Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 224

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Б.Дэлгэрдалай, шүүгдэгч Б.Хатанболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0652 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболд, Төв аймгийн Жаргалант суманд 1973 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эцгийн хамт Төв аймгийн Жаргалант сум, Замтын 4-07  тоотод оршин суудаг, регистрийн дугаар НМ73102214, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Хатанболд нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлах иргэн Ч.Одонтуяагийн эзэмшлийн 84-93 УНП улсын дугаартай Тоёото Приус-30 загварын тээврийн хэрэгслийн хажуу талын толины хоёр ширхэг хавтас толийг хулгайлан авсан, мөн уг тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалан хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлс хулгайлан авч 268.500 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Б.Хатанболд: 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Одонтуяагийн Тоёота приус загварын автомашины толь, арын цонхыг нь хагалж хайрцагтай бараа байхаар нь авсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2017 2601 0652 дугаартай хэргээс)

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-7 дугаар хуудас);

2. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18 дугаар хуудас);

3. Хохирогч Ч.Одонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Далай ээж захын хажуу талын миний дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг байж байгаад, болиод барааны үлдэгдлээ машиндаа ачаад, 15 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Тэгээд 22 цагийн үед цагдаагаас утасдаад “таны машинд хулгай орсон байна” гэхээр нь гараад иртэл, миний эзэмшлийн 84-93 УНП улсын дугаартай цагаан цэнхэр өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн хоёр талын хавтас толь байхгүй байсан. Мөн арын салхины шилийг хагалчихсан дотор нь байсан эд зүйлсийг гаргаад, авч явахад бэлдээд уутанд хийчихсэн байсан. Миний машинаас эд зүйлс хулгайлсан хүний дүү Саранчимэг миний хохирол, гэм хорыг бүрэн барагдуулсан учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);

4. Гэрч Ч.Төрболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гадаа харанхуй, нэлээн орой болсон байсан ба би өөрийн найз Хосбаяртай 1 дүгээр хорооллын 25 дугаар байрны зогсоол дээр очиж буугаад найзындаа орох гээд явж байхад, юм шажигнах чимээ гараад байхаар нь хартал нэг хүн Приус-30 загварын тээврийн хэрэгслийн арын салхины том шилийг хагалчихсан дотроос нь юм аваад байж байхаар нь би Хосбаярт хэлээд, бид хоёр тэр хүнийг хоёр талаас нь барьж авсан. Тэгээд би өөрийн 88008277 гэсэн дугаарын гар утсаар дуудлага өгөөд, бид хоёр тэр хүнийг цагдаа нарт хүлээлгэж өгчихөөд явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас);

5. Гэрч Ц.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 01-ний орой цагийг нь мэдэхгүй байна. Гадаа нэлээн харанхуй болсон байсан. Би найз Төрболдтой хамт машинаа зогсоолд тавьчихаад буутал, манай найз Төрболд машины ард зогсож байснаа намайг нааш ир гээд дуудаад байхаар нь очоод хартал нэгэн хүн приус-30 загварын тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалчихсан дотроос нь юм аваад байж байсан. Тэгэхээр нь бид хоёр түүний хоёр талаас нь очоод барьж аваад, Төрболд цагдаа дуудсан. Тэгээд бид хоёр тэр хүнийг цагдаа нарт хүлээлгэж өгчихөөд явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тээшин дотор цаасан хайрцагтай эд зүйлс байсан. Өөр юу байсныг хараагүй. Мөн тээврийн хэрэгслийн тольны хавтас байхгүй байсан ба толь нь хагарсан бололтой тольны хагархайнууд газар уначихсан байсан. Тэр хүн уг машиныг ганцаараа ухаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас);

6. Гэрч П.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 04-р сарын 01-ний өдөр 22 цаг 05 минутад “Бүргэд 10” буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрээс 25-26 дугаар байрны дунд машинаас эд зүйл хулгайлсан хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу би цагдаагийн ахлах дэслэгч Х.Батбаатарын хамт 2 минутын дотор очиход хоёр залуу шил лааз түүдэг бололтой, хиртэй муу хувцастай нэгэн согтуу хүнийг барьчихсан зогсож байсан. Тэд “энэ машинаас хулгай хийж байсан” гээд 25, 26 дугаар байрны голын авто зогсоол дээр зогсож байсан, арын салхины том шил нь хагарчихсан 84-93 УНП улсын дугаартай цагаан цэнхэр өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг заасан. Тэгээд хулгай хийсэн гэх согтуу залуугаас овог, нэрийг нь асуухад өөрийгөө “Баасанхүүгийн Хатанболд” гэж хэлсэн ба цагдаагийн АСАП сангаас шүүж үзэхэд тохирч байсан. Тэгээд Хатанболдыг барьсан хоёр залуу яваад өгсөн. Тэгээд 84-93 УНП улсын дугаартай цагаан цэнхэр өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч рүү утсаар холбогдож дуудсан. Тэгээд би хэргийн газрын ойр орчим үзлэг хийхэд 25, 26 дугаар байрны авто зогсоолын хойд талын цэцэрлэгийн хашааны хажууд сеткэн тортой эд зүйлс байсан. Би тэр шуудайтай эд зүйлсийг аваад цонх нь хагарсан машины хажууд очиход хохирогч эмэгтэй гэрээсээ гараад ирсэн. Би Хатанболдоос “энэ таны хулгайлсан эд зүйлс мөн үү” гэхэд тэрээр “мөн” гэж хариулж байсан. Тэгээд цагдаагийн ахлах дэслэгч Х.Батбаатар бид хоёр Хатанболдыг хулгайлсан эд зүйлстэй нь хамт цагдаагийн хэлтэс дээр авчраад, жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Хатанболд нэлээд халамцуу байсан. Түүнээс архи маш хурц үнэртэж байсан. Гэхдээ хэлж ярьж байснаа мэдэж байсан. Мөн тэрээр ганцаараа байсан. Хатанболдын хулгайлсан эд зүйлс дунд Тоёота приус-30 загварын автомашины хавтас толь байгаагүй. Харин уг тээврийн хэрэгслийн машины толь хагарсан байсан. Газар тольны хагархайнууд харагдаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 34-35 дугаар хуудас);

7. Гэрч Х.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 22 цаг 05 минутад “Бүргэд 10” буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрээс “25, 26 дугаар байрны дунд машинаас эд зүйлс хулгайлсан хүн байна” гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн ахмад П.Энхтөрийн хамт хоёр минутын дотор очиход Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 1 дүгээр хорооллын 25, 26 дугаар байрны туслах замын хажууд байрлах авто зогсоол дээр цагаан цэнхэр өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн хажууд мэдээлэл өгсөн хоёр залуу байсан. Тэр хоёр залуу 45 орчим настай, хиртэй муу хувцастай, хог түүдэг болов уу гэмээр нэгэн согтуу хүнийг барьчихсан зогсож байсан. Цагаан цэнхэр өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн арын том салхины шил хагарч бутраад уначихсан, мөн хоёр хажуу талын тольны хавтас толь нь хагарчихсан байсан. Тэгээд бид хоёр дуудлага өгсөн залуустай ярилцаж асуухад, энэ хүн машинаас юм хулгайлж байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэсэн. Тэгээд дуудлага өгсөн хоёр залуу яваад өгсөн. Цагдаагийн ахмад П.Энхтөр бид хоёр хулгай хийж байсан гэх залуугаас нэр усыг нь асуухад “намайг Хатанболд гэдэг” гэж хариулж байсан. Түүний регистрийн дугаараар нь АСАП сангаас шүүж үзэхэд Баасанхүүгийн Хатанболд мөн болох нь тогтоогдсон. Тэгээд түүнийг машиндаа суулгаад, цонх нь хагарсан байсан машины дугаараар цагдаагийн АСАП сангаас шүүж үзээд, бүртгэлтэй утасны дугаараар эзнийг нь дуудахад нэгэн эмэгтэй гарч ирээд, эд зүйлсээ бүртгэж үзээд, “миний машинд байсан эд зүйлс буюу хайрцагтай цай болон бараа байхгүй байна” гэхээр нь цагдаагийн ахмад П.Энхтөр ойр орчимд нь үзлэг хийгээд 25, 26 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто зогсоолоос холгүй цэцэрлэгийн хашаан дотор алдагдсан эд зүйлсийг сеткэн шуудайтай бусад эд зүйлсийг нуусан байсныг олж хураан авсан. Тэгээд Хатанболдыг цагдаагийн хэлтсийн байранд авчирч саатуулах байр руу хүргүүлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Б.Хатанболдын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед архи уусан согтуу байхдаа Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 1 дүгээр хорооллын 25, 26 дугаар байрны голд авто зогсоол дээр байрлаж байсан Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар хагалаад, хагалсан чулуугаа хажуу тийш нь хол шидчихээд, дотор нь байсан эд зүйлсийг аваад уг автомашины хажууд зогсож байсан, машины хажууд тавиад байж байтал хоёр залуу намайг барьж аваад “та яагаад хулгай хийгээд байгаа юм бэ” гээд цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг цагдаагийн хэлтэс рүу авч явсан. Би Хархорин захын хог зардаг нэрийг үл мэдэх хүмүүстэй “нутаг” гэдэг нэртэй, 0.75 литрийн хэмжээтэй, 4 лонх архи хувааж уусан. Би нэлээд согтсон байсан. Тэгээд согтуу байсан болохоор хулгай хийж мөнгө олоод, дахиж архи уух гэж байсан юм. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Би “хулгайлсан эд зүйлсээ замд таарсан хүндээ зарна” гэж бодож байсан. Би цонх хагалсан чулуугаа хаашаа шидсэнээ мэдэхгүй, ямар чулуу байсныг нь санахгүй байна. Би 1998 оноос архи уудаг болсон ба одоог хүртэл архи ууж байгаа. Би айлын том хүүхэд бөгөөд манай гэрийнхэн бүгд Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг. Би эхнэрээсээ салсан, гурван хүүхэд маань ээжтэйгээ хамт амьдардаг. Сүүлийн гурван жил огт уулзаагүй. Надад ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас);

