| 2018 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 182/ШШ2018/02044 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: ”Г Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хариуцагч: Ч.Т-д холбогдох Компанид учруулсан хохирол 26,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Тманай компанид 2013 оноос эхлэн жолооч операторын ажилтнаар ажиллаж байсан. Манай компанид удаан ажилласан сайн ажилтны нэг байсан тул хөдөлмөрийн гэрээг 2016 онд шинэчлэн байгуулж, итгэл хүлээлгэж шинээр худалдан авсан трэйлерийг хариуцуулан өгч, 2017 оноос Улаанбаатар хот, уурхайн хооронд трэйлер барьж ажиллах нөхцөл боломжоор хангаж цалинг 1,500,000 төгрөгөөр тооцон олгосон. Гэтэл 2018 оны 08 сард удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй уурхай дээрх ажил зогсож яаралтай явж ажиллах шаардлагыг хүлээж аваагүй. Улмаар Ч.Тийн хариуцан ажиллаж байсан .... УНМ дугаартай трэйлерийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах манай А хоёр бетон зуурмаг ХХК-ийн хашаанд байхад нь хуулийн зөвлөх Д.Н, механик Г.Э нарт хүлээлгэн өгсөн гэх боловч тухайн үед Ч.Т, механик Г.Энар үгсэн тохиролцож дээрх трэйлерийн хөл гэж итгүүлэн хуучирсан, ямар ч ашиглах боломжгүй, огт өөр трэйлерийн эвдэрхий, зэвэрсэн, 1 ширхэг өрөөсөн хөл, мөн порчикгүй трэйлэр хүлээлгэж өгснийг хожим нь мэдсэн. Тус үйлдвэрийн хашаанд байгаа эвдэрсэн хөл нь манай компанийн ....УНМ улсын дугаартай трэйлерийн хөл огт биш бөгөөд хөлийг Ч.Талга болгосон буюу хүлээлгэж өгөөгүй байна. Мөн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд 10 удаагийн шилжүүлгээр уурхайд ажиллах сэлбэг, түлш худалдан авах болон компанийн бусад зориулалтаар санхүүгээс 5,015,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч зардлаа хэрхэн гаргаснаа батлаагүй, баримтаа санхүүд өгөөгүй завшсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Иймд компанийн удирдлагаас уурхай явах үүргийг зөрчиж, 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр яваагүйн улмаас уурхай жолоочгүй 7 хонож, хөрс хуулалтын ажил зогсож хохирсон хохирол 8,985,000 төгрөг, 31-46 УНМ трэйлерийн хөлийн зах зээлийн ханш 7,000,000 төгрөг, трэйлерийн порчик 5,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл санхүүгээс авсан бараа материалын мөнгө 5,015,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр захирал Г.Н уурхайд очиж өөрөө буулгагч самосвол машин барьж тэнд ажилла гэсэн үүрэг даалгавар өгсөн. Миний жолоодох эрхийн оноо дууссан, жолооны эрхгүй байгаагаа хэлсэн ба 9 сард жолооны эрхээ сэргээлгэсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сард 88190969 дугаараас захирал Г.Наранзул нь Удирдлагынхаа урдаас их зан гаргаж ёс зүйгүй аашилсан ажлаас халагдсан тушаалаа ирж аваарай гэсэн мессэж ирсэн. Компанийн удирдлагын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба ажлаас халагдсан тушаалаа авах гэж утсаар холбогдсон боловч ажлын байр нь нүүгээд олдоогүй. Одоог хүртэл ажлаас халагдсан тушаалаа аваагүй байна. Нэхэмжлэлд дурдаж буй трэйлер /чиргүүл/ нь 03-89 ГЧ улсын дугаартай, 34-46УНМ улсын дугаартай Норд бенз чирэгч толгой юм. Дээрх толгой болон чиргүүлийг надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Трэйлер 03-89 ГЧ улсын дугаартай чиргүүл нь Ганхөлөг хурд ХХК-ийн өмч, 31-46 УНМ улсын дугаартай Норд бенз чирэгч машин А2 бетон зуурмаг ХХК-ийн өмч юм. Тухайн чирэгч толгой, чиргүүлээр 2017 оны 11 сард Булганы Бүрэгхангай сумаас Улаанбаатар хот руу Хюндай 520 маркийн 53тн-ын эксковатор ачиж замын нөхцөл байдал хүнд цас ихтэй байснаас цасанд сууснаас 60 гаруй км зам туулах явцдаа 3 удаа буулгаж, 3 удаа ачих явцад чиргүүлийн хөл нь өөрийн хүчин чадлаас хүнд техник хэрэгсэл ачсанаас эвдэрсэн. Уг чиргүүл нь 40тн ачаа ачих хүчин чадалтай БНХАУ-ын хувийн үйлдвэрийн чиргүүл юм. Тухайн эвдрэл гарах үед “Г Ө” ХХК-ийн уурхайн механик Р.Нэргүй хамт явж байсан. Улаанбаатар хотод ирэхэд “Г Ө” ХХК-ийн захирал Ч.