Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00195

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03664 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.З, Б.Б нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29 021 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016.10.27-ны өдөр хариуцагч Д.З, Б.Б нартай орон сууц захиалах, захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хан богд Нгудамж, 201 дүгээр байрны 81 тоот хаягт байрлах 56,75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 107 825 000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон. Өнгөрсөн хугацаанд 10 000 000 төгрөг, КХХК-иас зээл авч 75 477 500 төгрөг нийт 85 477 500 төгрөгийг төлж, үлдэх 22 347 500 төгрөгийг 2017.01.25-ны өдөр 11 173 750 төгрөг, 2017 оны 4 сарын 25-ны өдөр 11 173 750 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан.Энэхүү зээлийн гэрээ бол орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрийг хэзээ төлөх талаар тохирсон тохиролцоо бөгөөд хариуцагч нар 3 000 000 төгрөгийг төлж, 19 347 500 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.-т захиалагч гэрээнд заасан мөнгөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Хариуцагч нар үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж тайлбарласан  атлаа шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаад гайхаж байна. Иймд хариуцагч нараас 29 021 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр  29 021 250 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгосон. Талуудын 2016.10.26-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.3.1.-д зааснаар 32 347 500 төгрөгийг төлж дуусгасан, үлдэх 75 477 500 төгрөг КХХК-иас зээлж төлнө гэж заасан.Төлбөрүүд бүрэн төлөгдсөн. Нэхэмжлэгчээс 22 347 500 төгрөгийг шилжүүлээгүй, гэрээг дүр үзүүлж байгуулсан учраас хүчин төгөлдөр бус.Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зааснаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг банк эсхүл банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, төлбөрийг төлүүлнэ гэж заасан. Хашаа байшинг худалдах бүрэн боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.2.-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П ХХК-ийн гаргасан хариуцагч Д.З, Б.Б нарт холбогдох 29 021 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 22 347 500 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр шилжүүлсэн гэж тусгасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч ийм мөнгө огт хүлээж аваагүй гэж тайлбарладаг бол яг үүнтэй адилаар орон сууц захиалах захиалга гүйцэтгэх гэрээний 2.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчаас 32 347 500 төгрөг хэзээ ч хүлээж аваагүй зөвхөн 10 сая төгрөг л хүлээж авсан гэдгээ нотлох баримтаар нотолдог, хариуцагч хүлээн зөвшөөрдөг.Гэтэл шүүх зөвхөн нэг талыг барьж зээлийн гэрээ байгуулагдсан харин орон сууц захиалах захиалга гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар худалдах худалдан авах гэрээний нийт үүрэг 107 825 000 төгрөг үүнээс өнөөдрийн байдлаар 90 277 500 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 14 547 500 төгрөг төлөгдөөгүй. Хариуцагч нар ч хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах  гэрээний үүргийг хэсэгчлэн тодорхой заасан хугацаанд гүйцэтгэхээр талуудын хооронд тохиролцсон гэрээ юм. Зээлээр худалдах худалдан авах гэрээнд анз тооцох хуулийн үндэслэл бий. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч талаас гэрээний үүрэгт 14 547 500 төгрөг, алданги 7 273 750 төгрөг нийт 21 821 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Д.З, Б.Б нарт холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 19 347 500 төгрөг, анз 9 673 750 төгрөг, нийт 29 021 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ. /хх-1, 26, 67-68/

 

Зохигчдын хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х Нгудамжны  201 дүгээр байрны 81 тоот  56,75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нар нь 107 825 000 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу төлөхөөр бичгээр гэрээ байгуулжээ. /хх-3-7/ Гэрээгээр орон сууцыг буюу тодорхой хөрөнгийг  хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч тал 85 477 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогджээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. /хх-86-91/

 

Талууд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээнээс гадна зээлийн гэрээ гэсэн нэртэй бичгийн баримтыг үйлдэж талууд Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн баримтын агуулга нь орон сууц захиалах гэрээнд заасан орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэхэд 22 347 500 төгрөгийн төлөгдөөгүй үнийн үлдэгдэл үлдсэнийг хэрхэн төлүүлэх харилцааг зохицуулжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулгыг тайлбарлахад талууд орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоос илүү орон сууцыг үнийн бүрэн төлөгдөж дуусахаас өмнө худалдан авагч талд шилжүүлж, улмаар үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна. Гэрээгээр талууд орон сууцны үлдэгдэл төлбөрийг дараа буюу хэсэгчлэн 2017 оны 01 дүгээр сарын 25, 2017 оны 04 дүгээр сарын25-ны өдрүүдэд төлөхөөр тохиролцжээ.

 

Иймд талуудын хооронд төлбөрийн үлдэгдлийн хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хоёр гэрээний баримт тус тусдаа бичигдсэн байгаа нь тусдаа үүрэг үүсгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдэл байгаад маргаагүй, хашаа байшингаар төлж болох талаар тайлбар гаргасан байхад анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчиж, уг төлбөрийг гаргуулаагүй нь буруу болжээ. /хх-ийн 78/

 

Орон сууцны үнийн үлдэгдэл 14 547 500 төгрөг төлөгдөөгүй байгаад талууд маргахгүй байна. Түүнчлэн уг гэрээнд хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон, /хх 3-6/ алдангын талаар уг тохиролцоог Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар бичгээр байгуулсан, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарт нийцсэн. Гэвч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангын хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзлээ. Гэрээнээс үзэхэд эргэн төлөлтийн хувиараар төлбөр төлөх эцсийн хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байна. Гэтэл нэхэмжлэгч нь уг хугацааг өнгөрснөөс хойш нэг жил 5 сарын дотор хариуцагч буюу худалдан авагч нарт хандан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь алдангын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн байдлыг харгалзан, алдангын 50 хувийн дээд хэмжээнээс дахин 50 хувиар бууруулж 3 636 875 төгрөгийг алдангид гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.З, Б.Б нараас 18 184 375 төгрөгийг гаргуулахаар, 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03664 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.З, Б.Б нараас 18 184 375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 836 875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 248 871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай ” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 066 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД