Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

 

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

Нарийн бичгийн дарга М.Э       

Улсын яллагч О.А 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Г 

Өсвөр насны шүүгдэгч Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: .................. суманд төрсөн, ............. хоногтой, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................., ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт, ........ аймгийн ........сум ..-р баг ... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... овогт ...........ын М............../РД: .................../

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Д.М................. нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 17 цагийн орчимд .............. аймгийн ........... сум ..-р баг .......... гудамж ............ тоот гэх задгай газарт байсан ..-.. ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн повер си маркийн 2 аккумляторыг хүч хэрэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Ц........ 960,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Д.М............ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 16 цагийн орчимд унадаг дугуйгаа унаад манай гэрээс хойд зүгт байдаг найз О.............. гэрт очихоор явах замд буюу .............. сум 2-р баг Б......... тоот хаягтай хойд, урд талаараа хашаагүй задгай айлаар дамжаад явах замд цагаан өнгийн толгойтой том машин зогсож байсан. Тухайн машины хажуугаар гарах үед тэр машины 2 ширхэг аккумлятор нь надад харагдсан. Тэгээд би зараад мөнгөөр нь биллиард тоглоё гэж бодоод тухайн 2 ширхэг аккумляторыг уясан цэнхэр өнгийн уяаг тайлаад авах гэтэл тухайн аккумляторын дээд хэсэгт байх 2 шонгийн боолт нь тээглээд байхаар нь би өөрийн хичээлийн цүнхэнд байсан унадаг дугуйныхаа гинжийг засдаг түлхүүрээр тухайн шон дээр 1 цохиод үзсэн чинь тайлагдсан. Хар, цагаан өнгийн 2 ширхэг аккумлятор байсан. Тэгээд би нэг аккумляторыг тэнд нь үлдээгээд нөгөө аккумляторыг унадаг дугуйны голын төмөр дээр тавиад түүхий эд худалдаж авдаг ахад 20.000 төгрөгөөр зарсан мөнгөө бэлнээр аваагүй ээжийн .............. тоот дансыг хэлж үлдээгээд явсан. Тэгээд буцаад нөгөө машин байсан газраа очоод үлдээсэн аккумляторыг мөн дугуйн дээрээ өмнөх шигээ ачаад нөгөө түүхий эд авдаг ахад өгөх гээд явах замд гадаа харанхуй болоод нохой хуцаад байхаар айгаад өвсний буланд нууж орхиод гэртээ харьсан. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед хичээлдээ явах замдаа нөгөө аккумлятор орхисон газраа очоод аккумляторыг унадаг дугуйны голын төмөр дээр ачаад түүхий эд авдаг ахын гэр руу явах замд буюу ................ гудамжны үзүүрт явж байхдаа дийлэхгүй унагасан. Тэгтэл цагаан өнгийн Приус-30 машинтай танихгүй ах ирээд ах нь тусалъя наадах чинь цэнэгтэй юм уу, хэний аккумлятор юм бэ? гэхээр нь би манай ахын хуучин аккумлятор би 20.000 төгрөгөөр зарах гэж байгаа юм гэтэл ах нь худалдаж авъя ахдаа дансаа өгчих гэхээр нь би ээжийн дансыг өгсөн. Тэгээд би тэр ахад зараад хичээлдээ явсан. Би тухайн аккумляторын эзэн ахаас нь очиж уучлалт гуйсан би дахиж ийм зүйл хийхгүй гэжээ. /хх-ийн 53-55/   

Өсвөр насны шүүгдэгч Д.М................ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлгээ өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.   

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Г............... шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ............. нь манай бага хүүхэд. Би хараа хяналтаа сайн тавьдаг. Тэр өдөр жоохон тоглоод ирье гэхээр зөвшөөрч гаргасан. Мөнххүслэн нь манай гэрийн бүх л ажлыг хийдэг. Ер нь бол их аймхай хүүхэд байгаа юм. Цаашид хараа хяналтаа сайн тавих арга хэмжээ авна гэв.

Хохирогч Д.Ц.......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ......... аймгийн ..........сумын ........баг ......... гудамжны. ..... тоот болох хамаатныхаа дүүгийн хашаанд өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээ хийж байгаад орой 17 цагийн үед гэр лүүгээ явсан. Тэгээд өглөө 11 цагийн үед машин дээрээ ирсэн чинь миний машины аккумлятор алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн. Би энэ машиныг сарын өмнө худалдаж авсан аккумляторын тагийг нь онгойлгож харахад хайрцагтайгаа шинэ аккумлятортай байсан. Би өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гарах оочир маань байсан юм. Тэгээд би болохгүй бол дэлгүүрээс аваад тавьчих санаатай сэлбэгийн дэлгүүр ороод power SEA маркийн том тэрэгний аккумлятор ямар үнэтэй юм гэж асуухад 1 ширхгийн үнэ нь 600.000 төгрөг гэж байна лээ 2 ширхэг нь 1.200.000 төгрөг болж байсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл алга, би өөрийн алдсан аккумляторыг хүлээн авсан надад одоо гомдол санал байхгүй 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шиг санаж байна Д.М.......... гэх хүү ................ тоотод миний аккумляторыг авчирч өгөөд уучлаарай гээд явсан гэжээ. /хх-ийн 10-11, 77/

