| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0115/э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ....., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... ..... овогт ..... .....ад холбогдох эрүүгийн 2417001200119 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ...оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ..., ... .... хамт .... аймгийн ... сумын .. дугаар баг, ... энгэр гэх газарт оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, ..... ..... овогт ..... ..... /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ..... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнийн 05 цагийн үед ... аймгийн .... сумын 2 дугаар баг, ...1 дүгээр гудамжны 5 тоот хашаанд байрлах монгол гэрт өөрийн эхнэр .....хувийн амьдралаа найзууддаа ярилаа гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсэж, улмаар ..... .... настай охин ..... тэврээд орон дээрээ сууж байхад нь данх авч шидэн улмаар ... настай охин .....толгой хэсэгт онож, түүний биед гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзавчийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ..... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ..... амьдраад 10 гаруй жил болж байна. Хүүхдэдээ гэмтэл учруулсандаа гэмшиж, харамсаж байна, дахин ийм алдаа гаргахгүй, гэм буруугаа ухаарч байна. Сая эмчилгээндээ хүүхэд яваад ирсэн. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Тухайн өдөр нэлээн олон пиво уусан. Эхнэр лүүгээ ярихад миний утасны цэнэг дуусах гээд байна, утас холбогдохгүй бол хүрээд ирээрэй гэсэн. Би очтол манай эхнэр явчихсан байсан. Гэтэл найз нь намайг согтуу орж ирлээ гээд алгадсан. Найзууддаа гэр бүлийн амьдарлаа ярилаа гээд бид хоёр маргалдаад данхыг хаалганы хажуунаас аваад эхнэр лүүгээ шидсэн. Хүүхдээ унтаж байна гэж бодсон. Эхнэрийг хүүхдээ тэвэрч байгаа нь мэдээгүй. Хүүхэд минь Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж толгойных нь ясыг авсан. Нийт 2 удаа хагалгаанд орсон. Манай хүүхэд 3 настай гэв.
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.....нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явсан. Шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл авсан байна. Хүүхэд Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад толгойндоо тор суулгуулсан. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Ээжийнх нь ярьж байгаагаар миний толгойг аав ийм болгосон гэж ярьдаг, ааваасаа жаахан айдастай байгаа гэсэн. Одоогийн байдлаар хүүхэд аав, ээжтэйгээ хамт байгаа. Ухаан санаанд бол өөрчлөлт орсон зүйл одоогоор байхгүй. Асуусан асуултад бүрэн хариулж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16, 18 хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “..... нь 2024 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 01, 03, 14-ний өдрүүдэд эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 5 642 729 төгрөг зарцуулсан төлбөрийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
4. Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай хүү ....., эхнэр ..... хоёр гэрт хоол идээд байж байтал 22 цагийн үед найзууд нь дуудаад гараад яваад 2024 оны 08 дугаар сарын 28-ны 03 цагийн үед манай бэр ганцаараа ирсэн. ..... 05 цагийн үед ирээд манай бэрд хандаж танай найзууд чинь намайг алгадлаа, зодлоо чи хувийн амьдарлаа найзууддаа ярилаа гэх мэтээр хэлсэн. Охин ..... уйлахад нь бэр аваад хөнжилд ороогоод суусан. Би бэрийн наад талд сууж байтал манай хүү ..... тогооны хажууд байсан данхыг аваад шидэхээр нь би зүүн талын гараараа хаатал миний гарны доогуур ороод манай ачийн толгой хэсэг рүү цохигдохоор нь хартал толгой орой хэсэгт нь цус шүүрсэн байсан. Эмнэлэгт очоод үзүүлтэл хавантай байна, орой хэсэгт цус шүүрсэн байна гээд эмчилгээ хийж байтал таталт өгсөн. Манай хоёр хүүхэд 10 гаран жил хамт амьдарсан, дундаасаа нэг гурван настай охинтой. Манай хүү архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам, согтуу тавих гээд байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/,
5. Гэрч .....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 26-ны орой найз ..... Дорноговь аймаг руу шилжиж байгаа гээд найзуудаараа уулзахаар болж 22 цаг 30 минутын үед найз ..... гэрт очсон. ..... хүргэж өгөөд 2-3 цаг тоглоод гэртээ харина гэхээр нь би охиныхоо хажууд очоод байж байгаарай сэрэх байх гэхэд за гээд явсан. 01 цагийн үед хадам ээж залгаад охин сэрчихлээ, ..... ирээгүй байна гэсэн. 02 цагийн үед ..... руу залгахад бааранд байгаа бололтой хөгжим дугараад байхаар нь би ..... хариагүй байна, охин сэрчихлээ гээд 03 цагийн үед гэртээ харьсан. 04 цагийн үед ..... орилж орж ирээд намайг ална гээд хөнжил татсан. Манай охин ..... уйлахаар нь би хөнжил дотор боогоод орон дээр сууж байхад юм шидээд байсан. Том данх аваад шидсэн чинь гэнэт манай охин уйлахаар нь охиныхоо толгойг үзэхэд цөмөрсөн байхаар нь эмнэлэгт очиход таталт өгсөн. Охиноо үзүүлтэл тархи нь цаашаа цөмөрсөн байна гэсэн. 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хот руу очиж Гэмтэл согог үндэсний төвд хагалгаанд орсон. Бид 2013 онд гэр бүлээ батлуулж, 2021 онд хүүхэдтэй болсон. ..... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьдаг байсан. Ер нь архи уухаараа тавьтаргүй, хааяа миний биед халдаж зоддог. Тухайн үед миний биед халдаж зодсон зүйл байхгүй. Шөнө манай найзууд дээр очиж намайг асуухад нь Баттөмөр ганц удаа уулзаж байхад гаргачихгүй, чи гадуур явлаа гэж хэлсэн байсан. Тэрийг сонсоод гэрт ирж орилж хашхираад байсан. Манай охины биеийн байдал одоо гайгүй байгаа. Тархины яснаас 5 см авсан. Ирэх 7 хоногт дахиж хагалгаанд орж ган сээтэг тавихгүй бол болохгүй гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/,
6. Гэрч .....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “..... бид 2 хуурай ах дүүгийн холбоотой. ..... нь төлөв даруу, дуугүй, хүнд их тусч, ажилласаг хүн. Бид 2 нөхөрлөөд олон жил болж байна. ..... ах хөдөө мал аж ахуй эрхэлдэг. Эхнэр, хүүхдэдээ хамалжтай сайхан гэр бүл байдаг. Олон жилийн дараа 1 охинтой болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/,
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 233 дугаартай дүгнэлтэнд: “.....биед гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу бүрхүүл доор цусан хураа, аалзавчийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд хамтдаа үүсгэгдсэн байх боломжтой. Гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн баруун бүрхүүл доорх цусан хураа, аалзавчийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 35-36 хуудас/
8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 4, 5, 6-10, 11 хуудас/
9. .....өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардлын түүх, иргэний нэхэмжлэл 5 642 729 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 433 дугаартай албан бичиг, өрхийн мэдээллийн баримт /х.х-ийн 56-79, 98, 102-103, 122, 108 хуудас/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 84-97 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч ..... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Релейний 1 дүгээр гудамжны 5 тоот хашаанд байрлах монгол гэрт эхнэр Н......д хувийн амьдралаа найзууддаа ярилаа гэх шалтгаанаар агсам согтуу тавьж, улмаар .....3 настай охин .....өвөр дээрээ тэврээд орон дээр сууж байхад нь данх авч шидэж 3 настай охин .....толгой хэсэгт онож, түүний биед гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзавчийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч .....ын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ..... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогчийн хуувь ёсны төлөөлөгч А.Аварзэд, гэрч ....., .....нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, .....өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч ..... нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүхээс дүгнэж, Прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ..... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч ..... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам согтуу тавьсан үйлдлээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч .....ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч .....ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч .....ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй учраас торгуулийн ял оногдуулахад төлөх баталгаатай баримт бичиг хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тохиолдлын шинжтэй биш, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч ..... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Гэр бүлийн хувьд ..... 10 гаруй жил амьдарсан, хожуу 1 охинтой болсон. Эцэггүйгээр нь хүүхдийг хүмүүжүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах, амьдрах нь боломжгүй байгаа. Мал аж ахуй эрхэлж байгаа хүн төлбөрийн чадваргүй байна гэж байхгүй. Малынхаа ашиг шимээр торгуулийг барагдуулах боломжтой гэж үзэж байна гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч .....ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч .....ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхдэд учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагыг санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч .....ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ..... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч насанд хүрээгүй хохирогчийн ёсны төлөөлөгч .....гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5 642 729 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч .....ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ..... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг данхыг устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... ..... овогт ..... .....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ..... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг данхыг устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА