Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 109/ШШ2022/0097

 

 

 

 

 

 

 

                                        109/ШШ2022/0097

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Н.М

            Хариуцагч: Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарын хоорондын “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалыг  бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.М нь Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад  холбогдууланАрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалыг  бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр маргаж байна.

2. Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4. дэх заалтыг тус тус үндэслэн Мал амьтны эрүүл мэндийн өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Нарандуламын Мийг өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажил хүлээлцсэн дүнг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танилцуулахыг ажлыг хүлээлцэх комиссын бүрэлдэхүүний ахлагч /Ө.У/-т даалгаж, Н.Мийн ажилласан хугацааны амралтын мөнгийг бодож олгохыг ахлах нягтлан бодогч /Ц.Ц/-т зөвшөөрсөн байна.

3. Улмаар нэхэмжлэгч Н.М нь дээрх захирамжид холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 01/1522 дугаар албан бичгээр хариу хүргүүлжээ. Ийнхүү дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

4. Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2019 оны 3 сараас 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим, бүртгэл, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр тасралтгүй ажилласан. ... Архангай аймгийн Мал эмнэлгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “намайг ажил тасалсан, ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мэдээ мэдээллийг буруу мэдээлсэн, гоц халдварт өвчний мэдээ тайлан хүргүүлээгүй гэх үндэслэлээр надад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3.-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулахаар сонсох ажиллагаа хийсэн. ... 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 50 минутын орчим сонсох ажиллагааны мэдэгдлийг надад өгч гарын үсэг зуруулсан. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би захиргаа санхүүгийн албаны дарга С.Жоос “сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбогдуулан би ямар тайлбар бичиж өгөх вэ” гэхэд “Та өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарья гэсэн хүсэлт бичээд өгчих тэгвэл сонсох үйл ажиллагаатай холбоотой тайлбар өгөх шаардлагагүй. Дараа нь төрийн албанд ороход ч танд хэрэгтэй, хариуцлага тооцож арга хэмжээ авагдвал төрийн албанд ажиллах боломжгүй болно” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Захиргаа санхүүгийн албаны дарга С.Ж намайг утсаар удаа дараа дуудаж “Та өргөдлөө яаралтай бичиж өг, дараагийн чинь хүнийг ажилд нь авах гээд байна” гэж хэлсэн. Би ямар утгатай тайлбар бичиж өгөх вэ? гэхэд “Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлттэй байна” гэж бич гэсэн. Тэгээд би эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй байна гэсэн утга бүхий өргөдөл бичиж, өргөдлөө 2022 оны 5 дугаар сарын 12- ны өдрийн 11 цагийн үед бичиг хэргийн ажилтанд өгсөн. Өргөдлөө өгчхөөд дарга нарын шаардсанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгч болохгүй, өөрийнхөө асуудлыг өөрөө шийдье гэж бодоод 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 10 минутын үед бичиг хэргийн ажилтнаас өргөдлөө буцааж авсан. Гэтэл бичиг хэргийн ажилтан араас залгаад “Та яагаад өргөдлөө аваад явчхаж байгаа юм бэ? буцааж авчирч өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өргөдлөө буцааж өгөхгүй, би буруу бичиж өгсөн байна, өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд бичиг хэргийн ажилтан Д.А “Наад өргөдлөө өгсөн, өгөөгүй таны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг канондоод аваад үлдчихсэн байгаа” гэж хэлсэн. Намайг өргөдлөө буцааж авахад миний хүсэлтийг шийдвэрлээгүй байсан. Үүний дараа 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутын үед намайг ажлаас чөлөөлөх тушаал гарчихсан ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгээд Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Ө.У “ирж ажлаа өг” гэж дахин дахин дуудаж, аргагүй эрхэнд би ажлаа хүлээлцсэн. Намайг анхнаасаа л ажлаас халах сонирхолтой байсан учраас байнга ажлаар шахдаг байсан. Миний оронд Билэгжаргалыг /манай байгууллагын нарийн бичиг Д.Аын найз залуу/ ажилд оруулах гэж манай удирдлагууд улайрсаар ирсэн. Билэгжаргал нь мал ийн лабораторид шимэгч судлаач эмчээр хүний оронд түр ажиллаж байгаад, 2022 оны 3 дугаар сараас улсын байцаагч жирэмсний амралтаа авсны дараа уг ажлыг давхар хийж байгаа. 2021 оны 12 дугаар сард миний ажлын байранд тусгай шалгалт зарлагдаж, Билэгжаргал бид хоёр өрсөлдөж, би нэгээр, Ж.Б хоёроор гарсан. Намайг шалгалтад орохын өмнөх өдөр ажлаар шахаж орой 20 цаг хүртэл ажиллуулсан. Надаас бусад шалгалтад орох хүмүүс нь шалгалтдаа бэлдэнэ гээд үдээс хойш ажилдаа ирээгүй. Би шалгалтдаа бэлдээгүй унавал яана гэхэд захиргаа санхүүгийн албаны дарг  “шалгалтад нэгээр гарсан хүн нь ажилдаа орно шүү дээ, тэр тодорхой” гэж хэлсэн. Энэ мэтээр намайг мал амьтны эрүүл мэндийн албанд өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахгүй гэж шахсаар байгаад надаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1- д зааснаар “... биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” тохиолдолд ажлаас түр чөлөөлөх зохицуулалтай. Гэтэл надаас “түр чөлөө авах эсхүл ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөх эсэх” талаар ч тодруулаагүй. Надаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гялс бичүүлж аваад ажлаас нь чөлөөлчихье гэсэн хууль бус хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой байсан.  Миний бие хүсэлтээ өгсөн даруйдаа удалгүй буцаагаад авахад намайг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байсан. Гэтэл ажлаас чөлөөлүүлэх ямар ч хүсэлт байхгүй байхад “Н.Мийн хүсэлтийг үндэслэн ...” гэж хууль бус үндэслэл заан тушаал гаргаж, намайг цаашид ажил үүргээ хэвийн явуулж, цалин хөлс авах боломжгүй болгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

 “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасныг үндэслэл болгосон. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” тохиолдолд ажлаас чөлөөлөхөөр зохицуулсан. Гэтэл би төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн санаачилгаар гаргаагүй. Намайг ятгаж, яаж бичихийг нь хэлж өгч бичүүлсэн. Үүнээс гадна энэхүү өргөдлөө буцаагаад авчихсан байхад тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалыг  бүхэлд нь хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан “Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож”, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн. Тэр дагуу захиргаа санхүүгийн албаны дарга Жт сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу хариугаа яаж бичих талаар өрөөнд нь орж асуутал танд угаасаа арга хэмжээ авагдах учраас өөрийн хүсэлтээр ажлаас гаргах хүсэлтээ биччихвэл төрийн албанд ороход ашигтай байдаг гэж хэлсэн. Тэгээд энэ тухайгаа бодож байсан. Тэгсэн маргааш нь Ж дарга өрөөндөө дуудаад та яаралтай өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өг дараагийн хүнийг авах хэрэгтэй байна гээд шахаад байхаар нь өөрийнх нь өрөөнд сууж байгаад юу гэж бичих вэ гэтэл өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлтээ бич гэж хэлсэн. Тэгэхэд нь олон жил ажилласан учраас яаж өөрийн хүсэлтээр гэж бичих вэ эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр гаргах тухай бичиж болох уу гэтэл болно гэсэн. Тэгээд бичээд Ж даргад шалгуулаад болно гэхээр нь өөрөөс нь шинэ цаас аваад хүсэлтээ бичээд бичиг хэрэгт оруулж өгсөн. Тэгээд хариад буруу зүйл хийснээ мэдээд өргөдлөө авахаар 14 цагийн үед мал эмнэлгийн газар ороод Ж даргатай үүдэнд таарахад өргөдлийг шийдвэрлэсэн талаар яриагүй. Тэгээд 3 цаг өнгөрөөгөөд мал эмнэлгийн эрүүл мэндийн албаны дарга Ууганбаяр та ирж ажлаа хүлээлгэж өг гээд удаа дараа залгаад байхаар нь тушаал гараагүй байхад юу гэж ажлаа өгөх юм гэтэл таны тушаал гарсан ажлаа хүлээлгэж өг гээд шахаад байсан. Би өнөөдөр ажлаа хүлээлцэхгүй маргааш хүлээлцэнэ гэхэд та мэдэж байгаа биз дээ манай эхнэр төрсөн та хурдан ажлаа өгчих гэж шахсан. Албан шахалтаар ажлаа өгсөн учраас гомдолтой байна. Би Мал эмнэлгийн газарт 15 жил ажилласан учраас өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө бичиж өгөхгүй нь тодорхой. Мөн 4-5 жил ажиллаад тэтгэвэрт гарах учраас өөрийн хүсэлтээр өргөлдлөө өгөөгүй албан шахалтаар өргөдлөө өгсөн гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б/39 тоот тушаалаар нэхэмжлэгч Н.Мийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т заалт нь өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн ямар ч оролцоогүйгээр ажилтнаас өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан хүсэлтийг ойлгоно гэж улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ганбатын мэдүүлэг тухайн үед 5 дугаар сарын 10-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн. Энэ сонсох ажиллагааны мэдэгдэл зэргээс харахад ямар нөхцөл байдал харагддаг вэ гэхээр нэхэмжлэгч Н.Мийг өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй гэдэг нөхцөл байдал илэрхий харагдаж байгаа. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэхээс илүүтэй түүний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах явцад сонсох ажиллагааны тайлбар өгөх шаардлагагүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгчихвөл амар байдаг гэж ятгаж өргөдөл бичүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ж энэ талаар мэдүүлэхдээ тодорхой хариулт хэлээгүй байсан. Энэ нөхцөл байдлыг шалгуулахаар цагдаагийн газарт гомдол мэдээлэл гаргасан. Үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргах гэсэн боловч нэхэмжлэгч биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хот руу явах ажилтай гэсэн учраас энэ талаарх хүсэлтээ гаргаагүй байгаа. Энэ тохиолдолд ажилтныг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь үндэслэлгүй. Үүнээс гадна Архангай аймгийн мал эмнэлгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл авагдсан. Энэ мэдэгдэлд тайлбарыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй байх нь сахилгын шийтгэл оногдуулахгүй  байх үндэслэл болохгүй гэж сонсох ажиллагааны тэмдэглэлд дурдсан. Сонсох ажиллагаа явуулах нь захиргааны байгууллага болоод Мал эмнэлгийн газрын үүрэг юм. Гэвч сонсох ажиллагаатай холбоотой тайлбар саналаа гаргах нь нэхэмжлэгчийн эрх, түүнээс биш нэхэмжлэгчийн үүрэг биш. Гэтэл мэдэгдэлдээ танаас тайлбар ирүүлээгүй байсан ч арга хэмжээ авах бүрэн боломжтой гэдгийг дурдсан атлаа захиргаа санхүүгийн албаны дарга Ж өргөдөл тайлбараа өг гэдэг байдлаар 3 удаа утсаар залгасан нөхцөл байгаа. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр энэ хүнээс тайлбар авсан аваагүй сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбоотой ажиллагаа өөрсдөө хийж сахилгын шийтгэл оногдуулах бүрэн боломжтой байхад яагаад энэ хүнийг заавал өглөө өөрийнхөө өрөөнд оруулж өргөдөл бичүүлэх гээд байсан юм бэ. Энэ нөхцөл байдлаас харахад дарамт шахалтаар бичүүлсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж дарга 3 удаа Н.М рүү утсаар залгасан байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа. Үүнтэй холбоотой баримтыг Мобиком ХХК-аас гаргуулах гэсэн боловч тухайн утсаар ярьсан дуудлага 3 сарын хугацаанд хадгалагддаг учраас гаргах боломжгүй гэдэг тайлбар өгсөн. Жыг шүүхэд ийм байдлаар гэрчийн мэдүүлэг өгнө гэдгийг нэхэмжлэгч талаас мэдээгүй байсан учраас утсаар ярьсантай холбоотой үйл баримтыг хожимдож гаргуулах нөхцөл байдал үүссэн. Ж болсон үйл явдлын талаар худал мэдүүлэг өгөөгүй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Яагаад энэ хүнээс тайлбар авах гээд өрөөндөө өргөдөл бичүүлсэн үйл баримт нь хүчээр өргөдөл бичүүлсэн зүйл харагдаж байна. Хэрвээ энэ хүнээс дуудаж тайлбар авах шаардлагагүйгээр дурдсан учраас танд эрхийг чинь эдлүүлсэн үү эдлүүлсэн тайлбар сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн та хугацаандаа хариу тайлбараа өгөөгүй байна гэдгээр тушаал гаргах бүрэн боломжтой байхад яагаад өрөөндөө дахин дахин дуудаад байсан юм. Энэ нөхцөл байдлыг хариуцагч тал мэдэж байгаа байх гэж бодож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт  зааснаар хэргийн оролцогчид шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэй. Шүүгч мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө тайлбарласан. Үүнээс гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан. Тэгэхээр албан хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм аа гэдэг үйл баримтад тайлбарласан нэхэмжлэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж өгөөч ээ гэж шүүхээс хүсэж байна. Үүнээс гадна ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгөөд 2-3 цагийн буцаагаад авсан. Буцаагаад авсан байхад иргэн хүний өргөдлөө буцааж авах субьектив эрхийг нь зөрчиж тухайн байгууллага өөрөө шийдвэрийг нь гаргачихсан. Тухайн үед хэрэгт авагдсан баримтаар 14 цагийн дараа буцаагаад өргөдлөө авахдаа Ж дарга, бичиг хэргийн ажилтантайгаа нэхэмжлэгч өөрөө таарсан. Нөхцөл байдал яах вэ гэхээр Ж дарга тушаал чинь гарсан гэдэг нөхцөл байдлыг хэлэхгүй байлаа гээд гэхэд бичиг хэргийн ажилтан нь өргөдлөө буцааж авъя гэж ирсэн хүнд таны тушаал чинь гарсан гээд гардуулах бүрэн боломжтой. Гэтэл тухайн үед энэ тушаал нь ерөөсөө гараагүй байсан учраас энэ талаар хэн ч юу ч дурсаагүй. Харин 15 цаг 30 минутад Ууганбаяр даргыг залгасан тухайн нөхцөл байдалд тушаал шийдвэр гарсан нөхцөл байдал харагдаж байгаа юм. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн өргөдлөө татан авч байгаа субьектив эрхийг нь зөрчиж шийдвэр гаргасан учраас энэ тушаал хууль бус байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Мал эмнэлгийн дэргэдэх даргын зөвлөл 11 цаг 40 минутад хуралдсан гэдэг нөхцөл байдал тогтоогддог. Гэтэл албан ёсоор Н.Мийг хэзээ ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэх вэ гэхээр Мал эмнэлгийн газрын даргын тушаал гарсны дараа энэ хүнийг ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх бүрэн боломжтой. Хэдийгээр даргын дэргэдэх зөвлөл хуралдаад энэ хүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдсэн байлаа гэхэд эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ гэхээр мал эмнэлгийн газрын дарга С дарга өөрөө гаргах ёстой. Хөдөлмөрийн дотоод журам холбогдох хууль тогтоомжид өөрийн нь эрх хэмжээний асуудал байгаа. Гэтэл нэхэмжлэгчийг өргөдлөө буцааж авахад С даргын тамга тэмдэг гарын үсэгтэй тушаал гараагүй байсан. Эндээс юу гэж харагдах вэ гэхээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байхад нь нэхэмжлэгч өөрөө хүсэлтээ буцааж авсан нөхцөл тогтоогдож байгаа. Үүнээс гадна нэхэмжлэгчийн хүсэлтийг харахаар ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдье гэсэн зүйл харагдахгүй байгаа. Харин эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдмөөр байна гэсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх болон бүр чөлөөлөх зохицуулалт аль алинд нь тусгагдсан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, мөн хуулийн 46.1.1-т хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, 46.2.-т .өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн гэдэг ийм зохицуулалттай. Энэ тохиолдолд яах вэ гэхээр хариуцагч талаас захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хэргийн нөхцөл байдалд хамаарах шийдвэр гаргахад нөлөөлөх бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байсан.  Өөрөөр хэлбэл та эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа түр чөлөөлөгдөх гээд байгаа юм уу эсхүл хэсэг хугацааны дараа буцаж орох юм уу эсхүл бүрмөсөн чөлөөлөгдөх гэж байгаа юм уу гэдэг нөхцөл байдлыг тодруулсны дараа шийдвэрээ гаргах ёстой. Яагаад гэхээр энэ тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг ямар нэг байдлаар зөрчигдөж байгаа. Гэтэл даргын дэргэдэх зөвлөл нь хурлаа хийхдээ ч Н.Мд мэдэгддэггүй шийдвэр гаргасныхаа дараа ажлаа хүлээлгээд өгчих гэдэг байдлаар хандсан. Магадгүй захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээд нэхэмжлэгчээс тухайн нөхцөл байдлыг тодруулаад захиргаа удирдлагын хэлтэс нь тухайн хуралдаа нэхэмжлэгчийг оролцуулаад хүсэлтийг нь тодруулж асуусан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж үзэж байгаа. Мөн Н.Мийн өөрийн гаргасан өргөдлөө буцаагаад авах субьектив эрх ашгийг нь зөрчиж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-т заасан бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагааг баримтлах тусгай зарчмыг зөрчсөн гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байгаа. Яагаад гэхээр нэгэнт тухайн хүнийг өргөдлөө буцаагаад авахад захирлын тушаал гараагүй байсан. Гэтэл өргөдөл хүлээн авсныхаа дараа таны энэ гар ноорогч чинь байгаа шүү дээ канондож аваад үлдсэн гэдэг байдлаар тушаал гаргаж байгаа нь өөрөө хууль бус нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа. Үүнээс гадна Н.М буцаад ажилдаа оръё гэж удирдлагууддаа хүсэлт гаргахаар жижүүртэй хэлээд Н.Мийг битгий оруулаарай гэдэг өргөдөл хүсэлт гаргах боломжийг нь хязгаарласан. Н.Мөнгэрэлийн гэр бүлийн хүн Ганбат нь маргааш нь ажил дээр нь очоод уулзах гэтэл С, Ж дарга нь ч байхгүй ийм нөхцөл байдал гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг дурдаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа юм. Гэтэл Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б/39 дугаартай тогтоол гаргахдаа энэ заалтыг зөрчиж гаргасан. Тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т энэ нөхцөл байдал тогтоогдоогүй байхад өөрийн санаачилгаар гэж баримтлан гаргаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн байна гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас энэ тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан цалин хөлс болоод нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна”. гэв.

