| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2020/03254/И |
| Дугаар | 184/ШШ2021/00197 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2021/00197
|
|
| 2021 01 22 | 184/ШШ2021/00197
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З ХХК-ийн
Хариуцагч: К ХХК--д холбогдох
24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч К-ХХК нь нэхэмжлэгч З ХХК-аас 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Алфард маркийн 65-99 УВС улсын дугаартай автомашиныг 17.500.000 төгрөгөөр, 2009 онд үйлдвэрлэсэн Тоёота Сэй маркийн 06-92 УНЭ улсын дугаартай автомашиныг 16.500.000 төгрөгөөр тооцож тус хоёр автомашиныг бартераар авахаар тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр К ХХК-ийн захирал Д.У”т автомашин хүлээлцэх актаар тухайн хоёр автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. К ХХК нь 1 м.куб бетоныг 127.000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тохиролцон хүлээлгэн өгсний дараа хариуцагч талаас манай З ХХК-д бетон зуурмаг нийлүүлэх ёстой боловч машиныг аваад алга болж хохироосон. Өмнө шүүх хуралдаан дээр хариуцагч талаас манай үйлдвэрлэл зогсонги хүнд байдалд орсон, одоогоор бетон зуурмаг гаргах боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байсан. Хүнээс юм авсан бол буцааж өгөх нь үүрэг юм. Хариуцагчаас гаргаж өгч байгаа баримтуудыг шалгахад хариуцагчаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээнд буюу 10 орчим сая төгрөгийн эд материал болон мөнгөн төлбөрийн шилжүүлэг хийгдэж байсан нь тогтоогдож байгаа тул өөрт олгосон итгэмжлэлийн хүрээнд хариуцагч талын гаргаж байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа ч нэхэмжлэлийн шаардлага болох 34.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг хасаж тооцон 24.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч З ХХКнь авна гэж байсан бараагаа авахгүй алга болсон үйлдэл байхгүй бөгөөд хариуцагчийн ардаас хаана байгаа бол, миний юмыг хэзээ өгөх бол гэж сураглаж байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн автомашиныг авсан нь үнэн бол түүний үнийг төлөх үүрэг нь үнэн. Бетон зуурмаг талуудын хооронд харилцан өгч аван солилцох харилцаа хийгдсэн бөгөөд хариуцагч нь энэ тохиролцооныхоо дагуу л хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ маргаан нь хувь хүн хоорондын маргаан биш компани хоорондын маргаан. З ХХК нь Т ХХК-аас З ХХК-д танай компани К ХХК-д 2 автомашин шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу манай тал 2 автомашиныг хариуцагч талд шилжүүлж өгсөн. Автомашин болон бетон зуурмаг нийлүүлэхтэй холбогдуулан албан ёсны гэрээ байгуулъя гэсэн саналыг "З" ХХК-аас гаргаж байсан боловч хариуцагч нь ямар нэгэн хариу өгөөгүй байдаг. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудаас албан ёсны дагуу гаргасан, хуулийн шаардлага хангасан баримтуудыг хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлийн шаардлагаа 24.000.000 төгрөг болгон багасгаж байна гэв.
Хариуцагч КХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болох К ХХК нь нэхэмжлэгч З ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хүрэл тогоотын ам буюу Одон орон судлалд Т ХХК-ийн барьж буй амины орон сууцны хороололд дээврийн ажлын бетон зуурмагийг нийлүүлэхээр харилцан тохиролцож автомашин аваад түүнд тохирсон бетон зуурмагийг нийлүүлэх зорилготой байсан. Энэ зорилгынхоо дагуу манай компани эхний хоёр машин бүхий бетон зуурмагийг 200 маркийн 14 м.куб 1.955.800 төгрөгний, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөн маркийн 58 м.куб 8.102.600 төгрөгний бетон зуурмаг нийлүүлж, дээр бетон зуурмагийг шахах помп машин 800.000 төгрөгөөр хөлсөлж ажиллуулах явцад Т ХХК нь З ХХК-ийг ажлаа хийж чадахгүй байна хэмээн голж хамтарч ажиллахаа больсон учраас нэхэмжлэгч З ХХК нь Т ХХК-ийн байрлах газар үлдсэн бетон зуурмагаа авч чадахааргүй болсон юм. Хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч талаас над руу ярьж үлдсэн бетон зуурмаг болон автомашиныхаа асуудлыг яах уу гэж асуухад үлдсэн бетон зуурмагаа хэдийд ч ирээд авч болно гэж хэлсэн. Тэрний дараа З ХХК-ийн захирал М.Н нь 2.000.000 төгрөг яаралтай хэрэг болоод байна шилжүүлчих гэхээр нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны 5134055021 тоот дансанд шилжүүлж байсан. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 100 м.куб-ын ажил өөр компанид зуучилж өгсний өглөгнөөс 500.000 төгрөгийг олгож аль болох харилцан ашигтай ажиллахыг хичээсэн. Т ХХК нь З ХХК-тай бас шүүх дээр маргаад явж байгаа юм билээ. Манай бетон зуурмагийн үйл ажиллагааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй болохоор бетон зуурмагийн талаар ойлгох ойлголт муутай байгаа бөгөөд ийм учраас гаргасан баримтыг мэдэхгүй байгаа юм. Гаргасан бүх баримтууд бүгд хуулийн шаардлага хангасан байгаа. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь чанаргүй байсан гэсэн тайлбар гаргаж байна. Манай компанийн бүтээгдэхүүн бол сайн чанарын бүтээгдэхүүн бөгөөд хэзээ ч захиалагчдаа гологдож байгаагүй юм. Нэхэмжлэгч тал нь өөрөөс шалтгаалсан хүчин зүйлсээс болоод бараагаа хүлээн авч чадаагүй гэдгээ ойлгохгүй байна. Нэхэмжлэгч З ХХК-нь Т ХХК-тай гэрээ байгуулж тухайн компанийн барьж буй орон сууцны дээврийг хийхээр тохирсон боловч өөрийн хийж гүйцэтгэх ажлаа зохих ёсоор хийж чадаагүйгээс болоод манай компаниас авах ёстой байсан бетон зуурмагаа авч чадаагүй хугацаа алдсан. Дараа нь надаас бага багаар буюу Э ХХК-д 250 маркаар бетон зуурмаг 45 м.куб-ыг гэх мэтээр авч, мөн манай компанид 740.000 төгрөгийг өгч байсан. Нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл манай компани үйл ажиллагаа хэвийн явуулсан. Энэ хугацаанд хэдийд ч очоод надаас үлдсэн бетон зуурмагаа авах боломжтой байгаа. Нийт нэхэмжлэлийн шаардлага болох 24.000.000 төгрөгөөс хариуцагчийн зүгээс 16.234.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Манай байгууллагын зүгээс тоо баримттай юм гаргаж өгч, түүнийхээ дагуу нэхэмжлэгч тал ямар баримтгүй зүйл ярьж байна. Манай зүгээс Т ХХК болон Э ХХК-аас шаардлагатай баримтыг гаргаж өгөх боломжтой бөгөөд хариуцагчийн зүгээс хариу тайлбарт дурдсан 16.234.000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлэх замаар төлөх боломжтой бөгөөд үүний дагуу шийдэж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан автомашины үнэ 34.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 10.000.000 төгрөгөөс татгалзан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 24.000.000 төгрөг болгон багасгасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Тоёото Алфард маркийн 65-99 УВС улсын дугаартай автомашиныг 17.500.000 төгрөгөөр, 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Тоёото Сэй маркийн 06-92 УНЭ улсын дугаартай автомашиныг 16.500.000 төгрөгөөр тооцож хоёр автомашиныг худалдаж, хариу төлбөрт нь хариуцагч нь нэхэмжлэгчид М-200 маркийн 1 м.куб нь 127.000 төгрөгийн нэг бүрийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэхээр харилцан тохиролцон, мөн өдрөө талууд автомашин хүлээлцэн акт үйлдсэн боловч бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байх ба 2 маргаж буй автомашиныг хариуцагч тал хүлээн авсан болон 34.000.000 төгрөгөөр үнэ тохирсон, хариуцагч тал өөр этгээдэд цааш худалдан борлуулсан, харилцан өмчлөлд шилжүүлсэн автомашин болон бетон зуурмагийн биет байдлын болон эрхийн доголдол, бетон зуурмагийн нэгжийн үнийг 127.000 төгрөгөөр тохиролцсон талаар талууд маргаагүй байна./Хавтаст хэргийн 7-10 дугаар тал/
Гагцхүү хариуцагч тал бетон зуурмаг нийлүүлэх үүргээс зарим хэсгийг бетон зуурмаг болон бэлэн мөнгө, бусад байдлаар биелүүлсэн тул нэхэмжлэгч талын үлдэгдэл тооцоолол үндэслэлгүй гээд нэхэмжлэлийн шаардлагаас 16.234.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой, гэхдээ хариу төлбөрийг тохиролцсоны дагуу бетон зуурмагаар л төлөх боломжтой гэж маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал, үйл баримтууд тогтоогдов.
Зохигч нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 34.000.000 төгрөгийн үнэ бүхий Япон улсад үйлдвэрлэгдсэн 2 суудлын зориулалттай автомашиныг 1 м.куб нь 127.000 төгрөгийн нэг бүрийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлж солихоор тохиролцсон арилжааны гэрээ амаар байгуулагдаж, гэрээ ёсоор автомашиныг өмчлөлдөө шилжүүлсэн болох нь тэдний тайлбараар тогтоогддог.