Б, ерөнхий механик Г.Энар ирж үзэж танилцан хамт А2 бетон зуурмаг ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах үйлдвэрийн хашаанд буулгасан. Тус компани нь 2017 оны 05 сард иргэн н.Ганбаатараас импортоор орж ирээд 2 жил ашигласан чиргүүлийг 33,000,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Уг чиргүүлд нэхэмжилж байгаа хөл дагалдаж ирдэг. Чиргүүлийн хөлийн зах зээлд худалдаалагдаж байгаа үнэ нь эдэлгээнээс хамаарч хосоороо 1,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байдаг. Нэхэмжилж байгаа трэйлерийн хөлийг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн хуулийн 132.4-т Ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэж заажээ. Компанийн удирдлагын зүгээс чирэгчийн хүчин чадлаас илүү хүнд жинтэй техник хэрэгслийг ачиж ирэх үүрэг даалгавар өгч ажил үүргээ гүйцэтгэж байх явцад чиргүүлийн хөл эвдэрсэн байдаг. Иймд “Г Ө” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “Г Ө” ХХК нь хариуцагч Ч.Тт холбогдуулан ..... УНМ улсын дугаартай трайлэрийн хөлийг эвдэж, ашиглах боломжгүй болгосон хохиролд 7,000,000 төгрөг, трайлэрийн порчикийг алга болгож, үрэгдүүлсний хохиролд 5,000,000 төгрөг, ажлын хэрэгцээний зориулалтаар компаниас шилжүүлсэн мөнгө 5,015,000 төгрөг, компанийн удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас компанид учирсан хохирол 8,985,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, компанийн удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлсний улмаас трайлэрийн хөл эвдэрсэн, трайлэрийн порчик анх тус трайлэрийг худалдаж авсан газартаа хадгалагдаж байгаа, тэнд байлгах үүргийг компанийн гүйцэтгэх захирал өөрөө өгсөн, санхүүгээс шилжүүлсэн мөнгийг зориулалтыг дагуу зарцуулж холбогдох баримтыг компанид бүрэн шилжүүлсэн, уурхайд жолоочоор ажиллаагүйн улмаас учирсан хохирлыг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй, миний ямар үйлдэл тус хохиролд шууд шалтгаанд холбоотой нь тодорхойгүй гэж тайлбарлаж байна. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд: 1. Зохигчид хариуцагч Ч.Тнь маргаан бүхий хугацаанд “Г Ө” ХХК-нд жолоочоор ажиллаж, 03-89 ГЧ дугаартай чиргүүл, ..... УНМ улсын дугаартай трайлэрийг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу компанийн уурхай болон Улаанбаатар хотын хооронд ачаа тээвэрлэдэг байсан үйл баримтын талаар харилцан маргахгүй байна. 2. Нэхэмжлэгч “Г Ө” ХХК нь хариуцагч Ч.Тийг тус компанид жолоочоор ажиллаж байх хугацаандаа эзэмшиж, ашиглаж байсан .... ГЧ дугаартай чиргүүл, ..... УНМ улсын дугаартай чирэгч толгойн эд анги болох хөлийг эвдсэн, порчикийг үрэгдүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг үндэслэн 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хавтаст хэргийн 27, 28 дугаар талд авагдсан Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаас үзвэл ...... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А хоёр бетон зуурмаг ХХК-ийн эзэмшилд, ....... ГЧ дугаартай чиргүүл нь Ганхүлэг ХХК-ийн эзэмшилд тус тус бүртгэгдсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас эдгээр тээврийн хэрэгслүүд нь дээрх компаниудын өмч болохыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх боловч Ганхүлэг ХХК, А хоёр бетон зуурмаг ХХК болон “Г Ө” ХХК нар нь нэг хувьцаа эзэмшигчтэй тул тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг хэн аль нь ялгаагүй шаардах эрхтэй гэж үзэж байна. Хэдийгээр Ганхүлэг ХХК, “Г Ө” ХХК нарын хувьцаа эзэмшигч нь В.