 

7. Хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн Газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Ө.Уын зүгээс Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 дугаар оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/77 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд шүлхий өвчинд хэт мэдрэг амьтан болох гахай, үхэр сургийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор мэргэжилтнүүдтэйгээ 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 11 цагт албаны хурал хийсэн. Өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Н.Мд аймгийн хэмжээнд хийгдэж байгаа ажил арга хэмжээ, өвчлөлийн мэдээ, зураглалыг таны явуулсан мэдээгээр ерөнхий газар дүгнэж, улсын хэмжээнд нэгтгэгдэх тул няхуур хянамгай ажиллах талаар зөвлөгөө өгсөн. Тэр үед сувилалд хэвтэх гэж байгаа талаар дуулгасан. Мал амьтны эрүүл мэндийн алба нь нийт 5 хуний орон тоотой бөгөөд тухайн үед улсын ахлах байцаагч /Б.М/ нь жирэмсэн амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан байсан учир 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед хүн хүч дутмаг байсан тул таны албан тушаалын тодорхойлолтод заасан мэдээ тайланг нэгтгэх албан хаагч байхгүй байна. Цаашлаад мэдээ тайлан буруу явуулах, алдаа дутагдал гаргавал байгууллагын нэр дээр тогтохгүй аймгийн хэмжээний асуудалд сөрөг үр дагавар гарах тул та эмнэлэгт хэвтэхээ түр хойшлуулж болохгүй юу гэсэн хүсэлтийг албаны мэргэжилтнүүдийн дэргэд тавьсан. Үдээс хойш Н.М хойшлуулахаар боллоо шүү гэдгийг өөрөө хэлсэн. Мал эмнэлгийн ерөнхий газрын хяналт үнэлгээний газрын дарга Н.Болдбаатар дарга таныг битгий хэвт гэсэн гэж хэлсэн удаа байхгүй хамт олон гэрчилнэ. Н.М нь албан тушаалын тодорхойлолтын 1-4 дүгээр зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/77 дугаар тушаалаар батлагдсан “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулах нэгдсэн удирдамж”-ийн 6 дугаар зүйлийн 6.4/ Аймгийн МЭГ-ын мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн дархлаажуулалтын өдөр тутмын болон нөхцөл байдлын мэдээллийг тарилга эхэлсэн өдрөөс хойш цахимаар илгээсэн хүснэгтийн дагуу өдөр бүрийн 16:30 цагт багтаан [email protected], [email protected] цахим хаягаар илгээх /-ийн дагуу шүлхий өвчний мэдээ тайланг цаг тухай бүрд Мал эмнэлгийн ерөнхий газар болон аймгийн онцгой комисст мэдээлэх үүрэг хүлээж байсан бөгөөд энэ үеэр хэд хэдэн зөрчил гаргасан.  Үүнд: 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажлын цагаар, 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлын байран дээр архи  согтууруулах ундаа хэрэглэсэн. Үүнээс хойш 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл шалтгаан тодорхойгүй ажил тасалсан. ... Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3.-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулах гэсэн заалт байхгүй бөгөөд байгууллагын зүгээс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Н.Мийг оролцуулан сонсгох ажиллагаа хийгээгүй ба харин байгууллагын дотоод хяналт шалгалтын комисс нь 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Н.Мийг дуудан Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албан зөвлөлийн даргын хамтарсан тушаалын 2.2-т заасны дагуу холбогдох нотлох баримтуудыг цуглуулж шалгасны ундсан дээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна гэж үзэн тус тушаалын 2.6-д заасны дагуу холбогдох баримт материалыг Н.Мд танилцуулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан. Ингэхдээ Н.Мд энэ сонсгох ажиллагаа биш танд нотлох баримтыг танилцуулж байгаа шүү гэж удаа дараа хэлж тайлбарласан.

 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сонсгох ажиллагааны мэдэгдлийг Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Ө.У , мэргэжилтэн Г.О, бичиг хэргийн эрхлэгч Д.А нар утсаар дуудаад ирэхгүй байсан учир гарт нь очиж гардуулан өгөх явцад би сонсгох ажиллагаанд оролцохгүй тийм учраас наад мэдэгдлийг чинь хүлээж авахгүй гэж татгалзаж байсан бөгөөд үүний дараа удалгүй өөрийн биеэр ирж гардан авч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Н.Мд байгууллагын зүгээс та өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж шахаж шаардаж, дарамт огт үзүүлээгүй бөгөөд харин Захиргаа санхүүгийн албаны дарга С.Ж нь сонсгох ажиллагаа болох өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн өглөө залгаж та тайлбараа өгөх үү. Өнөөдөр 14 цагаас сонсгох ажиллагаатай шүү та цагтаа ирээрэй гэж утсаар 2 удаа залгаж хэлж мэдэгдсэн . ... 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж нэгэнт сонсох ажиллагаанд оролцохгүйгээр өөрөө хүсэлтээ өгсөн учир иргэний хүсэлтийг хүндэтгэн өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 7.2, 7.3., 7.4., 7.6., 15 дугаар зүйлийн 15.1., 15.3., дахь хэсгийн дагуу иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр болсон. Үүний дараа Н.Мийг дуудан тушаалыг гардуулан өгсөн. Н.М нь өргөдлөөсөө татгалзах талаар тухайн үед амаар болон бичгээр хэнд мэдэгдээгүй бөгөөд төд удалгүй ажил дээр ирж архив бичиг хэргийн эрхлэгч Д.Ааас эгч нь өргөдлөөсөө нэг юм хараадахъя гэж хэлээд шууд аваад гэр рүүгээ явсан байсан.  Тус  байгууллага нь ажлаас чөлөөлөгдөх болон ажилд орохоор ирүүлсэн иргэний хүсэлтийг олшруулан эх хувийг тухайн тушаалын ард,олшруулсан хувийг бүртгэл хяналтын карт хөтлөн даргаар цохолт хийлгэж өргөдөл гомдолд хавсаргадаг. Иймд байгууллагын өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карттай цуг аваад явсан өргөдлөө буцааж авъя гэхэд Н.М байхгүй шатаасан гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш Н.М утсаа аваагүй тул аймгийн Цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гомдлын картаа буцааж авсан юм. ... Иймд Н.Мийг байгууллагын зүгээс ажлаар шахах болон өөр ямар нэг төрлөөр дарамт шахалт үзүүлээгүй тул Н.Мийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

8. Хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын тайлбарыг сонслоо 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тушаал гарсан. 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй гэж байх шиг байна. Миний хувьд ажилдаа эрт ирээд орой болтол сууж байгаад явдаг. Тухайн үед 1-2 цагийн ч юм уу захиргаанд хуралтай байсан байж магадгүй, бусад үед ажлын байрандаа байдаг. Мөн жижүүрийн асуудлыг хөндөж ярьж байх шиг байна. Урьд нь Оюунтуяа гэж манай жижүүр байсан. Н.М эмчийн ойрын төрлийн хүн байдаг. Саяхан шинээр жижүүр авсан. Тэр хүнд тухайлж хориглож цагдаж тухайлан хэлж байгаагүй. Жудагтай байхыг хүсэж байна. Хүнийг худлаа гүтгэж болохгүй. Би 5 билүү 6 сард өөрөө ирээд уулзаадхаач гэж хоёр ч удаа ярьсан. Эрдэнэмандал суманд нөхөр нь хувийн мал эмнэлэгтэй учраас тэндээ тусалж байгаа гэдэг хариу өгсөн байгаа. Тэгээд 1 дэх өдрөө очно гэсэн боловч түүнээс хойш өдийг хүртэл надтай ирж уулзаагүй. Өргөдлөө гаргачхаад эргэж ажилдаа орох талаар болон утсаар мэдэгдсэн зүйл байхгүй”. гэв.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дугаартай мал эмнэлгийн газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага мөн гаргасан. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Яагаад вэ гэхээр нэгдүгээрт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” бол гэж заасан. Гэтэл өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг Н.М өөрөө гаргасан. Хэрэгт энэ талаарх баримт авагдсан байгаа. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй байна гээд гарын үсгээ зурсан байгаа. Нэхэмжлэгч эрүүл мэндийн байдлын улмаас түр чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэж хэллээ ийм үг өгүүлбэр байхгүй. Энэ хүсэлтийг даргын дэргэдэх 6 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл хуралдаж хүсэлтийн дагуу чөлөөлөх тушаал гаргасан. Иргэн тухайн үеийнхээ эмоциор хүсэлт гаргасан үдээс хойш энэ хүсэлтээ авах хүсэлт гаргаж өргөдлөө авсан байна. Гэхдээ тэр өдрөө юм уу маргааш нь дарга дээрээ ороод би хүсэлтээ буруу өгчихжээ гээд тушаалаа өөрчилж өгнө үү гэсэн асуудал яригдах ёстой. Гэтэл ийм асуудал огт яригдаагүй. Зөвхөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь авагдсан. Энэ хүсэлтийн дагуу мал эмнэлгийн газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж энэ хүнийг ажлаас чөлөөлсөн ийм үйл явдал байгаа. Нэгэнт өөрөө хүсэлтээ өгсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.24 дэх хэсэгт заасныг үндэслэж энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байгаа. Энэ ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд яриад байгаа. Хэрэв ухаан алдаж унах юм уу ямар нэг сэтгэцийн өвчин байхгүй бол дарга нь утасдаж хүсэлтээ өөрчлүүлэх юм уу гэж асууна гэж байхгүй. Та хувь хүнийхээ хувьд шүүхэд гаргаж өгсөн үнэмлэхээр мундаг гэж харагдаж байна.  Өнөөдрийн шүүх хуралдаанаас өөрийгөө зуун хувь илэрхийлэх чадвартай гэдэг нь харагдаж байна. Ж нөлөөлсөн гэж ярилаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үүнийг гаргаад байх шаардлага байхгүй. Тухайн үедээ Ж дарга шахаж бичүүлсэн талаараа хэлж цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоолгосон байх ёстой. Гэтэл цагдаагийн байгууллагад ч хандаагүй хэрнэ өнөөдөр ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч үндэслэлгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дугаартай мал эмнэлгийн газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Н.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

   Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

 

1. Нэхэмжлэгч Н.М нь Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Н.Мийг ажилд томилох тухай” Б/69 дугаартай тушаалаар тус байгууллагын Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.[1]

2. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэг Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.2.-т “төрийн захиргааны алба”, 6.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэг Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна: 12.1.8.-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын 4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай: 4.7. Мал эмнэлгийн газар; гэж тус тус заасан бөгөөд Архангай аймгийн Архангай аймгийн мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Н.М нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд буюу төрийн захиргааны албан тушаалтан мөн байна.

