Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/01506

 

 

 

 

 

 

2020 06 04

181/ШШ2020/01506

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Х-д холбогдох

43.240.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагч М.Х , түүний өмгөөлөгч С.Э, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Б би 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр М.Х д 21.000.000 төгрөгийг хүүтэй урьд нь хамт ажилладаг байсан танил дүү болох Д гийн гуйлтаар 6 сарын хугацаатай зээлдүүлсэн юм.

Д гийн надад хэлсэнээр Д нь Х д мөнгөө хүүтэйгээр зээлдүүлчихсэн ба Х ын Сүхбаатар дүүрэгт байрлах 2 өрөө байранд хамтран өмчлөгчөөр байдаг бөгөөд түүнд яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул тэрхүү 2 өрөө байрныхаа хамтран өмчлөгчөөс Д өөрийн нэрээ хасуулан оронд нь миний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулсны үндсэн дээр 21,000,000 төгрөгийг Х д нийт 6 сарын хугацаатай хүүтэйгээр зээлүүлээд хугацаа дуусмагц бүх мөнгийг маань гаргуулаад өгнө хэмээн намайг ятгасан юм.

Мөн Х нь хувиараа дэлгүүр ажиллуулдаг, Х ын нөхөр нь Солонгос улсад ажилладаг тул сар бүр хүүг нь өгөөд явдаг, 6 сарын дараа байрны гэрчилгээг гарангуут банк бусаас их хэмжээний зээл аваад таны мөнгийг буцаагаад өгчихнө.Хэрэв ямар нэг асуудал гараад таны мөнгийг өгөхгүй залилвал Д өөрөө бүх хариуцлагыг бүрэн дааж мөнгийг маань гаргуулж өгөх болно, тэр талаар үүссэн бүх асуудалд намайг чирэгдүүлэхгүйгээр бүрэн хөөцөлдөж өгнө хэмээн ам өчиг өгсөний үндсэн дээр би түүнд нь итгэн өөрт байсан бүх мөнгөө шавхан зээлдүүлж Х тай зээлийн гэрээ хийж, мөнгийн тэдний хэлсэнээр Д гийн данс руу 21.000.000 төгрөгийг шилжүүлж тус болсон юм.

Гэвч Х нь сарын хүүгээ өгөхгүй, нэг ч төгрөг төлөхгүй явсаар гэрээний хугацаа дуусахад түр хүлээж байгаач би өөр хүнээс зээл авахаар хайж байгаа гэх мэт худал ярьж сүүлдээ шүүхээрээ яваад гаргуулж ав хэмээн ярьж ажил амьдралаар минь хохироож байна.

Иймд зээлийн төлбөрт 42,840,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 372.150 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэн өгөх нотариатаар бичиг баримт гэрчлүүлэх гэх мэт олон янзын төлбөр төлсөнөөс 28,000 төгрөгийг, нийт 43.240.000 төгрөгийг хариуцагч М.Х аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н. Болормаагийн нэхэмжлэлийг би эс зөвшөөрч байна.

М.Х миний бие Н. Болормаатай 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд бусдын шахалтаар гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу би Н.Б гаас нэг ч төгрөг аваагүй болно.

Би иргэн О.Д гаас 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 %-ийн хүүтэйгээр, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэйгээр, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэйгээр тус тус зээлж нийт 6.500.000 төгрөгийг зээлсэн нь үнэн.

О.Д нь барьцаа шаардлагатай гэхээр нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах, үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй, Өнгөт Фасад ХХК-ийн барьсан өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцны захиалгын гэрээнд хамтран эзэмшигчээр О.Д г гарын үсэг зуруулсан.

О.Д нь миний зээлсэн дээрх 6.500.000 төгрөгийн хүү, алданги нь нийлээд 19.000.000 сая төгрөг болсон, өмнө зээлүүлсэн мөнгөө хүү, алдангитай нь нэгтгэж нэг зээлийн гэрээ хийе гээд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 19.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. О.Д гаас энэ гэрээний үнийн дүнгээр нэг төгрөг ч аваагүй.

Гэтэл үүний дараа 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Н.Б гэдэг хүн миний өмнөөс О.Д д 19.000.000 төгрөг төлсөн гэсэн, энэ талаар би мэдэхгүй.

О.Д намайг зээлийн гэрээний дагуу надад өгөх мөнгөө одоо Н.Б д төлөөрэй гээд надаар баталгааны бичиг хийлгэж авсан.

Тэр өдөр Н.Б болон О.Д нар нотариат дээр очиж 21.000.000 сая төгрөгийн зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. О.Д , Н.Б нар өнгөрсөн хугацаанд намайг хэл амаар доромжилж, илт дээрэнгүй харьцдаг байснаас би хэлсэн үгээр нь л хийж ирсэн. Орон сууцны хамтран өмчлөгч учираас гэрт чинь хүн оруулж суулгана гэснийг би хүлээн зөвшөөрөөгүй.

Би О.Д гаас 6.500.000 төгрөг зээлсэн боловч эргэн төлөх мөнгөн дүн хэт өндөр болсны улмаас зээлээ эргүүлэн төлж чадалгүй өдийг хүрсэн. О.Д , Н.Б нар хоорондоо хэрхэн, юу гэж тохиролцсоныг би мэдэхгүй.

Миний хувьд О.Д гаас зээлсэн 6.500.000 төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу эргүүлэн төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа боловч Н.Б гаас 21.000.000 төгрөг зээлж аваагүй тул төлөхгүй, надаас нэхэмжилж байгаа 43.240.000 төгрөгийг Н.Б д төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М.Х аас 42.868.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М.Х д 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 21.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Дээрх зээлийн гэрээний

2.-т Зээлдүүлэгч Н.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчид, О.Д гийн Хаан банкны 5085034036 тоот дансанд уг мөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцов гэж,

7.-д Энэ гэрээ нь зээлдүүлэгч энэ гэрээний 1-д заасан 21.000.000 төгрөгийн зээлийг зээлдэгч /М.Х /-д шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр болно гэж тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-р хуудас/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Гэтэл зээлдүүлэгч Н.Б нь зээлдэгч М.Х тай зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээгээр тохирсон 21.000.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөгийг О.Д гийн 5085034036 дугаартай Хаан банкны данс руу тус тус шилжүүлж, нийт 21.000.000 төгрөгийг О.Д д өгсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 22, 23-р хуудас/

Нэхэмжлэгч Н.Б , хариуцагч М.Х нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх тул тэдний хоооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь О.Д гийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр М.Х тай байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгчийн эрх, үүргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Н.Б надад шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Н.Б , М.Х нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд хамааралгүй, уг гэрээний шаардах эрх шилжсэн гэж үзэх үндэсгүй байна

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

Зээлдүүлэгч Н.Б нь зээлдэгч М.Х д 21.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж байгаа боловч М.Х нь 21.000.000 төгрөгийг бодитойгоор аваагүй гэсэн тайлбар өгч, нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгээгүй, шилжүүлсэн тухай баримтыг ирүүлээгүй тул зээлдэгч М.Х 21.000.000 төгрөгийг буцаан өгөх үүргийг хүлээгээгүй байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Н.Б г 21.000.000 төгрөгийг хариуцагч /зээлдэгч/ М.Х д зээлдүүлсэн гэх үндэсгүй байх тул хариуцагч /зээлдэгч/ М.Х аас зээлийн гэрээний үүрэгт 42.868.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөнөөсөө нотариатын зардал гэх мэт төлбөрт 28.000 төгрөг гаргасныг гэрээний талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч М.Х аас 42.868.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 281 дугаар зүйлийн 281.2.-т заасныг баримтлан М.Х аас 42.868.000 /дөчин хоёр сая найман зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтиЙн хураамжид төлсөн 372150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО