Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч .... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох 2417000000122 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 

Монгол Улсын иргэн, ...оны ...дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... нарын хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, .... гэх газар оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, .... овогт .... .... /РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч ....нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан үедээ дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр .... улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийг 1.65 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч ....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 16 дугаар зөрлөг дээр ажиллаж байгаад бензин авахаар Баянтал сум ороод дэлгүүрээс 0,5 литрийн архи авч уугаад явж байгаад цагдаад баригдсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 2014 онд жолооны үнэмлэх авсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол аваар осол гаргана. Дахиж ийм зөрчил гаргахгүй. 2024 оны 07 дугаар сард айлын найранд суугаад гарч явж байгаад цагдаатай таараад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 10 хоног баривчлагдаж байсан. Миний буруу гэв.

 

2. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр найз ....ийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын дэлгүүр ороод тамхи, “Арвай” нэртэй 0.5 литрийн савлагаатай 1 шил архи, оймс, бензин аваад цайны газарт хоол идээд бид 2 авсан архиа хувааж уусан. .... машин барьчих уу гэхээр нь тэг тэг гээд бариулсан. Бид 2 засмал замд ороод 16 дугаар зөрлөг рүү явж байтал цагдаа зогсоогоод согтолт шалгахад ....ийн согтолтын зэрэг 1.65 гарсангэсэн мэдүүлэг /х.х-ийн 7-8 хуудас/,

 

3. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... нь бусад хүмүүстэй эвтэй харилцдаг, ааш зан сайтай, ажилсаг хөдөлмөрч, хар бор ажил хийж явдаг хүн. Аав ээжээсээ өвлөж авсан хэдэн малаа хэрэглэдэг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/,

                                               

4. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсон. Баянтал сумын 2 дугаар баг, 6-21 дугаар замчдын байрнаас зүүн урд асфальтан хучилттай автозамд зам тээврийн ослын дуудлага мэдээлэлд хэргийн газрын хамгаалалт авч ажиллах хугацаанд нэгэн саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой этгээд машин жолоодож хажуугаар гарч явсан. Би дохиураар зогсох дохио өгч зогсооход архи уусан бололтой ажиглагдсан учраас .... гэх хүнийг согтуурал хэмжих багаж дрегер үлээлгэхэд 1.65 хувийн согтолт гарсан. .... нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон яваад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хасуулсан болохыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас хайж мэдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/,

 

5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, ахлах ахлагч .... рапорт, согтолтын хэмжээг үзүүлсэн гэрэлт зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/740 дугаартай шийтгэврийн хуулбар /х.х-ийн 1, 2, 3-4, 5, 38, 36-37 хуудас/,

 

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 39-47 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч ....нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/740 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан хугацаанд дахин 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах замаар .... улсын дугаартай Toyota Prius-XW20 загварын тээврийн хэрэгслийг 1.65 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.....ийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ....нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч ..., ... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, ахлах ахлагч ... рапорт, согтолтын хэмжээг үзүүлсэн гэрэлт зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/740 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж..... холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч ....нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд архидан согтуурснаас үүдэлтэй байна.

 

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ж..... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ж.....ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад хор уршиг учруулаагүй болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох гэсэн саналыг,

Шүүгдэгч ....эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч Ж..... эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч ....нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, хувийн байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээс шийтгэл хүлээсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ялыг биелүүлэх боломжтой талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ....нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж..... оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж..... оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж..... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч ....нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА