Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/02

 

 

 

 

       2024           12             25                                        2025/ШЦТ/02

      

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******ид холбогдох эрүүгийн 2304001720186 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нарийн бичгийн дарга                                   С.Бат-Эрдэнэ

Улсын яллагч                                                 Б.Баттуяа

Хохирогч                                                        

Хохирогчийн өмгөөлөгч                                 М.Одбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Д.Цолмон

Шүүгдэгч                                                        Д.******* нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, *******-нд экскаваторын машиннист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,******* тоот орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овгийн ******* ******* (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ........ дээр өглөө 11 цагийн үед очсон. Тэгээд байж байхад миний хариуцдаг №ЭШ-1070 61 дугаартай экскаваторын генераторын цахилгаан хөдөлгүүр эвдэрсэн байсан. Түүнийг засуулахаар “*******” ХХК-нд 12 цагийн үед уурхайн үйлчилгээний машины жолоочийн хамт ачааны авто машин дээр тухайн эвдэрсэн генераторыг ачаад очсон. Очиход амралтын өдөр байсан ба ганц манаач гэх эрэгтэй хүн байсан. Намайг очиход манаач нь өөрөө хаалга онгойлгож өгөөд засварын цех рүү ачааны машиныг ухрааж оруулсан. Тэгээд засуулахаар очсон №ЭШ-1070 61 дугаартай экскаваторын генераторыг буулгахаар би оосорлож өгөхөд тухайн манаач нь би кран ажиллуулж чадахгүй юмаа чи өөрөө буулгаад өгөөч гээд надад өргөгч краны гар удирдлагыг манаач нь өгсөн. Тэгээд би тухайн өргөгч краны удирдлагыг аваад генераторыг өргөөд тэвшин дэрээс генераторыг өргөхөд машиныг холдуулсан. Тэгээд генераторыг буулгах газарт нь авч буулгасан. Тэгээд харахад генераторын доор тавидаг ивүүрэг модны нэг нь далий тавигдсан байсан ба өргөөд янзлахад тухайн өргөж байсан генератор нь савлагаа өгөөд цаад тал нь байсан жижиг хөдөлгүүр дунд манаач ......... нь баруун хөлөө хавчиулчихсан юм. Тэгээд тухайн генераторыг газарт буулгаад цус гараад байхаар нь би өөрийн өмдний тэлээг тайлж цус гарсан хэсгийг нь боож уурхайн аварын эмнэлэгийг дуудсан. Тэгээд эмч жолооч нар ирээд манаач Бүдсүрэнд өвчин намдаах тариа хийж хөлөнд нь чиг мод тавьж боогоод Багануур дүүргийн эрүүл мэндийн төв рүү авч явсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 143-144-р хуудас)