Ганзориг гэх хувь хүн болох нь хэрэгт авагдсан /хх-ийн 57-60, 65-67 дугаар тал/ баримтуудаар тогтоогдож байх боловч энэ нь аливаа эд хөрөнгөд учирсан хохирлыг уг эд хөрөнгийн өмчлөгч бус этгээд шаардан нэхэмжлэх хууль зүйн үндэслэл болохгүй. Түүнчлэн “Г Ө” ХХК нь Ганхүлэг ХХК болон А хоёр бетон зуурмаг ХХК-аас нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгүүд болох чиргүүл ба чирэгч толгойг хэрхэн шилжүүлж авснаас түүний шаардах эрхийн хүрээ хязгаар тогтоогдох учиртай. Гэвч Ганхүлэг ХХК ба “Г Ө” ХХК нарын хооронд .... ГЧ улсын дугаартай чиргүүлийн талаар, А хоёр бетон зуурмаг ХХК ба “Г Ө” ХХК нарын хооронд .... УНМ улсын дугаартай чирэгч толгойн талаар эрх зүйн ямар харилцаа үүссэн, эдгээр тээврийн хэрэгслийг “Г Ө” ХХК ямар гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа талаар нэхэмжлэгч талаас тодорхой баримт гаргаж өгсөнгүй, өөрийн шаардах эрхийн үндэслэлээ нотлох үүргээ биелүүлж чадсангүй. Нөгөөтэйгүүр ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги хэмээн мэтгэлцэж буй хөл, порчик гэх хэсгүүд нь тус бүртээ 7,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэх эсэх талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй, эдгээр эд ангиуд эвдэрсэн, гэмтсэн, үрэгдсэн гэх явдалд хариуцагч гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас трайлэрийн хөлийг эвдэж гэмтээсэн, порчикийг үрэгдүүлснээс учирсан хохирол гэх 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 3. Нэхэмжлэгч “Г Ө” ХХК нь хариуцагч Ч.Тт холбогдуулан удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс уурхайн үйл ажиллагаанд хохирол учирсан гэж үзэж 8,985,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь энэ талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй, хохирол учирсан гэх үйл баримт тодорхойгүй байх тул нэхэмжлэгчид ийм хэмжээний мөнгөн төлбөр гаргуулах шаардах эрх үүсээгүй байна. 4. Нэхэмжлэгч “Г Ө” ХХК нь хариуцагч Ч.Тийн дансанд компанийн хэрэгцээнд зориулан 5,015,000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж 5,015,000 төгрөгийг буцаан төлүүлэхээр шаардлага гаргажээ. Уг мөнгийг зориулалтын дагуу ашигласан бөгөөд ийнхүү шилжүүлсэн мөнгө нь 5,015,000 төгрөг биш харин 3,350,000 төгрөг байсан гэж үзэж холбогдох нотлох баримтыг үндэслэн хариуцагч маргаж байна. Компаниас Ч.Тийн Хаан банкинд эзэмшдэг 5062040569 тоот дансанд 5,015,000 төгрөг шилжүүлсэн хэмээн тайлбарлаж уг дансны хуулгыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. /хх-ийн 50, 103-105 дугаар тал/ Уг дансанд тодорхой зориулалттайгаар компаниас шилжүүлсэн гэх мөнгөн дүн /цалин гэх утгаар шилжүүлснээс бусад мөнгөн дүн/-г тооцвол нийт 3,350,000 төгрөг болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 48 дугаар талд байгаа, компаниас шилжүүлсэн мөнгөн дүнгийн жагсаалт хэмээн нэхэмжлэгч талын гаргасан авлага, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл дэх 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 8 ширхэг аккумлятор гэсэн утга бүхий 1,665,000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй болох нь Ч.Тийн дансны хуулгаас харагдаж байна. Харин хариуцагч Ч.Төөс бусад мөнгөн дүнг хүлээн авч компанийн заасан зориулалтаар захиран зарцуулсан болохоо бүрэн нотолсон гэж шүүх үзлээ. Тодруулбал, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан 400,000 төгрөгөөр мөн өдрөө шатахуун худалдаж авсан нь хавтаст хэргийн 106 дугаар талд авагдсан баримтаар, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугуй нөхүүлэх зорилгоор хүлээн авсан 45,000 төгрөгийг дугуй нөхөхөд захиран зарцуулсан нь хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 20,000 төгрөгөөр трайлэрийн дугуй нөхүүлсэн нь 95 дугаар талд авагдсан зарлагын баримтаар, үлдэх 2,885,000 төгрөгөөр дизель түлш шатахуун авсан нь хавтаст хэргийн 97-102 дугаар талд авагдсан зарлагын болон гүйлгээний баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч “Г Ө” ХХК-аас гаргасан Ч.Төөс 5,015,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 135 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэж нэхэмжлэгч “Г Ө” ХХК-ийн хариуцагч Ч.Тт холбогдуулан гаргасан 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэстэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 135 дугаар зүйлд заасан үндэслэл тогтогдохгүй байх тул нэхэмжлэгч ”Г Ө” ХХК-иас хариуцагч Ч.Тт холбогдуулан гаргасан 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА |