Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2022/0023

 

                      

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дагвын *******

Хариуцагч: Завхан аймгийн *******

нарын хоорондох үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/288 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал:

Маргаан бүхий газар болох Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн Шагж аваргын ******* хаягт байршилтай 520 м.кв газрыг анх тус аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/297 дугаар захирамжаар иргэн А.*******д үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар түүний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар дээрх газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.*******д шилжүүлж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/288 дугаар захирамжаар “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрыг анх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан  ашиглаагүй, гарын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг болон 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: Миний бие иргэн А.*******аас ...газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр уг газрын эрхийг 12,000,000 төгрөгөөр худалдан авч, аймгийн Засаг даргын 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 279 тоот захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар 27 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Захирамж гарсан ч газрын даамал болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга надтай уулзаагүй гэх шалтгаанаар газрын гэрчилгээг гаргахгүй, газар эзэмших гэрээ байгуулахгүй хясан боогдуулж байгаад 2019 оны 02 сарын 25-нд газар эзэмших гэрчилгээг гаргаснаа хэлсэн. Газрын гэрчилгээ, гэрээ байхгүйгээс холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл авах боломжгүй нөхцөл үүссэн. Удалгүй Коронавируст (Covid-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хөл хорио тогтоосон учир үйл ажиллагаа удааширсан. Тухайн газарт шууд автомашины завсар, угаалгын газрын барилга байгууламж барих боломжгүй, автозамаас 1.2-2.2 метрийн дор байсан тул автозамын түвшинд буюу барилга байгууламж барихад шаардлагатай түвшинд хүртэл өндөрлөх шаардлагаар хүнд даацын автомашинаар 8-9 удаагийн 77 "ХОВО" машин шороо чулууг зөөвөрлөн буулгуулж, 3-4 удаа газар тэгшлэх ажлыг мөн л техник хэрэгсэл хөлслөн хийлгүүлсэн. Үүнээс гадна барилга байгууламж барьж эхлэхээс өмнөх газар дээр ил харагдахгүй бичиг цаасны ажил маш их байсан. Уг газар эзэмших гэрчилгээнээс гадна үйлчилгээний барилга байгууламж барих гэж байгаа бол заавал мэргэжлийн байгууллагаар зураг төслөө хийлгэж, зохих стандарт барилгын норм дүрмийн дагуу зургаа зохиолгох ажлуудтай тулгарсан. Аймагт зураг төслийн үйл ажиллагаа явуулдаг ХХК-тай харилцан тохиролцоод зураг төслийн захиалга өгч хийлгэсэн боловч санхүүгийн боломж муутайгаас шалтгаалж зургийн төлбөрөө нэлээн удаж байж өгч зургаа бүрэн хийлгэж дуусгасан. Мөн холбогдох эрх бүхий байгууллага болох холбоо, эрчим хүч, бохир ус татан зайлуулах, цэвэр ус ашиглах гэх мэт Амь-Ус трейд болон эрчим хүчний байгууллагуудаас техникийн нөхцөлийг шат дараалан авсан. Авто