3. Улмаар Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Н.Мийг ажлаас чөлөөлөх тухай” Б/39 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4.дэх заалтыг тус тус үндэслэн Мал амьтны эрүүл мэндийн өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Нарандуламын Мийг өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.[2]

Хоёр.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

4. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. дахь хэсэг “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4. дэхөөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж тус тус заасныг үндэслэн, Н.М нь өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт  ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ[3].

5. Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...намайг мал амьтны эрүүл мэндийн албанд өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахгүй гэж шахсаар байгаад надаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн., ...би төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн санаачилгаар гаргаагүй. Намайг ятгаж, яаж бичихийг нь хэлж өгч бичүүлсэн. Үүнээс гадна энэхүү өргөдлөө буцаагаад авчихсан байхад тушаал гаргасан нь үндэслэлгүй байна” гэж тайлбарлаж маргадаг.

6. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлдээ: Н.Мд байгууллагын зүгээс та өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж шахаж шаардаж, дарамт огт үзүүлээгүй бөгөөд харин Захиргаа санхүүгийн албаны дарга С.Ж нь сонсгох ажиллагаа болох өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн өглөө залгаж та тайлбараа өгөх үү. Өнөөдөр 14 цагаас сонсгох ажиллагаатай шүү та цагтаа ирээрэй гэж утсаар 2 удаа залгаж хэлж мэдэгдсэн. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж нэгэнт сонсох ажиллагаанд оролцохгүйгээр өөрөө хүсэлтээ өгсөн учир иргэний хүсэлтийг хүндэтгэн өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 7.2, 7.3., 7.4., 7.6., 15 дугаар зүйлийн 15.1., 15.3., дахь хэсгийн дагуу иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр болсон” гэж маргадаг.

Архангай аймгийн мал эмнэлгийн газрын Даргын дэргэдэх зөвлөл нь ажилтны ажлаас чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэх эрх хэмжээ олгогдсон эсэх тухайд

7. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан.

8. Хариуцагч Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Мал эмнэлгийн газрын хөдөлмөрийн дотоод журам”[4]-ын 3.8-д “Газрын даргын удирдлагад орон тооны бус, тусгай үүрэг, эрх бүхий зөвлөл, хороо, албан тушаалтан ажиллана. Үүнд: Даргын дэргэдэх зөвлөл, Тав. Хөдөлмөр зохион байгуулалт, 5.1.4 Төрийн албан хаагчийг ажилд авах, ажлаас чөлөөлөх, халах асуудлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу газрын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, даргын тушаалаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

9. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зохицуулсан дээрх хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтаас харахад тус байгууллагад даргын дэргэдэх зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөл нь байгууллагынхаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх эрх хэмжээтэй болох нь харагдаж байна.

10. Иймээс нэхэмжлэгч Н.Мийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн, улмаар Мал эмнэлгийн газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “...Намайг өргөдлөө буцааж авахад миний хүсэлтийг шийдвэрлээгүй байсан гэх үндэслэлийн тухайд

11. Нэхэмжлэгч нь Н.М нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт хандан “Нарандулам овогтой М миний бие нь мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албанд өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Иймд энэ хугацаанд ажилласан амралтын мөнгийг олгож өгнө үү.”  гэсэн агуулга бүхий өргөдөл гаргаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт хандан гаргасан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн өргөдөл, Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Н.Мийг ажлаас чөлөөлөх тухай Б/39 дүгээр тушаал, өргөдөл гомдлын бүртгэл-хяналт карт, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Даргын /Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын/ дэргэдэх зөвлөлийн хурлын 11 дугаартай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

12. Нэхэмжлэгч Н.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...өргөдлөө 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед бичиг хэргийн ажилтанд өгсөн. ...Өргөдлөө өгчхөөд дарга нарын шаардсанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгч болохгүй, өөрийнхөө асуудлыг өөрөө шийдье гэж бодоод 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 10 минутын үед бичиг хэргийн ажилтнаас өргөдлөө буцааж авсан....Намайг өргөдлөө буцааж авахад миний хүсэлтийг шийдвэрлээгүй байсан. Үүний дараа 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутын үед намайг ажлаас чөлөөлөх тушаал гарчихсан ажлаа хүлээлгэж өг гэсэн” гэжээ.

13. Нэхэмжлэгч Н.М нь Ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын Архив, бичиг хэргийн ажилтанд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгч улмаар, Архив, бичиг хэргийн ажилтан нь өргөдлийг хүлээн авч байгууллагын өргөдөл, гомдлын Бүртгэл-хяналтын картаар баталгаажуулан бүртгэн авч, байгууллагын даргадаа танилцуулж, тус байгууллагын Даргын дэргэдэх зөвлөл 2022 оны 5 дугаар сарын 12-ны 11 цаг 44 минутад хуралдаанаа эхлүүлж Н.Мийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн 12 цаг 15 минутад дуусгаж “2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Н.Мийг өөрийнх нь  хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хэлэлцсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл”[5], гэрч Т.Алтанзагасын гэрчийн мэдүүлгээр[6] тус тус тогтоогдож байна.

