| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0108/э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Э,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч W, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн W-д холбогдох эрүүгийн 2417000000117 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд **** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх W, гадаад паспортын бүртгэлийн дугаар /ЕС**/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч W нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Өлзийтийн ** тоотод байх хохирогч Э.Т-н гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдан түүний хөл рүү халуун ус цацаж, мөн түүнийг үсдэж зодон, улмаар Э.Т-н биед тархи доргилт, зүүн гуянд, баруун хөлийн 1, 2-р хуруунд түлэгдсэн шарх, хүзүүний баруун талд цус хуралт, толгойн хуйханд, зүүн бөөрний байрлалд зөөлийн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч W нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Өлзийтийн ** тоотод байх хохирогч Э.Т-н гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдан түүний хөл рүү халуун ус цацаж, мөн түүнийг үсдэж зодон, улмаар Э.Т-н биед тархи доргилт, зүүн гуянд, баруун хөлийн 1, 2-р хуруунд түлэгдсэн шарх, хүзүүний баруун талд цус хуралт, толгойн хуйханд, зүүн бөөрний байрлалд зөөлийн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
2. Хохирогч Э.Т-н “...2024 оны 10 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед гэртээ ирээд гэрээ цэвэрлээд байж байхад “чи намайг тоосонгүй, өдөр ирээд хоол цай хийж өгсөнгүй “гээд үглээд байхаар нь “чи ус буцалгаад цай дүрж уугаад өдөр хоолоо хийгээд идэж чадахгүй байна уу” гэж хэлсэн чинь “намайг ирээд арав гаруй хонож байхад тоосонгүй” гээд үглээд байсан. Тэр үед би ус буцалгаад аяганд хийгээд газар тавьсан бөгөөд өөр аяга авч W-д цай хийж өгөх гээд эргэсэн чинь “цайны идээ аваад өг” гэж хэлэхээр нь би цайны идээ авч өгсөн чинь над руу зөрүүлж шидээд миний аяганд хийгээд тавьсан байсан халуун усыг над руу цацаад халуун ус нь миний баруун хөлийн хуруун дээр асгарсан бас цацагдаад зүүн гуяны дотор талд түлсэн. Тэгэхээр нь би “чи өдөр хоолоо хийгээд идэж чадахгүй байна уу, би өглөө гараад орой ирж байна” гэж хэлээд асгасан усыг нь арчих гээд явж байхад намайг гэрийн зүүн талын орон дээр үснээс зулгааж дараад миний хоолойноос боогоод “чиний ажил гэж юу байдаг юм архи ууж л байгаа биз” гэж хэлсэн. Тэгээд би хоолойгоо боолгуулаад тэрхэн зуур ухаан балартсан учир өөр хаана хаана цохисон эсэхийг санахгүй байгаа бөгөөд миний зүүн талын бөөр хэсэгт хөндүүр болсон байсан. Тэгээд би за буцах гэж байгаа юм чинь гэж бодоод цагдаад хандаагүй байгаад маргааш өглөө нь төрсөн эгч Ө урьд шөнө болсон асуудлаа хэлсэн чинь урьд нь яадаг байсан юм бэ гэж асуухаар нь би БНХАУ-д байхдаа гар хүрч байсан талаараа хэлсэн чинь цагдаад ханд гэж хэлээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Би гомдолтой байна сэтгэл санааны эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Миний тухайд гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол болон эмчилгээний төлбөрийг нэхэмжлэх саналтай байна. Би эмчилгээний төлбөр 7 000 000 төгрөг мөн гэрийн шатаасан эд зүйлийн үнэлгээ болох 880 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Би сэтгэл санааны хохирлоо бол нэхэмжилнэ. Харин эмчилгээний зардал гэж гараагүй учир нэхэмжлэх зүйл байхгүй. Би шатааж гэмтээсэн эд зүйлийн үнэлгээтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Надад хөнжил гудас хулдаас авч өгсөн байгаа. Одоо гомдол санал байхгүй хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ биз дээ”... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
3. Насанд хүрээгүй гэрч Т.Э-н “...манай аав Б /W/ БНХАУ-н иргэн болохоороо байнга бид нартай хамт байдаггүй юм, ихэнхдээ өөрийнхөө нутагт амьдардаг юм. Тэгээд 2024 оны 9 сард ирсэн. Би яг хэдний өдөр ирснийг нь санахгүй байна. Аав ирснээс хойш ээж манай дүү бид гуравтай хамт Сүмбэр сумын 3 дугаар баг Өлзийтийн 9-2 тоотод амьдарч байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би хичээлдээ явчхаад ирэхэд манай аав Б гэртээ манай 5 настай дүү Х-ын хамт байж байсан. Харин манай ээж Т ажилдаа явчихсан байсан. Тэгээд байж байтал манай ээж 20 цагийн орчим ажлаасаа ирээд гэрээ цэвэрлэчхээд цай уух гээд ус буцалгаад түүнээсээ аяганд хийж ууж байгаад гэрийн зүүн талд газар тавьчихсан байсан юм. Тэр үед аав ээжтэй хэрүүл хийгээд “өдөр ирж хоол унд хийж өгсөнгүй” гээд байсан. Тэр үед нь манай ээж түүний яриаг нь нэг их тоохгүй гар утсаа үзээд зүүн талын орон дээр сууж байсан чинь манай аав гэнэт уурлаад ээжийн аяганд хийгээд газар тавьсан байсан халуун усыг аваад ээжийн хөл орчим руу цацчихсан юм. Тэр үед манай ээж босоод ирсэн чинь аав ээжийн үснээс зулгааж доош нь дараад зүүн талын орны хажууд дээш нь харуулж хэвтүүлж байгаад ээжийн хоолойноос боогоод “би чамайг алсан ч яадаг юм” гээд байсан. Тэр үед нь би аавын гадуураа өмсөж байсан пальтоноос нь татаад “болиоч” гэсэн чинь дийлээгүй бөгөөд удалгүй тэд зүгээр болсон. Харин ээж рүү халуун ус цацсанаас болоод түүний баруун хөлийнх нь дунд болон ядам хуруу хэсэг нь түлэгдсэн байсан. Ингээд энэ өдөр түүнээс өөр зүйл болоогүй гэртээ унтаж амарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
4. Гэрч З.Э-н “...би өөрийн эхнэртэйгээ хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Өлзийтийн ** тоотод амьдардаг бөгөөд манай охин Т тухайн хашаанд өөрийнхөө хоёр хүүхдийнхээ хамт Монгол гэрт амьдардаг. Мөн манай хүү Ө гэр бүлийн хамт мөн Монгол гэрт амьдардаг юм...
