Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пгийн Бт холбогдох эрүүгийн 2417001240121 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, .......... дүүрэг, ........дугаар хороо, ...... дугаар хороолол, ......... дугаар байрны ............. тоотод оршин суух бүртгэлтэй хаягтай одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаартай нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, улсаас авсан гавъяа шагнал үгүй,

урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Пгийн Б, регистрийн дугаар (...................).,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч П.Б нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдлэж байхдаа 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хорих ангийн хоригдлуудын амьдралын бүсэд байрлах гал тогооны өрөөнд хохирогч Э.Ёын “ал минь” гэсэн үгэнд дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар Э.Ёын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, биед нь зүүн хацарт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагын талаар маргах зүйлгүй. Хаалттай хорих ангид явуулж өгөөч гэв.

2. Хохирогч Э.Ёын “...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би

хоригдлын гал тогоонд аяга угаагаад зогсож байх үед 14 цагийн орчимд хоригдол П.Б надад хандаад “халуун тогоо угаачих” гэсэн. Тухайн үед тогоо халуун байсан учир би жоохон байж байгаад угаая гээд тоглоомоор муухай үг хэлээд эргэж хараад зогсож байтал миний мөрнөөс татаад зүүн шанаа хэсэгт 1 удаа гараараа цохисон. Би уурлаад бостол миний зүүн нүдний доод хэсгээс цус гараад байсан учир би угаалтууранд нүүр гараа угаасан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр тал),

3. Гэрч Ж.Г-ын “...Л.Б Э.Ёыг тогоогоо гялс угаагаад өгчих би хоол хийх гээд байна гэсэн чинь Э.Ё нь би завгүй байна ал минь гэсэн чинь П.Б Э.Ёад чи намайг хэлээд байгаа юм уу гэсэн чинь Э.Ё тийм би чамайг хэлж байна гэсэн чинь П.Б Э.Ёыг цохиод авсан” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар тал),

4. Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Говьсүмбэр аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 234 дугаартай “...Э.Ёын биед зүүн хацарт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 47-48 дугаар тал),

5. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 22-26 дугаар тал)

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 68, 70-93 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Түмэнжаргал би Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн П.Бт холбогдох эрүүгийн 2417001240124 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар төрийн нэрийн өмнөөс оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. П.Б нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн хоригдлын амьдралын бүс буюу гал тогооны өрөөнд Э.Ёын ёс бус агуулгатай хэлсэн үгэнд дургүйцэж хувийн таарамжгүй харилцаа үүсэж улмаар Э.Ёын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж, биед нь зүүн хацарт язарсан шарх буюу гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Ёын мэдүүлэг, гэрч Ж.Г-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул П.Быг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол, хор уршгийн тухайд П.Бын үйлдлийн улмаас хохирогч Э.Ёын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Э.Ё нь хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэснийг шүүхийн шийдвэрт тусгуулах нь зүйтэй. П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл үүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан буюу хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх П.Бт оногдуулах ял шийтгэлийн тухайд хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэнийг дурьдах нь зүйтэй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан буюу бие махбодийн, сэтгэл санааны эсрэг зовиур үүсгэсэн, онц, хэрцгий аргаар тохуурхан доромжилсон гэх мэт хүндрүүлэх нөхцөд байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй гэх саналыг гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч П.Б нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдлэж байхдаа 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хорих ангийн хоригдлуудын амьдралын бүсэд байрлах гал тогооны өрөөнд хохирогч Э.Ёын “ал минь” гэсэн үгэнд дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар Э.Ёын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, биед нь зүүн хацарт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Бын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Ендонжамц, гэрч Ж.Ганбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч П.Бт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь харилцан хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.

ХОЁР. Шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал: Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, сая дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж байгаа боловч П.Быг хорих ангид ял эдэлж байхдаа тусгай хамгаалалттай хорих ангид дахин гэмт хэрэг үйлдсэн. Дахин гэмт үйлдсэн нь засрал хүмүүжлээ зан байдлаараа илэрхийлэхгүй байгаа нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаад дээрх оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4-т заасныг журамлан түүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас үлдсэн 5 жил 9 сар 11 хоногийн хорих ял дээр зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж, тухайн 2 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэсэн саналыг гаргажээ.

Шүүгдэгч П.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргаж оролцсон ба эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлт байхгүй гэсэн болно.

Шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг урьд нь шүүхээр 4 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч П.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн ялын тооцооны тодорхойлолтоор 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар шүүгдэгч П.Бын эдлээгүй үлдсэн хорих ялын хугацааг 05 жил 09 сар 15 хоног гэж тогтоосон ба түүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр шүүх хуралдаан хүртэл хорих ялыг эдлүүлсэн байна.

Шүүгдэгч П.Б нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 жил 09 сар 15  хоногийн хорих ял байна.

Иймд шүүгдэгч П.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй, хохирогч Э.Ё нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр ирүүлснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Пгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 /тав/ жил 09 /ес/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 05 /тав/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан 05 /тав/ сар 11 /арван нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