14. Улмаар нэхэмжлэгч Н.М нь Мал эмнэлгийн газрын Архив, бичиг хэргийн ажилтанд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед хүлээлгэн өгсөн өргөдлөө тухайн өдрийн 14 цаг 10 минутын үед бичиг хэргийн ажилтнаас буцааж авч явсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрч Д.Аын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн[7]: “...2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өглөө ажлаа хийгээд өрөөндөө сууж байхад Н.М нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө надад өгсөн. Өргөдлийг нь бүртгэл хяналтын картаар бүртгэлжүүлээд даргадаа танилцуулсан., Даргын дэргэдэх зөвлөл 11 цагийн үед хуралдсан. Н.М өргөдлөө авч явахаас өмнө хуралдсан. Би газрын дарга дээр өргөдлийн барьж орж даргад танилцуулсан. Өргөдлийг дарга цохолт хийж даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэхээр болсон. Даргын дэргэдэх зөвлөлийн хурал 11 цаг 44 минутад хуралдсан. Н.М өргөдлөө 9 цагийн үед авчирч өгсөн. Н.М өргөдлөө 14 цагийн үед авч явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Гын шүүхэд өгсөн мэдүүлэгт[8] дурдсан “...Намайг цайны цагаар ирэхэд өргөдлөө өгсөн гээд сууж байсан. Тэгэхээр нь би ажлаас чөлөөлөх өргөдлөө өөрөө өгч болохгүй буцааж авах ёстой шүү гэж би эхнэртээ хэлсэн. Өдөр цайны цагаар 14 цагийн үед өргөдлөө бичиг хэргийн ажилтан н.Алтанзагасаас аваад ирлээ гэж хэлсэн. Өргөдөл өгөх гэж байгаа тухай хэлэхэд би өгч болохгүй гэж хэлсэн”  гэсэн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогддог.

15. Дээрх баримтаас харахад нэхэмжлэгч Н.Мийн нэхэмжлэлдээ дурдсан: “...Намайг өргөдлөө буцааж авахад миний хүсэлтийг шийдвэрлээгүй байсан” гэсэн тайлбар цаг хугацаа, үйл баримтын хувьд дээрх нотлох баримтаар няцаагдаж байна.

16. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь байгууллагадаа гаргасан өргөдлөө буцааж авч явахаас цаг хугацааны хувьд өмнө нь нэхэмжлэгч Н.Мийн өргөдлийг тус байгууллагын Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Мал эмнэлгийн газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Н.Мийг ажлаас чөлөөлөх тухай” Б/39 дүгээр тушаалыг гаргасан байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан “...түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй гэх үндэслэлийн тухайд

 

17. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх талаар тухайлбал, хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:, 46.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;”, 46.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.4.өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;” гэж  төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх харилцааг ялгамжтай байдлаар зохицуулжээ.

18. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтад зааснаар “...биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” тохиолдолд ажлаас түр чөлөөлөх зохицуулалттай. Гэтэл надаас “түр чөлөө авах эсхүл ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөх эсэх талаар ч тодруулаагүй...” гэжээ.

19. Гэтэл нэхэмжлэгч Н.М ч Архангай аймгийн мал эмнэлгийн газарт 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна.Иймд энэ хугацаанд ажилласан амралтын мөнгийг олгож өгнө үү”  гэж бичсэн нь  ажлаасаа чөлөөлөгдөж хүсэл зориг илэрхийлж гаргасан байна гэж ойлгогдохоор, хариуцагч ч эл агуулгаар нь ойлгож Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч нь ажлаас чөлөөлөх хүсэлтээ гаргасан байна гэж үзэн шийдвэрлэснийг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

20. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй.”,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 2.8. Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ. Үүнд:1/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгох;” гэж зохицуулжээ.

21. Ажилтан ажлаас чөлөөлөгдөж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үед ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгохоор дээрх хууль болон журмаар зохицуулжээ.

22. Нэхэмжлэгч Н.М ч өргөдөлдөө “...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Иймд энэ хугацаанд ажилласан амралтын мөнгийг олгож өгнө үү”  гэж бичсэн нь  ажлаасаа чөлөөлөгдөж хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа дуусгавар болгох, улмаар ээлжийн амралтыг мөнгийг зохих журмын дагуу авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан  “... шахсаар байгаад надаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн., ...би төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн санаачилгаар гаргаагүй. Намайг ятгаж, яаж бичихийг нь хэлж өгч бичүүлсэн гэх үндэслэлийн тухайд

23. Нэхэмжлэгч Н.М нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай агуулга бүхий өргөдлөө өөрөө бичиж гарын үсгээ зуран, өөрөө биечлэн бичиг, хэргийн ажилтанд өгсөн болох нь нэхэмжлэгчийнх өөрийнх нь нэхэмжлэлдээ дурдсан “...Тэгээд би эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй байна гэсэн утга бүхий өргөдөл бичиж, өргөдлөө 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед бичиг хэргийн ажилтанд өгсөн. Өргөдлөө өгчхөөд дарга нарын шаардсанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгч болохгүй, өөрийнхөө асуудлыг өөрөө шийдье гэж бодоод 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 10 минутын үед бичиг хэргийн ажилтнаас өргөдлөө буцааж авсан. Үүний дараа 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутын үед намайг ажлаас чөлөөлөх тушаал гарчихсан ажлаа хүлээлгэж өг гэсэн” гэх тайлбар[9],

24.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ дурдсан: “...Н.Мд байгууллагын зүгээс та өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж шахаж шаардаж, дарамт огт үзүүлээгүй бөгөөд харин Захиргаа санхүүгийн албаны дарга С.Ж нь сонсгох ажиллагаа болох өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн өглөө залгаж та тайлбараа өгөх үү. Өнөөдөр 14 цагаас сонсгох ажиллагаатай шүү та цагтаа ирээрэй гэж утсаар 2 удаа залгаж хэлж мэдэгдсэн” гэх тайлбар[10],

 

25.Гэрч Д.Аын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн[11]: 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өглөө ажлаа хийгээд өрөөндөө сууж байхад Н.М нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө надад өгсөн. Өргөдлийг нь бүртгэл хяналтын картаар бүртгэлжүүлээд даргадаа танилцуулсан. Эгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа тул өргөдлөө өгч байна гэж хэлсэн”...гэх мэдүүлэг,

 

26.Гэрч С.Жын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн[12]: “...Өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн байсан. Асуулт: Таны зүгээс иргэн Н.Мийг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачих гэж хэлсэн зүйл байна уу? Хариулт: Хэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

27.Гэрч С.Ганбатын шүүхэд өгсөн мэдүүлэгт[13] дурдсан “...Намайг манай ажлынхан ажлаар шахаад ажлаас гаргах гээд байна гэж надад хэлсэн. М 2008 оноос одоог хүртэл олон жил ажилласан. Намайг ажлаас чөлөөлөх гэхээр нь “би болохгүй одоо тэтгэвэрт гарах гэж байгаа учраас болохгүй” гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өглөө бид 2 ажилдаа явах гээд гарсан. Намайг цайны цагаас ирэхэд өргөдлөө өгсөн гээд сууж байсан. Тэгэхээр нь би ажлаас чөлөөлөх өргөдлөө өөрөө өгч  болохгүй буцааж авах ёстой шүү гэж би эхнэртээ хэлсэн.  Өдөр цайны  цагаар 14 цагийн үед өргөдлөө бичиг хэргийн ажилтан н.Алтанзагасаас аваад ирлээ гэж хэлсэн. Өргөдөл өгөх гэж байгаа тухай хэлэхэд би өгч болохгүй гэж хэлсэн. Өөрөө хүсэлтээ өгөх юм бол амар байдаг. Цалин, тэтгэвэр, тэтгэмж авахад амар байдаг гэж хэлсэн.  Өөрийн хүсэлтээ өргөдлөө өгчих юм бол цалин тэтгэмж сайн олддог уу гэж Цэрэндолгороос утсаар асууж байсан гэх мэдүүлэг,

 

28. Иймд нэхэмжлэгчийн өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан, хариуцагч захиргааны байгууллагаас өргөдлийг шийдвэрлэсэн, цаг хугацаа, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээрээс хариуцагч захиргааны байгууллага түүний ажилтны шахалт, шаардлага, зүй бус нөлөөллөөс болж ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

29. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “иргэн Н.Мээс Архангай аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдлын дагуу Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа санхүүгийн албаны дарга С.Ж нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэх гомдлын дагуу гэмт хэргийн тоо бүртгэлийн 2025 дугаарт бүртгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэх утгатай 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 29/4520 дугаартай албан бичиг[14], мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэх дээрх нөхцөл байдал нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг худал гэж үзэх, үнэлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан: “...түр чөлөө авах эсхүл ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөх эсэх талаар ч тодруулаагүй...” сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийн тухайд 

30. Нэхэмжлэгч Н.М нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Иймд энэ хугацаанд ажилласан амралтын мөнгийг олгож өгнө үү”  гэж бичсэн нь  ажлаасаа чөлөөлөгдөж хүсэл зориг илэрхийлж өргөдөл гаргасан байна гэж ойлгогдохоор байна.

31. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:” 28.1.3. дахь хэсэг иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;” гэж заажээ.  Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл нэхэмжлэгч Н.Мөнгэрэл нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр илэрхийлж хүсэлт гаргасан,  хүсэлтийг нь үндэслэн хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4.өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;” гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан хариуцагч захиргааны байгууллагыг “түр чөлөө авах эсхүл ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөх эсэх талаар”  дахин тодруулах, үүнтэй холбоотойгоор сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

32. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмын дагуу аливаа захиргааны байгууллагаас гаргаж буй акт нь хуульд үндэслэсэн тухайн хууль эрх зүйн хэмжээний агуулгад нийцсэн байх учиртай. Хариуцагч нь төрийн албан хаагчийн хүсэлтийнх нь дагуу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Н.Мийг өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь дээрх зарчмын агуулгад нийцсэн байна гэж үзэх үндэстэй байна.

33. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/1522 дүгээр албан бичгээр ... Та 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт хандан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын Даргын дэргэдэх зөвлөл хуралдсаны үндсэн дээр Таныг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал Таныг гаргасан хүсэлтийг үндэслэн тус аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна. Иймд Таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байна... гэх хариуг нэхэмжлэгч Н.Мд өгч байсан болохыг дурдах нь зүйтэй[15].

34. Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагаас Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Н.Мийг ажлаас чөлөөлөх тухай” Б/39 дүгээр тушаалаар Н.Мийг өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 28 дугаар зүйлийн 28.1.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтын агуулгатай нийцсэн байх бөгөөд нэгэнт өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

35. Харин Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч Н.Мийн ажил үүргээ хэрэгжүүлсэн байдалтай холбоотой нотлох баримтыг уг хэргийн нэхэмжлэлийн шаардлага, захиргааны актын үндэслэл, маргааны үйл баримтад шууд хамааралгүй гэж шүүхээс үзсэн болно.

36. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 28 дугаар зүйлийн 28.1.3., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4. дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Мийн шүүхэд гаргасан Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Н.Мийг ажлаас чөлөөлөх тухай” Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.Мийг урьд эрхэлж байсан Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ТҮВШИНТУЛГА

 

 

 

[1] Хавтаст хэргийн 128 дахь дэх тал

[2] Хавтаст хэргийн 29 дэх тал

[3] Хавтаст хэргийн 29 дэх тал

[4] Хавтаст хэргийн 162-176 дахь талд

[5] Хавтаст хэргийн 116-117 дахь тал

[6] Хавтаст хэргийн 146-148 дахь тал

[7] Хавтаст хэргийн 146-148 дахь тал

[8] Хавтаст хэргийн 191-193 дахь тал

[9] Хавтаст хэргийн 1-5 дахь тал

[10] Хавтаст хэргийн 22-27 дахь тал

[11] Хавтаст хэргийн 146-148 дахь тал

[12] Хавтаст хэргийн 149-150 дахь тал

[13] Хавтаст хэргийн 191-193 дахь тал

[14] Хавтаст хэргийн 194 дэх тал

[15] Хавтаст хэргийн 11 дэх тал