...Тэгтэл манай охин Т-тай хамтран амьдардаг W гэдэг хүн 2024 оны 9 дүгээр сарын дундуур ирсэн. Би яг хэзээ ирсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн хүн ирээд манай охин Т-тай хамт гэрт нь амьдарч байсан юм. Манай охин Т тухайн W гэх хүнтэй БНХАУ-д очоод албан ёсоор гэр бүлээ батлуулсан байсан, тэд дундаасаа хоёр хүүхэдтэй хүмүүс байгаа юм. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өглөө босоод өөрийнхөө гэр барааг янзалсан, тухайн үед манай охин Т ажилдаа явсан харин том охин нь хичээлдээ явсан байсан. Би эхнэр Э болон W нарын хамт гэрээ цэвэрлээд дуусаж байтал цагдаа нар ирээд W-г аваад явсан. Би яг юу болсон талаар мэдээгүй ойлгоогүй байсан. Тэгээд байж байтал манай охин Т-ыг цагдаагийн байгууллагаас хамгаалах байранд байрлуулсан байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа талаар өөрийн эхнэрээсээ асуухад W манай охины хөл рүү нь халуун ус цацсан гэж хэлсэн. Миний тухайд энэ талаар мэдсэн зүйл байхгүй байна. Харин 2024 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 02 цагийн орчим манай хашаанд хүн ороод ирчихсэн манай гэрийн хаалгыг тогшихоор нь би хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэгтэл манай охин Т-н гэрийн үүдний амбаарыг төмөр хаалга нь дуугараад байх шиг байсан. Тухайн үед Т-н гэр нь цоожгүй онгорхой байсан юм. Тэгээд байж байгаад дахин манай гэрийн хаалгыг нүдэхээр нь W-г байна гэж бодоод онгойлгож өгөөгүй бөгөөд тухайн хүн ямар нэгэн дуу авиа гаргаагүй дахин хаалга нүдээгүй чимээгүй болчихоор нь унтчихсан юм. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өглөө босоод босоод охин Т-н гэрт нь яваад ортол тэдний гэрийн шалан дээр нь дэвссэн байсан хулдаасны гэрийн зүүн хэсэгт 70-80 сантиметр орчим хэмжээтэй хулдаас шатаасан байсан, мөн гэрийн баруун талд хураалттай байсан хөнжил гудсыг зүүн урд булангаас нь шатаасан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар эхнэртээ хэлсэн, манай эхнэр, охин Т-д хэлсэн байсан. Тэгээд эхнэр W-тай утсаар яриад яагаад гэрийн эд зүйл шатаасан юм бэ гэж асуусан чинь W би алчуур шатаасан юм аа гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
5. Гэрч Б.Э-н “...W нь манай охин Т-н нөхөр байгаа юм. Монгол улсад бол албан ёсны гэр бүл болоогүй боловч БНХАУ-д 2018 онд гэрлэлтээ батлуулсан байгаа. Энэ хоёр маань 2013 оноос хойш хамтран амьдарч байгаад дундаасаа хоёр хүүхэдтэй болсон боловч хоёр хүүхэд нь ээжээрээ овоглож байгаа. Нэг ёсондоо W нь манай хүргэн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Э.Т-н биед тархи доргилт, зүүн гуянд, баруун хөлийн 1, 2-р хуруунд түлэгдсэн шарх, хүзүүний баруун талд цус хуралт, толгойн хуйханд, зүүн бөөрний байрлалд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Зүүн гуянд, баруун хөлийн 1, 2-р хуруунд түлэгдсэн шарх гэмтэл нь халуун хэмийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Тархи доргилт, зүүн гуянд, баруун хөлийн 1, 2-р хуруунд түлэгдсэн шарх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтооглоо.
- Хүзүүний баруун талд цус хуралт, толгойн хуйханд, зүүн бөөрний байрлалд зөөлийн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
7. Ашид билгүүн ХХК-н 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 924/11121 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-66 дугаар хуудас/,
8. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягтад:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон ЗЙ91052201 дугаарын бичиг баримттай Э-н Т-н сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар” зэрэглэлийг тогтоов гэжээ /хх-ийн 85 дугаар хуудас/,
9. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-19 дүгээр хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 20-28 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Э.Т, насанд хүрээгүй гэрч Т.Э, З.Э, Б.Э нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 258 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч W нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Э.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Э.Т нь шүүгдэгч W-гаас эмчилгээний зардал нэхэмжлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Харин хохирогч Э.Т-н сэтгэцэд учирсан хохирол нь Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягтад зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар” зэрэглэлд хамаарч байх тул Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 4 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож сэтгэцэд учирсан хохиролыг гаргах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч W-гаас 8 580 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Т-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч W-гийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч W нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч W-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч W-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч W нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч W нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч W-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч W-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч W-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч W нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч W нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч W-гаас 8 580 000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Т-д олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч W-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