Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2017/00265

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01561/и

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сум, ****** дугаар баг, ******* ******* ХХК-д холбогдох,

 

Хохирол 4,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Д.*******аас 6,042,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******-*******, А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З., иргэдийн төлөөлөгч А.-*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ******* ******* ХХК-ийн барьж байсан орон сууцанд 2013 оны 9 сарын 9-ний өдрийн гэрээгээр орон сууц, 2014 оны 05 сарын 27-ны өдрийн гэрээгээр дулаан зогсоолыг тус тус захиалан бариулсан.

Энэ байрыг 2014 оны 03 сарын 12-ны өдөр улсын комисс хүлээн авч, бид удалгүй байрандаа орж, гражийг мөн хүлээн авсан. Бид зоорийн давхрын гараашийг авахдаа камержуулалт болон галын дохиолол хамгаалалтыг шаардлага хангагдсан байх гэж бодож шалгаж үзээгүй авсан. Гэтэл 2016 оны 8 сарын 23-ны өглөө үүрийн 06 цагийн үед зоорийн давхрын гараашт гал гарсан. ******* ******* ХХК нь зоорийн давхрын гараашт галын аюулгүй байдлыг хангасан ямар ч техник хэрэгсэл байрлуулаагүй байсан. Тухайн гараашийн 2 номерт манайх 61-41 дугаартай авто машинаа байрлуулсан байсан. Тэгтэл өглөө үүрийн 05 цагийн үед сэрэхэд гэрээр дүүрэн утаа болсон бид нар угаартсан байдалтай сэрсэн. Зоорийн давхарт гал гарахад галаас хамгаалсан галын аюулгүй байдлын дохио дуугараагүй. Гараашт гал гарснаас хойш бид мэргэжлийн байгууллагуудаар явж гал гарах үед ямар арга хэмжээ авах талаар судалсан бөгөөд ******* ******* ХХК зоорийн давхрын гарааштаа галаас хамгаалах шаардлагатай тоног төхөөрөмжийг байрлуулаагүй болох нь тогтоогдсон. Тиймээс ******* *******ХХК-аас шатсан машины үнийг хохиролд тооцож, 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай машин шатаад дахин ашиглах боломжгүй болсон. Бид ******* *******ХХК-аас үнэтэй гарааш худалдан авсан, мөн СӨХ-ийн төлбөр төлдөг. ******* ******* ХХК нь барилгаа улсын комисст хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байсан. Тэр баримтаас харахад холбогдох компаниуд ******* *******ХХК-ийн барилгыг хүлээж авахдаа гал гарахаас урьдчилан сэргийлсэн техник хэрэгслүүд байсан юм бол яагаад тухайн үед гараашт гал гарахад галаас хамгаалах нэг ч техник хэрэгсэл байгаагүй юм бэ гэдгийг хэлмээр байна. Тухайн гал гарах үед манай байрны бусад айлын галын дохиолол огт ажиллахгүй байсан. ******* ******* ХХК нь гарааш болон орон сууцандаа галын аюулгүй байдлыг хангасан дуут дохионы төхөөрөмж хүртэл суулгаагүй байсан. Зоорийн давхарт дулаан мэдрэгч гэж байх ёстой. Тэр дулаан мэдрэгч нь 50 градусаас дээш дулаан мэдэрсэн тохиолдолд галын дохио өгч дуу чимээ гаргах ёстой байдаг. Гэтэл ******* ******* ХХК нь орон сууцныхаа нэг давхарт ганц ширхэг гал хамгаалах төхөөрөмж тавьсан байсан. Хэрэв галын аюулаас хамгаалах дээрх тоног төхөөрөмжүүд байсан бол гал гарсан даруйд бид мэдэх боломжтой байсан бөгөөд ийм их хэмжээний хохирол учрахгүй байсан. Иймээс ******* ******* ХХК-ийн буруутай эс үйлдлээс болж хохирол учирсан тул машины үнэ 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын 10 дугаар багийн 5-7 дугаар байрны зоорийн давхар буюу авто машины гараашт 2016 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчим гал гарч, гараашт байсан 2 авто машин шатсан байдаг. Гал гарсан даруйд Онцгой байдлын алба болон Цагдаагийн албан хаагч нар ирж, галыг унтрааж, галын дүгнэлт гаргасан. 2016 оны 9 сарын 14-ний өдрийн *******-Уул аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 23/195/22 тоот дүгнэлт гарсан. Дүгнэлтэд 1.Хавтаст хэргийн зураг 17-20 хэргийн газрын үзлэг машинаас авсан утас зэргээс үзвэл цахилгааны утсанд богино холболт үүсч, цахилгаан дамжуулах утас тасарсан байдлаас харахад уг гал түймэр нь богино холболтоос үүссэн, 2.Хавтаст хэргийн зураг 14,16 дахь гэрэл зургийн үзүүлэлт автомашины шатлагын байдал зэргээс үзэхэд галын голомт авто машины зүүн хойд хэсгээс үүссэн байх магадлалтай байна, 3.Автомашины шатлагын байдал нь гэрэл зургийн үзүүлэлт хэргийн газрын үзлэгээс үндэслэн шатлагын талбай 16 мкв талбай хамарсан гэсэн дүгнэлт гарсан байсан. Тухайн гал нь автомашины дотор талын цахилгааны утасны богино холболт үүссэнээс гарсан гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллага тодорхойлсон. Гал гарах болсон шалтгаан ******* ******* ХХК-д огт хамааралгүй. Харин тухайн машин эзэмшигч нь машины техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байдлаас шалтгаалан машины дотор талаас богино холболт үүсэн гал гарсан байна. Тэгэхээр эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан байдаг. Тухайн гал нь ******* ******* ХХК-ийн тавьсан галын дохиолол ажиллаагүйгээс гарсан гэж яриад байна. Гэтэл галын дохиолол нь гал гарсны дараа ажилладаг. *******д баригдсан сүүлийн үеийн орон сууцанд галын дохиолол байгаа байх. ******* ******* ХХК болон Д.******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээнд гал гарсан тохиолдолд ******* ******* ХХК хариуцлага хүлээх ёстой гэсэн заалт байхгүй. Гал нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд ордог. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлыг ******* *******ХХК хариуцна гэж заасан зүйл байхгүй. Улсын комиссын бүрэлдэхүүнд галаас хамгаалах онцгой байдлын холбогдох албан тушаалтан байлцаж, орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд орон сууцыг галаас хамгаалах шаардлагатай бүх техник хэрэгсэл байсан учраас хүлээн авсан байдаг. Галын аюулаас хамгаалах дохиолол ажиллаж байсан эсэхийг нэхэмжлэгч тал нотолсон зүйл байхгүй. Харин гал гарах үед галын дохиолол дуугарсан гэдгийг орон сууцны зарим оршин суугчид хэлдэг. Тухайн үед гал үүрийн 06 цагийн орчим гарсан учраас орон сууцны зарим оршин суугчид мэдээгүй. Гал гарсны улмаас үүссэн хохирлыг ******* ******* ХХК хариуцах үндэслэл байхгүй. Гал гарсан тохиолдолд ******* ******* ХХК хариуцлага хүлээнэ гэж Д.*******тай ямар нэг гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Д.******* нь машиныхаа дотор талын цахилгааны хэрэгсэлд хайнга хандсанаас гал гарч, харин ч эсрэгээрээ ******* ******* ХХК-ийн хөрөнгөд 6,042,000 төгрөгийн хохирол учирсан. ******* *******ХХК-д учирсан бүх хохирлыг компани өөрөө хариуцан арилгасан. Хариуцагчаар татагдсан ******* ******* ХХК нь гал гарснаас болж бас хохирсон. Хэрэв Д.******* нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсан тохиолдолд хариуцагч компани сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, эвлэрэн хэлэлцэх боломж байна гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Гал гарсны улмаас ******* ******* ХХК-ийн эзэмшлийн орон сууцны зоорийн давхарт буюу граашийн дотор хана, тааз, шалны будаг, замаск түлэгдэж, утаа тортог болсноос гадна цахилгааны кабелийн тавиур дээрх тэжээлийн кабелууд шатаж, үүнээс болж тусгаарлагч материалууд наалдаж, цонх хагарсан зэрэг олон гэмтлүүд гарсан бөгөөд бүх засварын ажлыг компанийн хөрөнгөөр хийсэн. Галын улмаас ******* ******* ХХК нь нийт 6,042,000 төгрөгийн зардал гаргаж засвар хийсэн болно. Гал түймэр гарсан шалтгаан нь Д.*******ын автомашины техникийн бүрэн бус байдлаас үүдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд гал гарахад манай компанийн зүгээс буруутай үйлдэл байхгүй тул галын улмаас компанид учирсан хохирол 6,042,000 төгрөгийг Д.*******аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбүрэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ******* ******* ХХК нь барилгын стандарт нормд заасан дүрэм журмаа хангасан бол гал түймэр гарахгүй байсан. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр галын аюулаас хамгаалах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь байсан бол манай машин шатлаа гэхэд хажуу талын машин шатахгүй байх байсан. Тус компанид ч хохирол учрахгүй байх байсан. Барилгын компаниас заавар зөвлөгөө авч, барилгад галаас хамгаалах ямар ямар техник хэрэгсэл байх ёстой талаар судалсан байгаа. Жишээ нь: Барилгад Дулаан мэдрэгч нэг машины доор 2 ширхэг, гар мэдээлэгч, дуут дохио өгөгч /дуут дохио гаргадаг төхөөрөмж нь давхар болгондоо байх ёстой/, галын мэдрэгч, галын сараа, машин чирэгч, галын мэдээллийн самбар, аваарын гэрэлтүүлэг зэрэг байх ёстой юм байна. Гэтэл манай байранд галаас хамгаалсан нэг ч техник хэрэгсэл байхгүй. Дуут дохио гаргагч нь манай байранд байсан бол гал гарахаас сэрэмжлэх боломжтой байсан. Манай машинд цахилгааны талын ямар ч эвдэрсэн зүйл байхгүй. Гараашийн хувьд эмх замбараагүй байдаг. Дээрх шаардлагуудыг ******* *******ХХК нь хангасан бол энэ хэмжээний хохирлыг хэн аль нь амсахгүй байх байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсны улмаас учирсан хохиролд шатсан автомашины үнэ 4,500,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслээс гарсан галын улмаас тус байранд хийсэн засварын зардал нийт 6,042,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбүрэн болон өмгөөлөгч нар нь онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 23/195/22 дугаартай шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, үндэслэлгүй гарсан бөгөөд гал хэний буруугаас болж гарсан нь тогтоогдоогүй, хэрэв тус байрны галын дохио дуугарсан, галын аюулгүй байдлаас хамгаалах хэрэгсэл бүрэн ажиллаж байсан бол их хэмжээний хохирол гарахгүй байсан тул хариуцагч ******* ******* ХХК хохирлыг хариуцах үндэслэлтэй, мөн энэхүү үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. нь дээрх шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.*******ын автомашины цахилгааны утсанд богино холболт үүссэнээс үүдэлтэй гарсан гэдэг нь тогтоогдсон тул гэм хорын хохирлыг Д.******* өөрөө хариуцах ёстой бөгөөд харин гал гарсны улмаас тус компанид хохирол учирсан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж тус тус маргадаг болно.

