Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 0092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       Ч.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Х.О

Нарийн бичгийн дарга                             Н.Хонгорзул нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Бд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, П овогт Ч-н Б.

 

            Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 14-02 тоотод 65 настай Н-н Ц-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П овогт Ч-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бы цагдан хоригдсон 347 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас 1 704 500 /нэг сая долоон зуун дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21795500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, саарал өнгийн даавуун өмд, шар өнгийн хагас түрүүтэй 1 хос гутал, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн бүс, цэнхэр өнгийн спорт гэсэн бичигтэй өмд, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хагас ханцуйтай футболк, хар саарал өнгийн дотоож, Алтаннавч гэсэн бичигтэй дутуу татсан тамхины иш, үс хумсны дээж, хар өнгийн куртик, эрээн өнгийн даавуун цамц, хүрэн улаан өнгийн футволк, цэнхэр өнгийн зузаан өмд, саарал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн хос оймс, ягаан өнгийн 2 ширхэг даавуу, бор өнгийн түрүүтэй хар өнгийн хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

“... Б-г ... хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан үйл баримт нотлогдсон гэж дүгнэхдээ Шүүх шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 216 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 271 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12145 тоот дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 786 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 04 дүгээр сарын 28-ны өдрийн 448 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтыг үнэлсэн.

Эдгээр баримт нь өөр хоорондоо болон бусад нотлох баримтуудтай зөрүүтэй бөгөөд аль нотлох баримтыг үнэлэх нь эргэлзээтэй. Талийгаачийн гэмтэл болон нас барсны шалтгаан нөхцөлийг тогтоох 5 удаагийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд аль дүгнэлт үнэн зөв болох, үгүйсгэсэн няцаасан нотлох баримтыг тал бүрээс анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

Хэрэгт Ч.Б зодсоныг нотлох хангалттай баримт байхгүй байх ба хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэх үйлдэлд түүний гэм буруутай эсэхийг шүүх тал бүрээс анхаарч тогтоогоогүй. Учир нь 2010 оны 10 дугаар 31-ний өдөр талийгаач Н.Ц гэмтэл авсан уу, авахдаа хүнд гэмтэл авсан уу гэх асуудал бүрэн нотлогдоогүй. Тухайн өдөр талийгаач нь согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, Ч.Бы үйлдэлд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болтлоо согтуу байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй байхад нотолсон гэж дүгнэн Ч.Быг буруутгасан нь үндэслэлгүй.

Ч.Б нь онц харгис хэрцгийгээр хүний биед хүнд хохирол учруулсны улмаас нас барсан гэх дүгнэлтийг хийсэн нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 786 тоот дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 685 тоот дүгнэлт нь талийгаачийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэмтлийг тогтоосон гэх дүгнэлт бөгөөд эдгээр дүгнэлт үндэслэлгүй гарсан эсэх талаар дүгнэсэн дүгнэлт хэрэгт байхгүй бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 448 тоот дүгнэлт дээрх дүгнэлтүүдийн талаар дүгнэлт хийгээгүй болно. Хэрэгт зөрүүтэй нотлох баримт авагдсан байхад зөрүүтэй авагдсан баримтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ шүүх дурдаагүй. Эдгээр нотлох баримтыг үнэлээгүй буюу дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 448 тоот дүгнэлтийн 11-р заалтад ... тавшсан зулгаралтууд болон шинэ зулгаралтууд нь өөр өөр цаг хугацаанд үүссэн талаар дурдан ...18, 19, 25, 30, 32 болон 33-37 дугаартай зурагт арьсны түвшингөөс доош байрласан тав үүсээгүй, улаан хүрэн өнгийн зулгаралтууд нас барахын өмнөхөн хэдхэн цагийн өмнөхөн үүснийг дурдсан байх ба энэ цаг хугацаанд энэхүү гэмтлийг хэрхэн яаж авсан болохыг тогтоосон дүгнэлт хийгээгүй. Уг дүгнэлтийн 12-р заалтад уг зулгаралтууд ... мохоо зүйлийн олон удаагийн тухайлбал цохих, шүргэгдэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэсэн асуудлыг анхаарч дүгнэлт хийгээгүй. Учир нь талийгаач нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бусдад зодуулж гэмтэл авсан байж болзошгүй баримт байгааг шүүх анхаарч үзээгүй. Түүнийг хэн учруулсан болохыг тогтоогоогүй атлаа Ч.Быг буруутгасан нь үндэслэлгүй.

Талийгаач гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байх ба уушигны хатгалгаа өвчтэй байсан нь амьсгалын дутагдал гүнзгийрэхэд нөлөөлсөн байна гэж дүгнэсэн нь хохирогч гэмтлийн улмаас шууд нас барсан гэж дүгнэх боломжгүй байна. Талийгаачийн амьсгалын дутагдал гүнзгийрэхэд гэмтэл бус түүний өвчин нөлөөлжээ гэх заалтыг шүүх анхаарч дүгнээгүй.

Мөн гэрч нар мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үйл явдлыг гэрчлэх гэрч н.Б нь энэхүү хэргийн улмаас өөрийн амь насыг хохироосон нь хэрэгт нотлогдсон ба архи ууж хэтрүүлэн тасарч ухаангүй байсан гэх Ч.Бы мэдүүлгийн хэсгийг талийгаач биеэ хамгаалж чадахгүй байжээ гэж дүгнэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг зодсон эсэхээ мэдэхгүй гэх Ч.Быг зодсон гэх хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй байхад буруутган дүгнэн шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт. Хэргийн газарт 3 хүн байсан бөгөөд хэргийн газарт байсан гэх Б нь Ч.Быг зодсон гэж үг хэлээ нийлүүлэх талаар бусад гэрч нартай ярьсан, тэднийг хайж гэр орноор нь очиж, зарим гэрч буюу гэрч Г-н эгч Э-т утсаар загнуулсан зэрэг баримт хэрэгт авагдсан нотлох баримтад шүүх дүгнэлт хийгээгүй.

Талийгаач 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бусдад зодуулсан гэх асуудлаар эмнэлгийн тусламж авахаас татгалзсан үйл баримт хэрэгт нотлогдсон ба энэхүү үйлдэл нь амь насаа алдахад нөлөөлсөн эсэх, тухайн өдөр тусламж авсан бол хохирогч гэмтлийн улмаас нас барах эсэхийг шинжээч дүгнэлт гаргаагүй байхад хохирогчийг гэмтлийн улмаас нас барсан гэж үзэж хүндрүүлэн ял халдааж Ч.Быг буруутгасан нь үндэслэлгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 300 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ч.Быг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо:

“... Амь хохирогч нь түүний хүү М-н гэрчилснээр дахин 11 дүгээр сарын 03-ны орой зодуулж 11 дүгээр сарын 04-ний 05 цаг 10 минутад нас барсан гэдэг. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 29, 786, 2019 оны 685, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1194, 2020 оны 448 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 30-аас өмнө, 30-31-ний үед, нас барахаас 0-6 /7/ цагийн өмнө буюу 11 дүгээр сарын 03-ны орой үгүйсгэгдсэн гэдгийг тогтоосон.

Үхэлд хүргэсэн гэх шалтгаан нь цээжний битүү гэмтэл, сул цусны бүхэл, дотор эрхтнүүдийн дутагдал, сүрьеэгийн хүндрэл, нам хэмийн орчинд спиртийн зүйл хэрэглэн хоол ундгүй удаан байснаас осголт явагдаж гэсэн дүгнэлтүүдтэй. Цээжний битүү гэмтэл /олон хавирганы хугарал .../ нь мохоо зүйлийн үйлчлэл, цохилтоос үүссэн гэх боловч  сэхээн амьдруулах арга хэмжээний үед зүрхэнд шууд массаж хийхэд үүссэн байна гэдгийг хугарлын шинж байдлыг үндэслэж нотолсон байдаг. Энэ нь 11 дүгээр сарын 01-ний болон 11 дүгээр сарын 03-04-ний шөнө эмнэлэгт очсоны дараа үзлэг, эмчилгээ хийсэн эмч нарт хавирганы хугарал мэдрэгдээгүй, цээжний рентген зурагт тогтоогдоогүй зэргээр давхар нотлогдоно.

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэл амаар доромжлон, дээрэлхэж бие, эд зүйлд нь халдаж байсан, 30-31-нд хамт байсан, түүнээс хойш байнга талийгаачийнхаар очиж байсан Б энэ хэргээс болж амиа хорлосон гэх.

Хуурай ах дүүгийн харилцаатай, үргэлж өргөн тэтгэж тусалж дэмжиж явдаг, урьд өмнө нь хонзонгүй, бие биедээ муу санасан зүйл, тийм удаа байхгүй, нас өндөр ийм хүнийг зодох шалтгаан надад байхгүй. Гарын дунд хуруу хуучин гэмтлийн бороотой юм зөөлөн цохиход л улайж хавддаг гэдгээ байцаагч ахмад Б-д хэлж, цохисон шинж байхгүйгээ нотлон үзүүлж байсан.

Ийм нөхцөл байдлаас гэрч гэх хүмүүсийн үгссэн зориуд тараасан цуугаар таамагласан, дахин өгсөн мэдүүлгүүд нь зөрсөн, хэн нэгнийгээ ятгасан, зөвлөсөн /айлган сүрдүүлсэн ч байж болох/-өөр өгсөн худал мэдүүлгүүд, өөр хоорондоо ялгаатай 5 дүгнэлтүүдийг үндэслээд надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар 8 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оноосонд гомдолтой байна. Миний гомдлыг хүлээн авч цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Б болон түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 14-02 тоотод оршин суух 65 настай Н.Ц-н гэрт хамт архи ууж, улмаар түүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... урьд өмнө нь хонзонгүй, бие биедээ муу санасан зүйл, тийм удаа байхгүй, нас өндөр ийм хүнийг зодох шалтгаан надад байхгүй ... цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол, мөн түүний өмгөөлөгч Х.О нь “... Б зодсоныг нотлох хангалттай баримт байхгүй ...  2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бусдад зодуулж гэмтэл авсан байж болзошгүй баримт байгааг шүүх анхаарч үзээгүй ... цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус гаргасан байх боловч тэдгээрийн гомдол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Тухайлбал: Амь хохирогчийн хүү Б.М-н гэрчээр өгсөн “... би юу болсон талаар асуухад “Б, Б нарын хамт гэртээ архи уугаад тасраад унтчихсан, өглөө сэрэхэд зодуулчихсан босож чадахгүй хэвтэж байсан” гэсэн. “Өглөө эрт гаднаас Б болон Б нар гэрт орж ирээд Б Б таныг зодсон гэж надад хэлсэн” гэж надад ярьсан ... би Б ахын хажууд “таныг хэн зодсон юм бэ” гэж асуухад “Б, Б нарын хамт архи уусан” гэж ярьсан. Б нь “би зодоогүй байх” гээд байсан ... аав маань эмнэлэгт очихоос өмнө “Б их муу хүн байна, намайг алахаа шахлаа” гээд байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 61-62/,

 

гэрч Г.Д-ын “...Тэр өдөр М бид хоёр эмнэлэг дээр ирэхэд талийгаач дусал хийлгэсэн, нүүрэн хэсэг нь хавдчихсан, бөөр нуруу хэсгээр өвдөөд байна гэж ярьж байсан. Эмч нар толгойн зураг харуулаад маргааш гэмтлийн тасагт цаг аваад эмчид үзүүлэх хэрэгтэй гэсэн. Бид нарт мөнгө байхгүй болохоор томографикт харуулаагүй ... Би Б гэдэг хүнээс “та яагаад манай аавыг зодсон юм бэ, ядаж гэр бүлд нь хэлэхгүй яасан юм бэ” гэхэд “надад гар утас байхгүй” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 66-67/,

 

гэрч Д.Я-н “ ... Б-р дэлгүүртээ жаахан ажил хийлгэх гээд талийгаачийн гэрт ороход талийгаач орон дээрээ хэвтчихсэн, Б хоол идээд бууж байсан. Би талийгаачаа чи яагаад хэвтээд байгаа юм бэ гэхэд дугарахгүй байсан. Талийгаачийн нүүр нь тэр чигээрээ хөхөрчихсөн байхаар нь хэн чамайг зодсон юм бэ гэхэд Б намайг зодсон гэж хэлсэн. Тэр үед Б хамт байсан ба би Б-с айгаад түргэн дуудах уу гэхэд талийгаач тэгье гэж хэлсэн ... би дэлгүүрт ороод өөрийнхөө утсаар эмнэлэгт дуудлага өгсөн ... ”  /1 дүгээр хх 68-69/,

 

гэрч Н.Б-н “... би гарч яваад гэртээ харьж хоносон. Маргааш нь үхрээ туучихаад Ц-н гэрт орж тамхи татъя гээд гэрт нь ортол Б Ц хоёр унтаж байсан ба Ц толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрчихсөн хэвтэж байсан. Гэр нь ундуй сундуй болчихсон байсан ...

А // бид хоёр өдөрхөн ороход Ц ганцаараа хэвтэж байсан ба хөнжлийг нь сөхтөл 2 нүд нь хөхөрч, уруул нь цус болчихсон байхаар нь би “хэн таныг зодсон юм бэ” гэхэд “би мэдэхгүй байна. Б-тай л унтсан, өөр хүн орж ирээгүй, өглөө Б надад эм авчирч өгчихөөд явсан” гэсэн ...

бид нар сууж байтал гаднаас Б орж ирээд эм лент байна уу гэж орж ирсэн. Бид нар “яах гэж байгаа юм бэ” гэхэд “Ц-д нааж өгөх гэж байна, хавирга нь гэмтсэн юм шиг байна ёолоод байна” гэхээр нь Б-ныг ”чи хөгшин хүнийг арай дэндүү зодсон байна лээ шүү” гэтэл Б дуугүй зогсоод байсан ... хажуунаас Н, Х нар нь ч гэсэн ”чи хөгшин хүнийг тэгж зодож болохгүй ш дээ” гээд Н “лент авч өг” гээд Б-д 1000 төгрөг өгтөл Ц-д эмч тариа авч өгнө гээд явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 71-72/,

 

гэрч А.А-ны “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б ахын гэрт очсон чинь Б гэрээсээ гараад ирж байсан ... бид хоёр Ц-н гэрт очсон бөгөөд Ц ах орон дээрээ ёолоод хэвтэж байсан ... нүүр нь бүүр хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгсэн Б ах “Б хамгийн сүүлд тантай үлдэж хоносон юм уу” гэсэн чинь “хамт хоносон, өглөө эм авчирч өгөөд гараад явсан” гэж хэлсэн. “Хамаг бие нил хөндүүр байна” гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй эмнэлэг дуудаад өгөх үү гэсэн чинь үгүй гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 77/,

 

гэрч Д.Н-н “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хашаандаа Т, Б, О нарын хамт мал гаргаж байсан чинь Б гаднаас орж ирээд “лент авах гэсэн юм мөнгө байна уу” гэхээр нь би Б-с “лентээр яах гэсэн юм” гэхэд Б “би хүн зодчихсон чинь бие нь муу байна” гэсэн. Тэгэхээр нь “хэнийг зодсон юм” гэтэл “Ц-г зодчихсон юм” гэсэн. Тэгэхээр нь би Б-д 1000 төгрөг өгөөд “энэ мөнгөөр декодоник наалт аваад очихгүй юу” гэсэн... ” гэсэн мэдүүлэг  /1 дүгээр хх 78/,

 

дахин мэдүүлсэн “... Б ирээд мөнгө байна уу гэж надаас асуухаар нь би часан юм бэ гэж асуухад хүн цохисон чинь ууц нуруу нь өвдөөд байна, би өвчин намдаах эмийг нь авах гэсэн юм гэж надад хэлсэн ... өвгөн зодчихлоо гэж хэлж байсан ... тухайн үед Б биеийн тамирын цагаан, саарал өнгийн өмдтэй, малгайтай улаан цамцтай байсан шиг санагдаж байна, яг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 22/,

