Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 00062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                      Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                    Н.Дүүрэнжаргал

              Хохирогч                                               С.Оюунбилэг

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Хандмаа    

                         Шүүгдэгч                                                  Г.Дэлгэрнямаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Дэлгэрнямаад холбогдох 201718020078 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар  сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1980 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн ¹ 26 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа ял шийтгүүлж байсан.

-2001 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

            -Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Г.Дэлгэрнямаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2016 оны 06-р сарын 04-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 04-ны өдөр хүртэл хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Дэлгэрнямаа /МЗ:80060833/.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Г.Дэлгэрнямаа нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын нүхэн гарцны ойролцоо хамтран амьдрагч иргэн С.Оюунбилэгтэй “намайг хардлаа Энхбаярынд очиж намайг хайлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дэлгэрнямаа мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугар сарын 22-ны орой миний утас эвдэрчихээд найз Лхагвын  гэрийн гадаа утасны хог хаячихсан байсан болохоор тэрийг авах гээд эхнэр Оюунбилэгт хэлээд гарсан. Тэгээд тэр айлдаа очтол хүн нь байхгүй байсан. Тэгээд эзэнгүй айл дэмий сахиж байхаар гээд 5 давхар орох гээд явсан. Тэгээд 5 давхарын тэнд байж байхад Энхбаяр над руу залгаад чамайг эхнэр чинь манайхаас хайгаад байна гэсэн. Тэгэхээр нь би чи яаж мэдэж байгаа юм гэхэд манайд нэг хүнтэй орж ирээд асуугаад гарлаа гэсэн. Тэгэхээр нь би эхнэрлүүгээ залгаад чи хаана байгаа юм бэ гэхэд битгий хуцаад бай, миний хаана явах чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд намайг өөрөө хаана байгаа юм гэхэд 5 давхарын энд байна гэсэн. Тэгээд мөн нэг найзтайгаа таарахад тэр Төрөө ах, Оюунбилэг хоёр чамайг хайж байна гэсэн. Тэгээд Оюунбилэг, Төрөө ах хоёртой төмөр замын нүхэн гарцны үүдэнд уулзахаар тохиролцсон. Тэгээд төмөр замын нүхэн гарцны үүдэнд ирээд эхнэр Оюунбилэгийг чи хаашаа яваад ирж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд хэлээгүй, тэгэхээр нь би чамтай хүний хэлээр ярьж байна гэсэн тэгээд бид хоёр мууталцсан. Тэгээд би Оюунбилэгийн нүүрэнд нь бөгжтэй гараараа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Оюунбилэг мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дэлгэрнямааг би гадуур хайсан. Тэгээд Төрөө ах бид хоёр Энхбаярынд очтол тэнд байхгүй, 2 хүүхэд л байсан. Тэгээд бид хоёр гараад явж байсан чинь Дэлгэрнямаа над руу утсаараа залгаж, хаана байна гэхэд нь би миний хаана явах чамд ямар хамаатай юм гэж хариулсан. Тэгээд Дэлгэрнямаатай төмөр замын нүхэн гарцанд уулзахаар болсон. Тэгээд уулзтал Дэлгэрнямаа намайг унагааж үснээс зулгааж чирж, хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр Төрөө ахынд хонохоор болж гэр лүү нь очсон. Тэгтэл бас намайг бөгжтэй гараараа миний нүүр лүү цохиж хөмсөг сэтэлсэн. Тэгээд унтаад өглөө сэртэл миний нүүр ам хавдаж хөхрөөд бас толгой өвдөөд байсан. Тэгээд би Дэлгэрнямааг аптек яваад эм аваад ирээч гэхэд чадахгүй чи өөрөө яв гэсэн. Өөр зүйлгүй, ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэв. 

            Мөрдөн байцаалтанд хохирогч С.Оюунбилэг мэдүүлэхдээ: … Манай нөхөр Г.Дэлгэрнямаа 2017 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд Төрөө ахынхаас гараад явсан. Тэгээд 21 цаг өнгөрч байсан ч ирэхгүй байхаар нь би түүнийг олж уулзахаар гарахдаа Төрөө ахаас хаашаа явчихсан юм болоо гэж асуусан чинь Энхбаяр гээд хүүхнийд очсон байж магадгүй гэхээр нь гэрийг нь заалгуулахаар Төрөө ахыг дагуулаад явсан. Тэгээд Спиртын байрны тэнд Энхбаярын хашааны гадаа очоод Төрөө ахыг үлдээгээд би өөрөө Энхбаярынд очсон боловч Энхбаяр гэртээ байхгүй, 2 жоохон хүүхэд гэрт нь байж байхаар нь буцаад явсан. Төрөө ахтай хамт гэр лүү нь харихаар төмөр замын нүхэн гарцны орчим явж байхад манай нөхөр залгаад уулзахаар ирсэн. Тэгээд уулзсанаа чи яах гэж Энхбаярынд намайг хайж очиж байгаа юм бэ гээд уурлахаар нь хэн мэддэг юм бэ чамайг тэр айлд байгаа байх гэж бодоод очсон юм гээд хэрэлдсэн чинь уурлаад намайг үсдэж зулгаахад Төрөө ах салгасан. Тэгсэн чинь Дэлгэрнямаа гараа савж миний нүүр лүү цохисон чинь нүдэнд гал бутраад л явчихсан. Миний зүүн нүд тухайн үед хөндүүрлэж тухайн үед орчинд нь хавдар үүссэн. Ингээд Төрөө ах түүнийг хориглоод 3-уулаа Төрөө ахынх руу явж тэндээ хоносон. Өглөө босоод ирсэн чинь миний нүүр хөхрөөд хавдчихсан, толгой дүйнгтэж өвдөөд байсан, юу болсон талаар Булган аймагт байдаг ээждээ утасдаж хэлсэн чинь хотод байдаг манай дүү Эрдэнэбилэг хүрч ирээд хамт цагдаагийн хэлтэст очиж болсон хэргийн талаар мэдээлэл өгсөн. Сүүлийн үед манай нөхөр Энхбаяр гэдэг хүүхэнтэй явалдаад байдаг болсон би өөрөө нэг удаа Энхбаярын гэрт нь очиход манай нөхөр байж байсан юм. ... Энхбаяртай хардлаа гэж уурлаад намайг зодсон. Ер нь архи уугаад, сүүлийн үед ааш зан нь хувираад ирсэн. Согтуу ирэхээрээ ялих, шалихгүй юмнаас хэрүүл үүсгээд өшиглөж цохиод агсам тавьж байсан, яахав учиргүй сүртэй гэмтэж бэртээд байсан явдал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Т.Төрбат мэдүүлэхдээ: … Г.Дэлгэрнямаа, С.Оюунбилэг нар нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны орой манайд ирсэн тэгээд би хоол, цай хийж өгөөд байж байтал нөхөр Дэлгэрнямаа нь айлд оччихоод ирнэ гээд гараад явсан тэгээд ирэхгүй удаад байсан чинь эхнэр нь түүний гар утас руу залгаад утас нь холбогдохгүй байна, хаашаа яваад алга болчихдог байнаа гээд бухимдаад байсан. Нөхрийгөө ирэхгүй болохоор Энхээ гэдэг хүүхнийд оччихсон байгаа байх гээд хардаад байх шиг байсан ба надаас Энхээгийнх хаана байдаг юм гэж асуухаар нь зааж өгч чаднаа гэсэн ингээд Оюунбилэгийг дагуулаад Энхээгийн гэрийн гадаа очиж зааж өгсөн. Оюунбилэг Энхээгийн хашаа руу орчихоод гэртээ байхгүй байна гээд буцаад гараад ирсэн. Ингээд бид хоёр манайх руу буцаад явж байтал Дэлгэрнямаа миний утас руу өөрийнхөө утаснаас залгаад сая нэг хэсэг утас унтарчихсан байсан юм, та хоёр намайг хайгаад яваад байгаа юм уу? Хаана яваад байгаа юм бэ би нүхэн гарцны хажууд байна хүрээд ир гэхээр нь Оюунбилэг бид хоёр яваад очсон. Тэгсэн чинь Дэлгэрнямаа үхсэнээ хийж намайг янз бүрийн газраар хайж яваад байгаа юм гэхэд эхнэр нь хайхгүй яадаг юм чи чинь удахгүй ирнэ гэж хэлчихээд орой болсон байхад ирэхгүй алга болчихсон биз дээ гэсэн, ингээд хоорондоо маргалдаж эхэлсэн маргалдах явцдаа Дэлгэрнямаа, Оюунбилэгийг нэг удаа алгадаж, улмаар үсдээд зулгаахаар нь би тэр дор нь салгасан. Би тэр хоёрыг салгаад хоёуланг нь гэр лүүгээ дагуулаад гэр лүүгээ харьж явахад бас л хоорондоо маргалдаад л байсан. Тэгснээ төмөр замын “Ган зам” дэлгүүрийн хажууд явж байхад Дэлгэрнямаа гэнэт эргэж харангуутаа Оюунбилэгийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь Оюунбилэгийн зүүн нүд рүү цохисон чинь Оюунбилэгийн зүүн нүдний хөмсөг нь задраад цус гарсан. Би бас л салгаад хамт манай гэр лүү явцгаасан. Дэлгэрнямаа ч ааш зан муутай хүн шүү дээ, эхнэрийгээ байнга л загнаж түрэмгий байгаа нь ажиглагддаг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р хуудас/