угаалгын үйлчилгээний онцлогоос шалтгаалж тухайн үйлчилгээ явуулахад усны хэрэглээ маш их, төлбөр өндөр гарахаар байсан тул усны хэрэгцээнд зориулсан ус хангамжийн 10 сая төгрөгийн үнэ бүхий худгийг ХХК-аар төлбөртэй суурилуулсан. Гэтэл тухайн газарт барилгын суурийн ажил хийгдэж байхад аймгийн нэгдсэн группт "" гэсэн фэйсбүүк хаягаас "гүйлтийн зам барих гэж байгаа нийтийн эзэмшлийн газар дээр барилга барьж байна" гэсэн мэдээллийг манай "газар шорооны ажил хийгдэж байгаа" зурагтай хамт оруулж иргэдийг хууль бусаар, зөвшөөрөлгүй газарт барилга барьж байгаа мэтээр төөрөгдөлд оруулж, олон нийтийг одоогийн ******* хууль бус газрын наймаа хийж байна гэх мэт комментуудаар цуурхал тарааж олон нийтийн дургүйцлийг аймгийн ******* руу чиглүүлж буруутгасан байсан... аймгийн ******* иргэдийн дургүйцлийг дарахын тулд миний хууль ёсны дагуу эзэмшиж зориулалтын дагуу үйлчилгээний барилга байгууламж барьж байгаа газрын эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон ...тус газар дээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлагдаагүй, Улиастай хотын ерөнхий төлөвлөгөө, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх надад огт хамааралгүй үндэслэл заасан ...Би тус газрыг А. ******* гэх иргэнээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр авсан. Энэ хүн ямар журмаар авсныг би мэдэхгүй. Дээрх үндэслэлүүд нь хэн нэгний эзэмшилд байгаагүй нийтийн эзэмшлийн буюу газрыг төрөөс анх олгохдоо анхаарах зүйлүүд. Төрийн байгууллагын хүнд суртлаас болж газрын гэрчилгээгээ авч чадалгүй бүтэн жил гаруй хугацаанд төрийн байгууллагын хаалга татаж, тухайн газарт барилга байгууламж барихын тулд Ковид-19 цар тахлын улмаас хөл хорионд орсон ч өөрийн хөрөнгө мөнгөний бололцоогоор шат дараалан үйл ажиллагаа явуулж байсан тул 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Газрын төлбөрийг 2018-2019 онд газар эзэмших гэрчилгээ гараагүй, гэрээ хийгээгүй, газраа ашиглаж чадаагүй тул төлбөрийг төлөх боломжгүй. Харин 2020 онд бүрэн төлсөн. 2021 оны газрын төлбөрийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тушаах гэсэн боловч тухайн үед заавал цахим системд төлбөрийн нэхэмжлэх үүсгэсний дараа төлдөг болсон, танай газар дээр газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй, нэхэмжлэх үүсэж байж төлбөрийн дугаарын дагуу төлөх ёстой гээд төлүүлээгүй. 2022 оны төлбөрийг 2 дугаар улиралд багтаан төлсөн тул газрын төлбөрийг 2 жил дараалан хоцруулаагүй. Аймгийн Засаг даргын захирамжийг надад өгөөгүй, 2022 оны 06 сарын 06-ны өдөр өөрөө аймгийн Тамгын газрын хууль зүйн хэлтсээс гуйж, хувийг өгөх боломжгүй гэхээр нь зургийг дарж авсан, одоо хүртэл тухайн захирамжийг надад өгөөгүй, албан ёсоор мэдэгдээгүй. Иймд аймгийн Засаг даргын 2022 оны A/288 дугаартай захирамж газрын тухай хуулийг зөрчиж хууль ёсны эзэмшигч миний газар эзэмших эрхийг хязгаарлаж, хүчингүй болгон эдийн засгийн хүнд байдалд оруулсан нь хууль бус гэж үзэж байна... гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Уг газрыг 2015 онд аймгийн Засаг даргын захирамжаар ******* гэдэг хүнд эзэмшүүлсэн. ******* нь 2018 онд нэхэмжлэгч *******д зарсан. 2018 оны захирамжаар *******д газар эзэмших эрх шилжиж, гэрээ хийгдэж, гэрчилгээ гарсан. Гэтэл 2022 онд *******н газар эзэмших эрхийг тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, хууль бусаар олгогдсон гэдэг үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Гэтэл хууль бусаар олгогдсон зүйл байхгүй. 2015 оны захирамж нь одоог хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Тухайн 2015 онд уг газрыг ямар нэгэн зөрчилгүй байна гэж үзэж захирамжаараа *******д олгосон, мөн 2018 онд *******д шилжүүлсэн. Энэ захирамжийн үндсэн дээр иргэн ******* газар эзэмших гэрээ байгуулаад, гэрчилгээгээ аваад, түүнээс хойш газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлөөд, зориулалтын дагуу ашиглаад явж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч 2021 онд газрын төлбөрөө төлөөгүй байдал харагддаг. Гэхдээ аймгийн газрын албанаас ирсэн тодорхойлолтоос харахад тухайн онд төрийн сангаар хийгдэж байгаа газрын төлбөр болон татварын мөнгөн дүнг шууд шилжүүлэхгүй заавал төлбөрийн даалгавар үүсгэж төлдөг болсонтой холбоотойгоор тухайн үед газрын алба төлбөрийн даалгавраа үүсгээгүй байсан учраас иргэд газрын төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан гэдгийг тайлбарласан байдаг тул газрын төлбөрөө төлөөгүй гэх асуудал байхгүй байна. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудлын тухайд ийм нөхцөл байдал тогтоогддоггүй. Нэхэмжлэгч уг газрыг зориулалтын дагуу ашиглаад, барилга байгууламж барих суурь ажлуудаа хийгээд, шороо асгаж тэгшлээд, үйлчилгээ явуулахтай холбоотойгоор мэргэжлийн компаниар худаг гаргуулсан байсан. Мөн газар эзэмшүүлэгч нь газар эзэмшигчийн газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх ёстой. Ингэж дүгнээд газрын төлбөрөө 2 жил дараалан төлөөгүй, хууль бус үйл ажиллагаа явуулсан, газрыг хууль бусаар эзэмшсэн нөхцөл байдал тогтоогдвол гэрээг нь цуцлах боломжтой. Гэрээг цуцлах актыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг заавал явуулах ёстой. Гэтэл хийгдээгүй. шууд цуцлах актыг гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч тайлбарлахдаа “...миний газрын эрхийг цуцлахаас хэд хоногийн өмнө фэйсбүүкээр нэг хүн зөвшөөрөлгүй газар ашиглаж байна гэдэг мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд үндэслээд миний газрын эрхийг цуцалсан” гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшиж эхэлснээс хойш хийсэн ажлуудын зардал маш их байгаа. Дараагийн нэг асуудал нь нэхэмжлэгч газар эзэмших эрх үүссэнээс хойш 2 жилийн дараа гэрчилгээгээ авсан. Гэрчилгээ гараагүй 2 жил болсон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш, харин газрын албаны буруутай үйл ажиллагаа байсан. Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэсэн дүгнэлт гарч байж эрхийг нь цуцлах ёстой. Гэтэл үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан захирамж хууль бус захиргааны акт байна гэж үзэж байна. Газрыг хууль бусаар олгогдсон гэх асуудлын тухайд нэмж хэлэхэд нэхэмжлэгч нь газар эзэмшигч иргэнээс тухайн газрыг худалдаж авсан байдаг. Тухайн үед аймгийн ******* уг газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Шилжүүлэх боломжтой байна, зөрчилгүй байна гэж үзээд  шилжүүлсэн. Газрын тухай хуульд төрийн эзэмшлийн газрыг анх удаа иргэн