*******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар баг, 5-7 дугаар байрны автограж, зоорийн давхарт 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гал гарч, нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн Hyundai Grace маркийн 61-41 ДАХ улсын дугаартай ачааны зориулалттай автомашин шатсан болох нь хэрэгт авагдсан *******-Уул аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 1/83 дугаартай албан бичиг, шуурхай дуудлагын хуудас, 2016 оны нэмэлт дуудлагаар ажилласан тэмдэглэл, 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 96 дугаартай гал унтраасан тухай нотломж, Онцгой байдлын ахлах ахлагч Б.Өлзийсайханы илтгэх хуудас, 2016 оны 08 сарын 23-ны өдрийн гал түймэр гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 23/195/22 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хариуцагч талаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд тус дүгнэлтэд ... автомашинаас авсан цахилгааны утас зэргээс үзвэл цахилгааны утсанд богино холболт үүсэж, цахилгаан дамжуулагч утас тасарсан байдлаас харвал уг гал түймэр нь богино холболтоос үүдэлтэй гарсан гэж үзэж байна. Гэрэл зургийн үзүүлэлт, автомашины шатлагын байдал зэргээс үзэхэд галын голомт автомашины зүүн хойд хэсгээс үүссэн байх магадлалтай... гэсэн байна. /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А. шүүх хуралдаан дээр энэхүү дүгнэлт нь тодорхойгүй гарсан, аль машины цахилгааны утсанд богино холболт үүссэн гэдгийг дүгнэлтэд заагаагүй байх тул нэхэмжлэгч Д.*******ын машинаас болж гал гарсан гэж үзэх боломжгүй гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан гал унтраасан тухай нотломжид анхны голомт үүссэн байж болох газар Микроавтобус 61-41 ДАХ гэж тэмдэглэсэн байдал, галыг унтраасан схем зураг, гал түймэр гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлийн ... үзлэгийн байдлаар иргэн Д.*******ын 61-41 ДАХ улсын дугаартай автомашины урд талын хэсэг болон салон дотор тал бүрэн шатсан. Иргэн Д.*******ын шатсан машины хажууд 2 км зайтай зүүн хананаас 1 м зайтай байсан иргэн Н.баярын 60-02 ДАА улсын дугаартай Ланд-80 маркийн автомашины баруун тал, урд талын дугуй бүрэн шатлаганд өртсөн байсан гэсэн тэмдэглэл, шатсан автомашины фото зураг, шинжээчийн дүгнэлтэнд грейс маркийн 61-41 ДАХ улсын дугаартай шатлагын байдлын зураг авагдсан зэргээс үзэхэд Д.*******ын эзэмшлийн автомашинаас гал гарсан болох нь тогтоогдож байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбүрэн шүүх хуралдаан дээр: ... машин шатсан явдалд ******* ******* ХХК нь тодорхой хэмжээгээр буруутай тул учирсан хохирлын 70 хувийг хариуцах, манайх 30 хувийг хариуцах ёстой гэж үзэж байна. Манай зүгээс тус компанийг бүхэлд нь буруутай гэж үзээгүй гэж тайлбарладаг бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах талаар хүсэлтийг шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гал гарах үед галын дохиолол ажиллаагүй явдал нь их хэмжээний хохирол учрахад нөлөөлсөн гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан гал түймэр гарсан газарт хийсэн үзлэгийн ... автограж дотор талын галын дохиоллын систем ажиллаагүй, тухайн барилгын дотор усан хангамж ажиллаагүй... гэсэн тэмдэглэл, гэрч Н.Ганболорын ... ямар нэгэн дохиолол дуугараагүй. 2016 оны 11 дүгээр сард орцонд камер, галын дохиолол байршуулсан. Өмнө нь тийм зүйлс байгаагүй гэсэн мэдүүлэг, гэрч Ж.*******чимэгийн ... галын дохиолол байхгүй байсан, ямар нэгэн дохиолол ажиллаагүй... гэсэн мэдүүлэг, *******-Уул аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 11 сарын 08-ны өдөр гаргасан ... ******* сумын 10 дугаар багт байрлах 5-7 дугаар байр буюу 50 айлын орон сууцны гүйцэтгэгч байгууллага нь Барилгын зураг төслийн Анод катод ХХК-ийн үйлдсэн холбоо дохиолол ТГ шифр АС-53/2012 зургийн 4 хуудсанд зоорийн давхарт дулааны мэдрэгч 28 ш, 6 дугаар хуудсанд байрны коридорт утааны мэдрэгч 3 ш төлөвлөснийг зоорийн давхарт 22 ш-ийг, 3-4 давхрын коридорт 2 ш-ийг угсарч зураг зөрчсөн, батлагдсан зураг төсөвт тусгаснаас дутуу угсарч эрсдэл үүсгэсэн. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 3 сарын 12-ны өдрийн 2014/02-II дугаар актанд дурдсан ашиглагч, захиалагч, аж ахуйн нэгж байгууллага, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь барилга байгууламжийн хэвийн ашиглалтын хугацаанд гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, тэмдэглэл хөтөлж материалжуулаагүй, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүйн улмаас галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт зэргээр тус орон сууцны барилгын галын хэрэгсэл, дохиолол ажиллаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ХХК-тай байгуулсан 2013 оны 09 сарын 09-ний өдрийн гэрээний дагуу *******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар баг, 5-7 дугаар байрны 2 өрөө байрыг захиалан, тус орон сууцны барилгыг 2014 оны 03 сарын 12-ны өдрийн 2014/02 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар мөн өдрөөс эхлэн ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн байна. /хх-ийн 4-9 дүгээр хуудас/

Мөн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14/02 дугаартай дулаан зогсоолын барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний дагуу ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлд 18,8 мкв талбайтай авто зогсоолыг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 000338973 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 12 дугаар хуудас/

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т: барилга байгууламжийг ашиглалтанд зүгшрүүлэх,тохируулах хугацаа нэг жил байна, 14.6-д: энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, хий, дулаан, цахилгаан харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, 14.7-д: энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасны дагуу барилгын хэвийн ашиглалтын хугацаанд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг барилгын ажлыг гүйцэтгэгч ******* ******* ХХК хариуцах үүрэгтэй байна.

Хавтаст хэрэгт 2015 оны нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримтууд авагдсан байх бөгөөд тус баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, үйлчилгээний зардалд зориулж төлбөр төлдөг болох нь тогтоогдож байна. /хх-ийн 23-28 дугаар хуудас/

Дээрх баримтуудад ******* СӨХ гэж бичигдсэн байгаа боловч тус орон сууц өмчлөгчдийн холбоо бүртгэгдээгүй болох нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн *******-Уул аймаг дахь зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай албан бичиг, *******-Уул аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 3/590 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд гал гарч, эд хөрөнгийн хохирол учирсан байдал нь нэхэмжлэгч Д.*******ын өөрийн өмчлөлийн автомашины бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хариуцагч ******* ******* ХХК-ийн дээрх хуульд заасан галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай эс үйлдэхүйгээс тус тус шалтгаалсан шалтгаант холбоотой байна гэж дүгнэж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т: гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлын хэмжээг Банхас ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон 4,500,000 төгрөгөөр тооцсон үндэслэлээ шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ... автомашин дахин ашиглах боломжгүй болсон учир тухайн автомашины зах зээлийн үнэлгээг хохиролд тооцож байна гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч тал автомашины үнийн талаар маргаагүй байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд авч үзвэл гал гарсны улмаас тус компани нийт 6,042,000 төгрөгийн засварын зардал гарсан гэж гэм хорын хохиролд тооцон нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан гал түймэр гарсан газарт хийсэн үзлэгийн ... дулааны шугам хагарсан, бохирын шугам хоолой цоорсон байдалтай байсан гэсэн тэмдэглэл, засвар хийхээс өмнөх болон хойшхи үеийн фото зургууд, хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн зарлагын баримтууд, зохигчдын тайлбараар гал гарсны улмаас ******* ******* ХХК нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2016 оны 08 сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд тус гэрээгээр барилгын засварын ажлыг 1,193,200 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирсон байгаа боловч энэхүү төлбөрийг ажил гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул зөвхөн гэрээг үндэслэж 1,193,200 төгрөгийг засварын ажлын хөлсөнд төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хэрэгт авагдсан 2016 оны 11 сарын 09-ний өдрийн нийт 100,000 төгрөгийн зарлагын баримтанд эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг байхгүй, 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 625,700 төгрөгийн зарлагын баримтад худалдан авагчийн нэр тодорхойгүй байна.

Харин хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ******* ХХК нь нийт 4,729,100 төгрөгийг засварын зардалд зарцуулсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр гал гарсан шалтгаан нь нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн автомашинаас үүссэн болох нь тогтоогдсон, мөн дээрх хэмжээний хохирол учирахад хариуцагч ******* ******* ХХК-ийн галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль тогтоомж зөрчсөн эс үйлдэхүй нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн дээр дүгнэсэн тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хорын хэмжээг багасгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,364,550 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ХХК-иас 2,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Д.*******аас 2,364,550 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,677,450 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.-******* хариуцагч ******* ******* ХХК нь аюулгүй байдал хангаагүй буруутай гэсэн дүгнэлт гаргасныг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 2,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Д.*******аас 2,364,550 төгрөг гаргуулж, хариуцагч ******* ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,677,450 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т, нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 52,782 төгрөг гаргуулж, хариуцагч ******* ******* ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

З.ТУНГАЛАГМАА