  1. оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №79 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:

              1. Оюунбилэгийн зүүн хөмсөгний доод хэсэгт сэтэрсэн шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, шанаа хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй /ХХ-ийн 14-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Г.Дэлгэрнямаа мэдүүлэхдээ: … Би гэр бүлийн маргаанаас шалтгаалаад эхнэр С.Оюунбилэгийгээ зодчихсон юм. Ер нь манай эхнэр С.Оюунбилэг намайг хүмүүсийн дэргэд, олон нийтийн газарт байхдаа үл хүндэтгэж “нохой шиг битгий хуцаад бай, муусайн гуйлгачингууд” гэх мэтээр хэлж уур хүргэдэг. 2017 оны 03 дугаар сарын 22-ны орой манай эхнэр нүхэн гарцны тэнд тааралдаад Төрөөгийн хажууд бас л “хаагуур яваад ирэхгүй байгаа юм” энэ тэр гэж үл хүндэтгэж харьцаад байсан. Тэгэхээр нь би чиний хувьд хэн юм бэ гэж С.Оюунбилэгээс асуусан чинь “чи миний нөхөр гэж хэлсэн” Гэхдээ бид хоёрыг уулзахаас өмнө миний найз хүүхэн Энхбаяр миний утас руу залгаад “танай эхнэр чинь манайхаар ороод гарсан байна” гэж хэлсэн юм. Тэгээд Оюунбилэгийн утас руу залгаад “ намайг хайгаад яваад байгаа юмуу, хаана яваад байгаа юм” гэхээр “миний хаана явах чамд ямар хамаатай юм, муу нохой минь битгий хуцаад бай” гээд утсаа тасалчихсан. Дахиад залгахаар утсаа авахгүй салгаад байснаа утсаа авахаар нь “Төрөө ахтай ярья” гэж шууд хэлэхэд Төрөө ахтай яриулсан. Би тэр хоёроос Төрөө ахыг хаана явж байгааг нь асууж мэдээд Төмөр замын нүхэн гарцны тэнд тааралдаж уулзсан юм. Тэр үед би эхнэртээ уурлачихсан байсан ба уулзсан чинь бас л Төрөө ахын хажууд хэл амаар доромжлоод байхаар нь харилцан хэрэлдэж, маргалдаж байхдаа түүний үснээс нь зулгаагаад салах үедээ нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохьчихсон юм. Тэгсэн чинь зүүн нүдний орчимоос нь цус гарчихсан. Маргалдаж, хэрэлдэж байхад Оюунбилэг, Төрөө ахтай бүжгэнд явна энэ тэр гээд солиотой юм яриад байсан юм. Ер нь намайг хүний хажууд үл ойшоогоод байхаар нь уур хүрээд үсдэж, цохисон. Урьд нь бас л хэрэлдэж маргалдаад ганц нэг удаа эрх чөлөөөнд нь халдаж байсан. Гэхдээ гэмтэж бэрттэл нь зодож байгаагүй. Ер нь намайг ээжийнхээ дэргэд ч элдэв үгээр дайрч доромжилдог юм. Нэг иймэрхүү байдал давтагдаад байдаг болохоор л тийм зүйл болдог байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22, 24-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 34 дүгээр хуудас/, Г.Дэлгэрнямаа нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны сангаас авсан лавлагааны хуудас /ХХ-н 25 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 26-32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Дэлгэрнямаа нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын нүхэн гарцны ойролцоо хамтран амьдрагч иргэн С.Оюунбилэгтэй “намайг хардлаа Энхбаярынд очиж намайг хайлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан  үйлдсэн гэм буруутай болох нь:

            Мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч С.Оюунбилэгийн мэдүүлэг /ХХ-ийн 8-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Т.Төрбатын мэдүүлэг /ХХ-ийн 10-р хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №79 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 14-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн Г.Дэлгэрнямаагийн мэдүүлэг /ХХ-ийн 21-22, 24-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрчийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Дэлгэрнямаа нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Ахуйн үйлчилгээний задгайд байрлах, хохирогч Х.Энхбаярын гэрт хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний цээжин тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Г.Дэлгэрнямаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Гэтэл шүүгдэгч Г.Дэлгэрнямаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2017 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын нүхэн гарцны ойролцоо хамтран амьдрагч иргэн С.Оюунбилэгтэй “намайг хардлаа Энхбаярынд очиж намайг хайлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Дэлгэрнямаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүйг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд баривчлах ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус тусгах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Дэлгэрнямааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Дэлгэрнямааг 03 /гурав/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Дэлгэрнямаад оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарласан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Дэлгэрнямаа нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дэлгэрнямаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.