Гэрч Э.Б....... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг Э-ийн Ж.. гэдэг. Би айлын 6 дахь хүүхэд. Би ......... суманд төрсөн. 2022 оноос 2024 оны 5 сар хүртэл ......................... ажиллаж байсан. Одоо хувиараа БНХАУ-Монгол улсын хооронд том оврын тээврийн хэрэгсэлтэй ачаа тээвэрт явдаг. Би тухайн өдөр .............. баг ............ гудамжинд аавынхаасаа гараад гэр лүүгээ явж байтал замд нэг унадаг дугуйтай хүүхэд зам дээр явж байгаад аккумлятор унадаг дугуйнаасаа унгаахаар нь бууж туслаад энэ аккумляторыг яах гэж байгаа юм гэсэн чинь энэ манай ахын хуучин байгаа юм би зарах гэж байгаа юм гэхээр нь би тухайн аккумляторыг аккумлятор мааслуулж үзтэл тогтой, цэнэгтэй болохоор нь чи хэдээр зарах гэж байгаа юм гэтэл би 20.000 төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхээр нь би авъя гээд надад бэлэн мөнгө байсан л дээ гэхдээ дансаар шилжүүлчихвэл дараа янз бүрийн юм болбол хэрэгтэй гэж бодоод данс байгаа юу ахын дүү гэсэн чинь Хаан банкны ................. дугаарын данс өгөхөөр нь би аккумлятор гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн би бас тухайн хүүхдийн зургийг нь бас дарчихсан. Тиймээ ганцаараа явж байсан. Тухайн хүүхэд хар өнгийн унадаг дугуй, саарал өнгийн малгайтай цамц, хар куртиктай, хар цүнх үүрчихсэн явж байсан. Би ашиглаж амжаагүй байгаа, би хэрэг болж магадгүй гэж бодоод авсан юм гэрийн хашаанд байгаа. Нэг ч ашиглаагүй ээ. Тухайн аккумлятор буцааж өгмөөр байна би ийм хулгайн юм хэрэглэдэггүй ээ гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ........................ тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. ................. сумын хооронд ачааны машинаар тээвэрт явдаг манай эхнэр Ц.Э  бид хоёр тухайн тоот хаягтаа "Түүхий эд" худалдаж авдаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр байх манай эхнэр эзгүй би гэртээ байсан тухайн өдрийн орой ойролцоогоор 16 цаг өнгөрч байхад унадаг дугуйтай жоохон хүү аккумлятор бариад манай хашааны гадаа ирээд "Аккумлятор өгье" гээд намайг дуудахаар нь би очоод хэдтэй аккумлятор юм гээд үзтэл 160-тай аккумлятор байсан тэгээд би хэдэн төгрөгөөр өгөх юм гэтэл нөгөө хүү 20.000 төгрөгөөр өгнө гэхээр нь би тухайн хүүгийн дансны дугаарыг тэмдэглэж үлдсэн тэгээд эхнэр гэртээ ирээд тэр оройдоо 20.000 төгрөгийг нь шилжүүлсэн байх энэ талаар нь сайн мэдэхгүй байна. Тухайн хүү надад хэлэхдээ манай гэрийн аккумлятор байгаа юм гэсэн, маркийг нь би мэдэхгүй байна тухайн үед намайг харахад цагаан өнгийн 160 ампертай аккумлятор байсан хэдээр өгөх юм гэхэд 20.000 төгрөгөөр өгнө гэхээр нь би дансыг нь тэмдэглэж аваад үлдсэн одоо дансны дугаарыг нь санахгүй байна Хаан банкны данс байсан шиг санаж байна гэжээ. /хх-ийн 20-21/

Гэрч Г.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ............... тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Замын-Үүд сумын шилжүүлэн ачих ангид авто ачигч машины жолооч ажилтай. Д.М манай бага хүүхэд дээрээ ах, эгчтэй. ........................ангийн сурагч, даруухан хүүхэд байгаа юм, надаас илүү ээжтэйгээ дотно байдаг. 2024 оны 11 дүгээр сард манай эхнэр М.Г  надад манай хүү М  хэрэг тарьсан /айлын задгай хашаанаас "2 ширхэг" машины аккумлятор аваад хүнд нийт 40.000 төгрөгөөр зарсан байна тэр хүмүүсийн мөнгийг нь төлнө гэж надад хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 66/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-тйг 28-29/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 30/

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний ХХК-ийн хөрөнгө хохирлын үнэлгээ /хх-ийн 33-36/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 41-44/

Нас тоолсон тэмдэглэл, 0321511/259 дугаартай төрсний гэрчилгээ /хх-ийн 56, 60/ 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 78-79/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Өсвөр насны шүүгдэгч Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 17 цагийн орчимд .......................... тоот гэх задгай газарт байсан ................улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн повер си маркийн 2 аккумляторыг хүч хэрэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Ц  960,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ц мэдүүлэг /хх-ийн 10-11, 77/, гэрч Э.Б мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Г.Э  мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Г.Д мэдүүлэг /хх-ийн 66/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-тйг 28-29/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 30/, Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний ХХК-ийн хөрөнгө хохирлын үнэлгээ /хх-ийн 33-36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Өсвөр насны шүүгдэгч Д.М  гэм буруутай үйлдэл, хохирогч Д.Ц  учирсан эд хөрөнгийн хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Д.Ц  нь повер си маркийн 2 аккумлятораа буцаан авсан болох нь түүний өгсөн мэдүүлэг /хх-ийн 77/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй байхдаа буюу ................. байхдаа хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хамаарах субъект мөн байх тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүргийг хүлээлгэн шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Д.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзсэн.

Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эд мөрийн баримтаар шүүхэд ирсэн 1 ширхэг 13 см урттай, 5 см өргөнтэй дугуйны түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн тээврийн хэрэгслээс аккумляторыг салгаж авахдаа тус түлхүүрийг ашигласан нь хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Ж  овогт Д-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д-ын М-д ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, мөн хугацаанд зан үйлээ засах албадлагын арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М-д хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч төрсөн эх  М.Г-т даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М  нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 13 см урттай, 5 см өргөнтэй дугуйны түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

        

 

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.Б