Харин хариуцагч тал нэхэмжлэгч талд бетон зуурмаг нийлүүлэх үүргээ нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр 2019 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд М-200 маркийн 70/12+58/ м.куб нэгжийн үнийг 127.000 төгрөгөөр тооцон 8.890.000 төгрөгийн бетон зуурмагийг Түү болд ХХК-д, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүйтний нэмэлттэй М-250 маркийн 45 м.куб нэгжийн үнийг 150.000 төгрөгөөр тооцон 6.750.000 төгрөгийн бетон зуурмагийг Эко тогтол ХХК-д тус тус нийлүүлсэн, үүнтэй холбогдуулан зуурмагийг шахах помп машин 800.000 төгрөгөөр хөлсөлж ажиллуулсан хөлсийг болон мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн сул ачилтын 2 м.кубын 50.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1 м.кубын 16.000 төгрөгийн төлбөрийг суутган тооцох ёстой, түүнчлэн бэлэн мөнгөөр З ХХК-ийн захирал М.Н-ийн Хаан банкны .... тоот дансанд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг зэргийг бэлэн мөнгөөр болон ажил үйлчилгээ оролцуулан 18.506.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа ба үүнээс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч талаас манайд төлсөн 740.000 төгрөгийг хасаж тооцоход 17.766.000 төгрөгийг хариуцагч тал төлсөн гэж үзээд 34.000.000 төгрөгөөс хасаж тооцоход 16.234.000 төгрөгийн үлдэгдэл өр төлбөртэй гэжээ.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн татгалзалд дурьдсан 16.324.000 төгрөгийн бус 24.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж марган тайлбар гаргадаг ба хариуцагч талаас бетон зуурмаг хэлбэрээр Түү болд ХХК-ид шилжүүлэн өгсөн 70 м.куб 8.890.000 төгрөгийн бетон зуурмагийн төлбөр болон түүнчлэн хариуцагч талаас Д.У-ийн Хаан банкны 5.... тоот дансаар М.Н-ийн .... тоот данс руу 100 хувийн зуучлалын төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 500.000 төгрөг, мөн дансуудаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус хүлээн авснаа, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 740.000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлснээ тус тус хүлээн зөвшөөрдөг.
Харин 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүйтний нэмэлттэй М-250 маркийн 45 м.куб нэгжийн үнэ 150.000 төгрөгөөр тооцон 6.750.000 төгрөгийн бетон зуурмагийг Э ХХК-д нийлүүлсэн гэх зуурмагийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнчлэн зуурмаг шахах помп машин хөлсөлсөн 800.000 төгрөг, мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн сул ачилтын 2 м.кубын 50.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1 м.кубын 16.000 төгрөгийн төлбөрүүдийг баримтаар тогтоогдоогүй тул тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан Арилжааны гэрээ байгуулагдсан, талууд автомашин болон бетон зуурмагийг харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, тохиролцоо Иргэний хуульд заасан 56, 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдоогүй учраас гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2, 274.3-т зааснаар арилжааны гэрээний талуудын хэн аль нь худалдагч, худалдан авагч байх ба уг гэрээнд худалдах худалдан авах гэрээний харилцаа үйлчлэхээр заажээ.
Талууд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1, 252 дугаар зүйлийн 252.1-д заасан автомашин болон бетон зуурмагийн доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй маргаагүй байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талууд арилжихаар тохиролцсон эд хөрөнгүүдийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх үүргийг хүлээхээр заасан, бетон зуурмагийг өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч тал дутуу биелүүлсэн нь тогтоогдож байх тул хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээхээр байна.
Нэхэмжлэгч талын бетон зуурмаг нийлүүлэх үүргээс хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу Түү болд ХХК-ид шилжүүлэн өгсөн 70 м.куб бетон зуурмагийн үнэ 8.890.000 төгрөг, Д.У-ийн Хаан банкны .... тоот данснаас М.Н-ийн ... тоот данс руу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 100 хувийн зуучлалын төлбөр гэх гүйлгээний утгаар шилжигдсэн 500.000 төгрөг, мөн дансуудаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн К гэх гүйлгээний утгаар шилжигдсэн 2.000.000 төгрөг, М.Н-ийн .... тоот данснаас Д.У-ийн Хаан банкны ... тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Каяак гэх гүйлгээний утгаар шилжигдсэн 740.000 төгрөг, нийт 12.130.000 төгрөгийн төлбөрийг хариуцагч тал төлж барагдуулсан, харин 21.870.000 төгрөгийн бетон зуурмагийг шилжүүлэх үүргийг биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Хариуцагч талын татгалзалд дурдсан зуурмаг шахах помп машин хөлсөлсөн 800.000 төгрөгийн болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн сул ачилтын 2 м.кубын 50.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1 м.кубын 16.000 төгрөгийн төлбөртэй холбоотой үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй.
Мөн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүйтний нэмэлттэй М-250 маркийн 45 м.куб нэгжийн үнэ 150.000 төгрөгөөр тооцон 6.750.000 төгрөгийн бетон зуурмагийг Эко тогтол ХХК-д нийлүүлсэн гэх зуурмагийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй төдийгүй Иргэний хуулийн 68 дүгээр зүйлийн 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын өмнөөс гуравдагч этгээдтэй бусдын нэрийн өмнөөс хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалахаар заасан, нэхэмжлэгч тал татгалзаж байгаа тул ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч тал дээрх татгалзлуудаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч К ХХК-иас арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.870.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 267.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-ид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч К ХХК-иас 21.870.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 267.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогч хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 8-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б