9. Шүүгдэгч Б.Хатанболдын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвчшөөрч байна. Би сэжигтний байцаалтад хэргийн талаар мэдэх бүх зүйлээ ярьсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би уг тээврийн хэрэгслийн хоёр ширхэг тольны хавтасыг авсан гэхдээ нэгийг нь авах гэж байгаад хагалсан нөгөөг нь шуудайтай юмаа зөөж явахдаа цэцэрлэгийн хашааны хавьцаа унагаасан байх. Би дараа нь хайгаад олоогүй. Би уг тээврийн хэрэгслээс “тайга цай” гэсэн бичигтэй хайрцагтай, ууттай зүйлс авсан. Би тэдгээрийг сеткэн шуудай олж хийгээд цэцэрлэгийн хашааны хажууд буюу нэгэн автомашины ард тавьсан. Тэгээд буцаж очоод үлдсэн зүйлсийг авах гэж байгаад, танихгүй хоёр залууд баригдаж, удалгүй цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр хуудас);

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 73), цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 11-17), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61), гэрч Б.Саранчимэгийн мэдүүлэг (хх-ийн 26-27), гэрч И.Даваажаргалын мэдүүлэг (хх-ийн 28-29), гэрч С.Зоригтын мэдүүлэг (хх-ийн 38-39), Төв аймгийн Жаргалант сумын засаг даргын тодорхойлолт (хх-иийн 62) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Хатанболд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Хатанболд нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлах иргэн Ч.Одонтуяагийн эзэмшлийн 84-93 УНП улсын дугаартай Тоёото Приус-30 загварын тээврийн хэрэгслийн хажуу талын толины хоёр ширхэг хавтас толийг хулгайлан авсан, мөн уг тээврийн хэрэгслийн арын тээшний шилийг хагалж, тээш рүү хууль бусаар нэвтрэн орж, 268.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Хатанболдын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлсийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Б.Хатанболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэв.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл: шүүгдэгч Б.Хатанболдыг “бусдын эд хөрөнгийн хулгайлах” гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 73) байх тул шүүгдэгч Б.Хатанболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Хатанболд нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Хатанболдын эзэмшилд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэлгүй (хх-ийн 67), хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг тус тус харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг шүүгдэгч Б.Хатанболдын оршин суух Төв аймгийн Жаргалант сум, Замтын 4-07  тоот хаягийн харьяаллаар Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгалаа.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч Ч.Одонтуяад 748.500 (долоон зуун дөчин найман мянга таван зуу) төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан болох нь баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч хулгайлсан эд зүйлсээ хохирогчид хүлээлгэж өгсөн, учруулсан гэм хорыг арилгасан байх ба хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан баримтад хохирогч Ч.Одонтуяа “хохирол мөнгөө бүрэн авсан, гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.Хатанболдыг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзлээ.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Хатанболд нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Ч.Одонтуяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Б.Хатанболд мөрдөн байцаалтын үед нийт 13 хоног цагдан хоригдсоныг хуульд зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч Б.Хатанболдод оногдуулсан хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзсан тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболдыг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хатанболдод эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хатанболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар Б.Хатанболдын цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Хатанболд нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Ч.Одонтуяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хатанболдод оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5. дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд ялтан захиргааны шийтгэл хүлээбэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж болох хуультайг шүүгдэгч Б.Хатанболдод анхааруулсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Хатанболдод авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.Энэ тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хатанболдод авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                             Б.БАТАА