| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2021/03464/И |
| Дугаар | 184/ШШ2022/03390 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2022/03390
| 2021 12 16 | 184/ШШ2021/03390 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.З,
Нэхэмжлэгч: Б.С,
Нэхэмжлэгч: Б.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Т.З, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, тэдний өмгөөлөгч М.Ц, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие гэр бүлийн найз, нэг байранд амьдардаг Д.Аад 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг мөн 1 хоногийн дараа буцааж өгөх болзолтойгоор тус тус зээлсэн бөгөөд тогтоосон хугацаандаа зээлсэн мөнгөө төлж барагдуулаагүй. Иймд 15,000,000 төгрөгийг буцаан төлөх хугацаа болохоор нь мөнгөө өгөөч ээ гэхэд 20,000,000 төгрөг өгчих, өмнө авсан 15,000,000 төгрөг дээр нь 5,000,000 төгрөгийг шилжүүлнэ гэж хэлээд авсан. Д.А нь Би Богд банкинд ажилладаг, манай банк өндөр хүүтэй бизнесийн зээл он гарахаас өмнө чөлөөлж байгаа. Бага хүүтэй бизнесийн зээл гаргаж байгаа, зээлийн хүүний зөрүүнээс би ашиг орлого олж байгаа, манай банк найдвартай, чи надад мөнгөө зээлдүүлбэл би чамд зээлээ хаачихаад мөнгийг чинь буцааж өгнө гэж итгэл төрүүлэн авсан.
Дээрх зээлсэн мөнгө болох 15,000,000 төгрөгийг нөхөр Т.Зын Хаан банк дахь 5007270699 дугаартай данснаас Д.Аын 5031633770 дугаарын данс руу, өөрийн 5021329693 дугаарын данснаас Д.Аын 5031633770 дугаарын данс руу 9,000,000 төгрөг, дүү Б.Сын Голомт банкны 1705127712 дугаарын данснаас Г.А гэх хүний данс руу 11,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Г.А нь уг өдрөө тус мөнгийг Д.А руу шилжүүлсэн. Д.А нь өөрөө Г.А гэх хүний Голомт банкны дансыг өгч Энэ данс руу хийгээрэй, надад Голомт банкны данс байхгүй байгаа гээд Г.Агийн данс руу дүү Б.Сын данснаас шилжүүлж авсан.
Харин Д.А нь зээлсэн нийт 35,000,000 төгрөгөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Хариуцагч Д.А нь тохирсон ёсоор хугацаандаа зээлээ төлөөгүй бөгөөд миний зүгээс удаа дараа төлөхийг шаардсан боловч 2020 оны 11 дүгээр сард Монголд корона гарсантай холбогдуулаад Богд банк ажиллахгүй байна, би ажилдаа явахгүй байгаа, хөл хорио тавигдаад манай банк зээлээ гаргаж эхлэхээр мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч дараа нь хөл хорио дуусаад банк ажилласны дараа авах гэтэл би өөр хүнд өгсөн, зээлдүүлсэн тэр хүнээс аваарай гэх элдэв шалтаг хэлж аргацаасаар өнөөдрийг хүрсэн.
Иймд Д.Ааас зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний хувьд 15,000,000 төгрөгийг бусдаас зээлсэн байсан тухайн мөнгөө төлөөд дуусгасан. Одоо 20,000,000 төгрөгийг төлж чадаагүй байдалтай байна. 1 жилийн хугацаанд байнга холбоотой байсан боловч бид нараас огт уучлалт гуйж байгаагүй. Бид нар өөрсдийнхөө мөнгийг өгсөн бол бас ондоо. Гэтэл бусдаас зээлээд өмнөөс нь бид нар хүүгээ төлөөд явж байгаа. Эрх зүйн туслалцаа аваагүй байхдаа Т.З, Б.С нарын өмнөөс нэхэмжлэл гаргасан байдаг. Одоо бол энэ зээлийг би шаардаж байгаа, Т.З, Б.С нарт хамааралгүй болно. Д.Ж гэдэг хүнийг танихгүй, түүнтэй зээлийн харилцаа байхгүй. Хариуцагч 6 сард төлнө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгч Т.З, Б.С нартай ямар ч зээлийн харилцаа үүсгээгүй. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус найз Б.Маас авч Д.Жд өгсөн бөгөөд уг мөнгөнөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг Д.Ж нь Б.Мд төлөөгүй. Энэ байдлаас шалтгаалан би банкнаас зээл авч 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг Б.Мд төлсөн.
Намайг Б.Маас мөнгө авч Д.Жд өгч байгаа талаар анхнаасаа Б.М мэдэж байсан бөгөөд энэ асуудлаар байнга л Б.Мтай ярилцаж Д.Ж нь мөнгөө төлөхгүй байгаа талаар мэдэгдэж байсан. Б.Мын тухайд нэгэнт чамаар дамжсан учир чи төл гэсэн байр суурьтай байсан учир би Д.Жд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэд хоорондын зээлийн гэрээний маргаан гэж үзсэн тул иргэний шүүх, иргэний шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж Д.Ж нь уг мөнгийг өгнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.
Гэтэл шүүх шийдсэнээс хойш ч гэсэн уг мөнгөө өгөхгүй байсан тул гүйцэтгэх хуудас бичүүлж одоо уг төлбөр авах асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байгаа.
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Д.Жгаас мөнгө авч байж уг мөнгийг нь өгөхөөс өөр аргагүй байдалтай
байна. Б.Маас авсан мөнгийг би огтхон ч хэрэглээгүй.
Түүнээс зээлсэн 30,000,000 төгрөгийг даруй хугацаанд төлөх боломжгүй, 6 сараас нөхөр Америк яваад тэндээс мөнгө орж ирэхээр төлөх боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.З, Б.С, Б.М нар нь хариуцагч Д.Аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...35,000,000 төгрөгийг Д.Аын дансруу шилжүүлсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 1,500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 3,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг буцаан өгснийг хасаад үлдэх 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна, хариуцагч Д.А нь ...Т.З, Б.С нартай ямар ч зээлийн харилцаа үүсээгүй, Б.Маас авсан 30,000,000 төгрөгийг төлнө, харин даруй төлөх боломжгүй гэх тайлбарыг тус тус гаргадаг, үлдэгдэл зээлийг төлөх хугацааны хувьд талууд харилцан тохиролцдоггүй.
Харин шүүх хуралдааны үед ...Т.З, Б.С нар Д.Аад мөнгө зээлүүлээгүй, Б.Мын хүсэлтээр тэдний данснаас хариуцагчийн данс руу мөнгө шилжсэн. Т.З, Б.С, Д.А нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч болон хариуцагч нар гаргаснаар Т.З, Б.С нарын шаардах эрх үгүйсгэгддэг, энэ нь дээрх тайлбар болон хэрэгт авагдсан банкны дансны хуулга, үйл баримтуудаар тогтоогддог тул Д.Аад холбогдуулан гаргасан Т.З, Б.С нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг ба нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.А нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн харилцаа үүссэн, энэ талаар талууд маргаагүй, хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж зээлдүүлэгч мөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээл төлөх үүргээ биелүүлээгүй гэх зээлдэгч буюу хариуцагчаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэг авагдсан баримтаар 35,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн, үүнээс 5,000,000 төгрөгийг Д.А буцаан төлсөн болох нь тогтоогдох ба гэрээний үүргийн асуудлаар харилцан маргаан үүсээгүй. Нэгэнт аман хэлбэрээр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг буюу үндсэн зээл 35,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь нотлогдсон, хариуцагч хүлээн зөвшөөрдөг тул тухайн зээлийн үлдэгдлийг төлөх үүргийг хариуцагч Д.Аад хариуцуулах учиртай.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь
бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулж дүгнээд хариуцагч Д.Ааас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ааас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэгч Т.З, Б.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас 307.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