| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0113/э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга А.Э,
улсын яллагч Б.А,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н М-д холбогдох эрүүгийн 2417001410128 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд *** аймгийн **суманд төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, **мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын ** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б** овогт Н-н М /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.М нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр **аймгийн ** сумын ** өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн хүү Д.Э-ыг “ус авч өгсөнгүй” гэх шалтгаанаар түүнийг цахилгаан тогооны залгуураар цохисны улмаас хохирогчид зүүн бугалга, зүүн даланд, зүүн шуунд, зүүн далны орчимд, нуруунд баруун далны доод хэсэгт, зүүн гуянд, баруун цавинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417001410128 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2. Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай хүү Э нь “хувцас бэлдэнэ” гэж хэлээд Улаанбаатар хот руу явсан. Би хүүгээ “орой ахтайгаа хүрээд ир” гэж хэлэхэд цуг ирээгүй, тухайн үед ангийнхаа 2 хүүхэдтэй Улаанбаатар хот руу вагонд суугаад явсан байсан. Орой 18 цагт вагонд сууна гэж ярьсан. Тэгээд шөнө гэртээ ирээгүй, хаана явж байгаа талаар асуух гэтэл утас нь холбогдохгүй байсан. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 8 цагийн үед над руу залгаад “ээж би шөнө вагонд унтаад Сайншанд орсон байна” гэж хэлээд үдээс хойш таксинд суугаад хүрээд ирсэн. Ирээд “ус аваад ир, хувцасыг чинь угаая” гэж хэлтэл “би ядраад байна, маргааш больё” гэж хэлэхээр нь “миний өөдөөс битгий тайлбар тавиад бай” гэж хэлээд тогооны залгуур аваад нуруу болон гар хэсэг рүү нь 3-4 удаа шавхуурдсан юм. Тэгээд аавдаа хэлсэн байсан. Удалгүй цагдаа нар гэрт ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
3. Насанд хүрээгүй хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу найзтайгаа “хувцасаа бэлдээд ирье” гэж ээжид хэлээд зөвшөөрөл аваад явсан. Хотод очиж хувцасаа бэлдэх гэж яваад өдөржингөө алхсан, орой буцаад вагонд суусан. Чойрт 02 цагийн үед зогсоно гэж байсан, би ядарсан байсан болохоор унтаад Дорноговь аймаг руу явсан байсан. Би ээжид “вагонд унтаад Дорноговь аймагт ирчихлээ” гэж хэлсэн. Ээж намайг “автобус юм уу таксинд суугаад ирээрэй” гэж хэлэхээр нь би таксинд суугаад Чойрт 16 цагийн үед ирсэн. Гэртээ ирээд байж байтал 20 цагийн ээж намайг “ус аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би усны сав талаараа устай байхаар нь би “устай байна, маргааш гэгээтэй үед ус авъя” гэж хэлсэн. Тэгтэл ээж гэнэт уурлаад тогооны залгуур 2-3 удаа зүүн гарын бугалга хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэгээд би аавд энэ байдлын талаар хэлсэн. “Миний гар хөндүүр болчлоо, нуруу өвдөөд байна” гэж хэлсэн. Тухайн үед миний дотор муухай оргиод байсан. Аав хөдөөнөөс ирээд эмнэлэгт үзүүлээд аав дуудлага өгсөн юм шиг байсан. Тэгээд аав бид 2-г цагдаа дээр дуудсан юм. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
4. Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед би хөдөө мал дээр байж байтал манай хүү Э над руу залгаад байхаар нь утсаа автал “ээж намайг зодоод” гэж хэлээд уйлаад байсан. “Миний ухаан балартаад дотор эвгүй оргиод байна” гэж хэлсэн. Хүү Э-аас юу болсон талаар асуухад “ээж намайг усанд яваад ир гэж хэлсэн. Миний бие өвдөөд байна гэж ээжид хэлтэл ээж намайг ус авчир гэсэн, би харанхуйд айгаад явж чадаагүй гэж хэлсэн. Ээж намайг тогооны залгуураар зодсон, миний бие эвгүй байна” гэж хэлээд утсаа тасалхаар нь би малаа орхиод хөдөөнөөс Чойрт орж ирсэн. ирэхэд манай хүү айсан, чичрээд илүү гэртээ сууж байсан. Би тайвшруулах гэтэл манай хүү тайвшрахгүй байхаар нь би эмнэлэг рүү явж байхдаа 108 утас руу залгаж тухайн асуудлыг хэлсэн. Эмнэлэгт очоод үзүүлээд дусал тариа хийж байтал цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
5. Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Бид нар эхээс 7-луулаа, элдэв зан байхгүй. Хүнд хэлэх зүйлээ шууд хэлчихдэг. 3 хүүхдээ хүний дайтай авч явдаг. Манай эгч харааны бэрхшээлтэй, группт байдаг. Нөхөртэйгээ таарамж муутай байдаг. Буурь суурьтай хүн байдаг. Тэсвэр тэвчээртэй хүн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай дүгнэлтэд:
- Д.Э-ын биед зүүн бугалга, зүүн даланд, зүүн шуунд, зүүн далны орчимд, нуруунд, баруун далны доод хэсэгт, зүүн гуянд, баруун цавинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
7. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Н.М-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.М нь өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн хүү Д.Э-ыг “ус авч өгсөнгүй” гэх шалтгаанаар түүнийг цахилгаан тогооны залгуураар цохисны улмаас хохирогчид зүүн бугалга, зүүн даланд, зүүн шуунд, зүүн далны орчимд, нуруунд баруун далны доод хэсэгт, зүүн гуянд, баруун цавинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.М гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Н.М нь өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн хүү буюу насанд хүрээгүй хохирогч Д.Э-ыг “ус авч өгсөнгүй” гэх шалтгаанаар түүнийг цахилгаан тогооны залгуураар цохисны улмаас хохирогчид зүүн бугалга, зүүн даланд, зүүн шуунд, зүүн далны орчимд, нуруунд баруун далны доод хэсэгт, зүүн гуянд, баруун цавинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүүхэд буюу насанд хүрээгүй хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг иш татаж хүндрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж насанд хүрээгүй хохирогч Д.Э-ыг цахилгаан тогооны залгуураар цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Э, гэрч Х.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Н.М нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Н.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.М-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.М-ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгөтэй цахилгаан тогооны залгуур нь шүүгдэгч Н.М-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх тул уг эд зүйлийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгөтэй цахилгаан тогооны залгуур 1 ширхэгийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