Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Иргэдийн төлөөлөгч Ц.Энхтуяа,

Улсын яллагч М.Гантулга,

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

Хохирогч Т.Төртогтох нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүдээ овогт Будбазарын Оюун-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625022829 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Бүдээ овогт Будбазарын Оюун-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, 1992 оны 08 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл техник, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 7 дугаар байрны 48 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 7-31 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УК92080654/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ай си си” ресторанд ажлынхаа байранд хохирогч Т.Төртогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн 6-7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, баруун чихний дэлбээнд шарх гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох

 

баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 19-20 цагийн хооронд өдөр би завсарлагаанаар эхнэрийг хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэх гэж байна гэдгийг сонссон. Тухайн үед юу болсон талаар асуух гэж оффисын байр орсон. Тэгтэл араас Төртогтох орж ирээд наад утас чинь хэн дуртай хүний ярьдаг утас биш үү гэж зандрангуй хэлсэн. Би тэр үгэнд нь уурлаад эхнэртэйгээ ярьж чадалгүй харилцуураа тавиад хаалга саваад гартал араас Төртогтох гарч ирээд чи яагаад хаалга саваад гарчихваа гэж хэлээд шаардлага тавьсан. Тухайн үед би уурлаад Төртогтохтой маргалдаж байхад намайг заамдаж аваад эхэлж Төртогтох намайг цохихоор би багалзуурдаад хөргүүр рүү түлхэж унагаахад Төртогтох босож ирэхээр нь би хавирч унагаан зүүн хэвлий хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл Түвшинжаргал ахлах тогооч ирж салгаж гэр рүү явуулсан. Би ийм асуудалд болсонд маш их харамсаж байна гэв.

Хохирогч Т.Төртогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч нь оффисийн өрөөнд утсаар ярьж байсан. Өмнө нь хэд хэдэн удаа утсаар ярьж байсантай тааралдсан. Дээр камер харж байгааг мэднэ биз дээ, чи их ярьж байгаа шүү гэж хэлсэн. Тэгтэл шүүгдэгч гарахдаа хаалга хүчтэй саваад гарсан. Би тэгэхээр нь шүүгдэгчийн араас гараад хаалгаа зөөлөн хааж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгтэл шүүгдэгч ирээд намайг заамдаж аваад духаараа мөргөсөн. Би адил заамдаж аваад ийм зодоон болсон. Зодоон болсны дараа надад амьсгалахад хэцүү байхаар нь эхнэртээ хэлтэл эхнэр 103 дуудсан. Түргэн ирээд намайг үзээд шууд гэмтлийн эмнэлэг яв гэж хэлсэн. Би тэгээд өөрийн машинаар гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл 6, 7 дугаар хавирга хугарсан, хийтэй байна гэж хэлсэн. Тэгээд уушигний хийг “Интер мед” эмнэлэгт авахуулсан тэгтэл маргааш нь уушиг унаад байхаар нь дахиж хий авахуулж гуурс тавиулж 7 хоног хэвтрийн дэглэм барьсан. 7 хоногийн дараа гуурсаа авахуулахад уушиг тогтсон байсан. Мөн 14 хоног эм ууж гэртээ хэвтрийн дэглэм барьсан. Надад одоо гомдол санал байхгүй гэв.

Гэрч Э.Ундрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай нөхөр Оюун-Эрдэнэтэй оффиссын өрөөнд орж хамаагүй утсаар битгий яриад бай гэсний төлөө маргалдаад байсан ба Оюун-Эрдэнэ гарахдаа өрөөний хаалгыг савж гарсан байсан юм. Манай нөхөр түүнд “чи хаалга зөөлөн хаалдаа гэж маргалдсан юм. Тэгтэл Оюун-Эрдэнэ манай нөхрийн духанд өөрийн духаа нааж тул ирчихээд “юу гэнээ хөгшөөн” гэх мэтээр маргалдаад байсан. Миний харснаар Оюун-Эрдэнэ манай нөхөрийг мөргөчих шиг болсон, ямар ч байсан зодолдоод хоёулаа хамт газар унасан бөгөөд зодолдохоор нь Түвшинжаргал очоод салгасан юм. Оюун-Эрдэнэ манай нөхрийг цохиод зодоод байсан. Манай нөхөр зодуулчихаад босч ирэхэд нүүр нь сонин болчихсон, амьсгалахад хэцүү байсан юм. Тэр үед 103 дуудаж үзүүлээд эмнэлэг рүү аваад явсан бөгөөд манай нөхрийн хавирга нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

Гэрч Э.Түвшинжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Миний бие нь уг ресторанд 2015 оны 08 дугаар сард нээгдсэнээс нь хойш одоог хүртэлх хугацаанд ажиллаж байгаа бөгөөд Б.Оюун-Эрдэнийг хэзээ ирсэнийг санахгүй байна ямар ч

