| 2018 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 142/ШШ2018/00454 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-р хороололд байрлах *******,*******/-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, *******/ холбогдох,
ХХК-ийн ашиглаж байгаа цахилгааны кабелийн ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгуулж, цахилгааны кабелийг мэдэлдээ шилжүүлэн авах, Э*******,*******-аар цахилгааны кабелийг шилжүүлэн тавиулах, цахилгааны кабельд засвар үйлчилгээ хийсэн зардал 1 700 000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг болон кабелийг буцааж шилжүүлэх үеийн үйлчилгээний төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир спортын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь төрийн өмчит байгууллага бөгөөд биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсын Төрийн албаны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Биеийн тамир, спортын тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажилладаг юм. Манай ******* цахилгааны кабелийг ашиглах талаар ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар албан бичгээр хүсэлт гаргаж тухайн үеийн байгууллагын дарга Ж.Лхагвасүрэн нь кабель ашиглах зөвшөөрлийг албан бичигт цохолтоор өгсөн байна. /Тухайн албан бичиг нь байгууллагын бичиг хэргийн бүртгэлд байхгүй бөгөөд Э**************-аас канондаж авсан болно./. Тус цахилгааны кабель нь 2005 оноос манай байгууллагын үндсэн хөрөнгийн данс бүртгэлд 00018 кодтой 460метр*27000Т=12420000төгрөгийн өртөгтэйгээр бүртгэгдсэн бөгөөд Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэхь заалтад Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно. гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж, зөвшөөрлийг хүчингүй талаар тус компанид мэдэгдэж цахилгааны кабелийг шилжүүлж өгөхийг хүссэн боловч одоог хүртэл цахилгааны кабелийг шилжүүлээгүй байна. Манай ******* цахилгааны кабель нь олон жил ашиглагдсан бөгөөд цахилгаан тасарч үйл ажиллагаа явуулахад хүндрэл учрах үөд нөөц шугам ашиглах зайлшгүй шаардлага гардаг билээ. 2017 оны 07 дугаар сард цахилгааны кабель шатаж нөөц шугам байхгүйн улмаас байгууллагын үйл ажиллагаа түр саатаж, цахилгааныг засварлахад 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн зардал гарсан. Мөн 2017 оны 09 дүгээр сард цахилгааны кабельд дахин гэмтэл гарч одоогийн байдлаар ******* цахилгааны үүсгүүрийг тухайн компаний манай кабелиас тасдаж авсан кабель утаснаас салаалан авч байгаа болно.
Иймд дараахь асуудлуудыг холбогдох байгууллагуудад даалгаж өгнө үү. Үүнд:
1. ХХК-ий ашиглаж байгаа цахилгааны кабелийн ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгуулж, цахилгааны кабелийг манай мэдэлд шилжүүлэх;
2.Э*******,*******-аар цахилгааны кабелийг шилжүүлэн тавиулах;
3. ХХК-аас цахилгааны кабельд засвар үйлчилгээ хийсэн зардал 1 700 000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг болон кабелийг буцааж манай мэдэлд шилжүүлэх үеийн үйлчилгээний төлбөрийг тус тус гаргуулах гэжээ.
Хариуцагч ХХК хариу тайлбартаа: ХХК нь 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цахилгааны эх үүсвэрийг Маргад дээд сургуулийн талаас таслах шаардлага тавьсан учир тус аймгийн Биеийн тамир, Спортын газраас цахилгааны шугамыг 20-иод жил болсон ашиглаж байгаагүй кабелиас хүчдэл авах үед уг кабель нь гэмтэлтэй ашиглах боломжгүй байсан тул шинээр кабель залган засвар хийхэд зохих хэмжээний зардал гарсан. Ер нь тус багууллагын кабелиас хүчдэл авах асуудлаар тухайн үеийн удирдлага Лхагвасүрэнгээс зөвшөөрөл авч Эрэнэт Ус ТӨХК-ийн холбогдох хүмүүсээр уг асуудлыг шийдвэрлүүлсэн юм. Гэвч спорт хорооны өөрийн ашиглаж байсан кабель нь мөн л олон жил болсон учир ачаалал даахгүй удаа дараа тасарсан. Бид Биеийн тамир, Спортын газрын нэхэмжилсэн 1 700 000 төгрөгийг өгөх боломж бололцоо байхгүй. Харин ойролцоо шинээр баригдсан цахилгаан хувиарлах байгууламжаас кабель татах үед хүн хүч, хөрөнгө гарган хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Одоо бидний ашиглаж байгаа кабелийг Биеийн тамир, Спортын газар авсан ч энэ нь чанарын шаардлага хангахгүй кабель болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* спортын газар нь ХХК-ийн ашиглаж байгаа цахилгааны кабелийн ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгуулж, цахилгааны кабелийг мэдэлдээ шилжүүлэн авах, Э*******,*******-аар цахилгааны кабелийг шилжүүлэн тавиулах, цахилгааны кабельд засвар үйлчилгээ хийсэн зардал 1 700 000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг болон кабелийг буцааж шилжүүлэх үеийн үйлчилгээний төлбөрийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд албан бичгээр хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ашиглаж байгаа, 20-иод жил болсон ашиглаж байгаагүй кабелиас хүчдэл авах үед уг кабель нь гэмтэлтэй, ашиглах боломжгүй байсан тул шинээр кабель залган засвар хийхэд зохих хэмжээний зардал гарсан. Эрдэнэт Ус ДТСОНӨХК-ийн холбогдох хүмүүсээр уг асуудлыг шийдвэрлүүлсэн, одоо бидний ашиглаж байгаа кабелийг Биеийн тамир, Спортын газар авсан ч энэ нь чанарын шаардлага хангахгүй кабель болно гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ХХК нь Биеийн тамир, Спортын газрын ******* цахилгааны кабелийг ашиглах талаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар албан бичгээр тус байгууллагад хүсэлт гаргаж, тухайн үеийн байгууллагын дарга Ж.Лхагвасүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэмтэлтэй, ашигладаггүй кабелийг ашиглахыг зөвшөөрсөн байна.
Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2 дугаар бүлгийн 3-т зааснаар хэрэглэгч шинээр холболт хийх, эсвэл холбогдсон чадлыг нэмэгдүүлэх тухай бүрт техникийн нөхцөл авах үүрэгтэй байх бөгөөд ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э*******,дулаан түгээх ДТС ОНӨХК-нд хандаж ...Спорт хорооны Б заалын барилгыг барьж байх үедээ түр ашиглаж байгаад орхисон гэмтэлтэй кабелыг өөрийн хөрөнгөөр засварлаж ашиглах хүсэлтээ байгаагаа илэрхийлж техникийн нөхцөл гаргаж өгөхийг хүссэний дагуу тус компани 2016 оны 7-р сарын 01-ний өдөр № 16/025 тоот Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцлийг олгожээ.
Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох Биеийн тамир, Спортын газрын ******* цахилгааны кабелийг хариуцагч ХХК нь нэхэмжлэгчийн өөрийнх нь болон холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн цахилгааны кабелийг ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгуулж, цахилгааны кабелийг эзэмшилдээ авах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь техникийн нөхцөл гаргуулсаны үндсэн дээр өөрсдийн хүч хөрөнгөөр хуучин, гэмтэлтэй кабелиудыг сэргээн засварлаж, нэмэлт кабель гаргах зэргээр 4.0 сая төгрөгний зардал гаргаж тус кабелийг ашиглалтанд оруулсан гэж тайлбарлаж байна.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлага нь кабель утсыг биет байдлаар гаргуулж авах биш харин түүний ашиглалтыг өөрт буцаан шилжүүлж авах, өөрийнх нь кабелиар дамжуулж цахилгаан хэрэглэж байгаа хариуцагчийн үйл ажиллагааг зогсоолгох, зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах агуулгатай байна.
Зохигчид цахилгаан эрчим хүч аль алинд нь шаардлагатай, ингэхийн тулд зохих байгууллагаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулан цахилгаанаар хангуулдаг байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нөөц кабель утасны нэг үзүүрээс нь нэмэлт кабель залган холбогдох байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр эрчим хүч ашиглаж байгааг буруутгах үндэсгүй байна.
Нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгийн данс бүртгэлд 2005 оноос өнөөдрийг хүртэл 460 метр 12,420,000 төгрөгийн үнэтэй кабелийн утас бүртгэгдсэн, өмчлөл, эзэмшилийн хувьд талууд маргахгүй байна.
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 283 дугаартай Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд Нэхэмжлэгчийн цахилгааны кабель 2017 оны 07 дугаар сард тасрахад ХХК-ны үйл ажиллагаа нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, ХХК спортын ******* цахилгаан шугамаас холболт хийхдээ ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй байна гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн Э*******,дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иар цахилгааны кабелийг шилжүүлэн тавиулах, цахилгааны кабельд засвар үйлчилгээ хийлгэсэн зардал 1.700.000 төгрөг болон кабелийг буцаан шилжүүлэх үеийн үйлчилгээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Э*******, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иар цахилгааны кабелийг шилжүүлэн тавиулах тухай шаардлага нь шүүхэд харъяалагдахгүй, нэхэмжлэгч нь тухайн байгууллагад өөрт нь хандах эрхтэй. Мөн цахилгааны кабельд засвар үйлчилгээ хийлгэсэн явдалд нэхэмжлэгч буруутай эсэх, 1.700.000 төгрөгний зардал гаргасан талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно. Кабелийг буцаан шилжүүлэх үеийн үйлчилгээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах боломжгүй, хариуцагчийн цахилгаан эрчим хүч хэрэглэх зөвшөөрөл хүчинтэй, кабелыг буцаан шилжүүлэх тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч хэдэн төгрөгийн үйлчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Биеийн тамир,спортын ХХК-ны цахилгааны кабель ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгуулах, цахилгааны кабелийг өөрийн мэдэлд шилжүүлж авах, Э*******,дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иар цахилгааны кабелийг шилжүүлэн тавиулах, цахилгааны кабельд засвар үйлчилгээ хийлгэсэн зардал 1.700.000 төгрөг болон кабелийг буцаан шилжүүлэх үеийн үйлчилгээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН