| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0114/э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
хохирогч Б.Х,
иргэний нэхэмжлэгч В.Г,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Х.Д /ҮД:0058/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Э-д холбогдох эрүүгийн 2417000520062 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **мэргэжилтэй, ***ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Э /РД:**/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих авто замын чиглэл 164/495 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор “96-53 УБУ” улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус-41 загварын 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар Б.Х-ын биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун гарын 4 дүгээр хурууны шарх, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, эрүү, хацар, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол, В.Г, М.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000520062 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Би Улаанбаатараас Замын-Үүд рүү 96-54 гэсэн дугаартай машинтай, ачаагүй хоосон явж байсан. Изи шипинг гээд компанийн машин байсан. Эрээнээс ачаа ачих гээд явж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв. Миний буруу. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирогч Б.Х-т 4 000 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Х-д 3 500 000 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгч В.Г-д хохирол төлөөгүй гэв.
2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Чойроос Г, М.Х, охин хоёртой. Манай 2 хүүхэд намайг ээлжилж сахиж байсан. Манай охин хувийн хэвшилд ажилладаг болохоор чөлөө, зөвшөөрөл өгөхгүй байсан. Одоо бодоход цалин, мөнгийг нь нарын машинд нь сууж хот руу явсан. Явж байх замд өөдөөс улаан өнгийн том машин гараад ирэх шиг болсон. Цагаан өнгийн машин байсан юм байна лээ. Тэгээд л түр тар хийгээд би хэсэг шоконд орсон байсан. Намайг машинаас татаж гаргаж байсан. Би машины суудал завсар хавчуулагдсан байсан гэв.
2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эхнэр М.Х, Б.Х нарын хамт бид гурав хот явсан. Баянтал сум өнгөрч байхад ачааны том машин өөдөөс ирээд мөргөсөн. Тухайн үед буух гээд жолооч талын хаалгаа онгойлгох гэтэл хаалга онгойхгүй байсан. Гэтэл Х эгч авраарай гээд орилсон. Тэгэхээр нь би хаалгаа хөшиж онгойлгоод буугаад Х эгчийг өргөж гаргасан. Замаар явж байсан машиныг зогсоогоод Х эгчийг аваад Төв аймгийн Баян сумын эмнэлэг явсан гэв.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар суурингийн доторх замд 60 км/цагийн хурдтай, суурин газрын гаднах замд 80 км/цагийн хурдтай явахыг зөвшөөрсөн байдаг. Тухайн зам тээврийн осол гарсан нөхцлийг харахаар тухайн зам осол гарах үед бүрхэг цастай байсан. Гэрэлтүүлэг байхгүй байсан учраас осол болсон. Замын гадаргуу мөн гулгаатай мөстэй байсан нөхцөл байдал үзлэгээр тогтоогдсон. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч 12.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасан болохоос биш хэтрүүлээд явчихсан гэсэн ойлголт бол биш. Зарим тохиолдолд үнэхээр гулгаа ихтэй тухайн машин өөрийнхөө онцлог байдлаас шалтгаалаад хөдөлгөөнд оролцох бололцоогүй бол замаас тээврийн хэрэгслээ гаргаад тухайн хариуцагч байгууллагуудад мэдээллэх үүрэг хүртэл жолоочид байгаа. Тийм учраас заавал хурдыг нь тогтоох шаардлага байхгүй. Хэдэн ч км/ц хурдтай явах боломжтой байсан учраас тохируулан сонгож яваагүй гэсэн заалтыг сонгосон үндэслэлтэй байгаа. Шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан материалыг үндэслэж дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан материалууд тухайн үед бага хэмжээний цас орсон. Явган шуургатай байсан гэж байсан. Тухайн үед цэвэрлэгээ үйлчилгээг хийх боломж байхгүй. Тийм учраас тухайн байгууллагад буруу өгөх зүйл байхгүй гэж үзэж байна гэв.
5. Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Явж байгаад замын мөстэй хэсэг гэнэт гарч ирээд машин шаравсан. Би бол хурдаа 30 км/цагийн хурдтай тааруулж явсан. Учир нь гадаа цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Миний явж байсан зам дээр ямар ч тэмдэг тэмдэглэгээ байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 216 дугаар хуудас/,
6. Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
манай сууж явсан машины өөдөөс ирж явсан том ачааны машин дайвалзаад гараад ирсэн бөгөөд нэг мэдсэн түс тас гээд машин зогсон байсан. Тэгтэл жолооч Г намайг яаж байна гээд арын хаалга нээсэн зогсож байсан. Би суудлын бүс зүүгээгүй явж байсан учир машины урд хойд сандалын голоор унасан байсан. Тэгээд Г эхнэртэйгээ хамт намайг татаж гаргаж дийлэхгүй байсан бөгөөд миний хоёр хөл хугарсан бололтой хөдлөхгүй байсан. Тэгээд замаар явж байсан жолооч зогсоод тусалж машинаас буулгаад нэг эмэгтэй жолоочтой машинд суугаад Төв аймгийн Баян сумын эмнэлэгт авчирсан. Би тэр үедээ машинд яаж сууж ирснээ санахгүй байна. Тэгээд машинтай эмнэлгийн гадаа очиход эмч сувилагч нар гарч ирээд тусламж үзүүлээд өвчин намдаах эм тариа хийгээд яаралтай гэмтлийн эмнэлэг явах хэрэгтэй гээд эмнэлгийн машинд суулгаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчирсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч В.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
29-53 УНМ улсын дугаартай Приус-41 маркийн автомашинаа 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ингүүн-Од финанс ББСБ-аас 32 500 000 төгрөгөөр зээлээр авч байсан. Түүнээс хойш өөрөө унаж хэрэглэж байгаа миний машин байгаа юм. Миний автомашины үнэлгээгээр тогтоогдсон төлбөр 12 930 000 төгрөг гарсан боловч би машинаа 32 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Би машинаа эвдэрсэн чигээр нь 11 000 000 төгрөгөөр зарсан. Би аваад удаагүй байсан бөгөөд машины зөрүү мөнгө болох 8 570 000 төгрөгийг үнэлгээ болох 12 930 000 төгрөг дээр нэмж нэхэмжилж байна. Мөн осолд орсноос хойш манай эхнэр Х бид хоёрын эмчилгээний зардал, машин ачилт, оношилгооны төлбөр баримтаар нийт 2590600 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэг сарын хугацаанд эхнэр бид хоёр ажилгүй байсан учир цалин олгогдоогүй тул нэг сарын цалингаа нэхэмжилж байна. Миний сарын цалин 2 149 398 төгрөг, манай эхнэр Х-гийнх 1 783 800 төгрөг, нийт 3 933 198 төгрөг нэхэмжилж байна. Нийт 28 023 798 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,
8. Иргэний нэхэмжлэгч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
29-53 УНМ улсын дугаартай Приус-41 маркийн автомашиныг 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ингүүн-Од финанс ББСБ-аас 32 500 000 төгрөгөөр зээлээр авч байсан. Түүнээс хойш манай нөхөр унаж хэрэглэж байгаа. Манай нөхрийн машин байгаа юм. Автомашинтай холбоотой асуудлыг манай нөхөр Г нэхэмжилж ярих байх. Мөн осолд орсноос хойш эмчилгээний зардал болон нэг сарын хугацаанд ажилгүй байсан зардлаа нэхэмжилнэ. Энэ талаар бас манай нөхөр Г мэдүүлгээр болон баримтаар гаргаж өгч байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,
9. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б –н Х нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баян сумын эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж авахад эрүүл мэндийн даатгалын сангаас 367 500 төгрөг, мөн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баян сумын эрүүл мэндийн төвөөс алсын тусламж авахад эрүүл мэндийн даатгалын сангаас 472 500 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэс засалд 3 802 000 төгрөг, нийт эрүүл мэндийн даатгалын сангаас 4 642 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/
10. Иргэний хариуцагч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
96-53 УБУ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг боловч С гээд Өвөр Монгол залуу надаас худалдаад авсан учир би барагдуулахгүй. Осол болсон асуудлын талаар бол сайн мэдэхгүй байна. Тухайн автомашиныг Э гээд залуу барьж Эрээнээс Улаанбаатар чиглэлд ачаа зөөж байсан гэж мэдсэн. Надад аваар хийсэн талаараа мэдэгдсэн. С гээд Өвөр Монгол залуу одоо БНХАУ-н Эрээн хотод байдаг байх би холбоо бариагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас/,
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3963 дугаартай дүгнэлтэнд:
- Б.Х-ын биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун гарын 4-р хурууны шарх, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, эрүү, хацар, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.О /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/,
14. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай дүгнэлтэнд:
- М.Х-н биед тархи доргилт, зүүн хөхний орчимд, баруун гарын 4-р хуруунд, зүүн гарын 5-р хуруунд, баруун өвдөгт, зүүн өвдөгт цус хуралт, зүүн далны орчимд, зүүн 2,3-р хавирга орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Тархи доргилт, зүүн хөхний орчимд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Баруун гарын 4-р хуруунд, зүүн гарын 5-р хуруунд, баруун өвдөгт, зүүн өвдөгт цус хуралт, зүүн далны орчимд, зүүн 2, 3-р хавирга орчимд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ. хх-ийн 54-55 дугаар хуудас/,
15. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай дүгнэлтэнд:
- В.Г-н биед тархи доргилт, цээжний зөөлөн эдэд цус хуралт, баруун, зүүн цавинд зулгаралт, нуруунд бүсэлхийн 5,6-р нугалам орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цээжний зөөлөн эдэд цус хуралт, баруун зүүн цавинд зулгаралт, нуруунд бүсэлхийн 5,6-р нугалам орчимд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3969 дугаартай дүгнэлтэнд:
- Б.Э-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Э /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
17. Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/,
18. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн улмаас хохирсон НС59062989 дугаарын бичиг баримттай Б-н Х-ын сэтгэцэд учирсан хор уршгийн “Тавдугаар” зэрэглэлийг тогтоов гэжээ /1 дүгээр хх-ийн 204 дүгээр хуудас/,
19. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 49/11/24/307 дугаартай Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтэд:
1.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17 “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
1.2. Volvo FH440 маркийн 96-53 УБУ улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
1.3. Toyota Prius маркийн 29-53 УНМ улсын дугаартай автомашины жолооч В.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
1.4. Хэргийн материалтай танилцахад тухайн осол гарсан цаг хугацаанд цаг агаарын таарамжгүй, хур тунадас орж байсан, салхи шуургатай байсан гэж тусгагдсан байх тул жолооч тухайн нөхцөл байдалд хөдөлгөөний хурдыг сонгож, тохируулж явах ёстой байсан гэж үзэж байна.
1.5. Volvo FH440 маркийн 96-53 УБУ улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
1.6. Нэмж тусгах саналгүй.
2. Өмгөөлөгч Х.Д-гээс асуусан асуултын хүрээнд:
2.1. Энэ дүгнэлтийн 1.4 дүгээр хариултаар хариулсан гэж үзэж байна.
2.2. Зорчих хэсэг мөстэй цастай хэсгийн анхааруулсан тэмдэг тэмдэглэгээг тухай бүрт нь тавьж анхааруулж байх талаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тусгайлан тусгасан зүйл байхгүй ба жолооч тээврийн хэрэгслийн тогтворжилтыг хангахгүй шарвуулах, хөндөлсүүлэх үйлдэл нь хөдөлгүүр, хүч дамжуулах ангийн хоорондын харилцан уялдаа холбоо, техникийн хүчин чадлыг зөв тооцоолоогүйгээс гарсан ашиглалтын журам зөрчигдсөн үйлдэл гэж үзэж байна. Дүгнэлт гаргасан: Ю.Б гэжээ. /2 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/,
20. Шүүгдэгч Б.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 187 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Э-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих авто замын чиглэл 164/495 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор “96-53 УБУ” улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус-41 загварын 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар Б.Х-ын биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун гарын 4 дүгээр хурууны шарх, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, эрүү, хацар, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол, В.Г, М.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогч Б.Х гэм буруугийн шүүх хуралдаанд “Гомдолтой байна. Хойшид босч чадахгүй бол яах вэ л гэж бодож байна. Шүүх өөрөө шийдэх байх гэж бодож байна. Төрийн шүүхдээ найдаж байна. Түрүүн өмгөөлөгч сэтгэцэд учирсан хохирлыг 5 дугаар зэрэглэлээс буулгаж өгнө үү гэж хэлээд байх шиг байсан.” гэх дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч В.Г гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Х.Д гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих авто замын чиглэл 164/495 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор “96-53 УБУ” улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Тоёота Приус-41 загварын 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар Б.Х-ын биед хүнд хохирол, иргэний нэхэмлэгч В.Г, М.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Шүүгдэгч Б.Э-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Бидний зүгээс гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргахгүй. Хохиролын тухайд хохирогч Б.Хд 4 000 000 төгрөг, иргэний нэхэмлэгч М.Хд 3 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Хохирогч Б.Х-ын сэтгэцэд учирсан хохиролыг “тавдугаар” зэрэглэлээр тогтоосон. Уг сэтгэцэд учирсан хохиролыг “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ийн 4-т зааснаар хамгийн бага хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох саналтай байна. Мөн иргэний нэхэмжлэгч В.Г, М.Х нар нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн, харин хэрэгт тэдний хэдэн төгрөгний цалин авсан, нийгмийн даатгалын шимэтгэл төлсөн баримтууд нь авагдаагүй байгаа. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч В.Г-н зүгээс автомашины хохиролд 12 930 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хөрөнгийн үнэлгээгээр шууд зардлыг 11 880 000 төгрөгөөр тогтоосон тул энэ дүнгээр нь гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих авто замын чиглэлийн 164/495 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор Волво маркийн 96-53 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус-41 загварын 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч В.Г, М.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг хүндрүүлэн үзэхээр хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Б.Э нь Волво маркийн 96-53 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, Тоёота Приус-41 маркийн 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун гарын 4 дүгээр хурууны шарх, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, эрүү, хацар, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Г-н эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Хг-ийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөхний орчимд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч, гэрч В.Г, М.Х нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.О, иргэний хариуцагч П.Г нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3963 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3969 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт, Зам тээврийн ослын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 49/11/24/307 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Х.Д нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Э нь замын зорчих хэсэг мөстөж, халтиргаа үүссэн байхад тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Э-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч В.Г, М.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Г-н эзэмшлийн “Ингүүн Од Финанс” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн Тоёота Приус-41 маркийн 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11 880 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Б.Х нь шүүгдэгч Б.Э-гаас эмчилгээний зардалд 4,600,000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар 3,022,511 төгрөгийн зардал гарсан ба шүүгдэгч Б.Э нь эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 4,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан. Волво маркийн 96-53 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь П.Гантулгын өмчлөлд байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ба түүнийг иргэний хариуцагчаар татсан байна.
Түүнчлэн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягтаар хохирогч Б.Х-ын сэтгэцэд учирсан хор уршгийг “Тавдугаар” зэрэглэлээр тогтоосон. “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ийн 4-т зааснаар хохирогч Б.Х-ын сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгч Б.Э, иргэний хариуцагч П.Г нараас гаргуулж, хохирогч Б.Х-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 33 000 000 төгрөгийг шүүгдэгч Б.Э, иргэний хариуцагч П.Г нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Э-гаас хохирогч Б.Х-д сэтгэцэд учирсан хор уршигийг арилгахаар шүүх хуралдааны явцад урьдчилж төлсөн 4 000 000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Б.Э-гаас 12 500 000 төгрөг, иргэний хариуцагч П.Г-ас 16 500 000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Х-д олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч В.Г нь шүүгдэгч Б.Э-гаас Тоёота Приус-41 маркийн 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 12930000 төгрөг, анх уг автомашинаа 32 500 000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн автомашинаа эвдэрсэн чигээр нь 11 000 000 төгрөгөөр зарсан, зөрүү мөнгө болох 8 570 000 төгрөг, осолд орсноос хойш манай эхнэр Х бид хоёрын эмчилгээний зардал, машин ачилт, оношилгооны төлбөр баримтаар 2 590 600 төгрөг, нэг сарын хугацаанд эхнэр бид хоёр ажилгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалин 2 149 398 төгрөг, манай эхнэр Хгийнх 1 783 800 төгрөг, нийт 28 023 798 төгрөг нэхэмжилсэн боловч иргэний нэхэмжлэгч Г-н зүгээс нийгмийн даатгалын шимэтгэл төлсөн баримт, цалингийн карт, тээврийн хэрэгслийн зөрүүг нэхэмжилсэн баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүгдэгч Б.Э нь иргэний нэхэмжлэгч М.Х-д 3 500 000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 464 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар Г-н эзэмшлийн Тоёота Приус-41 маркийн 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 11 880 000 төгрөг, шууд бус зардлын дүн 12930000 төгрөгөөр тогтоосон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Тоёота Приус-41 маркийн 29-53 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн болох 11 880 000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, иргэний хариуцагч П.Г нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч, иргэний хариуцагч тус бүрээс 5 940 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч В.Г-д олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч Б.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч В.Г, М.Халиун нар нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, тээврийн хэрэгсэлд учирсан бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Э, иргэний хариуцагч П.Г нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч В.Г, М.Х нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох 4 642 000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-гаас гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгох нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийг хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогч Б.Х эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Төлбөр төлнө гэж байна. Энэ төлбөрийг төлөхөд хугацаа байдаг юм уу? Хохирол барагдуулах хугацаа гэж байдаг юм уу” гэх дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч В.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Х.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн. Хохирол төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд компанид ажил үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгчийн хувьд гэр бүлтэй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлж байсан. Зам тээврийн осол гэдэг бол тохиолдлын шинжтэй. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Мөн тухайн осол болох үед сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдлууд тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн заалт байгаа. Энэ заалтын 1.1-т зааснаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүй тэнсэх гэсэн зохицуулалт байгаа. Энэ гэмт хэрэг нь ангиллын хувьд хөнгөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг нь арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Дээрх байдлуудыг харгалзан тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Э-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Х.Д-гээс гаргасан “шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заасан ба дээрх заалтуудад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх агуулгыг хууль тогтоогчоос хуульчлан зохицуулсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь яллагдагч, шүүгдэгч нь тодорхой хөрөнгөтэй, орлогын эх үүсвэртэй хохирол нөхөн төлөх бодит нөхцөл байдлыг ойлгоно. Харин шүүгдэгч Б.Э-гийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч М.Х нарт тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн боловч, цаашид гарах төлбөр болон хохирогч Б.Хын сэтгэцэд учирсан хохиролыг, иргэний нэхэмжлэгч В.Г-д төлөх төлбөрийг хэрхэн төлөх нь тодорхойгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал бодит биш байх тул шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Х.Д-гээс гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 2 жилийн хугацаанд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-н овогт Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 2 /хоёр/ жилийн хугацаанд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Хт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, нийт 8 000 000 /найман сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Хд 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг тус тус төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, иргэний хариуцагч П.Г нараас 33 000 000 /гучин гурван сая/ төгрөгийг буюу шүүгдэгч Б.Э-гаас 12 500 000 /арван хоёр сая таван зуун мянга/, иргэний хариуцагч П.Г-ас 16 500 000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Х-д,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, иргэний хариуцагч П.Г нараас 11,880,000 /арван нэгэн сая найман зуун наян мянга/ төгрөгийг буюу шүүгдэгч Б.Э, иргэний хариуцагч П.Г нараас тус бүр 5940000 /таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч В.Г-д тус тус олгосугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-гаас 4 642 000 /дөрвөн сая зургаан зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгосугай.
9. Хохирогч Б.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч В.Г, М.Х нар нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, тээврийн хэрэгсэлд учирсан бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Э, иргэний хариуцагч П.Г нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