| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/133 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/133
2024 12 12 2024/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Хохирогч Д.У
Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сэр-Одод холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... төрсөн, ........ настай, ........., .......... боловсролтой, .............. мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл ........., ........... хамт, ........................ тоотод оршин суух, М.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь Х.б-ны .... тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 38 минутад хохирогч Д.У-ийн Х.Улсын Э хотод байхдаа тоо андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө захиран зарцуулж хохирогчид 19,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байхад мөнгө хэрэг болоод ааваас мөнгө асуусан чинь дансаа явуулчих гэсэн. Тэгэхээр нь би дансаа явуулчхаад гэрээс дүүгийнхээ картыг аваад гарсан чинь миний дансанд19,000,000 сая төгрөг орж ирсэн. Тухайн мөнгө орж ирэхээр нь би өөрийн төрсөн дүү болох М-ын Х.б-ны ........ тоот дансанд 10,000,000 төгрөг хийгээд, үлдсэн 9,000,000 төгрөгийг аав М-ийн Х.б-ны ...... гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд би дүүгийн дансанд байсан 10.000.000 төгрөгийг дүүгийнхээ х.б-ны картыг аваад .... дугаар хорооллын замын ард талын х.б-ны АТМ-ээс бэлнээр авсан. Тав таван саяар хувааж авсан шиг санаж байна. Тэгээд би 4 найзын хамт Улаанбаатараас найзынхаа машинаар Дархан орж "........." гэх буудалд 2 хоноод, тэгээд цаашаа Э, Х гээд аялаад явсан. 13 хоног аялаад ирсэн. Тухайн андуурагдаж орж ирсэн 19,000,000 төгрөгөөр аялаад ирсэн. Би том машины чиргүүл зарах гэж байсан юм. Хүн надаас асуугаад зарах гээд тохирчихсон байсан болохоор гэнэт 19,000,000 төгрөг ороод ирэхээр нь би чиргүүлийн мөнгө юм байх гэж бодоод авчихсан. Би тэр чиргүүлийг 22,000,000 төгрөгөөр зарах гэж байсан юм. Би үнэхээр андуурсан байсан. Миний зарах гэж байсан чиргүүлийн мөнгө юм байх гэж бодсон. Тус чиргүүл аав бид хоёрын дундын өмч байгаа юм. Тухайн чиргүүл компанийн нэр дээр байдаг байх аа. Төрсөн дүү М.М-ын Х.б-ны ....... тоот данс руу 10,000,000 төгрөг хийж картаар нь АТМ-ээс бэлнээр авсан. Үлдсэн 9,000,000 төгрөгийг аав М рүү яриад дүүгийн ....... тоот данс руу хийлгэж бэлнээр авсан. Амралтаар яваад ууж идэх юм аваад л дууссан. Миний төрсөн дүү М нь тухайн 19,000,000 төгрөгийн талаар мэдэх зүйл байхгүй. Би дүүгээсээ Х.б-ны картыг чинь хэрэглэж байгаад өгье ахдаа өгчих гээд авсан. М энэ мөнгө ямар учир утгатай болох талаар юу ч мэдэхгүй. Тухайн мөнгийг би захиран зарцуулсан. Миний дүү М тэр мөнгөнөөс авч үрсэн зүйл байхгүй. Марал захиран зарцуулсан зүйл байхгүй. Би дүүгийнхээ Х.б-ны виза картыг ашигласан юм. Дүүгээсээ банкныхан картыг гуйгаад авсан. Аав руу би тухайн мөнгө ороод ирсэн байна. Таны данс руу 9,000,000 төгрөг хийсэн шүү гэж хэлсэн чинь аав за за гээд л утсаа тасалсан. Тэгээд жоохон байж байгаад аав руу буцаж залгаад бид хөдөө явлаа М-ийн данс руу нөгөө 9,000,000 төгрөгийг хийчих гээд хийлгүүлсэн. Ээж мэдээгүй. Би яриагүй аав ээж хоёр ярьдаг байсан. Тухайн мөнгө орж ирснээс хойш амралтад явж ирээд л мэдсэн. Ээж над руу залгаад ярьсан. Юугаа хийгээд хүний мөнгө үрээд явчхав аа гэхээр нь би гайхаад ээжээс асуугаад аав руу залгаад ярьсан чинь аав нөгөө чиргүүл чинь зарагдаагүй байгаа шүү. Чи хүний мөнгө үрсэн байна гээд аав, тэр орж ирсэн 19,000,000 төгрөгийг буцаагаад өг гэхээр нь би аавд үрээд дуусчихсан гэсэн аав уурлаад, тэгээд л хүний мөнгө байсныг мэдсэн. Би бага багаар өгнө. Аваад үрсэн нь үнэн юм чинь буцааж өгнө. Би энэ ондоо багтаагаад төлж барагдуулна. Миний машин тэрэг эвдрээд машиндаа мотор авч тавиад мөнгөгүй болчхоод өгч чадаагүй. Би У гэдэг хүнийг хохирлыг хурдан барагдуулна гэжээ. /хх-ийн 75-78/
Шүүгдэгч М.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр мөнгө орж ирсэн. Чиргүүл зарах гэж байсан нь үнэн. Мөнгө ороод ирэхээр нь чиргүүлийн мөнгө ороод ирж гэж бодоод мөнгийг захиран зарцуулсан нь үнэн гэв.
Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 38 минутад хүний барааны буцаалтын мөнгө хийх гэж байгаад өөрийн эзэмшлийн ..... тоот Х.б-ны данснаас ......... тоот Х.б-ны данс руу 19,000,000 төгрөг андуурч шилжүүлсэн. Тэгээд Х.б-тай холбогдоод нөгөө дансны эзэн болох С гэх хүнтэй холбогдоод, ээж Х-тэй ......, аав М нартай ........ дугаарын утсаар нь холбогдоход асуудалгүй наадмын дараа хийнэ ээ гэж хэлсэн. Тэгсэн боловч тэр өдрөөс хойш мөнгө хийхгүй байсан. Тэгээд 08 дугаар сарын эхээр аав нь над руу залгаа би юань өгье гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд ч мөн өгөхгүй байсан. Удалгүй ээж нь залгаад мотор эвдрээд машин болохгүй байна, ачааны мөнгө орохгүй байна гэж байсан. 08 дугаар сарын 30-ны өдөр ээж Х нь холбогдоод банк хөөцөлдөж байна банкнаас мөнгө гараад ирэхээр мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд одоо болохоор утас нь холбогдохгүй байгаа тул би цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн хүмүүсийг огт танихгүй. Мөнгө андуурч шилжүүлснээс өөрөөр мэдэхгүй. Би өөрийн андуурч шилжүүлсэн 19,000,000 төгрөгийг авчихвал өөр ямар нэгэн гомдол санал асуудал байхгүй байна. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний Х.б-ны ....... дугаарын данс руу 13 цаг 01 минутад 5,000,000 төгрөг хийсэн. Одоо үлдэгдэл 14,000,000 төгрөгийг өгчихвөл би хохиролгүй болно гэжээ. /хх-ийн 09-10, 13/
Хохирогч Д.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 07 сарын 03-ны орой андуурч 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас энэ хүүхдийн аав, ээжийнх нь утсыг олж өгсөн. Тэгээд наадмын дараа уулзаад 5, 5 саяар хуваагаад төлөөд дуусгана гэж хэлсэн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй байж байгаад цагдаад өгсний дараа 5 сая төгрөгийг өгсөн. Дараа нь 2 сая төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 12,000,000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв.
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: С надад мөнгө төгрөг шилжиж орсон талаар юм хэлээгүй. 3 хоногийн дараа Д.У гэдэг хүн над руу залгаад хүүхдийн чинь данс руу 19,000,000 төгрөг данс андуураад шилжүүлчихлээ гэж ярихаар нь би С-ыг хайгаад, С миний дугаар руу надад битгий санаа зовоорой гэж мессеж бичсэн байсан. С эхнэрээсээ салаад удаж байсан. Тухайн үед нэг найз хүүхэнтэй гэж ярьж байсан. М-ийн х.б-ны данс руу орсон 9,000,000 төгрөгийн талаар надад С над руу мөнгө шилжүүлсэн байна. Чиргүүлийн мөнгө орчихсон юм байхдаа гэж ярьж байсан. Надад мөнгөний хэрэг байхгүй гээд М мөнгийг нь буцаагаад шилжүүлэх гэсэн С аав та М-ын данс руу явуулчих гээд манай нөхөр шилжүүлсэн. Тухайн үед би мөнгө төгрөг С-ын данс руу шилжиж орсон талаар мэдээгүй. Д.У гэдэг хүн данс андуурч мөнгө шилжүүлсэн талаар над руу утсаар ярих үед би мэдсэн гэжээ. /хх-ийн 17-18/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
М.С-ын Х.б-ны ..... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30-34/
Х.б-ны ....... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-37/
Б.М-ийн Х.б-ны эзэмшлийн ........ дугаартай дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-45/
М.М-ын эзэмшлийн Х.б-ны ....... дугаарын дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-55/
Хохиролд 5,000,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн Х.б-ны шилжүүлэг /хх-ийн 57/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 64-67/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-82/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.С нь Х.б-ны .......... тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 38 минутад хохирогч Д.У-ийн Х.Улсын Э хотод байхдаа тоо андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө захиран зарцуулж хохирогчид 19,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.У-ийн мэдүүлэг /хх-ийн 09-10,13/, гэрч Б.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 17-18/, М.С Х.Б-ны ....... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30-34/, Х.б-ны ............. дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-37/, Б.Э-ийн Х.б-ны эзэмшлийн ........ дугаартай дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-45/, М.М-ын эзэмшлийн Х.б-ны ....... дугаарын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-55/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч М.С-ын гэм буруутай үйлдэл, хохирогч Д.У-т учирсан эд хөрөнгийн хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч М.С нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал, хохирлын зарим хэсэг болох 7,000,000 төгрөгийг төлсөн байдал, ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Хохирогч Д.У нь өөрт учирсан хохирлоос 7,000,000 төгрөгийг авсан, үлдэх 12,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тайлбараа гаргасан байна. Шүүгдэгч нь 5,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 30-ны өдөр төлж барагдуулсан нь Х.б-ны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 57/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.С-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 12,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ыг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.С-с 12,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.У олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б