Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 307

 

С.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Э.Амарбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Намуун, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 403 дугаар магадлалтай, 1709020560343 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Г.Намууны гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1960 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цорс овогт С.Т нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, С.Т-аас гэм хорын хохиролд 3.933.027 төгрөг, мөн хохирогч Ц.Болдын өмгөөлөгчид төлсөн зардал 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Намуун гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...С.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болж байгаа үйл явдлыг хожим санадаггүй болохоо тогтвортой мэдүүлдэг бөгөөд эхнэр нь ч энэ тухай мэдүүлсэн байдаг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бодит үйл явдлыг гуйвуулж бичсэн тул миний бие шүүх хуралдаан дээр уг бичлэгийг шинжлэн судлуулсан. ...Шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох дээрх баримтыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Хохирогчийн өмгөөлөгчдөө төлсөн 1.000.000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр С.Т-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. ...Шүүгч хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглэхгүй, хэт нэг талыг барьж хохирлыг бүхэлд нь хангасанд гомдолтой байна. ...Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 4.000.000 төгрөгийг С.Т-аас нэхэмжлэх эрхтэй юм. Ц.Болд нь хальтарч унаж хагалгаанд ороод халамжаас 4 сая төгрөг авсан атлаа давхар С.Тыг гүтгэж мөнгө авах гэж байсан. Нөгөө талаас гэмт хэргийн улмаас хохирсон гэж цагдаад өргөдөл гаргаж шалгуулж байж гэмтлийн эмнэлэгт гэр бүлээрээ зориуд худал мэдүүлж, хальтарч унасан гэсэн зохиомол байдлыг зориуд бий болгон Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой. Гэтэл шүүгч хохирогч Ц.Болдын хууль бус үйлдлийг өөгшүүлсэнд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх дээрх асуудлыг дүгнэхдээ халамжаас ирүүлсэн 2/220 тоот албан бичигт хөнгөлөлт гэж хэдэн төгрөг авсан нь тодорхой биш байна гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна... Хэрэгт протезний хөнгөлөлт эдлэх тухай баримт ирсэн бол хэдэн төгрөгийг, хэзээ, хэрхэн авсан болохыг мөрдөгч шалгаж тогтоох үүрэгтэй байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Э.Амарбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...С.Т-ын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд шүүх хуульд заасан хэмжээнд нийцүүлэн ял оногдуулсан. Өмгөөлөгчийн гаргасан гомдол нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил утга агуулгатай байгаа. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан гомдлыг үндэслэн С.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны, Тоосгоны эцсийн буудлын орчим Ц.Болдтой маргалдаж, нүүр рүү нь гараараа цохиж, түлхэж унагахдаа баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх С.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судлаад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг нь тэмдэглэлд бүрэн, зөв тусгагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба тухайн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах эрх хуулиар олгогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бичлэгт харагдаж байгаа бодит байдлыг гуйвуулж бичсэн, хохирогч нь хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй, мөн С.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин өмгөөлөгчтэй харилцан тохиролцож, хууль зүйн туслалцаа авахаар гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хохирогч Ц.Болдын өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нараас гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ын гаргасан “С.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН