Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Б,

улсын яллагч Б.А

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Я.Б /ҮД:0384/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д-н Г-д холбогдох эрүүгийн 2417001460129 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд ** аймгийн **суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ** аймгийн **сумын ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Д /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 57-76 УНП улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг 1.71 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Волво маркийн 57-76 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.71 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

2. Гэрч Б.А-ын “...2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр жижүүрт хуваарьт томилогдсоны дагуу Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байх үед Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлтэй цэнхэр өнгийн Volvo маркийн тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх үед тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Тухайн жолооч архи согтууруулах ундааны зүйлийг хэрэсглэсэн эсэхийг шалгахад тухайн жолоочийн согтолт нь 1.71 хувийн согтолттой байсан. Тухайн хүнийг Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

3. Гэрч Ч.О-ийн “...2011 оноос хойш би нөхөр Г-гийн хамт гэр бүл болоод амьдарч байгаа юм. Дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр төлөв даруу, тусч, хань ижил үр хүүхдэдээ их халамжтай. Сум орон нутгийн хүмүүс мэднэ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй юм. Хамгийн сайн эцэг, миний мундаг хань байгаа юм. Нутаг орныхоо хүмүүст их тусч зантай. Нийгмийн идэвхи зүтгэл их сайн, боломж гарвал хүнийг их баярлуулдаг хүн байгаа юм. 2023 оны 11 сараас хөхний хорт хавдараар оношлогдсоноос хойш миний хань намайг орхиогүй, мундаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

4. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

5. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Э-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0756355 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,

 

6. Шүүгдэгч Д.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэрч Б.А-ын мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Э-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0756355 дугаартай шийтгэлийн хуудас, шүүгдэгч Д.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Я.Б нарын хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Д.Г нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

            6. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