байсан 2015 оны 11 дүгээр сард ирчихсэн юм шиг санагдаж байна. Хэрэг гарсан гэх өдрийг сайн санахгүй байна ямар ч байсан 2016 оны 11 дүгээр сарын үед байсан юм. Тэгээд тухайн өдөр ажиллаж байхад Оюун-Эрдэнэ нь надаас зөвшөөрөл аваад оффисын өрөө руу орж утсаар ярьчихаад ирье гээд явсан. Учир нь манай захирал Оргил нь тухайн асуудал болохоос өмнөх ажилчдын хурал дээр гал тогоонд өөрийнхөө гар утсаар ярьж болохгүй, зайлшгүй шаардлага гарвал оффиссын өрөөнд орж утсаар ярьж болно гэж хэлсэн юм. Тэгээд утсаар ярьж байхад нь Төртогтох араас нь ороод тэр 2 маргалдсан юм шиг байна лээ. Миний ойлгосноор Оюун-Эрдэнийг утсаар ярьж байхад нь Төртогтох араас нь ороод “чи ер нь энд юу хийж байгаа юм” гэхээр нь нөгөөх нь захирлын хэлсэнээр утсаар ярьж байна захирал өөрөө хурал дээр тэгж хэлсэн шүү дээ гэх зэргээр хэлэхэд Төртогтох нь чи битгий худлаа яриад бай" гэх мэтээр дээрэнгүй харьцсан юм шиг байна лээ. Тэгээд түүнээс болоод Оюун-Эрдэнэ хаалгаа хүчтэй саваад гарсан юм шиг байна лээ....Тухайн үед тэр хоёрыг маргалдаж байхыг сонссон бөгөөд юуны талаар маргалдаж байгааг бол сонсоогүй, учир нь би ажлаа хийж байсан юм. Хэсэг хугацааны дараа пижигнэх чимээ гарахаар нь тэр хоёрыг зодолдож байна гэж бодоод том хөргүүрийн урд яваад очсон чинь Төртогтох газарт уначихсан гараараа тулаад босох гэж байхад нь Оюун-Эрдэнэ түүнийг ямар ч байсан хавирга хэсэг руу нь гараараа нэг цохисон би түүнийг харсан бөгөөд яг аль тал руу нь цохисоныг санахгүй байна. Ямар ч байсан хараад очиж салгасан юм. Тэгээд салгаад байж байтал тэр 2 дахин маргалдаад байсан юм. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг боль гэж хэлж байсан бөгөөд тэр 2 дахин гал тогооны өрөөнд ороод барьцалдаж аваад хоорондоо нүүр, бие рүүгээ цохилцож байсан бөгөөд нэг их сүртэй цохилцоогүй, учир нь хүмүүс дундуур нь ороод салгаад байсан юм. Тэгээд дахин салгаад Б.Оюун-Эрдэнийг би харь гээд явуулсан ба Төртогтох нь хавиргаар өвдөөд амьсгалж болохгүй байна гээд 103 дуудаад эмнэлэг руу аваад явсан. ...Ер нь бол хоорондоо зодолдсон, миний харснаар Төртогтохын хавирга руу Оюун-Эрдэнэ 1 удаа цохихыг харсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Гэрч Д.Доржханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Миний бие нь тус ресторанд тогоочоор 2016 оны 10 дугаар сарын 13-наас эхлэн ажиллаж байгаа бөгөөд намайг анх ажилд ороход Б.Оюун-Эрдэнэ нь тогоочоор ажиллаж байсан. ...Тэгээд тэр залуу 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай нөгөө тогооч Төртогтохтой маргалдаж зодолдсон юм. Тэр 2 анх оффисын өрөөнөөс маргалдан гарч ирсэн бөгөөд эхлээд Оюун-Эрдэнэ дараа нь Төртогтох гарч ирсэн. Гарч ирэнгүүтээ ямар шалтгаанаар маргалдсаныг нь мэдэхгүй байна ямар ч байсан муудалцаж байгаад хоорондоо барьцалдаж аваад зодолдож байгаа харагдсан тухайн үед би яаралтай ажилтай байсан болохоор тэр хоёрын нээх их анзаарч хараагүй ямар ч байсан хоёулаа давхарлаад унаж байсныг санаж байна ..Тэгээд тэр хоёрыг зодолдож байхад нь Түвшинжаргал, Ундрал нар салгаж байсан санагдаж байна. Тэгээд тэр зодооны дараа Төртогтох амьсгалж чадахгүй байна гээд түргэн тусламж дуудаж үзүүлээд эмнэлэг рүү аваад явсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15282 тоот дүгнэлт:

1. Төртогтохын биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн 6-7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий хуралт, баруун чихний дэлбээнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-29/

Шинжээч Д.Мөнхбатыг байцаасан тэмдэглэл: “…Д.Төртогтохын биед зүүн 6,7 дугаар хавирга суганы шугамаар зөрүү багатай хугарсан байна. Уг гэмтэл нь хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралтаараа хүнд зэрэгт хамаарна. Уг 6,7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Д.Төртогтох нь хүний доор орж давхарлаж плитан шалан дээр унах үед үүсэх боломжтой, боломжгүйг нь нарийвчлан тогтоох боломжгүй, хавирга хугарсан хэсэгт нь цохих, өшиглөх үед уг гэмтэл үүсэх боломжтой. Давхаралдаж унах үед уг гэмтэл үүсэх боломж муутай. Мөн уг 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь нэг удаагийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой…” /хх-31/,

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-38- 52/,

Хохирлын талаарх баримтууд /хх-53-66/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, СиДи 1 ширхэг        /хх-16-17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ай си си” ресторанд ажлынхаа байранд хохирогч Т.Төртогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн 6-7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, баруун чихний дэлбээнд шарх гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Т.Төртогтохын “…намайг хавсаргаад газарт унагаасан, би унахдаа түүнийг татаад хамт унасан юм. Тэгээд уначихаад босох гээд гараараа тулаад өндийж байтал миний зүүн талын хавирга руу хөлөөрөө өшиглөсөн үү гараараа цохисон уу гэдгийг нь би сайн мэдэхгүй байна, учир нь би түүнийг хараагүй юм. Тэр үед ямар ч байсан миний зүүн хавирга хэсэгт 1 удаа цохисон юм. ...гэмтлийн эмнлэгт очиж үзүүлэхэд 6-7 дугаар хавирганууд хугарсан байна гэж хэлсэн. ...энэ гэмтлийг Оюун-Эрдэнэ учруулсан…” гэх/хх-19-20/,

шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн “…уур хүрээд нүүрэнд нь тулаад очтол намайг заамдаад авсан юм. Тэгэхээр нь би бас заамдаад авсан чинь зүүн гараараа намайг заамдаад баруун гараараа миний хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа цохихоор нь би түүнийг түлхээд арагш нь унагасан юм. Тэгсэн чинь босож

ирэнгүүтээ дахин миний гэдэс рүү цохиод байхаар нь би түүнийг барьж аваад хөлөөрөө хавсарч унагаагаад зүүн талын хавирга, хэвлий орчимд нь нэг удаа цохисон юм.” гэх/хх-33-36/,

гэрч Э.Ундралын “...Оюун-Эрдэнэ манай нөхрийг цохиод зодоод байсан. Манай нөхөр зодуулчихаад босч ирэхэд нүүр нь сонин болчихсон, амьсгалахад хэцүү байсан юм. Тэр үед 103 дуудаж үзүүлээд эмнэлэг рүү аваад явсан бөгөөд манай нөхрийн хавирга нь хугарсан байсан...” гэх/хх-22/, гэрч Э.Түвшинжаргалын “…Оюун-Эрдэнэ түүнийг ямар ч байсан хавирга хэсэг рүү нь гараараа нэг цохисон би түүнийг харсан бөгөөд яг аль тал руу нь цохисоныг санахгүй байна.” гэх /хх-23/, гэрч Д.Доржхандын “…тэр зодооны дараа Төртогтох амьсгалж чадахгүй байна гээд түргэн тусламж дуудаж үзүүлээд эмнэлэг рүү аваад явсан юм…” гэх/хх-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15282 тоот дүгнэлт: “Төртогтохын биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн 6-7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий хуралт, баруун чихний дэлбээнд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-29/, Шинжээч Д.Мөнхбатын “…Д.Төртогтохын биед зүүн 6,7 дугаар хавирга суганы шугамаар зөрүү багатай хугарсан байна. Уг гэмтэл нь хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралтаараа хүнд зэрэгт хамаарна. Уг 6,7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь ...цохих, өшиглөх үед уг гэмтэл үүсэх боломжтой. Давхаралдаж унах үед уг гэмтэл үүсэх боломж муутай. Мөн уг 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь нэг удаагийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой…” гэх /хх-31/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди дээрх бичлэг /хх-16-17/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.380.000 төгрөг төлсөн, хохирогч Т.Төртогтох нь шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож “гомдолгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар гэм хорын хохирлын талаарх баримтын хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн байна. Харин хохирогч Т.Төртогтох нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бүдээ овогт Будбазарын Оюун-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюун-Эрдэнийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Оюун-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Хохирогч Т.Төртогтох нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.                   

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оюун-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол                   Б.Оюун-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР

                

ШҮҮГЧИД                                                                 З.БОЛДБААТАР

 

                                                                                    Б.ДУЛАМСҮРЭН