 

гэрч Ж.Г-н “... Б талийгаачийн хашааны цасыг арилгаад зогсож байхаар нь би хашаанд ороод Б-ыг “явах уу” гэхэд Б “би өчигдөр Ц ахыг зодсон юм шиг байна. Ц ах цагдаа, эмнэлэгт хэлсэн шиг байна, гэхдээ намайг зодсон гэж хэлэхгүй, орой унтаж байхад хүн амьтан орж ирээд зодсон байх гэж хэлнэ гэж Ц ах надад хэлсэн” гэсэн ... гэрт ороход талийгаач хөнжил нөмрөөд хэвтчихсэн, гэрийн доторх эд зүйлс нь замбараагүй байсан ба талийгаачийн нүүр нь битүү хавдсан байсан.

Би Б-ыг “чи арай ч дээ хөгшин настай хүнийг арай дэндүү зодсон байна ш дээ, эм өгсөн юм уу” гэхэд Б “манай гэр лүү хамт яваад эм аваад ирэх үү” гээд куртикээ гэр дотор хайгаад байсан. Би бие засах гээд гэрээс гараад модны хажуу талд очиход газарт хар өнгийн куртик байхаар нь аваад Б-д” чиний куртик юм биш үү” гээд харахад куртикны баруун талын ханцуй хэсэг нь тэр чигээрээ цус болчихсон байсан ... цустай куртикээ байшингийн урд талд хаячихаад гэрээсээ өөр куртик өмсөөд гарсан ... /1 дүгээр хх 82-83/,

 

гэрч Х.Б-н “ ... гаднаас Б ганцаараа орж ирээд “эмний мөнгө байна уу” гээд хүн болгоноос асуугаад байсан. “Яах гээд байгаа юм бэ” гэхэд “Ц-д өвчин намдаах эм хэрэгтэй байна” гэж хэлж байсан ... Б-д Н мөнгө өгөөд байх шиг байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 86/,

 

гэрч Ц.О-н “ ... 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой 18 цаг өнгөрч байхад Б гэртээ ирсэн ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 88/,

 

гэрч Н.Д-н “ ... би 2018 оны 10 сарын 30-ны орой 17 цаг 30 минутанд Б-н гэрт очсон. Намайг Б ахын гэрт очиход түүний эхнэр О эгч байсан. О эгчтэй юм яриад сууж байхад 18 цаг 30 минутын орчимд гаднаас Б ах ганцаараа үхэртээ явчихаад ирлээ гээд орж ирсэн ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 90/ болон камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...намайг цагдаа магдаад бариуллаа гээд лаа бариад халуун тосыг өмд рүү гоожуулсан...” гэсэн /3 дугаар хх 89/ тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар  няцаагдаж байна.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байдлаар бие биенээ нотолсон шинжтэй байх ба шүүгдэгч Ч.Быг энэ гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл цээжний битүү гэмтэл, үүний улмаас үүссэн хоёр талын олон хавирганы хугарал, уушигны няцрал, цээжний хөндийн цус хуралдалт зэрэг гэмтлүүд нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн нь тогтоогдсоноос гадна шүүгдэгч Ч.Бы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хангалттай тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан “...Талийгаачийн гэмтэл болон нас барсны шалтгаан нөхцлийг тогтоох 5 удаагийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд аль дүгнэлт үнэн зөв болох, үгүйсгэсэн няцаасан нотлох баримтыг тал бүрээс анхаарч хэргийг шийдвэрлээгүй” гэсэн хэсгийн тухайд

 

талийгаачийн биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгааныг тогтоосон  Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай дүгнэлтээр “талийгаачийн биед цээжний битүү гэмтэл буюу зүүн 2-6, баруун 2-6, 11, 12 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны няцрал, хуйхан доор дух, зүүн чамархайд цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт, нүүр, их бие, дээд доод мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл учирсан. Гэмтлийн улмаас цээжний хөндийд сул цус хуримтлагдсан ... цээжний битүү гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн” нь тогтоогдсон бөгөөд хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй байсан гэж дүгнэжээ.

 

Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэхдээ “ ... цээжний хөндийд үүссэн байсан нөжирсөн цусны гистологи шинжилгээгээр улаан эсүүд хэлбэрээ хадгалсан, сийвэн тунасан зэргээс үзэхэд 1-5 хоногт үүсэн байж болохоор байна. Цээжний битүү гэмтлийн улмаас уушигны эд няцарч, цус бага багаар гарсаар цээжний хөндий дэх сул цусны хэмжээ нэмэгдэн хуримтлагддаг. 2018 оны 10 сарын 30-31-нийг шилжих шөнө үүссэн байх бололцоотой ... ” гэж /1 дүгээр хх 103/,

 

дахин мэдүүлэхдээ “дээрх гэмтлийг авсан хүн 2018 оны 10 сарын 31-ний өдрөөс 11 сарын 03-ны орой хүртэл хөл дээрээ явж, сонин унших зэргээр энгийн байдалтай өөрөө үйлдэл хөдөлгөөн хийгээд байх бололцоотой. Хоёр талын олон хавирганы хугарал нь зөрөөгүй, далд хугарал байсан ... уушигны няцрал, цээжний хөндий дэх сул цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...

цохих, дэвсэх, өшиглөх, унах гэх мэт үйлчлэлүүд орно ... няцарсан уушигнаас цус шүүрэн гарч байсан нь нас барахаас өмнө 6-7 цагийн хооронд 500 мл хүртэл нэмэгдсэн байх боломжтой ” гэж /3 дугаар хх 32, 33, 87/ тус тус мэдүүлжээ.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дугаартай “... талийгаач Н.Ц нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ” гэсэн дүгнэлт үндэслэлгүй болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 448 дугаартай дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх амь хохирогч Н.Ц-г үхэлд хүргэсэн цээжний битүү гэмтэл /олон хавирганы хугарал/, хугарал орчмын булчингийн цус хуралт, зүүн уушигны эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой, шинжээчийн 89 дугаартай дүгнэлтийн 4, 5 дугаар хариулт үндэслэл муутай, бусад хариултууд үндэслэлтэй талаар нарийвчлан тогтоосон шинжээчийн 448 дугаартай дүгнэлтийг үндэслэн Ч.Бы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анх гэрчээр мэдүүлэхдээ “... би юу болсон талаар мэдэхгүй байна. Ц ахын гэрт ороход орон дээрээ хөдөлж чадахгүй бусдад зодуулсан байдалтай хэвтэж байхаар нь таныг хэн зодов гэсэн чинь би мэдэхгүй байна гэж хэлэхээр нь эмнэлэг дуудах уу гэсэн чинь яах юм гэсэн ...” гэж мэдүүлсэн боловч

 

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Бы гэрт нэгжлэг хийх ажиллагааны явцад хураан авсан цайвар саарал өнгийн бэлтгэлийн өмд дээрээс илэрсэн цус нь амь хохирогч Н.Ц-н цус болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12132 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 163-164/-ээр тогтоогдсон байна.

 

Мөн Ч.Б нь дахин гэрчээр мэдүүлэхдээ “ ... Ц ах өөрийн мэдэлгүй хар ногоон өнгийн зүйлээр гүйлгээд байсан ба гэрийн шалан дээр дусаад байсан ... Ц ах намайг “худлаа яриарай” гээд байхаар нь би Ц ахын хэлснээр худлаа ярьчихсан юм. Би Ц ахын хамт гэрт нь хоносон ...

 

 маргааш өглөө нь Ц ахын нүүр болон цээж хэсэг, хөл гар нь өвдөөд байна, босож чадахгүй байна гээд байсан. Тэгэхээр Ц ахын биед би архи ууж согтуурсан үедээ гэмтэл учруулсан байна ...” гэж /1 дүгээр хх 79-81/ өмнө өгсөн мэдүүлгээ эрс үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байна.

 

Дээрх мэдүүлэг нь түүний яллагдагчаар өгсөн “ ...  өглөө талийгаачийн гэрт сэрэхэд надад зодолдсон шинж тэмдэг байгаагүй ... талийгаач бид хоёр үлдсэн архиа ууж байгаад би тасраад уначихсан ... тухайн үед би талийгаачтай хамт нэг орон дээр унтаж байсан ... хог цэвэрлэж байхад Г гаднаас орж ирсэн ... би Г-н хамт гэртээ хариад өвчин намдаах эм аваад талийгаачид оруулж өгсөн ... талийгаач хар хөх өнгийн зүйлээр гүйлгээд байсан ... би талийгаачаас хаагуур чинь өвдөж байна гэж асуухад цээж хэсгээр өвдөөд байна...гэж хэлж байсан ... Г хашаан дотроос чиний куртик энэ байна гэж хэлсэн, би харахад миний куртик мөн байсан ...” гэсэн мэдүүлэг болон Ж.Г-н гэрчээр өгсөн мэдүүлэгтэй зөрүүгүй тохирч байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутад Н.Ц-н биед үзлэг хийсэн гэх Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Д.О “ ... өвчтөн би архи уучихсан байсан. Хэнд зодуулснаа мэдэхгүй байна гэж байсан ... 16 цагаас дараагийн ээлжийн эмч М-д өвчтөн Ц-г хүлээлгэн өгсөн ... ” гэсний зэрэгцээ

 

гэрч Т.М нь “ ... Би Ц-н биед үзлэг хийж байхдаа хавирга хугарсан, цээжний хөндийд цус хуралдсан эсэхийг шалгаж үзээгүй ... гадна үзлэг хийхэд тогтоох боломжгүй. Хавирга хугарсан хүн зүгээр ярина...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Мөн прокурор 211 дугаартай яллах дүгнэлтдээ Ч.Быг 2018 оны 10 дугаар сарын 30-нээс 31-нд шилжих шөнө 65 настай Н.Ц-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчлэхээр тогтож, яллах дүгнэлтийн хувийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчид гардуулсан байх тул шүүгдэгч Ч.Бы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрх хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тодруулбал: амь хохирогч нь өндөр нас /65 нас/-тай бөгөөд тухайн үйл баримт болох өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Ч.Бтай хамт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй боловч/-ий улмаас өөрийн ухамсарт үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон байсан нь

гэрч Д.О-н өгсөн “... хэнд зодуулснаа мэдэхгүй байна гэж байсан ... архины хордлоготой байсан ...” гэсэн, гэрч Б.М-н “... би юу болсон талаар асуухад гэртээ архи уугаад тасраад унтчихсан, өглөө сэрэхэд зодуулчихсан босож чадахгүй хэвтэж байсан” гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ч.Б-ын удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон болно.

 

Түүнээс гадна хохирогчийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн буюу цохих, дэвсэх, өшиглөх, унах гэх мэт үйлчлэлүүдээр үүсгэгдсэн нь тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлийг авсан хүнд илрэх шинж тэмдэг Н.Ц-д илэрч байсан /хар ногоон өнгийн зүйлээр бие засаж байсан/ талаар шүүгдэгчийн удаа дараа өгсөн мэдүүлэгт дурдагдсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “...шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Бы өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүгдэгчид Шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Х.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлсийг устгахаар шийдвэрлэсэн атлаа уг ажиллагааг ямар байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээ тодорхой дурьдаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх тогтоох боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн даавуун өмд, шар өнгийн хагас түрүүтэй 1 хос гутал, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн бүс, цэнхэр өнгийн “Спорт” гэсэн бичигтэй өмд, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хагас ханцуйтай футболк, хар саарал өнгийн дотоож, “Алтан навч” гэсэн бичигтэй дутуу татсан тамхины иш, үс хумсны дээж, хар өнгийн куртик, эрээн өнгийн даавуун цамц, хүрэн улаан өнгийн футволк, цэнхэр өнгийн зузаан өмд, саарал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн хос оймс, ягаан өнгийн 2 ширхэг даавуу, бор өнгийн түрүүтэй хар өнгийн хос гутал зэргийг устгахыг Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

                                                       ШҮҮГЧИД                        С.ЦЭЦЭГМАА

                                                                                                     С.УРАНЧИМЭГ