| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 125/2021/0010/З |
| Дугаар | 125/ШШ2022/0027 |
| Огноо | 2022-10-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 125/ШШ2022/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж,
Нэхэмжлэгч: Д.Гантогоогийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,
2. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах,
3. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр, “Д.Гантогоог ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар, “Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай” захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гантогоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Гантогоо Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар уг албан тушаалд байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон.
2. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт болж тус сонгон шалгаруулалтын оролцсон оролцогчдоос хамгийн өндөр буюу 62.2 оноог Л.Чулуунбаатар, нэхэмжлэгч Д.Гантогоо 42.8 оноо авсан байна.
3. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжаар “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна..” гэж заасныг зөрчсөн гэж үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.Гантогоог 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, тус өдрийн Б/12 дугаар захирамжаар Л.Чулуунбаатарыг 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсон.
5. Нэхэмжлэгч Д.Гантогоо нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны А/866 дугаар, 2019 оны Б/11, Б/12 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба уг гомдлыг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 653 дугаар тогтоолоор “...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага албан тушаалтны гаргасан захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэхгүй...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгч Д.Гантогоо нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр “Д.Гантогоог ажлаас чөлөөлөх тухай”, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар “Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай” захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Боловсролын газарт холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, шүүх хуралдаанд “Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 29-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
7. Нэхэмжлэгч Д.Гантогоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд 3 удаа орсон юм. 2017 онд 2 удаа сонгон шалгаруулалт болсон ба эхний удаагийн шалгалтанд хэн ч тэнцээгүй, харин 2 дахь удаагийн сонгон шалгаруулалтанд Б.Бямбасүрэн хамгийн өндөр оноо, миний бие удаах оноо авсан ба Б.Бямбасүрэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тус сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн тул Болосврол, соёл урлагийн газраас намайг 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар санал болгосон. Ингээд миний бие 2018 оны 2 сарын 14-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласныг миний бие мэдээгүй, тус газраас сонгон шалгаруулалт зарлах захиалга өгөөгүй байхад сонгон шалгаруулалт зарласан талаар би олж мэдсэн. Ингээд аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар миний бие захиалаггүй сонгон шалгаруулалт зарласан, сонгон шалгаруулалт зарлах үндэслэлгүй талаар гомдол гаргасан боловч “чи шугам зургийн багш, чамайг захирал болгохгүй, математикийн багшийг захирлаар томилно” гэсэн. Энэ хүн нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Цэнд-Аюушийн дүү болох Л.Чулуунбаатар байсан ба улс төрийн үйл ажиллагаатай холбоотой Л.Чулуунбаатарыг 3 дугаар сургуулийн захирлаар томилохоор тохиролцоо хийсэн байсан. Тухайн үед аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга надад хэлэхдээ “чиний албан тушаалыг баталгаажуулах гэсэн юм, сонгон шалгаруулалтад ор” гэсэн тул бүртгэлийн сүүлийн өдрийн ажил тарахад би материалаа бүрдүүлж бүртгүүлсэн. Тэгэхэд Л.Чулуунбаатар гэх хүн бүртгүүлээгүй байсан. Ингээд ажил тарсан тул Л.Чулуунбаатар бүртгүүлээгүй юм байна гэж ойлгож байсан боловч 2018 оны 11 сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалт болоход Л.Чулуунбаатар хүрээд ирсэн. Миний бие Л.Чулуунбаатарын дэргэд сууж шалгалтаа өгч эхэлсэн боловч Л.Чулуунбаатар нь сүлжээ орохгүй байна гэх зэргээр асуудал гаргаж, улмаар өөр газар шалгалтыг үргэлжлүүлэхээр болсон. Дахин Л.Чулуунбаатарын хажууд суух гэсэн боловч биднийг хол суулгасан ба удалгүй шалгалтыг цаанаас нь бөглөөд байсан тул тухайн үед сонгон шалгаруулалт хууль бус явагдаж байна, Л.Чулуунбаатарыг шалгалтанд тэнцүүлэхийн тулд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна гэж үзээд Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргад гомдол гаргасан. Гэтэл уг гомдлыг хэлэлцэхгүйгээр шалгалтыг үргэлжлүүлж Л.Чулуунбаатарыг хамгийн өндөр оноо авсан гэсэн. Ийм учраас уг асуудалдтай холбоотой миний бие холбогдох байгууллагуудад гомдол гаргаж өнөөдрийг хүртэл шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж байна.
Дээрх хууль бус сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус юм. Учир нь өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж, хуулийн энэ заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд дээрх хуулийн заалтыг хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гаргасан шийдвэрт хамаарахгүй гэж заасныг зөрчиж байгаа юм.
Дээрх үйл явдалтай холбоотой Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 2 сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар намайг 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, Б/12 дугаар захирамжаар Л.Чулуунбаатарыг уг албан тушаалд томилсон нь илт хууль бус юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу ажиллагаа явуулаагүй. Мөн Д.Гантогоог дуудаж уг асуудлыг нь танилцуулж, тайлбар аваагүй. Д.Гантогоог үүрэг гүйцэтгэгчээр томилсон ба дараа нь уг албан тушаалд жинхлэн томилсон байдаг. Тэрнээс хойш Д.Гантогоо нь харин ч сайн ажиллаж, тус сургуулийн сургалтын чанар, ажилтнуудын ур чадвар нэмэгдэж ажлаа сайн үнэлүүлж ирсэн.
Улмаар Д.Гантогоог тус сургуулийн захирлаар томилон ажиллуулахын тулд Авлигатай тэмцэх газар болон Боловсрол, соёл, урлагийн газраас холбогдох баримтуудыг бүрдүүлэх ажил явагдсан байдаг. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ирүүлэх”-ээр заасан байдаг. Д.Гантогоо захирал болохоос өмнө Б.Бямбасүрэн гэх хүн захирлаар ажиллаж байсан ба эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байхад дээрх журамд заасан хугацаанд сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан боловч хэдэн сарын дараа сонгон шалгаруулалт зарласан, ингэхдээ Д.Гантогоог ажлаа өг гэж дарамталсан асуудал байгаа болохоос бус албан ёсоор хандаж сонгон шалгаруулалт зохион байгуулсан зүйл байдаггүй. Дээрх журмын 8.4-д “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй” гэж заасан ба Д.Гантогоо нь сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангаж байгаа юм.Гэтэл 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоог зарлаж, уг сонгон шалгаруулалтыг ганцхан Л.Чулуунбаатарыг захирал болгохын тулд зохион байгуулсан нь хууль бус гэж үзэж байгаа юм. Энэхүү хууль бус сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гарсан маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2018 оны А/866 дугаар захирамж хууль бус ба эдгээрийг үндэслэн гарсан Ховд аймгийн Засаг даргын 2019 оны Б/11, Б/12 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд харшлах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр тухайн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 онд Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар Б.Бямбасүрэн гэх хүн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр уг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүний дараа 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Д.Гантогоо тухайн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамж гарган тус албан тушаалд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Энэ нь хууль бус захиргааны акт юм гэж үзээд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 тоот захирамжаар 2018 оны Б/49 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомижд нийцүүлэн захирамж гаргана”, 30 дугаар зүйлийн 30.1.10-д “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан ба нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг эрх бүхий байгууллагын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрх нь Засаг даргын бүрэн эрх юм. Энэ бүрэн эрхийг Засаг даргын орлогч эдлэхгүй.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д “сул орон тоо гарсан тохиолдол бүрд сонгон шалгаруулалтыг зарлдаж явуулна” гэсэн зохицуулалттай. Гэтэл дээрх журамд заасныг хэрэгжүүлэхгүйгээр Д.Гантогоог шууд ажилд томилж байгаа нь холбогдох хууль болон сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн юм гэж үзэж хүчингүй болгосон. Улмаар тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж хамгийн өндөр оноог Л.Чулуунбаатар авсан тул Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 2 сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.Гантогтоог чөлөөлж, Б/12 дугаар захирамжаар Л.Чулуунбаатарыг уг албан тушаалд томилсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
10. Хариуцагч, Ховд аймгийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг баталсан Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын дагуу ажлын байрны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд албан бичгээр хүргүүлж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж иргэдэд нээлттэй мэдээлсэн. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулсан байдаг. Ажлын хэсэг тухайн өдрийн 15 цагт хуралдаж сонгон шалгаруулалтад сайн дураар зарын дагуу материалаа ирүүлсэн иргэдийн материалтай танилцаж шаардлага хангасан Д.Гантогоо, Б.Ганбаяр, Л.Чулуунбаатар, С.Гантөмөр, Б.Батзаяа, М.Болорцэцэг, Б.Бадамсүрэн нарт сонгон шалгаруулалтад оролцох боломжтойг мэдэгдсэн бөгөөд ажлын хэсгийн зүгээс ямарваа нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, тухайн сонгон шалгаруулалтад оролцохыг шаардсан зүйлгүй юм. Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын дагуу бүх оролцогчдыг 1 өрөөнд оруулж комиссын гишүүдээс өөр хүнгүйгээр эхний хууль эрх зүйн шалгалтыг зохион байгуулж үнэлгээг нь өөрсөд нь танилцуулсан. Хууль эрх зүйн шалгалт нь комиссын гишүүдийн оролцоогүйгээр онлайнаар төрийн албаны төв зөвлөлийн программаар зохион байгуулагдаж үнэлгээ шалгуулагчдад шууд мэдэгддэг. Энэхүү хууль эрх зүйн шалгалтад Л.Чулуунбаатар 20 онооноос 14 оноо авч босго оноо давсан тул дараагийн шалгалтад оролцсон болно. Д.Гантогоо нь хууль эрх зүйн шалгалтад 11,5 оноо авч тэнцээгүй, программаар дараагийн шатны шалгалтад оролцох эрх үүсээгүй тул өөрт нь тухайн үед мэдэгдэж шалгалтад үргэлжлүүлэн оролцуулаагүй болно. Энэхүү сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын дагуу явуулсан болно гэв.
11. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Гантогоо нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагсан Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл явсан ба Дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч Д.Гантогоо нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан Ховд аймгийн Жаргалант сумын 3-р дунд сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүх уг нэхэмжлэлийг хянан хэлэлцэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ буцаасан.
Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж байгаа хэргийн үйл баримт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үйл баримтыг шүүхээр хэлэлцүүлж, уг сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох юм. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр ямар нэгэн нэхэмжлэл гаргах хугацаа сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацааны асуудлын талаар шүүхээс анхаарч хууль зүйн дүгнэлт хийхийг хүсэж байна. Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоо гарсан тул сонгон шалгаруулалт зарлаж байгаа гэх Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 301 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албанын удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын 7.5-д заасны дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны орон тоо гарсан Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу товлон зарласан. Сонгон шалгаруулалтыг товлон зарласнаар нэхэмжлэгч Д.Гантогоогийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй. Д.Гантогоо түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх явцад сонгон шалгаруулалт зарлагдсан. Уг журмын 7.3-д “...иргэдээс хамгийн өндөр оноо авсан иргэдээс санал болгож, нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргана” гэж заасны дагуу дүнг уламжилсан. Засаг дарга эрх хэмжээнийхээ дагуу Л.Чулуунбаатарыг томилсон. Д.Гантогоо сул орон тоо гарсан гэдгийг мэдээд сонгон шалгаруулалтад орсон байдаг. Хэрэв сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж байсан бол сонгон шалгаруулалт явагдахаас өмнө өргөдөл гомдол гаргах эрхтэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Чулуунбаатар нь Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн менежерээр ажиллаж байгаад 2018 онд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын зарыг дагуу Завхан аймгаас ирж сонгон шалгаруулалтад оролцсон. Сонгон шалгаруулалт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулах журмын хүрээнд явагдсан. Уг сонгон шалгаруулалт Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын дагуу явагдсан ба сонгон шалгаруулалтын дүнгээр Л.Чулуунбаатар нэгдүгээр байранд орсон. Үүнийг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж гарсан. Энэ хугацаанд Д.Гантогоо нь шүүх болон цагдаагийн байгууллагад хандаж, эцэст нь эрүүгийн болон иргэний хэргүүд хэрэг хэрэгсэхгүй болж цаг хугацааны хувьд өнөөдөр хүрсэн.
Нэхэмжлэгчээс Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тайлбарлахдаа хүний нөөцтэй холбоотой асуудлаар гаргасан захирамжид уг хуулийн заалт хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Уг тогтоолд зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийн хүний нөөцтэй холбоотой захиргааны актад хамаарахгүй гэсэн байна.
Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Засаг даргын 2019 оны Б/11, Б/12 дугаар захирамжуудыг илт хууль бус гэх үндэслэлээ тайлбарлахдаа Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж нь хууль бус учраас үүнийг үндэслэж гарсан захирамжууд нь илт хууль бус юм гэж тайлбарлаж байна. Илт хууль бус захиргааны акт гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар хэсэгт хуульчлаад зохицуулсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар хэсэгт заасан илт хууль бус захиргааны актад байх шинжүүд Ховд аймгийн Засаг даргын 2019 оны Б/11, Б/12 дугаар захирамжид байхгүй гэдгийг анхаарна уу. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоо гарсан тул уг сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг 2018 оны 11 сарын 29-ний өдөр зарласан байдаг. Энэхүү шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай тогтоолын дагуу баталсан Төрийн үйлчилгээний албанын удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын холбогдох заалтын дагуу зохион байгуулж явуулсан. Уг сонгон шалгаруулалтад Д.Гантогоо өөрөө оролцсон. Хэрвээ сул орон тоо гараагүй гэж үзсэн бол тухайн үедээ маргах боломжтой байсан. Ингээд 2018 оны 11 сарын 29-ний өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад Л.Чулуунбаатар хамгийн өндөр оноо авсан, харин Д.Гантогоо 3 дугаар байранд орсон. Дээрх шалгалтын дүнг үндэслээд аймгийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу Л.Чулуунбаатарыг тус сургуулийн захирлаар томилсон
Дээрх сонгон шалгаруулалт нь Төрийн үйлчилгээний албанын удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын дагуу явагдсан байхад уг дүнг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын захирамжууд нь хуульд нийцээгүй гэж үзэхгүй юм.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2019 оны Б/11, Б/12 дугаартай захирамжуудыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актад тавигдах нөхцлүүдийг дээрх актууд хангаагүй тул илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
“ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Гантогоо нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Боловсролын газарт холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах”-аар, 2022 оны 4 сарын 04-ны өдөр Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр, “Д.Гантогоог ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар, “Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай” захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, шүүх хуралдаанд “Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын сонгон шалгаруулалтын огноог 2018 оны 11 сарын 29-ний өдөр гэж тодруулсан.
2. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч Д.Гантогоо нь анх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус хэргийг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 653 дугаар тогтоолоор “...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага албан тушаалтны гаргасан захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэхгүй...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэний дараа тус шүүхэд хандсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч Д.Гантогоо нь “...3 дугаар сургуулийн захирлын сул орон тооны ажлын байрны захиалга өгөөгүй байхад сонгон шалгаруулалт явуулсан, сонгон шалгаруулалт хууль бус явагдсан, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гаргасан шийдвэрт хамаарахгүй гэж Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд тайлбарласан байхад дээрх хуульд заасныг баримтлан ажилд томилсон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...Д.Гантогоо нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасан сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргана” гэх шаардлага хангаагүй, Д.Гантогоо нь 2018 оны 11 сарын 29-ний өдөр болсон Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг Засаг даргын орлогч Ш.Батсүх гарын үсэг зурсан ба Ш.Батсүх нь захирамж гаргах эрхгүй этгээд, маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2019 оны Б/11, Б/12 дугаар захирамжууд нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй...” гэж тайлбарлан маргажээ.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэжлэлийн шаардлагын тухайд:
5. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг анх 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулж /1-р хх-ийн72-88-р тал/, уг сонгон шалгаруулалтад Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоонд Д.Гантогоо, Н.Бөхболд, Б.Ганбаяр нар өрсөлдсөнөөс хэн нь ч уг шалгалтанд тэнцээгүй ба дахин 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явагдаж /1-р хх-ийн 89-111-р тал/, шалгалтанд Б.Бямбасүрэн хамгийн өндөр оноо, Д.Гантогоо нь үнэлгээгээр гуравдугаарт орсон нь нэхэмжлэгч Д.Гантогоогийн шүүх хуралдаанд гаргасан “... 2017 онд болсон эхний сонгон шалгаруулалтад Б.Бөхболд, Д.Гантогоо, Б.Ганбаяр бид орсон боловч миний бие хууль эрх зүйн шалгалтанд унасан, дараагийн шалгалтанд миний бие тэнцсэн...” гэх тайлбар болон хэрэгт авагдсан дээрх сонгон шалгаруулалттай холбоотой баримтаар тогтоогддог.
6. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/110 дугаар захирамжаар /1-р хх-ийн 191-р тал/ Б.Бямбасүрэнг Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсон ба улмаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар /1-р хх-ийн 192-193-р тал/ Б.Бямбасүрэн нь өөрийн хүсэлтээр уг албан тушаалаас чөлөөлөгдөж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар /1-р хх-ийн 24-р тал/ Б.Гантогоог Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар /1-р хх-ийн 25-р тал/ Д.Гантогтоог Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулжээ.
7. Маргаан бүхий үйл явдал, түүнтэй холбоотой гарсан захиргааны актууд Төрийн албаны тухай /2002 он/ хууль мөрдөгдөж байх үед болсон үйл явдал тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмаар зохицуулахаар байна.
8. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал гэдэгт “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” хамаарахаар заасан ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, гэж заасан ба Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам баталжээ.
9. Иймд Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллалааг тухайн журамд заасны дагуу явагдах зохицуулалтай байна.
10. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжийн хувьд “... Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5-д заасан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалыг шинээр зохион байгуулна гэж заасныг хангаагүй...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын 2019 оны Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.
11. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан тус сургуулийн захирлын сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авч тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнийг Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоо гарсан гэж үзнэ.
11. Нэхэмжлэгч Д.Гантогоог Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсон Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамж нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5-д “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэж заасныг зөрчсөн байна.
12. Иймд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 8.2-т “Томилох эрх бүхий этгээд салбар зөвлөл буюу аймаг, нийслэлийн Боловсролын газраас нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана”, 8.4-д “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй” гэж заасан тул журамд заасан шаардлага хангаагүй байгаа Д.Гантогоог тус сургуулийн захирлын албан тушаалд томилсон 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж хуульд нийцсэн гэж үзлээ.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарлахдаа “...Засаг даргын орлогч Ш.Батсүх уг захирамж гаргах эрхгүй бөгөөд аймгийн Засаг даргын хуулиар олгосон эрхэд халдаж захирамж гаргасан нь хууль бус...” гэж маргаж байгаа боловч Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжийн агууллагаас харахад хариуцагчийн маргаж буй үндэслэлээр уг захирамж гараагүй, маргаж буй үндэслэлийг захирамжид дурдаагүй байх тул шүүхээс тухайн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
14. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.1-д “...төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.” 1.4.3-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна.” гэж заасан.
15. Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 361 дүгээр албан бичгээр /3-р хх-ийн 106-р тал/ Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагт зохион байгуулахаар зарлаж, уг зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулахыг мэдэгдэж, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 119 дүгээр албан бичгээр /3-р хх-ийн 105-р тал/ дээрх сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн албан ёсны цахим хуудаст байршуулахаар холбогдох баримтын хамт Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудаст байршуулсан нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д Салбар зөвлөл болон аймаг, нийслэлийн Боловсролын газар нь сонгон шалгаруулалт явуулахаас 21-с доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын сул орон тоог хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг сонгон шалгаруулалтын зарыг төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд заавал байрлуулна” гэснийг зөрчөөгүй байна.
16. 2018 оны 11 сарын 29-ний өдөр болсон Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад Д.Гантогоо, Б.Ганбаяр, Л.Чулуунбаатар, С.Гантөмөр нар өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Л.Чулуунбаатар 62.5 оноо, Д.Гантогоо 42.8 оноо тус тус авсныг Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтээр /3-р хх-ийн 117-р тал/ Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд уламжилсан байна.
17. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 6.4-д “Сонгон шалгаруулах комисс нь дүнг нэгтгэн, онооны дарааллаар байр эзлүүлэн жагсааж, тэнцсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт үйлдэнэ”, 7.2-т “Комиссын дарга сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг зохих журмын дагуу албажуулж 24 цагийн дотор Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт шилжүүлнэ” 8.1.3-т “Боловсролын газар нь сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу ажлын хэсэг сонгон шалгаруулалтын дүнг нэгтэн гаргаж, онооны дарааллаар байр эзлүүлж, сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт үйлдэн Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 419 дүгээр албан бичгээр /3-р хх-ийн 115-р тал/ Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.
18. Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчөөгүй болох нь дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж, уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
19. Нэхэмжлэгч Д.Гантогоо нь “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн сонгон шалгаруулалтад намайг хүчээр оролцуулсан, сонгон шалгаруулалтын явцад Л.Чулуунбаатарын тестийг цаанаас нь бөглөж байсан...” гэж маргажээ.
20. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан “...бие өөрийн биеэр очиж бүртгүүлсэн...” гэх тайлбар болон Цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11с/938 дугаар албан бичиг /3-р хх-ийн 23-р тал/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/180 дугаар хариу мэдэгдэх хуудсаар /3-р хх-ийн 24-р тал/ нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тогтоогдохгүй байна.
21. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...сонгон шалгаруулалтын захиалга өгөөгүй” гэж маргаж байгаа Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоо гарсан, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна.” гэж зааснаар Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байх тул захиалга өгөөгүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж, сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр “Д.Гантогоог албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар, “Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай” захирамжуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
22. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр “Д.Гантогоог албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар, “Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай” захирамжууд нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны актын илт хууль бус шинжийг агуулсан гэж маргасан ч сонгон шалгаруулалт хууль, журамд зааснаар явагдаж, шалгаруулалтын дүнгээр дээрх захиргааны актууд гарсан байх тул дээрх хуульд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