аж ахуйн нэгж эзэмших тохиолдолд гэр бүлийн хэрэгцээнээс бусад хэмжээтэй газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулах ёстой. Гэтэл энэ нөхцөл байдал анх газар авч байгаа асуудал биш. Тухайн газар нь төрийн эзэмшил гэхээсээ илүү иргэн *******ын эзэмшилд очсон захиран зарцуулах эрх нь нээгдсэн, эдийн засгийн эргэлтэд орсон байсан учраас ******* уг газрыг шилжүүлж авсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэстэй гэж үзэж байна... гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/288 дугаартай захирамжийн 1 дэх заалтад Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зөрчсөн гэж үзсэн. Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2018 оны 05 сард Барилга, хот байгуулалтын яамнаас тендер зарлагдаад 2018 оны 07 сард шалгарсан компанийн 2 жил гүйцэтгэл явагдаад,  2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулсан. Тэгэхээр 2015 онд олгогдсон тухайн газар нь Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэхээс өмнө олгогдсон. Төлөвлөгөө хийгдэх явцад тухайн программ дээр байгаа, эрх нь үүсгэгдсэн нэгж талбарууд буюу газруудыг нүүлгэх, суулгах, шилжүүлэх, газарт оруулах эсэх нь тухайн төлөвлөгөө хийж байгаа компанийн төлөвлөгөө дээр харагдаж байдаг. Мөн 2015 онд газар зохион байгуулалтын систем хөгжөөгүй зөвхөн цаасан дээр байдаг байсан. Тухайн үед сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч нар сууж байгаад ийм ийм газруудыг ийм зориулалтаар олгоё гэж оруулдаг. Нөгөө газруудын зарим нь олгогдсон газрууд ч байдаг. Зарим нь олгогдоогүй маш олон газрууд шинээр нэмэгдсэн ч байдаг ийм үе байсан. Сүүлийн үед гарч байгаа шүүхийн маргаануудыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгасан байна уу гээд харахаар тусгагдаагүй байдаг асуудал их байдаг. Энэ асуудал 2020 онд бүрэн шийдвэрлэгдээд тухайн олгогдох гэж байгаа газар нь хэмжээ зориулалт байршлаараа программд ордог, энэ программаас ******* татаж олголтоо хийдэг болсон. Дараагийн асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая тайлбарласан. Нэхэмжлэл дээр мөн тодорхой тайлбарласан. Төлбөртэй холбоотой асуудлын тухайд нэхэмжлэгчийн эрх 2018 онд үүсээд нийтдээ 5 жилийн төлбөр төлөх ёстой байсан. Одоо манайх программын шинэчлэл хийгдээд татварын ХУР системтэй нэгтгээд тухайн иргэн дээр автоматаар нэхэмжлэл үүсдэг болсон. Энэ хугацаанд 2 жилийн хугацаанд татварын систем газрын систем хоёрыг нэгтгэх явцад маш олон алдаа гарсан. Нэгж талбарууд дээр нэхэмжлэл нь үүсээгүй 2 жил дараалан явсан зүйл байдаг. Энэ нь манай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Татварын албатай холбоотой иргэнээс шалтгаалсан биш төрийн байгууллагын хийж байгаа программын шинэчлэлтэй холбоотой алдаа гарсан. Үүнийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хийгдээгүй гэх асуудлын тухайд энэ газрыг 2015 онд анх олгохдоо шууд олгогдсон байдаг. Уг нь хуулиараа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт заавал явуулах ёстой байсан. 2003 онд Газрын тухай хууль батлахдаа энэ заалтыг оруулсан байдаг. Гэхдээ энэ бүхнийг зохион байгуулаад явахад техник тоног төхөөрөмж болон процессын хувьд асуудалгүй зохион байгуулаад явах нөхцөл байдал бүрдээгүй байсан. Үүнийг бүрдүүлэхийн тулд улсын хэмжээнд Газрын бирж гэдэг цахим системийг бий болгоод 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд хөгжүүлэлт хийгээд мөрдөж эхэлсэн. Тэгээд сүүлийн төсөл сонгон шалгаруулалт болон газрын дуудлага худалдаа 2017 оны 06 сараас хойш цахим системээр явуулаад танхимын дуудлага худалдааг зохион байгуулахааргүй болсон. Зайлшгүй шаардлагатай хүндэтгэн үзэх шалтгаантай үед зөвшөөрөл авч танхимын дуудлага худалдаа хийхээс бусад тохиолдолд цахим дуудлага худалдаа явуулах журамтай болсон. Ер нь танхимын дуудлага худалдаа нь хуулийн дагуу зохион байгуулахад хүндрэлтэй дуудлага худалдаанд оролцох гэж байгаа хүмүүс нь хоорондоо зохицоод ордог, үнэ нь өсдөггүй ийм нөхцөл байдал байгаад байсан учраас аль болох танхимын дуудлага худалдааг зохион байгуулахгүй байдаг байсан. Гэрчилгээ гаргаж өгөөгүй 2 жил болсон гэх асуудлын тухайд: Жинст багт хэрэгжсэн Гудамж төсөл, ******* багт бас хэрэгжинэ гээд замын 4 эгнээтэй болох хажуугаар нь дугуйн зам, явган хүний зам хийгдэх асуудал яригдаж эхэлж байсан. Мөн дулааны станц баригдана гээд 2019 онд станцад хөрөнгө оруулалт хийх гэж байгаа банк болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компаниудаас нь мэргэжилтнүүд ирчихсэн дулааны шугам агаараар явах юм байна, цэвэр усны шугамтай зэрэгцэж явах юм байна гэдэг асуудал яригдаж байсан. Эцэслэж зураг төсөл нь хийгдээгүй байсан учраас газрын гэрээ гэрчилгээг нь баталгаажуулаад өгчихдөг дараа нь зам нь өргөсөөд, шугам нь өргөсчихөөр энэ хүнд сүүлд нь газар нөхөн олгох асуудал үүсэх юм байна гэж үзээд хугацааг нь нэлээд хойшлуулсан. Нэмж хэлэхэд ер нь нам засаг 4 жил болоод солигдоод явдаг. Өмнөх Засаг даргын үед гарсан захирамжуудыг нөгөө ******* нь бүхлээр нь хүчингүй болгодог асуудал манай аймагт явагдаад байна. Өнгөрсөн 09 сарын 02-нд гэхэд нийтдээ 120 хүнтэй холбогдох газрын асуудлыг нэг захирамжаар гаргасан. Тэр нь эрх зүйн ямар ч чадамжгүй захирамжууд гарсан байдаг. Дээрээс нь гэнэт гэнэт захирамж гаргадаг, процессын дагуу акт гаргах үйл ажиллагаа явагдахгүй, сонсох ажиллагаа хийгдэхгүй, хууль эрх зүйн хүнээс зөвлөгөө авдаггүй, чадваргүй, мэдлэггүй, туршлагагүй мэргэжилтнээр захирамжийн төсөл бэлдүүлээд түүн дээрээ нүдээ аниад гарын үсэг зурдаг. Эцэст нь шүүх дээр ирдэг. Ийм нөхцөл байдал үргэлжлээд яваад л байна. Энэ байдал тасрахгүй байх. Тэгэхээр энэ захирамжийг тийм үйл явдлаар гарсан байна гэж би хараад байгаа юм. Би өөрөөсөө юмыг зайлуулж байгаа юм биш бодит үнэнийг хэлж байгаа юм. Шүүхэд бид зураг гаргаж өгсөн. Одоогоор дулааны шугам тавигдах газар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар хоёрын хоорондын зай хуулийн дагуу 5 м хангагдаж байгаа. Харин улсын чанартай замаас байх зай нь хангагдахгүй байгаа... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/288 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрыг анх эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан  үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй” гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн 3 дахь хэсэг буюу Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд олгосон дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ.

