Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 0095

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       М.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.С

Нарийн бичгийн дарга                             О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолтой, М.Хд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.С-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, У овгийн М-н Х.

 

Шүүгдэгч М.Х нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг Согоотын амны өвөр Баруун гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 32-56 ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч У овгийн М-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хээс 541 133 /таван зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин гурван/ төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай сан болох Ойн санд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хөрөө, 28 ширхэг 2453 м.куб түлээний мод, битүүмжилсэн М.Хий эзэмшлийн 32-56 ОРО дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлүүлэх, улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

... М.Х ам бүл олуулаа, ганцаараа эхнэр хүүхдээ тэжээдэг. Портер 32-56 ОРО маркийн машинаар тээвэр хийж амь зуух амьжиргааны мөнгө олж амьдралаа залгуулдаг. Энэ хэргийн улмаас учирсан хохиролд 700.000 төгрөг урьдчилан төлсөн, үлдэгдэл 541.133 төгрөг төлнө.

Түүний эзэмшлийн Портер машины үнэлгээг үнэлгээчин 5.800.000 төгрөгөөр үнэлсэн ба /хх-53/ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг ... албадан гаргуулна гэсэн тул тогтоолын 6 дахь заалтад 5.800.000 төгрөгийн үнэ бүхий портер гэж өөрчлөлт оруулж түүний машины үнэ 5.800.000 төгрөгийн хэсэг 1.241.133 төгрөгийг улсын орлого болгохоор тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д ... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т ... гэмт хэрэг  хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ... гэж заасан ба шүүх шийтгэх тогтоолдоо хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хөрөө, 2453м.куб мод, М.Хий эзэмшлийн 32-56 ОРО дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор улсын орлого болгохоор  шийдвэрлэсэн атлаа экологид учруулсан хохирол 541.133 төгрөгийг шүүгдэгчээс дахин гаргуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Хий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-56 ОРО дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл болон хөрөө 1 ширхэг нь түүний эзэмшлийнх болох нь тогтоогдсон ба уг эд хөрөнгөөр хохирлыг төлүүлэх, улсын орлого болгохоор шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг давхар гаргуулах шаардлагагүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Х нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг Согоотын амны өвөр Баруун гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 32-56 ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх У овгийн М-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хээс 541 133 /таван зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин гурван/ төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай сан болох Ойн санд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хөрөө, 28 ширхэг 2453 м.куб түлээний мод, битүүмжилсэн М.Хий эзэмшлийн 32-56 ОРО дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлүүлэх, улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л-н эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С-н давж заалдах гомдлыг үндэслэн М.Хд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн  хүрээнд шүүгдэгч М.Хий үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтыг  зөрчсөн байна.

Тухайлбал: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  1 ширхэг хөрөө, 28 ширхэг 2453 м куб түлээний мод, 32-56 ОРО дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хохирол төлүүлэх улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн байх боловч хавтаст хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө шүүгдэгчийн хөрөө мөн эсэх, хэдэн төгрөгийн үнэлгээтэй хөрөө зэргийг шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд ... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө орлогоос албадан гаргуулах, ...хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна... гэж заасан тул улсын орлого болгохоор хураан шийдвэрлэж буй тухайн эд зүйлд заавал үнэлгээ тогтоолгосон байх шаардлагатай юм.

Иймд шүүгдэгч М.Хий зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ ашигласан цахилгаан хөрөөг гэрэл зургийн үзүүлэлтээр  хэрэгт бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авсан боловч уг хөрөөг үнэлүүлээгүй, хэний эзэмшлийн хөрөө болохыг шалгаж тогтоогоогүй ба дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр М.Хд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй байна.

Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч М.Хд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Хд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С-н давж заалдах гомдол, Прокурорын эсэргүүцлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

            3. Хэргийг прокурорт очтол М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА