Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн  хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, шүүгч Б.О, шүүгч  Э.Б нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга  М.Э                                                                       

Улсын яллагч А.Х

Иргэдийн төлөөлөгч Б.Б

Өсвөр насны хохирогч У.Т

Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э

Өсвөр насны шүүгдэгч Э.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я  овогт Э-ы М-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн,....оны ...сарын .......-ны өдөр .......аймгийн .......... суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, ........ боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ............. хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....... баг .......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я  овогт Э-ы М  /РД: ......./

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 10-наас 2024 оны 06 сарын 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг Цэцэрлэгчийн 1-1 тоот хашааны гадаа хохирогч У.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалсаны улмаас түүний биед зүүн гарын шуу, баруун гарын сарвуу, нуруунд учирсан шарх, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уээжний хөндий хий, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 10-ны орой 23:00 цаг өнгөртөл Амрын гудамжны хойд талд сагсаны талбай дээр С , У.Т , М  бид дөрөв сагс тоглож байгаад 23:00 цагийн орчим сагс тоглож дуусгаад пиво авч уухаар болоод Дөрвөн Эрдэнэ дэлгүүрлүү С  ороод 2 ширхэг 2,4 литрийн пиво авч гарч ирээд сагсны талбайн ар талын гудамжинд орж уучихаад 02:00 цагийн үед явсан. Тэгээд цэцэрлэгийн гудамжны зүүн талын үзүүрт ирж байсан чинь би өдөр төврүү орохоор болоод Замын-Үүд сумын 5-р баг цэцэрлэгийн гудамжаар алхаж С-тай маргалдаад салцгаасан байсан. Тэгтэл тухайн үед Т  өдрийн зүйлийг яриад намайг ирээд нүүрлүү нэг удаа алгадсан тэгэнгүүт нь би “яагаад байгаа юм бэ” гээд түлхэтэл намайг цээж хэсэгрүү нэг удаа жийгээд унагасан. Тэгэхээр нь би босч ирээд нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиход миний хөлрүү Т  хамж ороод намайг газарт унагаасан. Тэгээд би зууралдаж байх үедээ цүнхэнд байсан хутгаараа нурууруу нь нэг удаа хавирга хэсэгт нь нэг удаа хутгаар зоосон. Тэгтэл манай найз Ц  гэх залуу урдаас мотоцикотой ирж таараал эмнэлэг дуудаж өгсөн. Аав шөнийн ээлжинд гардаг тэгээд намайг дөхүүлээд өгөөч гэж байсан. Тэгээд би аваад цүнхэндээ хийчихсэн байж байгаад сагс тоглож байгаад мартчихсан байсан. Тэмүүлэн миний дээр гараад зодоод байсан учир биеэ хамгаалаад хутгаар гэмтээсэн. Нэг удаа хатгахад болихгүй байсан тэгээд 2 удаа хатгасан. Т  миний хутагыг булаацалдаж байхад миний баруун гарын эрхий хуруу зүсэгдчихсэн. Өөр ямар нэгэн учирсан гэмтэл надад байхгүй. Т  миний гарнаас хутга булааж авах үед зүсэгдсэн. 2 ширхэг 2,4 литрийн пиво-г 3 улаа хувааж уусан. Тэмүүлэнг хэр согтуу байсаныг мэдэхгүй байна. Миний хувьд бол согтсон зүйл байхгүй байсан. Бүх зүйлээ хэвийн санаж байгаа. Тухайн гэмлийг би У.Т-тэй маргалдааж байгаад хутга хатгаж учруулсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирогчид эмчилгээний зардал 500,000 төгрөг өгсөн. Хохирогчий зүгээс өөр төлбөр мөнгө нэхээгүй гэжээ. /хх-ийн 96-97/   

Өсвөр насны шүүгдэгч Э.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр мэдүүлэг өгсөн гэв.

