| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/01
2024 12 23 2025/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.*******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000000195 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч Ц.******* нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүн машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажилладаг, ам бүл 1, Х******* тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо ******* тоот орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овгийн ******* ******* (РД:*******)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 808 баарны урд замд “Тоёота Приус” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,79 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодсон гэмт хэргийг гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр найз ажил тарж байна хүргээд өгөөч гээд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн машинтай авах гэж очоод нэг пиво уусан. Тэгээд бид хоёр баарнаас гараад машинтайгаа хөдлөөд хашаанаас гарах гэтэл цагдаа зогсоож, шалгасан. Би гэм буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэрч *******гийн өгсөн “...Би Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 808 нэртэй шөнийн цэнгээний газарт ажилладаг. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө би ажил дээрээ байсан бөгөөд баар хаах үеэр гэртээ хүргүүлэх гээд найз Ц.*******ийг утсаар дуудсан. Удалгүй ******* нь ирээд намайг хулээгээд ширээн дээр суусан. Тухайн үед 3 цаг болж байсан. Миний ажил хараахан дуусаагүй байсан болохоор Ц.******* намайг хүлээнгээ 1 лааз пиво уусан. Тэгээд баар хаагаад бид хоёр гарсан. Ц.******* машинаа 808 баарны хашаан дотор оруулж зогсоосон байсан. Ц.******* машинаа жолоодоод хөдөлсөн, тэгсэн цагдаа нар ирээд саатуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),
Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...Ц.******* /РД:*******/ нь ******* улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 0,79 хувийн согтолттой жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7, 8 дугаар хуудас),
Цагдаагийн албан хаагчийн “...Багануур дүүргийн 5 дугаар хороо, 808 баарны хажуу замд ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Ц.******* нь 0,79 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэсэн илтгэх хуудас (хх-ийн 7-р хуудас),
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/555 дугаартай “...******* регистрийн дугаартай ******* ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,0000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэвэр (хх-ийн 11-12-р хуудас),
Жолоочийн лавлагаа мэдээлэл шалгасан хуудаст “...Эрх хасагдсан төлөвтэй, Улаанбаатар хот Багануур дүүрэг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл эрх хасагдсан...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас)
Шүүгдэгч Ц.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 13-р хуудас)
Захиргааны зөрчлийг шалгасан тухай системийн лавлагаа (хх-ийн 16-19-р хуудас)
Шүүгдэгч Ц.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 23-24/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...миний буруу...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.*******ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгүүд бусад бичгийн баримтуудаар давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 808 баарны урд замд “Тоёота Приус” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,79 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хувийн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.*******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ хэрэгт хохирол хор уршиг нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ц.*******ид Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жил 6 сарын хугацаагаар хасаж дөрвөн мянган (4000) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн (4.000.000) сая төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...торгуулийн ялыг багасгаж өгөөч...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ц.******* нь авто засварын газар ажилладаг, Х******* тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******ид мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ид шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.*******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хасаж гурван мянган (3000) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая (3.000.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******ид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ид шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Ц.*******ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