Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2020/00087

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2020/00087

Д аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, 3-р хороо, Ү гудамж, 1 дугаар байрны 6 тоотод оршин суух, А овогт Бы М /РД: Е 9999999/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д аймаг, А сум, 4 дүгээр баг, Ц байранд оршин суух, О овогт Тийн М /РД: ЕЮ 6666666/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 оноос 2011 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү М.ТИ төгсөн. Бид тусдаа амьдраад 10 жил болж байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй. Би хариуцагчаас сар болгон 170 000 төгрөг авахаар тохирсон гэв.

Хариуцагч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч. Хүүхдийн асрамжийн хувьд эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлгийн хувьд тохирсон гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Т.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн арсамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.М болон хариуцагч Т.М нар нь 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн /хх-8/, тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү М.ТИ төрсөн /хх-4/, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон /хх-9/, хүү М.ТИ одоо эхийн асрамжинд байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаанд үзэл бодол, хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа болон хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэснийг харгалзан шүүх гэрлэгчидэд эвлэрлийн арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

            2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү М.ТИ эхийн асрамжид байгаа ба хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү М.ТИийг эх Б.Мын асрамжид үлдээв.

 Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдэээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Хүүхдийн тэтгэлэг тогтоох асуудлын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүүхдэд олгох тэтгэлэгийг түүний насны байдлыг харгалзан сард 1 удаа, 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшиний хэмжээгээр тус тус олгохоор заасан байдаг.

Зохигчид хүү М.ТИийн тэтгэлэгийг сард 170 000 төгрөг байхаар тохиролцсон баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд М.ТИ нь 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, одоо 13 настай, Д аймагт оршин суудаг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/05 дугаар “Хүн амын амьжиргааны 2020 оны доод түвшинг тогтоох тухай” тушаалаар Д аймаг дахь хүн амын амьжиргааны доод түвшин 198 300 төгрөг байхаар батлагдсан байна.

Нэхэмжлэгч Б.М хүүхдийн тэтгэлэгийн талаар аливаа гэрээ хэлцэл хийхдээ хүүхдэд хохиролтойгоор төлөөлөх эрхийг хэрэгжүүлж болохгүй бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлэгийг сар бүр 170 000 төгрөг байхаар тохиролцсон тохиролцоо нь тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс бага байх тул тэдний хоорондын тохиролцоог хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд хүү М.ТИт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 53 023 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

             Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1.         Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А овогт Батчулуугийн М, О овогт Тийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү М.ТИийг эх Б.Мын асрамжид үлдээсүгэй.

3.         Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар Б.М нь Т.Мыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

4.         Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5.         Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь 2006 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн хүү М.ТИийг эцэг Т.Маар тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

6.         Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Маас сар бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү М.ТИт хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

7.         Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Мд үүрэг болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Маас улсын тэмдэгтийн хураамжид 53 023 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                         

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА