| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/00106/э |
| Дугаар | 2024/ШЦТ/110 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ....нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... ....холбогдох 2417001070112 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ...., ...., ....хамт Г.... аймгийн С... сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... овогт .... ..../РД:.../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ....нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай авто замын 413/246 км шонгийн ойролцоо ....улсын дугаартай Тоёота Хайс загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4 Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч хохирогч .... эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өглөө 7 цагийн үед Айраг сумаас гарсан. Замын цоорхойг бүгдийг нь бөглөсөн байсан. Би 80 км/ц-н хурдтай явж байхад урд том цөмөрсөн нүх гараад ирэхээр нь тойроод баруун талаар нь гарах гэж дараад буцаад дарсан. Тоормосоо аажуухан гишгэхэд машины хурд нь нэмэгдээд байхаар нь хартал хааз дээрээ гишгэсэн байсан. Сандраад тоормос гишгэхэд машины бөгс нь эсрэг урсгал руу ороод хойшоо явж байсан машин урагшаа хараад замын хажуу руу унаад буцаж босож ирсэн. Манай ээж газар үлдсэн байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Осол болох үед би жолоо барьж байсан. Ээждээ мөнгийг нь өгөөд хот руу эмчилгээнд явуулсан. Хүзүүний хагалгаанд орно гэж байсан. Эмнэлэгт 10 хоног хэвтээд хагалгаанд орох шаардлагагүй өөрөөр нь эдгээнэ гэсэн. Эрүүл мэндийн даатгалын төлбөр байгаа талаар би саяхан мэдсэн, тухайн төлбөрийг төлнө гэв.
2. Хохирогч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хүзүү, нурууны тасагт хэвтэн эмчлүүлсэн. Нэг үеэ бодвол би өөрөө хоол ундаа идээд их сайхан болж байна. Миний охин албаар намайг гэмтээгээгүй тул надад гомдол санал байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, одоо миний биеийн байдал хэвийн байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24, 26 хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Дүгнэлтэд дурдагдсан гэмтэл тухайн хэрэг болох өдөр машин онхолдох үед юманд цохисон байх гэж бодож байна. Машин онхолдохоос өмнө бол зүгээр байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон .... Шивээговь сумын эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 115 970 төгрөг, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засалд ороход эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1 596 853 төгрөг, Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 260 000 төгрөг тус тус гарсан байна. Нийт 1 972 823 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/,
5. Иргэний хариуцагч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би ....улсын дугаартай Toyota Hiace маркийн цагаан өнгөтэй бага оврын автобусыг 2021 оны 11 дүгээр сард худалдаж аваад өөрийнхөө хэрэгцээнд ашиглаж байгаад 2023 оны хавар .... гэдэг хүнд 13 000 000 төгрөгөөр зарсан. .... нь 2024 оны хавар мөнгөө цувуулж өгөөд дуусгасан. Би нэрээ шилжүүлэх гэтэл .... хөдөө явж ирээд шилжүүлнэ гээд надтай холбогдоогүй байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44 хуудас/,
6. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 07 дугаар сарын 20-ны өглөө эхнэр ...., хадам ээж .... нарын хамт Айраг сумаас 08 цагийн орчим Чойр луу гарсан. Би ....улсын дугаартай цагаан өнгийн Toyota Hiace маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Миний нойр хүрээд, нүд бүрэлзээд холын юм харж чадахгүй байхаар нь эхнэр ....арагшаа орж унтлаа, чи машинаа жолоодоод яв, миний нойр хүрээд байна гээд Өлзийт зөрлөгийн орчим зогсоод эхнэртээ машинаа өгөөд арын суудалд хэвтсэн. Харин ээж жолоочийн арын суудал дээр сууж явсан. Би хэвтээд л унтсан бөгөөд нэг мэдэхэд машин донслоод шарвах шиг болохоор нь сэртэл машин унаад буцаж босож ирээд 4 дугуйн дээр зогссон. Би машины зүүн талын хаалгаар гарахад манай машин хатуу хучилттай замын ертөнцийн зүгээр баруун талд нь баруун хойд зүг рүү хараад зогссон байсан. Хадам ээж .... машины баруун талд газар хэвтэж байсан. Би хадам ээжийг босгоод байж байтал манай эхнэр машинаас гараад ирсэн. Тухайн үед хадам ээжийн толгойноос цус гарч баруун нүдний доод хэсэгт, хамрынх нь хажууд шалбарсан харагдаж байсан. Хажуугаар явж байсан хүмүүс зогсоод эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн, удалгүй эмнэлэг ирээд ээжийг аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-47 хуудас/,
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 192 дугаартай дүгнэлтэнд: “Н.....ын биед зүүн далны орчимд, баруун тохой орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 53-54 хуудас/,
8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай дүгнэлтэнд: “Ш.....ийн биед дагз, хүзүү, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид алдагдуулахгүй.”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 60-61 хуудас/,
9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаартай дүгнэлтэнд: “....биед хүзүүний С2 дугаар нугалмын их биеийн зөрөөтэй хугарал, нугасны зайн цус хуралт, С2 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал, баруун хацар ясны нумны хугарал, баруун шууны доод хэсгийн далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, толгойн баруун зулай хэсэгт урагдсан шарх, баруун нүдний дотор өнцөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд, зүүн далны доод хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хүзүүний С2 дугаар нугалмын их биеийн зөрөөтэй хугарал, нугасны зайн цус хуралт, С2 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. Баруун хацар ясны нумны хугарал, баруун шууны доод хэсгийн далд хугарал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, толгойн баруун зулай хэсэгт урагдсан шарх, баруун нүдний дотор өнцөг няцарсан шарх, зүүн нүдний зовхинд, зүүн далны доод хэсгээр цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 66-68 хуудас/,
10. Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 008/2024 дугаартай магадлагаанд: “Жолооч ....нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.”
Магадлагаа гаргасан ахлах дэслэгч С.Мөнх-Эрдэнэ гэжээ. /х.х-ийн 89-90 хуудас/,
11. “Ашид билгүүн” ХХК-ны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /х.х-ийн 84-85 хуудас/,
12. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 4, 5-12, 13-14, 16, 18, 123-126 хуудас/,
13. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлын баримт, худалдах худалдан авах гэрээний хуулбар, 0527401 дугаартай шийтгэлийн хуудас, өвчний түүх /х.х-ийн 32, 40-41, 131, 135-172 хуудас/,
14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 116 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч ....нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай авто замын 413/246 километрийн шонгийн орчимд ....улсын дугаартай Тоёота Хайс загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж тээврийн осол гаргасны улмаас хохирогч ....биед хүзүүний С2 дугаар нугалмын их биеийн зөрөөтэй хугарал, нугасны зайн цус хуралт, С2 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Ш.....ийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ....нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ш....., гэрч ....нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 008/2024 дугаартай магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч ....нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ....нь өөрийгөө өмгөөлж оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч ....нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаанд хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох саналыг,
шүүгдэгч ....нь эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэснийг тус тус дурдлаа.
Шүүгдэгч ....нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ш.....эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ....нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ....нь хохирол нэхэмжлээгүй тул түүнийг хохирогч ....төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч ....эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1 972 823 төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Ш.....өөс 1 972 823 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ....нь цагдан хоригдоогүй, хохирогч ....төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ш.....тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.....тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.....оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч ....нь цагдан хоригдоогүй, хохирогч ....төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.....өөс 1 972 823 /нэг сая есөн зуун далан хоёр мянга найман зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.....урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА