Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 0093

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Б.О

Яллагдагчийн өмгөөлөгч              Д.О

               Нарийн бичгийн дарга                 О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 682 дугаар захирамжтай, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг прокурор Б.О-н эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Б.

 

Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн Цагдаагийн газрын 2 дугаар байранд С.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 682 дугаартай захирамжаар:

Яллагдагч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, яллагдагч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

           

Прокурор Б.О эсэргүүцэлдээ:

 

“ ... Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр амаар гаргасан “... 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би хувийн ажлаар явж байтал С.Э нь намайг заналхийлэн айлгаж, намайг зодож танхайрсан ... ” гэх гомдол мэдээллийг Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаад Б.Быг зөрчлийн хохирогчоор, С.Эыг холбогдогчоор тогтоож мэдүүлэг авсан байх боловч, зөрчлийн хэргийг шалгах явцад Б.Б нь “... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлгийг өгч шинжээч томилуулаагүй, С.Эын биед шинжээч томилоход Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтээр С.Эын биед дээд зүүн 4-р шүдний хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах гэмтэл учирсан болох нь тогтоогдсон учир прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол мэдээлэл гаргагч Б.Б нь шинжээч томилуулаагүй, С.Эод нь хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг үндэслэж 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн 202500163 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Гомдол гаргагч Б.Бын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гаргаж өгсөн заналхийллийн талаарх нь утга агуулга бүхий зураг, мессежүүд нь цаг хугацааны хувьд 2019 оны 2, 3, 6, 12 дугаар сард бичсэн зурвасууд байх ба уг үйлдэлд С.Э нь 2019 оны 12 дугаар сард Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны цагдаагаас шалгагдаж торгуулийн арга хэмжээ авагдсан талаар хэрэгт авагдсан мэдүүлгийг үндэслэн С.Эын дээрх үйлдлийг дахин шалгаагүй байна.

Мөн түүний үйлдэл нь заналхийлэх гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн байдал нотлогдохгүй байна. Иймд хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд Б.Быг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 зүйл, 30.17 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй болно.

Хохирогч С.Эыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах дуудахад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс утас нь холбогдохгүй,  олдохгүй болсон бөгөөд хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулалгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл прокурорын хяналтын хугацааг сунгаж, хохирогч С.Эыг эрэн сурвалжилж олж тогтоон утсаар холбогдож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн, энэ талаараа ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Б эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... мэдэгдсэний дараа ... тэмдэглэл үйлдсэн, энэ талаарх хохирогч С.Этой ярьсан ярианы СД бичлэгийг прокурорын хэрэгт тусгах тогтоолоор хэрэгт тусгаж мөн зүйлийн 3 дахь хэсэг зааснаар ... хавтаст хэргийн материалтай танилцах боломж нөхцөлөөр бүрэн хангасан байна.

Гэтэл шүүх хохирогч С.Эод хэргийн материал танилцуулаагүй, эрхийг хангаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 682 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа:

 

“ ... Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт амаар гомдол гаргахдаа С.Э гэдэг хүн байнга ална гэж заналхийлж, дарамталж, сүрдүүлж улмаар Цагдаагийн газрын үүдэнд намайг цохиж авлаа гэдэг гомдол гаргасан байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ Б.Бын гомдлоор нээсэн ч түүний гомдлыг шалгаагүй орхисон. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн болохоор нь шинжээч томилоогүй гэжээ. Гэтэл амаар гаргасан Б.Бын гомдол айлган сүрдүүлдэг, заналхийлдэг дарамталдаг тухай дурдсан байхад ямар нэг шалгах ажиллагаа хийгээгүй. Гэтэл С.Эоос ядахдаа нэг удаа ч дээрх асуудлаар мэдүүлэг аваагүй мөртлөө Б.Бын утсанд С.Эоос заналхийлж бичиж байсан захидалд 2019 оны 12 дугаар сард арга хэмжээ авагдсан үндэслэлээр шалгаагүй гэжээ. Б.Бын мэдүүлэгт С.Эыг Хялганат тосгоны цагдаа торгосон гэдэг боловч энэ нь Б-н аав Б гэдэг хүний гэрийн үүдэнд гал асаасан үйлдэлд арга хэмжээ авагдсан байж болох бөгөөд харин Б.Быг ална гэж заналхийлсэн, дарамталсан, сүрдүүлсэн асуудлыг шалгаагүй мөртлөө нотлогдоогүй гэжээ.

Бусдын мэдүүлгээр гэмт хэрэг, зөрчил үйлдсэн эсэхийг шалгах ажиллагааг хийхгүй орхих ёстой гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг зөрчсөн байх бөгөөд мөн хуулийн 30 дугаар бүлэгт заасан хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаарх зохицуулалтыг ч зөрчсөн байдаг. Б.Бын гомдлыг ямар нэг байдлаар шийдвэрлэсэн юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13, 30.14, 30.17 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгүй шууд яллагдагчаар татсанаа зөв гэж прокурор шүүгчийн захирамжийг эсэргүүцжээ. Энэ талаарх үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч С.Э гэдэг хүн одоо ч янз бүрийн гар утасны дугаараас заналхийлсэн зурвасаа Б.Б болон түүний гэр бүлийн бүх хүмүүс рүү бичсээр л байна. Энэ баримтыг хэрэгт прокурорт буцаж очсоны дараа нотлох баримтаар гаргаж өгөхөөр бэлтгэсэн байгаа болно. Хохирогч гэгдээд байгаа С.Э нь хэрэг бүртгэлтийн үед оргон зайлсан байдаг. Өөрөө буруутай гэдгээ мэдээд зориуд Цагдаагийн байгууллагаас зугтаж зайлсхийж яваа энэ хүн гэмт үйлдлээ үргэлжлүүлсээр л явна. Хэргийн материал танилцуулаагүй гэдэг үндэслэлийг шүүгч хэргийг буцаах нэг үндэслэл болгосон нь зөв. С.Этой утсаар холбогдсон ярианы бичлэгийг хэрэгт хавсаргасан гэх боловч энэ нь С.Эын дуу хоолой мөн гэдгийг нотолж чадахгүй юм.

Гэмтлийн зэрэг тогтоох зааварт нэг шүд хугарахад гэмтлийн зэрэг тогтоохгүй, хөдөлмөрийн чадвар алдагдсан гэж үзэхгүй тухай заажээ. С.Эын ёзоор нь харласан нэг шүд хугарсан асуудал дээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О  дүгнэлтдээ: “ ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү ... ” гэжээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагч Б.Бт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Орхон аймгийн Прокурорын газрын прокуророос яллагдагч Б.Быг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн Цагдаагийн газрын 2 дугаар байранд хохирогч С.Этой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч Д.О-н хүсэлтийг үндэслэн Б.Бт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцээд “ ... хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ... оролцогчийн эрхийг хангаагүй ... ” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор Б.О өөрийн бичсэн эсэргүүцлийн талаар “ ... Б.Бын гаргасан гомдлыг шалгасан боловч тогтоогдоогүй ... хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан ... хохирогчийн эрхийг бүрэн хангасан ... ” гэсэн тайлбар гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Б.Б нь “ ... би хувийн ажлаар явж байтал С.Э нь намайг заналхийлэн, айлгаж, намайг зодож танхайрсан ...“ гэсэн гомдлыг тус Цагдаагийн газарт 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргаж /хх 3/, болсон хэргийн талаар тодорхой мэдүүлсэн /хх 4/ байх ба прокурор 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолоор Б.Бын гомдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

 

Улмаар мөрдөгч нь С.Эын талаар Б.Б, Д.О, П.Х, Б.Б, П.Б нараас мэдүүлэг авсан байх боловч шинжээчийн 230 дугаартай дүгнэлтийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С.Эыг хохирогчоор тогтоож, гомдол мэдээлэл гаргасан Б.Баас гэрчийн мэдүүлэг авснаас гадна түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлнэ”,

30.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, ... мөрдөгчид даалгана”, 30.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ ... үндэслэлгүй гэж үзвэл прокурор нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол гаргана” гэж тус тус заасан.

 

Гэтэл хуульд заасан дээрх журмын дагуу Б.Бын гаргасан “С.Э нь намайг заналхийлэн, айлгаж, танхайрсан” гэсэн гомдлыг шийдвэрлээгүй атлаа “ ... С.Э уг үйлдэлдээ шалгагдаж арга хэмжээ авагдсан , ... түүний үйлдэл нь нотлогдохгүй байна” гэсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Б.Бын гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, мөн С.Э нь ямар зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсан талаарх нотлох баримт байхгүйн зэрэгцээ С.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан “Заналхийлэх” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай байна.

 

Мөн “98112950 дугаарын утас руу олон удаа залгасан боловч холбогдох боломжгүй байх ба байгаа газар нь тогтоогдохгүй байгаа” гэсэн үндэслэлээр хохирогч С.Эод хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, ... -д хавтаст хэргийн материал танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Хохирогч С.Э нь хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар “шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх”, 3.4-т зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих” үүрэгтэй.

 

Гэтэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.1-д заасан асуудлыг хянах үүргээ биелүүлэлгүйгээр хохирогч С.Этой 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр түүний 88329670 дугаарын утсаар нэг удаа холбогдож, хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай  мөрдөгчийн тэмдэглэл болон түүнтэй утсаар ярьсан яриаг нь бичсэн гэх дуу бичлэгийн хуурцаг зэргийг үндэслэн “ ... хохирогчийн эрхийг бүрэн хангасан ... ” гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тэр байтугай тухайн хуурцагт бичигдсэн яриа нь хохирогч С.Эын дуу хоолой мөн эсэх нь хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Шүүгчийн захирамжид дурдсан дээрх үндэслэлүүдээс гадна хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Шинжээчийн 230 дугаартай дүгнэлтэд “ ... С.Эын биед дээд зүүн 4-р шүдний хугарал үүсчээ ... дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ... ” гэжээ.

 

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д “Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно” гэж, 2.4.1-д “Хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” гэж тус тус тодорхойлсон байна.

 

Гэтэл дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Ч.Б нь “ ... шүдний гол хэсэг харлаж, хонхойсон байгаа нь уг шүд дотор талаасаа өвчилсөн байсан байжээ. Дотор тал нь хонхойж харлаж өвчилсөн байсан шүд хугарчээ. Иймд гадна хэсэг нь бүтэн байсан шүд хугарч унасан байх тул хугарсан хэсэгт нь гэмтлийн зэрэг тогтоож байгаа юм” гэж мэдүүлжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Д.О нь “дүгнэлт гаргасан шинжээч Ч.Б нь энэ хэрэгт хувийн ашиг сонирхолтой байж болзошгүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан бөгөөд дотор тал нь хонхойж, харлаж өвчилсөн байсан шүд хугарсан тохиолдолд хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан гэж үзэх эсэх, тодруулбал дээрх гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөр шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх зүйтэй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 682 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                    С.УРАНЧИМЭГ