| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/00106/э |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Р.А,
улсын яллагч Б.Ануужин,
хохирогч М.Х-н хууль ёсны төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч Ц.Т,
шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт У-н Б-д холбогдох эрүүгийн 2417000890100 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Д аймгийн Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д** аймгийн З** сумын ** дугаар баг, Ш*** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И овогт У-н Б /РД:ЗЙ**/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч У.Б нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Цахиуртын 4-401 тоот хашааны гадна талд иргэн А.Ш 42-34 ДГС улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам дээр хэвтэж байсан М.Х-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000890100 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Жолооны курст явж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 03 дугаар сард хасуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус үйлдэл мэднэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, орчноо шалгах ёстой гэдгийг ойлгож байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч М.Х-н хууль ёсны төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Хүүхдээ хүргэж өгөхөөр гараад ээжийгээ нас барсан байхыг харсан. Яллах дүгнэлт дээр дурдагдсан хоёр, гурав хоног холбоо бариагүй асуудал бол байгаа. Миний ээж архи уудаг байсан нь үнэн. Тэгэхдээ хүнд гай болдоггүй. Их согтсон үедээ намайг дуудаад авахуулдаг байсан. Тухайн өдөр гайгүй байсан байх гэж бодож байгаа. У.Б-аас оршуулгын зардал авсан. Одоо сэтгэцэд учирсан хохирол 99 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Жолоочийг машинаа тойроод харчихгүй яав даа гэж бодож байна. Ээжийгээ алдсандаа гомдолтой байна гэв.
3. Иргэний хариуцагч А.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
42-34 ДГС улсын дугаартай ‘’Волво’’ загварын тээврийн хэрэгсэл минийх мөн. У.Б-г мэднэ, нэг газар амьдарч байгаа хүмүүс. Миний машиныг хэрэг гардаг өдрийн урд орой авч явсан. У.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан гэдгийг хэрэг гарсан үед мэдсэн. Урд өдөр нь би архи уусан байсан. Замын-Үүд суманд хөлсний жолооч их байдаг. Тухайн үед хөлсийг нь өгөөд У.Б хөлсний жолооч хийгээд наашаа явсан. Тэгээд маргааш өглөө нь ийм зүйл боллоо гэж ярьсан. Сэтгэцэд учирсан хохиролын тухайд шүүхийн шийдвэр юу гэж заах нь уу түүний дагуу биелүүлнэ гэв.
4. Шинжээч Л.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Задлан шинжилгээний дүгнэлт дээр тодорхой байгаа. Хавирга баруун зүүн хоёр талдаа хугарсан, бүсэлхийн 3, 4 дүгээр нугалам бүрэн салаад нугас тасарсан байгаа. Тэгэхээр том машины дугуй хоёр давхар байдаг, мөн дугуйны өргөнийг тооцоолох хэрэгтэй. Талийгаачийн дээгүүр дугуй гарахдаа цээжний дээд хэсгээр гарсан. Талийгаачийн гар хугараагүй байсан, жижиг биетэй хүн байсан учраас хөлөө татаад гараа дээш өргөсөн байдал байсан. Энэ байдлаар бие нь бүр жижиг болж орж ирнэ гэсэн үг. Дугуй бол цээжний дээд хэсгээр, аарцгаар дамжигдаад гарсан байгаа. Тухайн машин том, талийгаач хувцастай байгаа учраас дугуйнд дайрагдаад чирэгдээд өнхөрнө. Энэ хавирганууд машин дайрснаас болж хугарсан, машин бол цээж, хэвлий аарцаг, хөлөөр нь дайраад гарсан байгаа. Элэг нь бас задарсан байгаа. Хүнд даацын машин хөл дээгүүр нь гарахад эд эрхтнүүддээ шахагдаад хавирга хугарах боломж байхгүй. Элэгний задралаа тооцохгүй байхад эгэм, аарцаг ясны хугарал бол цэвэр машин дайрсантай холбоотой. Цээжин дээгүүр нь машин гарч байж хавирга хугарна. Талийгаачийн ходоодны шингэнээс 4,9 промиль, шээснээс 4,4 промиль этилийн спирт гарсан, ийм зэргийн согтолттой хүн биеэ авч явах чадвар муу байдаг. Тэгэхдээ тухайн хүний биеийн онцлог, ходоод нь хоолтой байсан эсэх, урьд нь архи уусан байсан эсэх зэргээс хамаараад архи даах чадвар өөр өөр байдаг. 3,8 хувийн согтолт бол маш өндөр. Тухайн хүний архи даах чадвараас хамаараад алхаад ирэх боломжтой байж болно. Шинжээчийн дүгнэлтээр духны зүүн хэсгийн цус хуралт, баруун хацарт урагдсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл гарсан. Энэ гэмтлүүд машины эд ангид цохигдох зэргээс үүсэж болно гэв.
5. Шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би тухайн өдөр тээврийн хэрэгсэлтэйгээ хөдлөхөөс 10 орчим минутын өмнө машинаа асаасан. Тухайн үедээ би тээврийн хэрэгслээ бүтэн тойрч татлагаа чангалсан. Тухайн үед миний машины эргэн тойронд хүн болон машин тэрэг харагдаагүй. Харин яг хөдлөх үедээ тээврийн хэрэгслийнхээ урд талын болон машины зүүн тал болон хойд талыг харахад ямар нэгэн зүйл ажиглагдаагүй тул тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдөлсөн... гэх мэдүүлэг /1 дугаар хх-ийн 188 дугаар хуудас/,
6. Хохирогч М.Х-н хууль ёсны төлөөлөгч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би ээж Х-тай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Ө*** тоотод цуг амьдардаг. Манай ээж 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ “гарчихаад ирье” гээд явсан. Тухайн өдөр ээж 88670381 дугаартай өөрийнхөө утсаар залгаад “ээждээ санаа зоволтгүй ээж нь хонхорт айлд байна” гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 8-9 цагийн үед над руу өөрийнхөө дугаараас залгаад “надад тэтгэврийн зээл хийгээд өг миний данс руу хийчих” гэж хэлэхээр нь би тухайн үед “би танд зээл авч өгөхгүй, таны утас байхгүй болохоор би зээл авах боломжгүй” гэж хэлээд би өөрөө утсаа тасалсан. Тэрнээс хойш ээж надтай холбогдоогүй. Тэгтэл 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр амь нас хохирсон байдалтай байсан... ...Би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Надтай ямар нэгэн хүн холбогдож ярьсан зүйл байхгүй... ...Миний тухайд гомдолтой байна. Би оршуулгын зардал болох 7 826 055 төгрөг нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулах саналтай байна. Хэрэгт нэмж шалгуулах зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30, 32-33, 35 дугаар хуудас/,
7. Иргэний хариуцагч А.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Б нь тухайн тээврийн хэрэгслээр 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж явсан. Өмнө нь тухайн тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцож байгаагүй. Би тухайн үед эрхийн үнэмлэхгүй гэдгийг нь мэдээгүй. Өмнө нь тээврийн хэрэгсэл барьж замын хөдөлгөөнд оролцдог байсан болохоор санаанд ороогүй. Ямар нэгэн гэрээ хийж ажилд авсан зүйл байхгүй. Би тээвэр хийх гэж тухайн компани дээр машинаа оруулж ачаа тээвэр хийдэг. Тухайн машин миний өөрийн эзэмшлийн машин болохоор тухайн компанид хамаарал байхгүй. Тухайн үед миний эзэмшлийн машины тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаад хүний амь нас хохироосон гэдэг зүйлийг сонссон. Тийм болохоор гарсан хохирол төлбөрийг барагдуулна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
8. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу 2 дахь өдөр Зараагийн худаг дээрээс 10-11 цагийн үед намайг ус авч байхад хойноос явган хүрээд ирсэн. Х-г “юу хийж яваа юм” гэж хэлтэл “би шартаж үхэх гээд байна, банк орьё” гэж хэлээд миний машинд суусан. Тэгээд би усаа аваад хашаандаа очиж устай машинаа орхиод Х бид хоёр явган гарч такси бариад дээд талын Хаан банк дээр очсон. Х Хаанбанк руу орж тэтгэврийн зээл авсан. Тэгээд бид хоёр дээд Андууд дэлгүүр лүү 14 цагийн үед ороод Х өөрийнхөө картнаас 400 000 төгрөгийг АТМ-с уншуулж авсан. Тэр дэлгүүрээс том гахайн мах, Хараа нэртэй 0.33, 0.5 литрийн савалгаатай Боргио нэртэй лаазтай шар айраг, хайрцагтай сүү аваад Андуудаас гараад Т гэдэг айлд очсон. Х “манай найз байгаа юм” гэж хэлсэн. Айлд очиход Т хүүхтэйгээ байсан. “Өрөө өгье” гэж хэлээд 10 000 төгрөг өгч байсан. Т-гийн гэрийн гадаа гараад баруун талд нь сууж байгаад Т, Х бид 3 нийлж 0.33 литрийн савлагаатай архийг уусан. Лаазтай шар айргийг тэр хоёр хувааж уусан. Тэгээд би 00 орж бие засах гээд гарах үедээ гар утсаа Х-д өгөөд 00 орчихоод ирэхэд Х “явъя такси олоод ир” гэж хэлсэн. Тэгээд би Андуудын засмал зам дээр гараад байж байтал миний таньдаг хүн таарсан. Тэгээд би тэр хүнд “айлаас хүн авчаад явъя” гээд Т-гийн гэрт очиход Т нь Х-г “явуулахгүй” гээд байхаар нь би 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг аваад яваад өгсөн. Тэгээд би тэр хоёр хүнтэй ахиж уулзаагүй. 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед Х-аас утсаа авах гээд гэрт нь очтол “манай ээж өнгөрсөн” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-45 дугаар хуудас/,
9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай дүгнэлтэд:
- М.Х-н цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл: бүсэлхийн 3,4-р нугалмын бүрэн салсан хугарал, нугасны тасрал, цээжинд баруун эгэм гадна үзүүр хэсгээр, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы үйрч бутарсан хугарал, зүүн талын эгэм дунд хэсгээр 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы үйрч бутарсан хугарал, өвчүүний дотор гадаргууд цус хуралт, үнхэлцэг хальсны цоорол, зүрхний суурь болон уушигны артерийн хооронд язарч урагдсан шарх, 2 талын уушигны арын гадаргуу дахь олон тооны уушиг нэвтэрсэн шарх, уушигны няцрал, хүзүүний нугалмын цус хуралт, өрцний урагдал, улаан хоолойн цус хуралт, нарийн гэдэс, бүдийн гэдэсний гогцоо гарсан хэвлийн ил шарх, нарийн гэдэсний гадаргуу, чацархайн цус хуралт, зүүн ташаан толгойн яс гарсан аарцгийн хөндийн ил шарх, элэгний тархмал няцрал, зүүн бөөрний ар гадаргуу дахь цус хуралт, аарцаг ясны бутарсан хугарал, хуйханд духны дунд хэсгийн цус хуралт, зүүн сүүж ясны ил хугарал, зүүн дунд чөмөгний толгойн хэсгийн ил хугарал, зүүн шилбэ ясны дээд хэсгийн ил зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний доод хэсгийн ил хугарал, баруун шилбэ ясны дээд хэсгийн ил хугарал, баруун дунд чөмөг дунд хэсгийн далд хугарал, зүүн гуяны дээд гадна хэсгийн яс ил гарсан шарх, зүүн өвдөг, зүүн шилбэний яс ил гарсан урагдсан шарх, баруун гуяны дээд гадна хэсгийн шарх, баруун гуяны дунд гадна хэсэг, баруун өвдөг, баруун шилбэний доод дотор хэсгийн яс зөөлөн эд ил гарсан шарх, баруун хацарт урагдсан шарх, хамрын нуруунд, зүүн мөрөнд, зүүн даланд, зүүн далны доод хэсгээр, зүүн өгзөний дээд хэсгээр, зүүн ташаан толгойн дээд хэсгээр, хэвлийн баруун хажуу талаар, баруун цавинд, баруун далны дээд хэсгээр, баруун өгзөг, баруун гуяны ар талаар, баруун тахим, баруун шилбэнд дээд ар хэсгээр зулгаралт, баруун шууны доод гадна хэсэгт, баруун шилбэний урд доод хэсэг тавхайгаар, зүүн өвдөг, зүүн шилбэний дээд гадна хэсгээр дарагдалт, зүүн шууны дээд ар хэсэгт, баруун бугалганд, хэвлийн баруун хажуу талд шинэ цус хуралт, Зүүн бугалганы доод дотор хэсэгт, өвчүүний баруун дээд хэсэгт, баруун хацарт хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл: бүсэлхийн 3,4-р нугалмын бүрэн салсан хугарал, нугасны тасрал, цээжинд баруун эгэм гадна үзүүр хэсгээр, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы үйрч бутарсан хугарал, зүүн талын эгэм дунд хэсгээр 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы үйрч бутарсан хугарал, өвчүүний дотор гадаргууд цус хуралт, үнхэлцэг хальсны цоорол, зүрхний суурь болон уушигны артерийн хооронд язарч урагдсан шарх, 2 талын уушигны арын гадаргуу дахь олон тооны уушиг, нэвтэрсэн шарх, уушигны няцрал, хүзүүний нугалмын цус хуралт, өрцний урагдал, улаан хоолойн цус хуралт, нарийн гэдэс, бүдийн гэдэсний гогцоо гарсан хэвлийн ил шарх, нарийн гэдэсний гадаргуу, чацархайн цус хуралт, зүүн ташаан толгойн яс гарсан аарцгийн хөндийн ил шарх, элэгний тархмал няцрал, зүүн бөөрний ар гадаргуу дахь цус хуралт, аарцаг ясны бутарсан хугарал, хуйханд духны дунд хэсгийн цус хуралт, зүүн сүүж ясны ил хугарал, зүүн дунд чөмөгний толгойн хэсгийн ил хугарал, зүүн шилбэ ясны дээд хэсгийн ил зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний доод хэсгийн ил хугарал, баруун шилбэ ясны дээд хэсгийн ил хугарал, баруун дунд чөмөг дунд хэсгийн далд хугарал, зүүн гуяны дээд гадна хэсгийн яс ил гарсан шарх, зүүн өвдөг, зүүн шилбэний яс ил гарсан урагдсан шарх, баруун гуяны дээд гадна хэсгийн шарх, баруун гуяны дунд гадна хэсэг, баруун өвдөг, баруун шилбэний доод дотор хэсгийн яс зөөлөн эд ил гарсан шарх, баруун хацарт урагдсан шарх, хамрын нуруунд, зүүн мөрөнд, зүүн даланд, зүүн далны доод хэсгээр, зүүн өгзөний дээд хэсгээр, зүүн ташаан толгойн дээд хэсгээр, хэвлийн баруун хажуу талаар, баруун цавинд, баруун далны дээд хэсгээр, баруун өгзөг, баруун гуяны ар талаар, баруун тахим, баруун шилбэнд дээд ар хэсгээр зулгаралт, баруун шууны доод гадна хэсэгт, баруун шилбэний урд доод хэсэг тавхайгаар, зүүн өвдөг, зүүн шилбэний дээд гадна хэсгээр дарагдалт, зүүн шууны дээд ар хэсэгт, баруун бугалганд, хэвлийн баруун хажуу талд шинэ цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нас барах агшинд үүссэн байна.
- Цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай, үхэлд шууд нөлөөлжээ.
- Зүүн бугалганы доод дотор хэсэгт, өвчүүний баруун дээд хэсэгт, баруун хацарт хуучин цус хуралт гэмтэл нь 3-5 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- М.Х-н биед шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
- М.Х нь О/I/ бүлгийн харьяалалтай цустай байна.
- Талийгаачийн цусанд 3,8 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
- М.Х нь цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ. /1 дүгээр хх-ийн 74-78 дугаар хуудас/,
10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 009/012 дугаартай дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бүс, хар өнгийн богино ханцуйтай цамц, улаан хүрэн өнгийн дээл, хар өнгийн өмдөнд гэмтэл үүссэн байна.
- Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино ханцуйтай цамцны ар хэсэгт 10х10,5 см, улаан хүрэн дээлэнд 20х21 см хэмжээтэй шинээр үүссэн гогдолт. Хар өнгийн өмдний урд талд 60х8, 16.5х5 см, шар өнгийн бүсэнд 8 см хэмжээтэй шинээр үүссэн урагдалт. Хар өнгийн өмдний ард талд 12х1 см хэмжээтэй шинээр үүссэн халцралт. Улаан хүрэн өнгийн дээлний ард талд 23, 48 см хэмжээтэй шинээр үүссэн ханзарсан уранхай байна
- Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд үүссэн гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Б /1 дүгээр хх-ийн 102-108 дугаар хуудас/,
11. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 009/013 дугаартай дүгнэлтэд:
- Тээврийн хэрэгслийн гадна тал болон доод эд ангиудаас биологийн гаралтай ул мөр, хувцасны тасархай, наалдац, сэмэрдэс, гогдол илрэхгүй байна.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Б /1 дүгээр хх-ийн 113-120 дугаар хуудас/,
12. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 009/014 дугаартай дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн №18, 19 дугаартай гэрэл зургаар бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн №18 дугаартай мөр нь 29-90 АА улсын дугаартай чиргүүлийн хойд тэнхлэгийн зүүн талын дугуйны хээтэй, №19 дугаартай мөр 29-90 АА улсын дугаартай чиргүүлийн хойд тэнхлэгийн баруун талын дугуйны хээтэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Б /1 дүгээр хх-ийн 125-130 дугаар хуудас/,
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3569 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан тээврийн хэрэгслийн шаврын хаалт дээр цусны ул мөр илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Илэрсэн цусны ул мөр нь хүний цус байна.
- Тээврийн хэрэгслийн шаврын хаалт дээр илэрсэн цусны мөр нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч П.У /1 дүгээр хх-ийн 135-137 дугаар хуудас/,
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3570 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртын агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн У.Б /42н/ гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Ж /1 дүгээр хх-ийн 144-146 дугаар хуудас/,
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3568 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн шороон дээрээс цус болон биологийн ул мөр илрээгүй.
Дүгнэлт гаргасан: Генетик мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, ШУ-ны магистр цагдаагийн дэслэгч Б.Ш /1 дүгээр хх-ийн 151-152 дугаар хуудас/,
16. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1000259 дугаартай дүгнэлтэд:
Хариулт-1. Уг тээврийн хэрэгсэл нь гэрэлтүүлэх хэрэгсэл, дугуй, тоормос зэрэг үзүүлэлтээр техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Ерөнхий байдал өнгө үзэмжийн хувьд зүүн хойд талын тоормосны гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. Уг тээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 16.43кН, баруун талдаа 16.98кН, зөрүү нь 3.2%,/стандарт 20%/ 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.45кН, баруун талдаа 1.75 кН, зөрүү нь 74.2%, 3-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 8.05 кН, баруун талдаа 9.75 кН, зөрүү нь 17.43%, /стандарт30%/ авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2-р тэнхлэгийн дугуйн хээний гүн 0мм
Хариулт-2. Дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын өмнө ашиглалтын үед үүссэх байж болох.
Хариулт-3. Уг тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй. Үзлэгийн техникийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 16.43кН, баруун талдаа 16.98кН, зөрүү нь 3.2%, /стандарт 20%/ 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.45кН, баруун талдаа 1.75 кН, зөрүү нь 74.2%, 3-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 8.05 кН, баруун талдаа 9.75 кН, зөрүү нь 17.43%, /стандарт 30%/ тоормосны системийн ажиллагаа хэвийн хэдий ч 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүчний зөрүү их, тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна.
Хариулт-4. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 0-11,0мм /стандарт ачаа дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.0 мм-ээс багаггүй байх/ буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины урд болон хойд дугуйнуудын хэмжилтийг хүснэгтээр харууллаа.
Хариулт-5. Орсон огноо-2024.05.03, үр дүн-тэнцсэн , салбар-Замын-Үүд,
Хариулт-6. Орсон огноо-2024.05.03, дуусах огноо-2025.05.03, үр дүн-тэнцсэн, салбар-Замын-Үүд,
Хариулт-7. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Э.А /1 дүгээр хх-ийн 159-165 дугаар хуудас/,
17. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.М-н 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 003/2024 дугаартай мөрдөгчийн магадлагаанд:
- 42-34 ДГС улсын дугаартай Volvo маркийн тээврийн хэрэгслийн жолооч У.Б нь /ЗЙ82110716/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
- Амь хохирогч М.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх, Хэрэв зөрчсөн бол ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн бэ? 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх,
- 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3.7.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.М /1 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас/,
18. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 6-17 дугаар хуудас/,
19. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 23-26 дугаар хуудас/,
20. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 79-94 дүгээр хуудас/,
21. Хохиролын тооцоо /1 дүгээр хх-ийн 211-234 дүгээр хуудас/,
22. Шүүгдэгч У.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 189 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч У.Б-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч У.Б нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Цахиуртын 4-401 тоот хашааны гадна талд иргэн А.Ш 42-34 ДГС улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам дээр хэвтэж байсан М.Х-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н өмгөөлөгч Ц.Т гэм буруугийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч Ц.Т миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч У.Б нь Волво маркийн 42-34-98 ДГС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас М.Х-н амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 7 826 100 төгрөгийг шүүгдэгч У.Б нөхөн төлсөн хэдий ч миний үйлчлүүлэгч Г.У нь өөрийн төрсөн эхээ алдсан, энэ гэмт хэргийн улмаас байнгын сэтгэл санааны хямралтай байдаг. Энэ сэтгэл санааны хямралтай байдал нь түүний хавдарт нөлөөлсөн, Ц.У-н хавдар нь томорсон. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус зааснаар шүүгдэгч У.Б, иргэний хариуцагч А.Ш нараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 99 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Х-н хууль ёсны төлөөлөгч Г.У-т олгох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.Б-н өмгөөлөгч Ж.Х гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч У.Б нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 42-34 ДГС улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ М.Х-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Өмгөөлөгч миний зүгээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Говьсүмбэр аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтээр “...талийгаачид цээж хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл бүсэлхийн 3, 4 дүгээр нугаламын бүрэн салсан хугарал нугасны тасрал, цээжинд баруун эгэм гадна үзүүр хэсгээр баруун 1,2,3,4,6,7,8,9,10,11,12-р хавирганы үйрч бутарсан хугарал, зүүн талын эгэм дунд хэсгээр 1,2,3,4,6,7,8,9,10,11,12-р хавирганы үйрч бутарсан хугарал, өвчүүний дотор гадаргуут цус хуралт...” зэрэг гэмтлүүд учирсан. Шүүгдэгч У.Б-н жолоодож явсан машин хөдөлгөөн эхлэхдээ дайрсан гэж үзвэл аль дугуйгаар дайрч гарсан, талийгаач аль дугуйн дор байсан зэрэг нь тодорхойгүй байна. Мөн прокурорын яллах дүгнэлтэд “...М.Х-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон...” гэж бичсэн ба болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан. Аль эсхүл прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн байдлыг тодотгох үүднээс оруулсан эсэх нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тодорхой төрлийн гэмт хэргүүд дээр хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан. Гэтэл хохирогч М.Х-н хууль ёсны төлөөлөгч Г.У-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргаагүй байна. Иймд шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч У.Б нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цахиуртын 4-401 тоот хашааны гадна талд иргэн А.Ш Волво маркийн 42-34 ДГС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч М.Х-г дайрч амь насыг нь хохироосон үйл баримт болсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч У.Б-н өмгөөлөгч Ж.Х-аас гаргасан “Шүүгдэгч У.Б-н жолоодож явсан машин хөдөлгөөн эхлэхдээ дайрсан гэж үзвэл аль дугуйгаар дайрч гарсан, талийгаач аль дугуйн дор байсан зэрэг нь тодорхойгүй байна” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Говьсүмбэр аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтээр “...талийгаачид цээж хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл бүсэлхийн 3, 4 дүгээр нугаламын бүрэн салсан хугарал нугасны тасрал, цээжинд баруун эгэм гадна үзүүр хэсгээр баруун 1,2,3,4,6,7,8,9,10,11,12-р хавирганы үйрч бутарсан хугарал, зүүн талын эгэм дунд хэсгээр 1,2,3,4,6,7,8,9,10,11,12-р хавирганы үйрч бутарсан хугарал, өвчүүний дотор гадаргуут цус хуралт...” зэрэг гэмтлүүд учирсан. Шинжээч Л.Ж нь шүүх хуралдаанд “...Задлан шинжилгээний дүгнэлт дээр тодорхой байгаа. Хавирга баруун зүүн хоёр талдаа хугарсан, бүсэлхийн 3, 4 дүгээр нугалам бүрэн салаад нугас тасарсан байгаа. Тэгэхээр том машины дугуй хоёр давхар байдаг, мөн дугуйны өргөнийг тооцоолох хэрэгтэй. Талийгаачийн дээгүүр дугуй гарахдаа цээжний дээд хэсгээр гарсан. Талийгаачийн гар хугараагүй байсан, жижиг биетэй хүн байсан учраас хөлөө татаад гараа дээш өргөсөн байдалтай байсан. Энэ байдлаар бие нь бүр жижиг болж орж ирнэ гэсэн үг. Дугуй бол цээжний дээд хэсгээр, аарцгаар дамжигдаад гарсан байгаа...” гэж мэдүүлсэн. Мөн хэргийн газрын үзлэгээр шүүгдэгч У.Б-н жолоодож явсан Волво маркийн 42-34 ДГС дугаартай тээврийн хэрэгслийн мөр нь мөн болох нь тогтоогдсон, дугуйны шаврын хаалт дээрх толбо нь хүний цус болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3569 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Ж.Х-аас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч У.Б нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч У.Б нь Волво маркийн 42-34 ДГС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч М.Х-г дайрч амь насыг нь хохироосон болох нь хохирогч М.Х-н хууль ёсны төлөөлөгч Г.У, иргэний хариуцагч А.Ш, гэрч Н.О, гэрч У.Э, нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 009/012 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 009/013 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 009/014 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3569 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3570 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3568 дугаартай шинжээчийн дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1000259 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.М-н 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 003/2024 дугаартай мөрдөгчийн магадлагаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч У.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болоХ-г ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч У.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч У.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүйгээс уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч У.Б-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас М.Х-н амь нас хохирсон ба шүүгдэгч У.Б нь оршуулгийн зардалд гарсан 7 826 100 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут нөхөн төлсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н өмгөөлөгч Ц.Т-гаас “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н сэтгэцэд учирсан хохирол болох 99 000 000 төгрөгийг шүүгдэгч У.Б, иргэний хариуцагч А.Ш нараас гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заажээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөлсний доод хэмжээ буюу 660 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н сэтгэцэд учирсан хохиролыг бодоход 99 000 000 төгрөг болж байна. Харин талийгаач Г.У нь нас барах үедээ 57 настай байсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар сэтгэцэд учирсан хохиролыг тооцох гэхэд хүн амын дундаж наслалт нь 2024 оны байдлаар эрэгтэй хэд, эмэгтэй хэд болох талаарх судалгаа хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс хохирогчид аль ашигтай байдлаар шийдвэрлэх боломжгүй байна.
Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус заасан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н сэтгэц хэрхэн хохирсон талаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У нь сэтгэл санааны хохиролоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу шүүгдэгч У.Б, иргэний хариуцагч А.Ш нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийг хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н өмгөөлөгч Ц.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг. Гэхдээ хүний амь нас хохирсон хэрэг дээр ял шийтгэлийн бодлого гэж байх ёстой. Шүүхээс хүний амь нас хохирсон байдлыг харгалзан үзэж шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.Б-н өмгөөлөгч Ж.Х эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Улсын яллагчаас “шүүгдэгч У.Б-н хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 7 826 100 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийг хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хамгийн бага хугацаагаар тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч У.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч У.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах санал гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан ба энэ нь хамгийн багадаа 5 жил 1 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох санал гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас яваХ-г хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Шүүгдэгч У.Б-н хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг боловч түүнийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэх нь боломжгүй байна. Учир нь Дорноговь аймаг нь 14 сумтай, 109,5 мянган квадрат километр өргөн уудам нутаг дэвсгэртэй аймаг тул шүүгдэгч У.Б-г тус аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж шүүхээс үзлээ. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг түр өөрчлөх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь 2 жил 1 сарын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч У.Б-д оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2024.06.07-ны өдрийн ослын бичлэг” гэж хаягласан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дустал хэрэгт хадгалж, шар өнгийн бүс 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, ханцуйтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээл 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн хос гутал 1 ширхэг, цагаан саарал өнгийн хос оймс 1 ширхэг, тээврийн хэрэгслийн шаврын хаалт хэсгийн тасархай 1 ширхэг, газрын хөрснөөс авсан дээж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт У-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-т 7 826 100 /долоон сая найман зуун хорин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болоХ-г тус тус дурдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У нь сэтгэцэд учирсан хохиролоо шүүгдэгч У.Б, иргэний хариуцагч А.Ш нараас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болоХ-г дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2024.06.07-ны өдрийн ослын бичлэг” гэж хаягласан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дустал хэрэгт хадгалж, шар өнгийн бүс 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, ханцуйтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээл 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн хос гутал 1 ширхэг, цагаан саарал өнгийн хос оймс 1 ширхэг, тээврийн хэрэгслийн шаврын хаалт хэсгийн тасархай 1 ширхэг, газрын хөрснөөс авсан дээж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болоХ-г дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