Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

                                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ....нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417001430123 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ...суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хөлсөөр тээвэрлэлт эрхэлдэг, ам бүл ..., .... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, .... овогт .... .... /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч ....нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч ....өөртэй нь уулзсангүй, бичсэн зурваст хариу бичсэнгүй гэх шалтгаанаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан хохирогчийн эзэмшлийн .... улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, улсын дугаар 2 ширхэг, улсын дугаарын суурь 2 ширхэг, ухрах хэсгийн камер зэргийг санаатайгаар эвдэж, устган түүний өмчлөх эрхэд 560 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

            1. Шүүгдэгч ....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 онд энд ажиллаж байгаад гадаад явсан. Үүнээс хойш ....нь миний өр, зээл тэдэн төгрөг гарсан чи төлчих, чамайг ирэхээр хоёулаа сайхан амьдарна гэж ярьдаг байсан. 5-6 жил дараалаад надаас 20 гаран сая төгрөг авсан. Байрны урьдчилгаа, машины лизинг, өр гэх мэт. ....нь удаа дараа зугтаагаад надтай уулздаггүй, яагаад уулзахгүй байгаа юм бэ гэхээр өөр нөхөртэй болж байгаа, чамтай амьдрахаа больсон гээд зугтаагаад байдаг. Мөн байранд орсон зурагт байхгүй, плитк байхгүй гэхээр нь 8 сая төгрөгийн лизингээр авч өгсөн. Би одоо Голомт банкинд сарын 350 000 төгрөг төлдөг. Би болохгүй бол иргэний журмаар гомдол гаргана. Уулзаж ярилцъя гэж бодсон чинь уулзахгүй зунжингаа зугтааж байгаа. Уулзахгүй байсан болохоор уурандаа машины шилийг хагалж, дугаарыг нь эвдсэн. Би явуулахгүй гээд хагалсан нь үнэн. Өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлсөн гэв.

 

2. Хохирогч О.....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед .... утсаар мессеж бичээд гараад ир, уулзъя гэсэн. Би уулзах боломжгүй гэхэд яахаараа уулздаггүй юм, яг одоо гарч ир гэж мессеж бичсэн. Манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь би хаалга тавьж өгөхгүй цонхоороо хартал .... зогсож байсан. Тэр шөнө миний машины номерыг авсан байсан. Над руу мессеж бичихдээ нөхрийгөө ирж ав гэж хэлээрэй гэсэн байсан. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө машиндаа суух гэтэл 2 номер, урд талын салхины шил байхгүй, ард талын ухрах камерыг эвдсэн байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. 2017 онд замын баруун талд бид хамт ажиллаж байсан. Би тухайн үед 2 сар ажиллаад Швед улс руу яваад 2023 онд ирсэн. Бид хоёрын дунд хувийн ямар ч харилцаа байхгүй. Энэ хүн video call, мессеж бичихэд нь би хариу бичиж байгаагүй. Би ....той хамтран амьдарч байгаагүй. Би залгасан дугаар, Фейсбүүк хаягийг нь блок хийдэг. Миний ажил дээр ирж дарамталж сүрдүүлдэг. Би нөхөртэй одоо боль гэхээр нөхрийг чинь ална гэдэг. Би эд хөрөнгийн гомдолтой гэхээсээ илүү амгалан тайван амьдармаар байна. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/

 

3. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... нь төлөв даруу, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ажлаа хариуцлагатай хийгээд явдаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/ 

 

4. “Ашид Билгүүн” ХХК-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2114 дугаартай Автомашин техникийн эвдрэл, үнэлгээний тайлан /х.х-ийн 27-28 хуудас/

 

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 45 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч ....нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ....өөртэй нь уулзсангүй, бичсэн зурваст хариу бичсэнгүй гэх шалтгаанаар уурлаж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны орчимд зогсож байсан ........ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, улсын дугаар 2 ширхэг, улсын дугаарын суурь 2 ширхэг, ухрах хэсгийн камер зэргийг санаатайгаар гэмтээж устган 560 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.....ийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ....нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч ....мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2114 дугаартай Автомашин техникийн эвдрэл, үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч Н..... холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ....нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн үл ойлголцох харилцаанаас үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Н..... эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Н..... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн саналыг,

Шүүгдэгч ....эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Торгуулийг төлнө гэжээ.

 

Шүүгдэгч Н.....ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н..... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ....нь хохирогч ....учруулсан 560 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.....ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н..... оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА