Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                        Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                      Д.Уранчимэг

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Ш.Цэдэн

             Шүүгдэгч                                           Н.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Баярсайханд холбогдох 201718020049 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Дулааны техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 03-75 тоотод оршин суух хаягтай, урьд нь     

1. Улаанбаатар хотын шүүхийн 1979 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №287 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн А-гаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдөр суллагдсан.

2. 1983 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №250 дугаартай Улаанбаатар хотын ажилчдын районы ардын шүүхийн Таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн А-гаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдөр суллагдсан,

3. 1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №79 дугаартай Улаанбаатар хотын шүүхийн Таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 8 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж БНМАУ-ын ЭХЕА-ийн 30 дугаар зүйлд зааснаар бүгд эдлэх ялыг нь 8 жилээр тогтоож, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр суллагдсан,

4. 1995 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №305 дугаартай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТА-ийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр суллагдсан,

5. 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №478 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 зүйлийн 131.2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр суллагдсан.

6. 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №301 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /УЖ:63090617/ Борлууд овогт Нийдэнгийн Баярсайхан.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Н.Баярсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэр, төвийн хэсгийн 01-40 тоотод байрлах Ц.Пүрэвдуламын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, 67 кг үхрийн махыг хулгайлж, 400000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баярсайхан мэдүүлэхдээ: … 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгоны Төвийн хэсэгт найзындаа байж байтал манай найзын таньдаг хүн нь орж ирсэн. Тэгээд манай эгчийн амбаарт алттай чулуу байх ёстой, надад өгөхгүй юм, та байна уу үгүй юу үзээд өгөөч гэж өдөржин надаас гуйсан. Тэгээд би орой хохирогчийн гэрт нь очтол гэр нь цоожтой байсан. Тэгээд ойр хавьд хүн байхгүй болохоор нь гэрийх нь үүдний амбаарых нь түгжээг нь эвдээд ороод хартал алттай чулуу байгаагүй. Тэгээд гарах гэтэл үхрийн мах байхаар нь аваад гарчихсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

                  Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Пүрэвдулам мэдүүлэхдээ: … 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зүүнхараа руу явсан үед 19 цаг өнгөрч байхад Батчимэг миний утас руу залгаад “машинтай хүн ирээд гэрийн хаалгыг чинь эвдээд идэшний мах аваад явчихлаа” гэж хэлэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлээд 22 цагийн орчим Түнхэл тосгоны цагдаа дээр ирээд хэсгийн төлөөлөгч Мягмархүүтэй уулзсан чинь машинтай 4 хүн байна, жоохон согтуу байна та өглөө эрүүл болохоор нь уулзахгүй юу гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд маргааш нь ирэхэд Н.Баярсайхан сууж байсан ба “намайг уучлаарай жоохон уучихсан байж байгаад танай гэр лүү орчихсон байна, ах нь хаалга цоожийг нь янзлаад өгье” гээд тэр өдрөө янзалж өгчихөөд “махны мөнгийг маргааш өгнө” гээд явсан ба тэрнээс хойш таг алга болсон. .... Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын мөнгө болох 750000 төгрөг хүлээн авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Б.Чулуунхүү мэдүүлэхдээ: … 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим эгч Батчимэг бид хоёр гэрээ цоожлоод дэлгүүр орохоор гарах үед хашааны гадаа Ланд-80 загварын машин зогсож харагдсан ба бид хоёр буцаад явж байтал гэрийн хаалга онгорхой харагдахаар нь очтол байшингийн хаалгаар нэг ах гараад ирсэн ба дараа нь харахад Н.Баярсайхан гэх ах байсан . Гэр лүү явж байхад байшин дотроос гартаа юм барьчихсан байсан ба дараа нь бодоход мах байсан юм байна лээ... Байшингийн хаалганы цоожийг эвдээд орсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батчимэг мэдүүлэхдээ: … 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим дүү Б.Чулуунхүүгийн хамт гэрээ цоожлоод дэлгүүр орчихоод удаагүй буцаад ирэхэд манай байшингийн гадаа нэг машин байхаар нь гайхаад гэр лүү явж байтал байшин дотроос нэг хүн шуудайтай юм өргөөд гарч ирэхээр нь хөөе яаж байгаа юм бэ гэтэл намайг түлхчихээд машиндаа суугаад явахаар нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдчихээд байж байхад нөгөө машин явж байхаар нь зам хааж зогсоогоод яагаад хулгай хийсэн талаар асуугаад байж байхад хэсгийн төлөөлөгч С.Мягмархүү ирээд бариад аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/

                  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-7-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-23-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 94 дүгээр хуудас/, Н.Баярсайхан нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны сангаас авсан лавлагааны хуудас /ХХ-н 40 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 42-62 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 95 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Баярсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэр, төвийн хэсгийн 01-40 тоотод байрлах Ц.Пүрэвдуламын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, 67 кг үхрийн махыг хулгайлж, 400000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

                 

                  Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Пүрэвдуламын мэдүүлэгт: … 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зүүнхараа руу явсан үед 19 цаг өнгөрч байхад Батчимэг миний утас руу залгаад “машинтай хүн ирээд гэрийн хаалгыг чинь эвдээд идэшний мах аваад явчихлаа” гэж хэлэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлээд 22 цагийн орчим Түнхэл тосгоны цагдаа дээр ирээд хэсгийн төлөөлөгч Мягмархүүтэй уулзсан чинь машинтай 4 хүн байна, жоохон согтуу байна та өглөө эрүүл болохоор нь уулзахгүй юу гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд маргааш нь ирэхэд Н.Баярсайхан сууж байсан ба “намайг уучлаарай жоохон уучихсан байж байгаад танай гэр лүү орчихсон байна, ах нь хаалга цоожийг нь янзлаад өгье” гээд тэр өдрөө янзалж өгчихөөд “махны мөнгийг маргааш өгнө” гээд явсан ба тэрнээс хойш таг алга болсон. .... Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын мөнгө болох 750000 төгрөг хүлээн авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15-р хуудас/,

                  Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Б.Чулуунхүү мэдүүлэхдээ: … 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим эгч Батчимэг бид хоёр гэрээ цоожлоод дэлгүүр орохоор гарах үед хашааны гадаа Ланд-80 загварын машин зогсож харагдсан ба бид хоёр буцаад явж байтал гэрийн хаалга онгорхой харагдахаар нь очтол байшингийн хаалгаар нэг ах гараад ирсэн ба дараа нь харахад Н.Баярсайхан гэх ах байсан . Гэр лүү явж байхад байшин дотроос гартаа юм барьчихсан байсан ба дараа нь бодоход мах байсан юм байна лээ... Байшингийн хаалганы цоожийг эвдээд орсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р хуудас/,

                  Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батчимэг мэдүүлэхдээ: … 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим дүү Б.Чулуунхүүгийн хамт гэрээ цоожлоод дэлгүүр орчихоод удаагүй буцаад ирэхэд манай байшингийн гадаа нэг машин байхаар нь гайхаад гэр лүү явж байтал байшин дотроос нэг хүн шуудайтай юм өргөөд гарч ирэхээр нь хөөе яаж байгаа юм бэ гэтэл намайг түлхчихээд машиндаа суугаад явахаар нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдчихээд байж байхад нөгөө машин явж байхаар нь зам хааж зогсоогоод яагаад хулгай хийсэн талаар асуугаад байж байхад хэсгийн төлөөлөгч С.Мягмархүү ирээд бариад аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/,

                  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-7-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-23-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

     Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Иймд Н.Баярсайханыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Н.Баярсайханыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Хохирогч Ц.Пүрэвдулам нь хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Баярсайханы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Н.Баярсайхан урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ба сүүлд 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №301 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Н.Баярсайхан нь өөрийн гэсэн хөрөнгөгүй, эрхэлсэн ажилгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад

 

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон                                           

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Борлууд овогт Нийдэнгийн Баярсайханг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Н.Баярсайханг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Баярсайхан энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Н.Баярсайханд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Н.Баярсайханд хяналт тавихыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Баярсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.