Өсвөр насны хохирогч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 10-ны орой 23:00 цагийн орчим Замын-Үүд сумын 3-р баг соёмбын гудамжинд байрлах сагсны талбай дээр яваад очтол М , Б , С  нар сагс тоглож байсан. Тэгээд Б  М  хоёртой ачаанд орно гээд хувцас хунараа солиод юм олж идэх гээд тэндээс явсан. Тэгсэн чинь надруу Ц  надруу залгаад “М , С хоёр хоорондоо зодолдоод байна салгаад нэгийг нь аваад явчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Соёл спортын ордоны урд байрлах гудамжинд очоод уулзтал М, С-ыг дээрэлхээд байхаар нь би “чи яаж байгаа юм” гээд М-ийг түлхэтэл хойшоо бөгсөөрөө унасан. Тэгээд М  босч ирээд “харанхуйруу орье камергүй газар орье” гээд цэцэрлэгийн гудамжруу гүйгээд орсон би араас нь очсон чинь зодолдох гээд дайраад байхаар нь би хөлрүү нь хамаж ороод унагаагаад нэгээс хоёр удаа нүүр хэсэгт нь цохиод ноцолдож байтал бид хоёрыг Б , М , Ц  нар салгасан. Би босоод иртэл миний зүүн гарны шуу хэсэгт, зүүн хавирга, баруун гарын чигчий хурууны хэсэгт хутгалсан байсан. Би яг хэзээ хутгалсан талаар нь мэдээгүй. Тэгээд босч ирээд “намайг хутгалчихсан байна” гэж хэлээд байж байтал намайг дахиад хутгалах гээд байхаар нь хөлрүү нь орж хамаад өргөтөл миний нуруу хэсэгт дахин нэг удаа хутгалсан. Тэгээд тэнд байсан манай найз эмнэлэг дуудаад тэгээд эмнэлэг ирсэн. Зүүн гарын шуу, баруун гарын чигчий хурууны дээр, зүүн хавирга, нуруу хэсэгт хутгаар зүсэгдсэн шархтай өөр гэмтэл шарх байхгүй. Тухайн гэмтлүүдийг надад М  учруулсан. Өмднийхөө хойд халааснаас нэг зүйл гаргаж ирэх шиг болсон тэр нь хутга байсан юм байналээ. М  бид хоёр ноцолдож байгаад М намайг хутгалсан. Өөр ямар нэгэн зодолдсон маргалдсан хүмүүс байгаагүй. Би С-ыг өмөөрөөд чанга дугараад түлхсэн учир ууралсан юм шиг байна лээ. Би бол уугаагүй байсан. Харин намайг хутгалсан М  ууцан байх шиг байсан жоохон үнэртэж байсан. Б-, хоёр ижилхэн нэртэй М , С , ижилхэн нэртэй хоёр Ц , Т тэгээд би байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 16-17/

Өсвөр насны хохирогч У.Т  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний шууг зүссэн. Эмчлүүлэн. Өөр ярих зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн У.Т  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 590,807 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.М-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 24-25/

Өсвөр насны гэрч Г.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 04 дүгээр сарын 10-ны 23:00 цаг хүртэл Т , С , М  нарын хамт Замын-Үүд сумын Соёмбын гудамжны талбай дээр сагс тоглож байгаад Дөрвөн Эрдэнэ дэлгүүрээс 2 ширхэг 2,4 литрийн пиво аваад С , М , Т гурав Соёмбын гудамжинд уусан. Тухайн пивоноос би уугаагүй. Тэгээд 03:00 цагийн үед төврүү орох гээд явж байгаад цэцэгрлэгийн гудамжинд Т , М  хоёр гэнэт “яагаад харьцаад байгаа юм яаж харьцаад байгаа юм” гэх мэтээр өөд өөдөөсөө хашгираад байсан. Тэгж байснаа Т ах М-ий нүүр хэсэгт нэг удаа гараа цохисон. Тэгсэн чинь М  гүйж очоод ноцолдоод Т ах М-ийг унагаагаад дээр доороо орж байгаад Т ах “намайг дүрчихлээ” гээд орилоод байсан тэгээд хартал зүүн гарны доор хавирга хавьцаа хутгаар дүрсэн байсан. Тэгээд эмнэлэг дуудсан. Юунаас болж маргалдсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Тухайн газарт М , Т  хоёроос өөр маргалдаж зодолдсон хүмүүс байхгүй. М  Т-ийн нуруу хэсэгт нь хутгалсан. М Т  нар найзуудын харилцаатай. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. М , Т , С  нар 2 ширэхг 2,4 литрийн пиво уусан. Нээх аймар согтсон хүн байгаагүй гэжээ. /хх-ийн 29-30/

Өсвөр насны гэрч А.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 04 дүгээр сарын 10-ны 20:00 цагийн орчим М , Т , М , бид дөрөв Замын-Үүд сумын Соёмбын гудамжны шийдэн дээр тоглож байгаад 23:00 цагийн орчим Дөрвөн Эрдэнэ гэх дэлгүүрээс 2 ширхэг 2,4 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад соёмбын гудамжны нэг эзэнгүй байранд орж уучихаад 03:00 цагийн үед төврүү орье гээд Замын-Үүд сумын 5-р баг цэцэрлэгийн гудамжаар гарах гээд явж байтал Т, М  нар гэнэт муудалцаад ноцолдоод унасан. Тэгээд гүйгээд очтол Т нурууны хэсэгтээ хутгалуулсан байсан. Тэгээд сандраад эмнэлэг дуудаад эмнэлэгт хүргэгдсэн. М  бид хоёр маргалдаад тэгээ Т намайг өмөөрөөд тийм зүйл болсон. М бид хоёр бие биедээ гэмтэл учруулсан цохиж зодсон асуудал огт байхгүй. Маргалдаж байсан. Тухайн газарт М , Т  хоёроос өөр маргалдаж зодолдсон хүмүүс байхгүй. М  Т-ийн нуруу хэсэгт нь хутгалсан байсан. Харин ноцолдож байх үедээ М  өөрийнхөө эрхий хуруугаа зүсчихсэн байсан. М Т  бид хэд найзуудын харилцаатай. Ямар нэгэн ес хонзонгийн асуудал байхгүй гэж бодож байна. М , Т бид гурав 2 ширхэг 2,4 литрийн пиво уусан. Өөр зүйл уугаагүй. Тэнд согтсон хүн байгаагүй гэжээ. /хх-ийн 34-35/

Шинжээчийн 2024 оны 06 сарын 28-ний өдрийн 02/278 дугаартай дүгнэлт: 1.У.Т-ийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, зүүн шуу, баруун гарын сарвуу, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.У.Т-ийн биед зүүн шуу, баруун гарын сарвуу, нуруунд учирсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.У.Т-ийн биед учирсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 42-43/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгийн тогтоол  /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримт  /хх-ийн 19-20/

Өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-77/

Шинжэчийн 2024 оны 10 сарын 21-ны өдрийн 1131 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 89-92/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэх лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 101-102/

Иргэний нэхэмжлэл төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 114/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 105-106/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 10-наас 2024 оны 06 сарын 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг Цэцэрлэгчийн 1-1 тоот хашааны гадаа хохирогч У.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалсаны улмаас түүний биед зүүн гарын шуу, баруун гарын сарвуу, нуруунд учирсан шарх, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уээжний хөндий хий, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, өсвөр насны хохирогч У.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 16-17/, өсвөр насны гэрч А.С-ын мэдүүлэг /хх-ийн 34-35/, Шинжээчийн 2024 оны 06 сарын 28-ний өдрийн 02/278 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Өсвөр насны шүүгдэгч Э.М-ий гэм буруутай үйлдэл, өсвөр насны хохирогч У.Т-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёрын хоорондоо шалтгаант холбоотой байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.М  нь хохирогчид учирсан хүнд гэмтлийг хүйтэн зэвсэг болох хутгийг ашиглан учруулсан нь дээрх баримтуудаар тогтоогдсон.

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Санаатай бус гэмт хэрэг үйлдсэн байна” гэх дүгнэлтийг шүүх хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй гэж үзлээ. Учир нь хохирогчийн биед хутгаар гэмтэл учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар санаатай бус буюу болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Өсвөр насны хохирогч У.Т , түүний хуль ёсны төлөөлөгч нарт хохиролд шүүгдэгч талаас 500,000 төгрөгийг өгсөн болохыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мэдүлэгээр нотослон, түүнчлэн цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулна гэх мэдүүлэг, тайлбараа шүүх хуралдааны шатанд өгсөн, өсвөр насны шүүгдэгч Э.М  нь иргэний нэхэмжлэгч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 590,807 төгрөгийг төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 114/-ээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Өсвөр насны шүүгдэгч Э.М  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлыг төлж барагдуулсан, түүнчлэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх талын нөхцөл байдал болгон авч үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хоёр дахин багасган тогтоож оногдуулж, оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлүүлэхээр шийдвэрлэв.   

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн төмөр бариултай ажлын хэсэг нь 8,5 см урттай, бариул хэсэг нь 7,5 см урттай, нийт 16 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй.   

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Я  овогт Э-ы М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э-ы М-д 5 /тав/ жилийн хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж биеэр эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн төмөр бариултай ажлын хэсэг нь 8,5 см урттай, бариул 7,5 см урттай, нийт 16 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                              

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны  төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.Ц 

                                                ШҮҮГЧИД                                   Б.О 

                                   Э.Б