Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/04

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч И.О*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И.О*******т холбогдох эрүүгийн 2415000000246 дугаартай, 163/2025/0003/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт И******* О*******, Булган аймгийн Д******* суманд 1980 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Д******* сумын ******* 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч И.О******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Д******* сумын ******* 2 дугаар багийн нутагт хохирогч Х.С******* “чи намайг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж хүмүүст ярьсан байна” гэж маргаан үүсгэх явцад санаатай үйлдлийн улмаас Х.С******* цээж хэсэг рүү нь түлхэж газарт унагасны улмаас бүсэлхийн L1 нугалмын их биеийн бяцарсан хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч И.О******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Д******* сумын ******* 2 дугаар багийн нутагт хохирогч Х.Стой “...чи намайг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж хүмүүст ярьсан байна...” гэх зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүнийг түлхэж унаган “бүсэлхийн L1 нугалмын их биеийн бяцарсан хугарал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь хохирогч Х.С******* мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/, гэрч Т.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч Т.О******* мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Б.Д мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/, гэрч А.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 91-93 дахь тал/, гэрч Г.А мэдүүлэг /хавтаст хэргийн 96-98 дахь тал/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 321 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч И.О******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан  өмгөөлөгч Ч.Отгонжаргалын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт

И.О*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр Х.С******* биед халдаж, түүнийг түлхэж унагаан хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 321 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч И.О*******ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хохирол, хор уршиг

          Хохирогч Х.С нь мөрдөн байцаалтын шатанд “1,500,000 төгрөг хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй”  талаар мэдүүлэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн, хохирогч Х.С******* эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 7,053,223 төгрөгийг шүүгдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхөн төлсөн  байх тул шүүгдэгч И.О*******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч  И.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүл мэндийн даатгалын санд 7.052.023 төгрөгийг төлсөн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа сайн дураараа зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байгаа. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. Улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.

2.1.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч И.О******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч И.О*******ийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч И.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч И.О*******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох  боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч И.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт И******* О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О*******т 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч И.О*******т оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.О*******т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч И.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