3. Нэхэмжлэгч “...тухайн газрын эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан байхад анх шинээр газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагаар буюу надад хамааралгүй үндэслэлээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, газрын төлбөрөө бүрэн төлсөн, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар техникийн нөхцөл болон барилгын зөвшөөрөл гаргуулах, газар тэгшлэх, худаг гаргуулах зэргээр газраа зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулсан, мөн Ковид-19 цар тахлын нөлөөлөл байсан зэргийг харгалзан үзээгүй ” гэж,

4. Хариуцагч тал “...газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, тухайн газрыг анх эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй, Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөө болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

5. Тодруулбал, нэхэмжлэгч газраа хуульд заасан зориулалтын дагуу ашигласан эсэх, газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн эсэх, мөн тухайн газрыг анх шинээр эзэмшүүлэх ажиллагаа хуульд нийцээгүй нь эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамаарах эсэх талаар маргасан байна.

6. Харин иргэн А.*******аас нэхэмжлэгч Д.*******д газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагааны талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байгаа ба уг эрх шилжүүлэх ажиллагаа Газрын тухай хуульд заасан доорх журмын дагуу явагдсан хэмээн хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч тайлбарласан болно.

7. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны ******* хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”,  38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны ******* шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэжээ.

8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, эрх шилжүүлэх гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг тухайн шатны ******* шийдвэрлэхээр байх ба энэ маргааны тухайд иргэн А.*******, нэхэмжлэгч Д.******* нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн  Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар маргаан бүхий 520 м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  олгосон байх ба ийнхүү газрын эрхийг шилжүүлэхдээ Газрын тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан хүсэлт, түүнд хавсаргах баримт бичгийн бүрдэл хангагдсан эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байгаа тул шүүх уг үйл баримтын талаар нотлох баримт цуглуулах, дүгнэлт хийх шаардлагагүй байсныг энд дурдах нь зүйтэй.

9. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар аймгийн ******* нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргах бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдвол уг асуудлыг шийдвэрлэж, гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэхээр байна.

10. Дээрх хуулиудаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Завхан аймгийн *******ас гаргасан маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/288 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчсөн байна.

11. Маргаан бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлээгүй, Улиастай сумын газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан ба 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.2-д “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.4-д байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон,  40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”,  40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”,  40.1.7-д “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” гэх үндэслэлүүдийг тусгажээ.

12. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, хотын хөгжлийн болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэх нөхцөлүүд дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд тусгагдаагүй, харин Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад хамаарч байх тул тэдгээр үндэслэлээр хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхны газар эзэмшигч иргэнд газар эзэмших эрх үүсэх явц хуульд нийцээгүй гэх үндэслэлээр уг маргаан бүхий захиргааны актыг  хүчингүй болгох үндэслэлгүй.

13. Энэ хэргийн тухайд, Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/288 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг хамгийн анх 2015 онд С.*******д олгосон захиргааны акт /2015 оны А/297 дугаар захирамж/-ыг бус, харин газар эзэмших эрх үүссэн уг этгээдээс дамжиж ирсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан Д.*******д холбогдох буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг үндэслэж гарсан 2018 оны А/279 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

14. Нэхэмжлэгч нь 2018 оны А/279 дүгээр захирамжийн дагуу иргэн А.*******аас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг анх олж авахад тавигдах “дуудлага худалдаа”, “төсөл сонгон шалгаруулалт”-ын зарчим түүнд хамаарахгүй байхын зэрэгцээ хожим батлагдсан Улиастай сумын хөгжлийн төлөвлөгөөнд туссан нөхцөлөөр түүнээс өмнө уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

15. Тодруулбал, Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/297 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг иргэн А.*******д эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тавиагүй мөртлөө, хожим нэхэмжлэгч Д.*******д уг газар эзэмших эрхийг шилжүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/279 дүгээр захирамжийг гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныхоо дараа хуулийн дээрх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг буруутган газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

16. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Зарим бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 99 дүгээр тогтоолоор баруун бүсийн тулгуур төв Улиастай хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, аймгийн ******* нарт даалгасны дагуу Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд уг төлөвлөгөөнд Д.*******д эзэмшүүлсэн дээрх маргаан бүхий газар нь улсын чанартай авто замын хамгаалалтын болон төвлөрсөн ус хангамжийн дамжуулах түгээх шугамын хамгаалалтын зурваст хамаарах болсон тул уг газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэж хариуцагчаас тайлбарласан.

17. Дээрх 99 дүгээр тогтоол /Хэргийн 71, 72 дугаар хуудсанд/ нь Д.*******д 520 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн олгох асуудлыг шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2018 оны А/279 дүгээр захирамж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр олгосон тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хойш  гарсан байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэнээс хойш бий болсон уг захиргааны акт, түүнтэй холбоотой нөхцөлөөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна.

18. Учир нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасан байх ба Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд нэхэмжлэгч Д.*******д уг газрыг  цаашид эзэмшүүлэх боломжгүй болох тохиолдолд түүнтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болохоор зохицуулсан байхад хариуцагч дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”,  4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудад нийцэхгүй хууль бус байна.

19. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан газар эзэмшигчийн хүлээх үүрэг нь газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулснаар хэрэгжих ба нэхэмжлэгч Д.*******д 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байна.

20. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл тухайн шатны *******ас гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийн дагуу харьяа газрын албанаас газар эзэмшигч этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газрын эзэмшил хууль ёсоор үүсэх ба газар эзэмших гол нөхцөлийг талууд гэрээгээр тохиролцохоор байна.

21. Газар эзэмшүүлэх гэрээ нь тухайн газрын эрхийг хэрэгжүүлэх арга хэлбэр, талуудын эрх үүргийг тогтоох бол гэрчилгээ нь уг эрхийг гэрчилсэн баримт бичиг бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ дангаараа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

22. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд *******ас газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан хэдий ч энэ нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан гэрээг дүгнэх ажиллагааны үр дүнгээс хамаарч хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалт бөгөөд уг гэрээг байгуулах, дүгнэх асуудал нь гэрээний талуудын хэн алины нь оролцоог шаардах тул гэрээ байгуулаагүй, дүгнүүлээгүй асуудалд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

23. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас харахад газар эзэмшүүлэгч болох хариуцагч Завхан аймгийн Засаг даргын зүгээс /эсхүл түүнийг төлөөлж/ газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж дүгнээгүй, түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь гэрээний нөхцөлийн дагуу газраа зориулалтын дагуу эзэмшиж ашигласан эсэх, газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн судлан тогтоогоогүй, уг ажиллагааг явуулаагүй мөртлөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль бус байна.

24. Нэхэмжлэгчид 520 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/279 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн хэдий ч  газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр /8 сар орчмын дараа/ олгосон байгаа тул нэхэмжлэгчийг 2018 оны тухайд газрын төлбөр төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй.

25. Газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдаагүй, мөн Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  нэхэмжлэгч 2019 оны газрын төлбөрөө төлөөгүйг хариуцагчийн зүгээс харгалзан үзэхээр байсан байна.

26. Нийтэд илэрхий үйл баримт болох Ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд 2019-2021 онуудад хөл, хорио цээрийн дэглэм үргэлжилж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хориглолт хязгаарлалт тогтоож байсан бөгөөд нэхэмжлэгчээс 2020 онд газрын төлбөрийг бүрэн төлсөн, 2021 оны тухайд газрын албаны газрын системийн үйл ажиллагаанаас үүдэн тус оны төлбөрийг төлүүлэлгүй хүлээлгэн 2022 онд төлүүлсэн болох нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар албан бичиг, газрын төлбөр тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч 2018 оноос хойш газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу. /Хэргийн 44, 45 дугаар хуудсанд/

27. Газрын төлбөрийг 2 жил дараалан төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг шууд буруутгахгүй байгаагаа хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн төгсгөлд илэрхийлснийг мөн дурдах нь зүйтэй.

28. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2018 оны А/279 дүгээр захирамжаар зөвшөөрсөн үйлчилгээний зориулалтаар газар эзэмшихэд шаардагдах барилгын загвар зургийг гаргуулахаас эхлээд холбогдох байгууллагуудаас техникийн  нөхцөл гаргуулах, газраа тэгшлэх, худаг гаргуулах зэргээр 2019 оноос 2022 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд газраа бодитоор ашиглаж ирсэн нь хэрэгт авагдсан ХХК-ийн 2021 онд хийж баталгаажуулсан барилгын зураг төсөл, Амь-Ус ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай техникийн нөхцөл, ТӨХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 71/22 дугаартай техникийн нөхцөл, шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байхад  хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна. /Хэргийн 22-31, 93-98 дугаар хуудсанд/

29. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ хариуцагч бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй нь гэрч С.Мягмарсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдож байна. /Хэргийн 147 дугаар хуудсанд/

30. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолд... "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно”... гэж тайлбарлажээ. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

31. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд ******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох-оор зааснаас үзвэл, ******* энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”  зарчимд нийцээгүй байна.

Иймд хуульд заасан журам, зарчимд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 38 дугаар зүйлийн 38.4, 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/288 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн *******ас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