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 08 цагт ******* ХХК-ийн манаачаар гарах хуваарийн дагуу очиж ажил хүлээлцэж авсан. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан болохоор би ганцаараа үүрэг гүйцэтгэж байхад 12 цаг 30 минутын үед *******-ийн гэсэн улсын дугаартай улаан толгойтой тэвш хэсэг нь өөр өнгөтэй тээврийн хэрэгсэлтэнй 2 хүн 055 гэсэн дугаартай Повораторын Генераторыг ачаад орж ирсэн. Тэгээд засварын цех хэсэгт оруулж буулгаад доор нь тавих ивүүр мод нь хоорондоо ойртсон байна, нэг талыг нь жоохон холдуулах гээд Д.******* гэх нэртэй хүнтэй моторын доор тавих модны хоёр талд нь гараад холдуулах санаатай тонгойход гэнэт өргөгч кран дуу гарахаар нь холдоход миний баруун талын хөлийн шилбэ хэсгээр 2 моторын завсарт хавчуулагдсан. Тэгээд би газарт унаад өгсөн. ...Анх 2023 оны 8 дугаар сарын эхээр ******* ХХК-нд манаачийн ажилд ороход захирал нь генератор, мотор гаднаас орж ирэх хүлээлгэж өгөхөд ачиж өгөх, буулгах ажлыг сурсан байх ёстой гэж хэлж байсан. Тухайн ажил үүрэг нь миний ажлын байрны тодорхойлолтонд байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Засварт ирсэн мотор, генераторыг хүлээн авахад кранчинг дуудаж буулгаж байгаагүй. Ажлын цагаар л кранчин өөрөө буулгадаг, бусад үед нь манаач нар хүлээж авдаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Хохирогч гийн дахин өгсөн “...Тухайн өдөр нь амралтын өдөр байсан болохоор өмнө нь гарсан гэх манаачтай ээлжээ хүлээлцсэн, өөр хүн хүлээлцээгүй. Ажлын өдрүүдэд ч гэсэн хоёр манаач хоёулаа яваад байгууллагын эд зүйлийг хүлээлцээд цехийн мастер, инженер нартай орж танилцуулаад хүлээлцсэн талаар гарын үсэг зурдаг. Тэрнээс өөр аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зуруулж байгаагүй. ...Би 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс Багануур дүүргийн ******* ХХК-нд манаачаар ажилд орсон. Манаач ажил хийдэг. Миний ажлын байранд яг юу гэж заасныг сайн санахгүй байна. Анх ажилд ороход ******* ХХК-ийн ерөнхий захирал нь манаач бид хоёрыг өрөөндөө дуудаж уулзаад ажлын байрыг хүлээж авах талаар дадлага хийлгэ. *******-иас шатсан хөдөлгүүр, тоног төхөөрөмж ирэхэд манаач нар нь өөрсдөө ажлын бус цагаар хүлээж авна, тэр үед сайн анхаарч ажиллаж авна биздээ чадна биз дээ гэж хэлэхээр нь бид хоёр чадна гэж хэлсэн. Анхнаасаа хөдөлгүүр тоног төхөөрөмж ирэхэд буулгаж хүлээж авна гэж хэлсэн болохоор тухай бүр мэдэгдэж байгаагүй. Тэр талаар жижүүрийн хуудсан дээр бичиж тэмдэглэдэг. Яаралтай засварлах тоног төхөөрөмж ирвэл авчирсан хүмүүс нь өөрсдөө манай ажлын мастер, инженерт мэдэгдсэн байдаг. Нэг удаа *******-иас тоног төхөөрөмж хүргэж өгсөн хүн даргадаа хэлээрэй энэ их яаралтай шүү гэж хэлж байсан. Тэр үед нь мэдэгддэг. Тухайн өдөр *******-иас тоног төхөөрөмж ирсэн талаар мэдэгдээгүй байсан. Анх ажилд ороход манаач нар хөдөлгүүр ирэхэд буулгаж хүлээж аваарай гэж хэлсэн болохоор мэдэгдээгүй. ...Тухайн өдөр ирсэн генератор нь 5-8 тонны жинтэй гэж хэлэхээр нь нөгөө авчирч өгсөн Д.*******ид хандаж чи өөрөө буулгаж өгч чадах уу гэж хэлэхэд Д.******* би буулгаад өгч чадна гэж хэлээд өргөгч краны удирдлагыг авсан. Тэгээд генераторыг цех дотор өргөж буулгасан. Тэгээд генераторын доор байх ивүүр модыг засаж тэгшлэх гээд ивүүр модны хоёр талд гараад өргөх гээд тонгойхдоо Д.******* нь гартаа барьж байсан өргөгч краны товчлуурыг дарсан. Тэгээд өргөгч кран дуугарч мотор савалхад би зугтах гээд холдоход миний баруун талын хөлний шилбэ хэсгээрээ 2 моторын дунд хавчуулагдсан. Тэгээд Д.******* нь түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас),

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******-нд үйлчилгээний хэсгийн жолооч юм. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал уурхайгаас дуудаад *******-ийн уулын 2 дугаар хэсгээс хөдөлгүүр ачаад ******* ХХК-д хүргэж өг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээрээ очоод машин асаагаад уулын 2 дугаар хэсэгт очиж хөдөлгүүрийг ачаад машинч Д.*******ийн хамт ******* ХХК дээр очиж харуулаар хаалгыг нь онгойлгуулж үйлдвэр хэсэг рүү машинаа ухрааж оруулж байрлуулсан. Тэгэхэд Д.******* машины ачаа хэсэгт гараад хөдөлгүүрийг краны тросонд оосорлож бэхэлсэн. Тэгэхэд Д.******* хөдөлгүүрийг өргөхөд кран алдаж магадгүй, машинаа гарга гэж хэлэхээр нь би машинаа грашаас гаргасан. Тэгээд машиндаа сууж байтал граш дотор хүн орилоод байхаар нь граш руу ортол ******* ХХК-ийн харуул гийн хөл хугарсан гэхээр нь би тэлээгээр хөлний дээд хэсгээр боож өгсөн. Удалгүй эмнэлэгийн машин ирэхээр нь өргөлцөж өгөөд явуулсан. Тухайн үед Д.******* гар удирдлагаар хөдөлгүүрийг буулгасан. Тухайн үед яг харуул г хөлөө хугалж байгаа хэсгийг би хараагүй, машиндаа сууж байсан. Сүүлд Д.*******оос сонсоход 2 хөдөлгүүрийн завсар хөлөө хавчуулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

 Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* ХХК-нд манаач, 2021 оны 4 дүгээр сараас ажиллаж байна. Хариуцсан эд хөрөнгө байгууллагын аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, орж ирэх хөдөлгөөнд хяналт тавихаар заагдсан байгаа. Анх ажилд ороход инженер , мастер нар *******-иас засварлахаар ирсэн хөдөлгүүр тоног төхөөрөмжийг ажлын бус өдрүүдэд хүлээн авч буулгаж байх талаар ажлын туршлагатай болох мөн өргөгч краныг ажиллуулж сурах талаар ам зааварчилгаа өгдөг байсан. Манаач нарт ажлын байрны тодорхойлолтонд өргөгч кран ажиллуулна гэж заагаагүй. Бид ажиллуулах эрх, үнэмлэх байхгүй. Яаралтай хөдөлгүүр ирсэн тохиолдолд инженер, мастерт утсаар хэлж танилцуулахад тухайн хүмүүс нь буулгаад авчих гэж хэлдэг байсан. Тухайн хүмүүс нь ирдэггүй байсан. Тэгээд тухайн тоног төхөөрөмжийг манаач нар хариуцаж аваад буулгадаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

Гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, “*******” ХХК-нд манаач, 2018 оны 9 дүгээр сараас ажиллаж байна. Хариуцсан эд хөрөнгө байгууллагын аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, орж ирэх хөдөлгөөнд хяналт тавина гэж заасан байдаг. Тэр талаар ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй, харин амралтын өдөр болон ажлын бус цагаар хөдөлмөр хамгааллын ажилтан эсвэл мастерт утсаар мэдэгдэж зааварчилгаа авч хүлээж авна гэсэн байдаг. Тэгээд тухайн өдрийн рапортонд орсон гарсан хөдөлгөөн, тоног төхөөрөмжийн талаар нэг бүрчлэн бичдэг. Хоёр манаач хоорондоо байгууллагын эд хөрөнгө тоног төхөөрөмжийг хүлээлцдэг. Хүлээлцсэний дараа мастер болон инженер гарын үсэг зурж баталдаг. Хөдөлмөр хамгааллын инженер болон мастер нарын аль нэгнээс аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гардаг. Ээлжинд гарах бүртээ зааварчилгаа авч гарын үсэг зурдаг. Тухайн амралтын өдөр ажил үүрэг гүйцэтгэж байх үед *******-иас ирсэн яаралтай засварлуулах тоног төхөөрөмж ирвэл мастер болон хөдөлмөр хамгааллын инженерт хөдөлгүүр ирсэн талаар мөн хөдөлгүүр хүлээлгэж өгөх талаар мэдэгддэг. Тэгээд хөдөлмөр хамгааллын инженер болон мастер нараас утсаар зааварчилгаа аваад тоног төхөөрөмжийг хүлээн авдаг. Би өөрөө гүүрэн краныг ажиллуулдаг болохоор краны операторт хэлдэггүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

 Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нөгөө ээлжийн манаач 12 цагийн үед утсаар нөгөө манаач нь хөдөлгүүрийн завсар хөлөө хавчуулчихсан байна. Тэгээд намайг хүрээд ир гэж байна гэж ах хэллээ гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед Улаанбаатар хотод буяны ажилтай явсан болохоор очиж чадаагүй. Захирал , нягтлан бодогч , нар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд менежер ы утсаар залгаад ажил дээр манаач хөлөө хавчуулчихсан байна гэж байна чи гялс очооч гэж хэлсэн. Тэгээд тухайн той утсаар холбогдоход *******-ийн түргэний тэрэг Багануур Эрүүл мэндийн төв рүү г аваад явсан байсан. Тэгээд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр нь аваад явсан байсан. Ажлын байрны тодорхойлолтонд манаач нарын ээлж хүлээлцсэн бүртгэлд хяналт тавина, нийт засварчдад наряд өгнө. Улиралд нэг удаа давтан зааварчилгаа өгнө, засварын тоног төхөөрөмжийг хариуцна. Засварчидтай хамт цахилгаан машин засварын ажлыг хийдэг. ...Өглөө болгон бичсэн бүртгэл рапортонд хяналт тавина, тухай бүрт нь хөдөлмөр хамгааллын талаар өгсөн зааварчилгаа гарын үсэг байхгүй. Манаач нар ажлын бус цагаар хүлээн авч байсан. *******-иас засварлуулахаар ирсэн цахилгаан тоног төхөөрөмжийг ирсэн талаар манаач нар эхний ээлжинд шууд над руу мэдэгдэж утсаар зааварчилгаа авдаг. Тухайн өдөр манаач нь утсаар мэдэгдээгүй. Надад мэдэгдсэн тохиолдолд кранчинд мэдэгдэж очиж хүлээж авдаг. *******-иас цахилгаан мотор буулгахаар хүмүүс ирэхдээ өөрсдийн крантай болон кран ажиллуулах мэргэжлийн хүнтэй ирж хүлээлгэн өгч хүлээн авдаг. Манаач нарын өдөр тутмын ажил үүрэгт нь би хяналт тавьдаг. Тухайн өдөр амралтын өдөр болохоор аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг анх ажилд ороход нь өгөөд улиралдаа давтан аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө. Ер нь бол манаач , нарт ажилд орсноос хойш аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас),

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, “*******” ХХК-нд 2006 оноос хойш ажиллаж байгаа 2020 оноос хойш кранчнаар ажиллаж байна. Миний ажлын байрны тодорхойлолтонд харилагч байгууллагаас ирсэн, хөдөлгүүр, тоног төхөөрөмжийг хүлээж авах, буулгах засварлах үед задалж өргөх ажлыг хийнэ. Буулгаж авах, хүлээлгэж өгнө кранчин хэрэгтэй бүхий л ажилд оролцоно. Албан ёсны кран ажиллуулах эрхтэй. Тухайн хэрэг болох өдөр надад тоног төхөөрөмж харилцагч байгууллагаас ирсэн талаар манаач , мастер нар нь хэлж мэдэгдсэн зүйл байхгүй. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан болохоор би гэртээ амарч байсан. Харилцагч байгууллагаас засварлуулахаар ирж байгаа мотор хөдөлгүүрийг эхлээд мастерт мэдэгдэж, дараа нь надад мэдэгдэж тэгээд очиж хүлээж авдаг. Шөнө оройн цагаар *******-иас мотор засварлуулахаар надад мэдэгдэж, уурхайгаас унаа явуулж авхуулдаг. Манаач нарт кран ажиллуулах эрхийн үнэмлэх байхгүй. Манаач нар нь надад хөдөлгүүр ирсэн талаар нээх их мэдэгдээд байдаггүй. Манай мастер д мэдэгдэж тэгээд мастер кранчинд наряд өгч ажиллуулдаг...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас),

             Иргэний хариуцагч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг хөдөө ажлаар явж байхад манай менежер утсаар залгаад үйлдвэр дээр осол болоод манаач нь хөлөө гэмтээсэн байна, эмнэлэг дээр ирээд байна гэж ярьсан. Тэгээд би Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* ХХК-ийн ажлын байран дээр ирсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагаас ирээд үзлэг хийгээд явсан байсан. Тэгээд тухайн өдөртөө Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтлийн тасагт гийн хөлийг тайрч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тэгээд би өөрөө Гэмтэл согог судлалын захирал руу залгаж гэмтлийн эмнэлэгт хүргэхээр арга хэмжээ авсан. Тэгээд манаач г гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн. нь Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. Тухайн үед холбогдох зардал 3.000.000 төгрөгийг байгууллагаас гаргаж өгсөн. ...Манаач гийн охинд нь дансаар 1.000.000 төгрөг, эмчилгээний зардал 2.000.000 төгрөг өгсөн. Өөр бусад шаардлагатай мөнгө өгсөн тодорхой хэдэн төгрөг өгснийг сайн санахгүй байна. ...Манаач нар нь байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг сахин хамгаалах, орж гарах хөдөлгөөнд бүртгэл хөтлөх, харилцагч байгууллагаас ирсэн цахилгаан тоног төхөөрөмжийг хүлээн авахад хамт байлцаж бүртгэл хөтлөхөөр заагдсан байдаг. Манаачаар ажилд ороод жинхэлсэн тохиолдолд байгууллага дээр жилд 1 удаа өргөгч краны сургалтанд хамрагдаж кран ажиллуулах эрхийн үнэмлэхтэй болдог. Тухайн краныг ажиллуулах эрхийн үнэмлэхгүй манаач нар ажлын бус цагаар ирсэн тоног төхөөрөмжийг буулгах хүлээн авах тохиолдолд хариуцсан мастер инженер нарт мэдэгдэж хүлээн авч буулгаж хүлээлгэн өгдөг байсан. Тухайн өдөр манаач нь тухайн тоног төхөөрөмжийг ирсэн талаар мастер , нарт мэдэгдэлгүй өөрөө дур мэдэн краны удирдлагыг гадны байгууллагын хүнд дур мэдэн шилжүүлсний улмаас тухайн осол гарсан байна. Манаач нь ажлын хариуцлага алдаж дур мэдэн шийдвэр гаргасан байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас),

 Шинжээч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 35 дугаар зүйл, аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналт, шалгалт, Засгын газрын 311 дугаартай тогтоол зэргийг хэрэгжүүлж ажиллаагүй. Дотоод хяналт шалгалт явагдаагүй. Эрсдлийн үнэлгээ хийгдээгүй зэрэг зөрчилтэй байна. Тухайн үед мастер нь аюулгүй ажиллагааны сургалт, заавар өгөөгүй, сургалтанд хамрагдаагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Амралтын өдөр ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй ажил үүргийг хийж гүйцэтгүүлсэн. Тухайн ******* ХХК нь олон жилийн буруу дадал, хэвшлээс болж ажлын чиг үүргийн зохион байгуулалтгүйн улмаас ажилтан нь гэмтсэн байна. ******* ХХК нь дотоод хяналт шалгалт нь муу учир гадны байгууллагын хүнийг ажлын байранд нэвтрүүлж өргөгч, зөөх краны удирдлагыг шилжүүлсэн. Үүний улмаас *******-ийн ажилтан нь санамсар болгоомжгүйн улмаас өргөгч краны удирдлагыг дарж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас),

 Монгол улсын Шүүх шинжилгээний газрын шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б.Цолмонгийн “...гийн биед баруун тахилзуур ясны гурвалсан, шаант ясны зөрөөтэй ил хугарал, шилбэнд ил шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэсэн 12973 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас),

 Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ц.Анхбаяр, Э.Мөнхнаран нарын “...Үзүүлэгч гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу эмгэгт хамаарахгүй бөгөөд түр зуурын шинжтэй. Үзүүлэгч гийн сэтгэцэд учирсан гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэсэн 241 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас),

 Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газрын 2024 оны  06 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-09-05 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 86-90 дүгээр хуудас),

 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн “...Ажилтан г үйлдвэрлэлийн осол хурц, хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 дэх ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэх заалтыг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй гэж үзэж үзлээ...” гэсэн акт (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

 *******-ийн 2024.06.14-ний өдрийн 06/921 тоот албан бичиг, хавсралт ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 60-68 дугаар хуудас),

              Манаач гийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 85-92 дугаар хуудас)

              Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай “...Үгүй...” гэсэн тэмдэглэл (1-р хх-ийн 206-р хуудас)

              Д.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (1-р хх-ийн 209-217-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч Д.*******ид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3.554.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт,

Хохирогчоос “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчийн хувьд эрүүл мэндэд учирсан хохиролд 5.000.000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохиролд 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шүүгдэгчээс авахаар эвлэрсэн. Уг төлбөрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийг авсан. 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн дотор үлдсэн 5.000.000 төгрөгийг авахаар тохиролцсон байгаа.Эрүүгийн хариуцлага дээр тусгайлан гаргах санал байхгүй. Эрүүл мэндийн даатлагын санд учирсан хохирлын хувьд иргэний нэхэмжлэгчээр ямар нэгэн хүн оролцоогүй байгаа учир өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй, шүүгдэгч нь гэм буруугаа ойлгоод гэмшиж байгаа. Хохирол төлбөрийн хувьд хохирогчтой эвлэрлсэн байгаа. Эрүүл мэндийн даатгаланы санд учирсан хохирлын хувьд хэрэг ямар нэгэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон баримт байхгүй. Улсын яллагч юм уу эрүүл мэндийн даатгалын ямар нэгэн ажилтанг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод уг мөнгийг нэхэмжилсэн бол хуульд нийцэх байсан....” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.*******ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-ийн засварын цех дээр экскаваторын генераторыг буулгахаар тухайн байгууллагын краны удирдлагаар буулгах явцад манаач гийн баруун хөлийг генаратор хөдөлгүүр хоёрын хооронд хавчиж эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны гурвалсан, шаант ясны зөрөөтэй ил хугарал, шилбэнд ил шарх гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь гэмт үйлдэлдээ болгоомжгүй хандсан болох нь экскаваторын генераторыг краны удирдлагаар буулгах явцад хохирогч гийн баруун хөлийг генаратор хөдөлгүүр хоёрын хооронд хавчсан үйлдэл болон Д.*******ийн “...өргөөд янзлахад тухайн өргөж байсан генератор нь савлагаа өгөөд цаад талд нь байсан жижиг хөдөлгүүр генератор хоёрын дунд манаач Бүдсүрэн нь баруун хөлөө хавчиулчихсан...” гэж мэдүүлсэн нь өөрийн үйлдлийн үр дүнд ийм үр дагавар болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүнд хохирол болох нь шинжээчийн “…гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо…” гэсэн 12973 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдэл нь хохирогч гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч шүүгдэгчийн хайнга анхаарал болгоомжгүй байдлууд, хууль, дүрэм, журамд заагаагүй, мөрдөж ажиллах ёстой байсан дүрэм журмын дагуу ажиллаагүй зэрэг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчийн хохирогч гийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчийн хувьд эрүүл мэндэд учирсан хохиролд 5.000.000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохиролд 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шүүгдэгчээс авахаар эвлэрсэн. Уг төлбөрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийг авсан. 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн дотор үлдсэн 5.000.000 төгрөгийг авахаар тохиролцсон байгаа...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирол төлбөрийн хувьд хохирогчтой эвлэрсэн байгаа...” гэж тус тус дүгнэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.******* 3.000.000 төгрөг, иргэний хариуцагч  3.000.000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч хохирогч талаас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь гэм хор учруулсаны хохирол хор уршигт хохирогч д 7.000.000 төгрөгийг төлөхөөр хохирогч шүүгдэгч талууд эвлэрсэн /2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн дотор үлдсэн 5.000.000 төгрөгийг авахаар тохиролцсон/ бөгөөд шүүгдэгчийг хохирогч д нийт 7.000.000 төгрөгийн төлбөртэй гэж үзнэ.

Шүүхийн хуралдаанд улсын яллагчаас “...хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 3.554.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Шүүхийн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын хувьд хэрэгт ямар нэгэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон баримт байхгүй. Иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхээс төл гэж тогтоох үндэслэл байхгүй...” гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдээгүй ба шүүх хуралдаанд хэргийн оролцогч болж улсын яллагчаар оролцож буй прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэл байхгүй, нэхэмжлэлийн талаар ямар нэг нотлох баримт байхгүй байхад шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй...” гэж тус тус заажээ..

Иймд улсын яллагчаас гаргасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 3.554.500 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан энэ гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд,хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Д.******* нь *******-нд экскэваторын машиннист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн болон түүний хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.*******ид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн, цаашид бүрэн төлж барагдуулахаар хохирогч талтай эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар кранчинаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн нэг /1/ жилийн хугацаанд шүүгдэгч Д.*******ид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,

36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан кранчинаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн нэг /1/ жилийн хугацаанд шүүгдэгч Д.*******ид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.******* 3.000.000 төгрөг, иргэний хариуцагч  3.000.000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч Д.*******оос гэм хор учруулсаны хохирол хор уршигт 7.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгосугай.
  6. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 3.554.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Д.*******ид холбогдох  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