үед К.Ж “Тика-Ерлан” гэх дэлгүүрийн хажууд 10-15 км зайд ойртсон дохиолол илэрсэн байна гэх баримтад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Хавтаст хэрэгт шүүхийн шатны баримтууд авагдсан. Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа хүнд зүүсэн бугуйвч нь дохиолоо зөв зааж байгаа. Бичлэгээс үзэхэд дэлгүүрт 3 удаа орж 2 удаа гарч байгаа. К.Ж тухайн дэлгүүрт орсон бол дохиолол нь нэг удаа ч гэсэн дуугарах байсан. Дохиолол заах ёстой байсан. Тухайн дэлгүүрт дохиолол ажиллаагүй гэж үзвэл тухайн дэлгүүрт дохиолол ажиллаж байгаа эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан. К.Ж сэжиг бүхий, туршлагатай байсан гэж байна. Төсөөтэй гэдэг байдлаар ял шийтгэл халдааж болохгүй. Хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Дэлгүүрт хулгайгаар орсон хүний хувцас нь тостой байсан. Засварын газарт ажилладаг хүн байх магадлалтай гэж үзэж асуудалд төсөөтэй байдлаар хандаж болохгүй. Бээлий, малгай зөвхөн К.Жад байдаггүй. Хяналтын камерын бичлэгээс харахад шар царай харагдахгүй байна. Хамрыг К.Жын хамар гэж тогтоох боломжгүй. Мэргэжлийн байгууллагаар хяналтын камерын бичлэгт байгаа хүнийг К.Ж мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай байсан. К.Ж олон удаа хулгайлах гэмт хэрэгт холбогдсон тул “Тика-Ерлан” гэх дэлгүүрт хулгайгаар орсон хүнийг К.Ж гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үйлдсэн хэргийг нь нотолж байж яллах дүгнэлт үйлдэх ёстой ба нотолж чадахгүй бол шүүх цагаатгах үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар К.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь бүрэн нотлогдоогүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдгийг шүүхээс тогтоож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2. Эрүүгийн 2313001150171 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.2. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа А.Еркебек, Д.Ербол нарын илтгэх хуудас /хавтаст хэргийн 05 дахь тал/,
2.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,
2.4. “Тика-Ерлан” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СD бичлэгүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал, СD бичлэг/,
2.5. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 01/185 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-26 дахь тал/,
2.6. Мөрдөгчөөс хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Тика-Ерлан” нэртэй дэлгүүрийн байршлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
2.7. Хохирогч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 45 дахь тал/,
2.8. Гэрч Ж.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
2.9. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-23-0055 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дахь тал/,
2.10. Шүүгдэгч К.Жын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Хэрэгт тогтоогдсон үйл баримт
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Жын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
-Шүүгдэгч К.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Бийн өмчлөлийн “Тика-Ерлан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэгч төмөр багаж ашиглан онгойлгож, хууль бусаар нэвтэрч, бэлэн 170.000 төгрөг, “Кастр-5” тамхи 12 хайрцаг, “Кастр-3” тамхи 10 хайрцаг, “Mevius” хөх тамхи 10 хайрцаг, “Mevius” улаан тамхи 24 хайрцаг, “Ессе чэнж” тамхи 10 хайрцаг, “Ессе” ногоон тамхи 10 хайрцаг, “Улаан шонхор” тамхи 10 хайрцаг, “LD” тамхи 10 хайрцаг, “Болор” 0.75 литрийн архи 4 ширхэг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг, “Arkhi” 0,75 литрийн архи 1 ширхэг, “Ерөөл” 0.5 литрийн архи 1 ширхэг, ууттай шоколад 6 боодол, тамхины асаагуур 1 ширхэг, ментос бохь 2 хайрцаг, шилтэй огурцы 1 ширхэг, барааны сагс 2 ширхэг зэрэг 734.100 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 904.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд “Тика-Ерлан” дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж, хэрэгт ач холбогдол бүхий 4 ширхэг бичлэгийг CD хуурцагт хуулбарлан, хэрэгт хавсарган ирүүлсэн бөгөөд тухайн бичлэгт бичигдэн үлдсэн, дэлгүүрээс идэвхтэй үйлдлээр эд зүйлс авч байгаа этгээд нь К.Ж мөн болох нь хохирогч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Манай дэлгүүрт хулгай орсон шөнийн камерын бичлэгт бичигихдсэн хүн бол Күйн Ж мөн байсан. Би тэр залууг бичлэгээс анх хараад шууд таньсан. Би тухайн хүнийг царай зүс болон биеийн хэлбэр, явсан хөдөлгөөн зэрэг шинж тэмдгээр нь шууд таньж байгаа болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, гэрч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би ийн Жыг сайн таньдаг. Учир нь тэр зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа бөгөөд түүний ялын биелэлтийг миний бие хариуцан ажиллаж байгаа, тэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багаас гарахыг хориглох хязгаарлалттай. Түүний ял эдлэх маршрутад байнгын хяналт тавьдаг. Ялтан К.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гараагүй бөгөөд К.Жын тухайн үеийн маршрутыг үзэхэд Өлгий сумын 4 дүгээр багт байрлах “Тика-Ерлан” супермаркетад очсон бөгөөд дэлгүүрээс 10-15 метр зайд очсоныг цахим хяналтын системээс тогтоосон. Цахим бугуйвч нь ялтны очиж зогссон цэгээс 10-15 метрийн радиус дотор үнэн зөвөөр заадаг. Барилга байгууламж дотор орох үед сүлжээний ачааллаас хамааран цэг илрэхгүй тохиолдол их байдаг. Тухайн “Тика-Ерлан” дэлгүүрт хулгай орсон гэх шөнийн камерын бичлэгийг үзэхэд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаа Кийн Ж мөн байна. Би түүнийг яаж таньж байгаа вэ гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа этгээдэд сард 2-оос доошгүй удаа биечилсэн хяналт тавьж ажилладаг. Тийм учраас дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн үлдсэн этгээдийг нэг хараад шууд К.Ж гэдгийг таньж байна. Түүний шар царай, монхор хамар, явдал, биеийн хэлбэр зэргээр нь таньсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, “Тика-Ерлан” дэлгүүрийн бичлэгийг хуулбарлан авсан CD бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтан К.Жын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд явсан маршрутын мэдээлэл /хавтаст хэргийн 15-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч К.Ж нь би урьд өмнө нь удаа дараа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий ч энэ хэрэгт хамааралгүй гэж гэм буруугийн асуудлаар маргах боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж ирүүлсэн ялтан К.Жын явсан маршрутын мэдээллүүдээс 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн маршрутыг судлан үзэхэд тэрээр хохирогчийн өмчлөлийн “Тика-Ерлан” дэлгүүрт 10-15 метрийн зайд ойртсон нь тогтоогдож байгаа, гэрч Ж.Нгийн мэдүүлгээр зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтанд хяналт тавих цахим бугуйвч нь очсон цэгийг 10-15 метрийн радиус дотор зааж байдаг, түүнчлэн барилга, байгууламж дотор орох үед сүлжээний ачааллаас хамаарч цахим бугуйвч унтрах тохиолдол байдаг гэж мэдүүлсэн байх тул хэрэг учрал болсон шөнө шүүгдэгч К.Жыг “Тика-Ерлан” дэлгүүрт очсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн хохирогч Ш.Б, гэрч Ж.Н нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд “Тика-Ерлан” дэлгүүрийн камерын бичлэгт бичигдэн үлдсэн этгээдийг К.Ж мөн болохыг шууд хараад таньсан гэж мэдүүлж, хэн аль нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаж байгаа, тэдгээрийн мэдүүлэг хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Б, гэрч Ж.Н нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, хохирогч, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Ш.Б, гэрч Ж.Н нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
Энэ гэмт хэрэг гарсан байдлыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хангалттай нотлон тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч К.Жыг 2023 оны 02 дугаар 18-ны шөнийн 00 цагаас 04.00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах “Тика-Ерлан” дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт.
Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
-Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог, материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заажээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан нь энэ гэмт хэргийн обьектив талын шинж юм.
-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч К.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 00.00-04.00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт байрлах, хохирогч Ш.Бийн өмчлөлийн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Тика-Ерлан” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэгч төмөр багаж хэрэглэн, онгойлгож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дотогшоо нэвтрэн орж бэлэн 170.000 төгрөг, 734.100 төгрөгийн эд бараа зэргийг хулгайлж, нийт 904.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч К.Ж нь тухайн бэлэн мөнгө, эд зүйлсийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж бүрдүүлснээр буюу өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр “Тика-Ерлан” дэлгүүрээс авч гарснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.
Шүүгдэгч К.Ж нь идэвхтэй үйлдлээр, шөнийн цагаар хохирогч Ш.Бийн дэлгүүрт сэм орж, бэлэн мөнгө, эд бараа хулгайлж, 904.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
3. Шүүгдэгч К.Ж нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Иймд шүүгдэгч К.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч К.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч К.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, цагаатгуулахаар маргасныг түүний өмгөөлөгч Д.А, Д.Э нар дэмжиж оролцсон боловч шүүхээс шүүгдэгч К.Жыг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заажээ.
2. Шүүгдэгч К.Жын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Бийн эд хөрөнгөд “Кастр-5” тамхи 12х5400=64.800 төгрөг, “Кастр-3” тамхи 10х4800=48.000 төгрөг, “Mevius” хөх тамхи 10х3600=36.000 төгрөг, “Mevius” улаан тамхи 24х3700=88.800 төгрөг, “Ессе чэнж” тамхи 10х4300=43.000 төгрөг, “Ессе” ногоон тамхи 10х4300=43.000 төгрөг, “Улаан шонхор” тамхи 10х2500=25.000 төгрөг, “LD” тамхи 10х3100=31.000 төгрөг, “Болор” 0.75 литрийн архи 4х23.800=95.200 төгрөг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1х17.400=17.400 төгрөг, “Arkhi” 0,75 литрийн архи 1х19.900=19.900 төгрөг, “Ерөөл” 0.5 литрийн архи 1х12000=12.000 төгрөг, ууттай шоколад 6х18000=108.000 төгрөг, тамхины асаагуур 1х1500=1500 төгрөг, ментос бохь 2 хайрцаг буюу 2х13500=27.000 төгрөг, шилтэй огурцы 1х3500=3500 төгрөг, барааны сагс 2х35000=70.000 төгрөг, бэлэн 170.000 төгрөг, нийт 904.100 төгрөгийн хохирол учирсан нь хохирогч Ш.Бийн мэдүүлэг, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-23-0055 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг 904.100 төгрөгөөр тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ./хавтаст хэргийн 41-42, 54-58 дахь тал/,
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй байна.
3. Шүүхээс шүүгдэгч К.Жыг хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Тика-Ерлан” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч К.Жаас гэмт хэргийн хор уршигт 904.100 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Бэд олгож шийдвэрлэв.
4. Шүүгдэгч К.Ж нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Ш.Бэд учруулсан хохирол болох 904.100 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтийг гаргаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан боловч гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлөөгүй, тэрээр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр хохирол төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч К.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул К.Жын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:”... Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч К.Ж нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, 904.100 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэл тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан. Уг ялаас эдлээгүй үлдсэн 5 сарын 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 5 сар, 11 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон 4 сар 14 хоногийг хорих ялаас хасаж тооцох саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:” Шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргаасан боловч шүүхээс түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлж шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирлыг төлж чадаагүй. Ажиллаж байгаа компани нь ажлын хөлсийг нь өгөх боломжгүй гэсэн. Цаашид хохирлыг төлж өгнө гэдгээ илэрхийлсэн. Ийм учраас улсын яллагчийн санал болгож байгаа 6 жилийн хорих ялыг багасгаж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцож өгнө үү”гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгчийг шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ дараах байдлаар гаргая. Улсын яллагчаас К.Жад 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн ялыг хорих ялд нь нэмж нэгтгэн оногдуулах саналыг гаргаж байгааг дэмжихгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг харгалзаж хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ял, цагдан хоригдсон хугацааг шүүх хуулийн дагуу шийдвэрлэх байх” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
5. Шүүгдэгч К.Ж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ”...Би эхнэр, хүүхдийн хамт тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт амьдардаг. Гэмт хэрэгт холбогдохоос өмнө нэг компанид ажиллаж байсан бөгөөд цалин хөлсөө дутуу авсан. Шүүх хурал завсарласан хугацаанд тухайн компаниас цалингаа аваад хохирлоо төлөх гэсэн боловч миний цалинг нөхөж өгөөгүй тул би хохирлоо төлж чадаагүй. Шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
7. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч К.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа, шөнийн цагаар, хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Тика-Ерлан” дэлгүүрээс эд зүйл хулгайлахаар урьдаас бэлтгэж, дэлгүүрийн хаалгыг онгойлгох зорилгоор дугуй задлагч төмөр хэрэглэн, хулгайлах гэмт хэргийн ул мөрийг баллах, танигдахгүй байх зорилгоор нүүрэндээ маск зүүх, гартаа бээлий өмсөх, бугуйн цагийг унтраах, дэлгүүрийн гадна хаалганы хяналтын камерын чиглэлийг өөрчлөх зэрэг аргыг хэрэглэн дэлгүүрт хууль бусаар нэвтэрсэн,
Учруулсан хохирол, хор уршгийн хувьд тэрээр дэлгүүрээс бэлэн 170.000 төгрөг, эд зүйл хулгайлах замаар нийтдээ 904.100 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн хор уршгийг арилгаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал,
Хувийн байдлын хувьд шүүгдэгч К.Ж нь 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, хувьдаа ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөгүй, урьд 9 удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсний 8 удаад нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, хорих ял эдэлж байсан боловч засрал хүмүүжлээ олоогүй, төлөвшөөгүй нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, өмнөх шийтгэх тогтоол, магадлалаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхээс зайлсхийж, шүүхийн шатнаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан хувийн байдал зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч К.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн..,” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
Тодруулбал: Хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 75-97 дахь талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд, 112-118 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалууд зэрэг нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч К.Ж нь хамгийн сүүлд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай магадлалаар хөнгөрүүлэн өөрчилж, К.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн,
Шүүгдэгч К.Ж нь уг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа дахин 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Тика Ерлан” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн..,” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
8. Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д тус тус нийцсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд оршино гэж тодорхойлжээ.
9. Шүүгдэгч К.Ж нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцүүлэн, шүүгдэгч К.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учруулж, уг хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, шүүхийн шатнаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байсан нөхцөл байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч К.Жын холбогдсон гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулах санкцтай, хүнд ангиллын хэрэг байх бөгөөд шүүхээс шүүгдэгч К.Жад 3 жилийн хорих ялыг сонгож хэрэглэхдээ гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан үзэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт ”Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч К.Ж нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай магадлалаар шүүгдэгч К.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ял болгож, өөрчилсөн байна.
Шүүгдэгч К.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө дахин шинээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч К.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 01 жил, 06 сар, 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 05 сар, 11 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Даийн “Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн Кийн Жын ялын тооцоо” гэх баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч К.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш цагдан хоригдож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул шийдвэр гүйцэтгэгч Б.Дарханбекийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн ялын тооцоо гэх баримтад үндэслэн, К.Жын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг 05 сар, 11 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 05 сар, 11 хоног зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, шүүгдэгч К.Жын нийт эдлэх хорих ялыг 3 жил, 5 сар, 11 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгчид оногдуулсан 3 жил, 5 сар, 11 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хасна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч К.Ж нь энэ хэрэгт Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдож, улмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч К.Жад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх хүртэл тэрээр нийт 45 хоног цагдан хоригдсон байна. /Хавтаст хэргийн 181-188, 218-222 дахь тал/,
Үүний дараа шүүгдэгч К.Ж нь түүнд холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үед буюу зорчих эрхийг хягзаарлах ялыг үргэлжлүүлэн эдэлж байхдаа 2024 оны 2 дугаар сарын 24-ний үеэс цахим бугуйвчийг унтрааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсны улмаас К.Жад холбогдох хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлахыг Цагдаагийн байгууллагад даалгасан,
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд шүүгдэгч К.Жыг олж тогтоон, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар, К.Жыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 89 хоног цагдан хорьсон нь тогтоогдож байна.
Дээрхээс тооцож үзэхэд шүүгдэгч К.Ж нь энэ хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 45 хоног, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу шийтгэх тогтоол гарах хүртэл 89 хоног, нийтдээ 134 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгч К.Жад оногдуулсан 3 жил, 5 сар, 11 хоног хорих ялаас түүний цагдан хоригдсон 134 хоногийг хасаж тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
13. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Жаас нотлох баримтаар гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Тика-Ерлан” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг болох 1 ширхэг СД дискэд хуулбарлан ирүүлсэн 4 ширхэг бичлэгийг эрүүгийн 2313001150171 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Жад хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх хорих ялыг нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Кйн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Жад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр урьд тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 05 сар, 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, нэмж нэгтгэн шүүгдэгч К.Жын нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил, 5 /тав/ сар, 11 /арван нэг/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Жад оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сар, 11/арван нэг/ хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жын энэ хэрэгт цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч К.Жаас гэмт хэргийн хор уршигт 904.100 /есөн зуун дөрвөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулан хохирогч Ш.Бэд олгосугай.
7. Шүүгдэгч К.Жад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг өнөөдрөөс буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтоосугай.
8.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Тика-Ерлан” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг болох 1 ширхэг СD дискэнд хуулбарлан ирүүлсэн 4 ширхэг бичлэгийг эрүүгийн 2313001150171 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б