Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1136

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         12         13                                    2024/ШЦТ/1136

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч: Б.Оргилболд,

шүүгдэгч: Г.Х.,

шүүгдэгч: Б.Н., тэдгээрийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нар оролцсон эрүүгийн 2409017611926 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1/ М. овогт Г.ын Х.

М. Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй.

2/ Г. овогт Б.ы Н.

М. Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайн мэргэжилтэй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х. нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Зу” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Н.тай тухайн баарны ширээн дээр гишгэж явлаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хамар луу нь 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Н. нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Зу” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Н.тай найз Г.Х. лүү юм шидлээ гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түлхэж унагаан нүүрэн тус газар нь 5 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.    

Шүүгдэгч Б.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2409017611926 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Н.ын мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Гэрч Т.М.ы мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6749 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55/,

Шинжээч эмч Т.Ч.ын мэдүүлэг /хх-ийн 182-183/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 130-133/,

Г.Х.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /17/,

Б.Н.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 8/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой /105-108, 115-117/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Х. нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Зу” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Н.тай “тухайн баарны ширээн дээр гишгэж явлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хамар руу нь 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Н. нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Зу” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Н.тай “найз Г.Х. рүү юм шидлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түлхэж унагаан нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Б.Н.ын өгсөн “Би 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 01:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зу” нэртэй бааранд үйлчлүүлэхээр орсон. Тэгээд тэнд үйлчлүүлж байхад М. Улсын жудо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Х. болон түүний найзууд явж байхад нь хүндэтгэл үзүүлэх гээд очоод “сайн байна уу, Г.Х.” гээд хэлсэн. Тэгээд би тэр Г.Х.г “чи надтай хамт уух уу, би тэнд ууж байна, надтай хамт манай ширээн дээр очъё” гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд би Г.Х. гэх хүнийг дагаад найзууд руу нь “Зу” баарны дотор талд vip өрөө гэмээр нэг буланд нь сууцгааж байсан. Тэгээд намайг очоод сууж байхад тэд нар хоорондоо юм ярьж байгаад Г.Х. болон түүний хамт явж байсан улаан цамцтай залуу хоёр намайг өдөөд л дээрээс цохиод эхэлсэн. Тэгээд би цохиулаад газарт унасан бөгөөд намайг газарт унаад байж байхад дээрээс цохиод, өшиглөөд байсан. Эхлээд намайг Г.Х. нь хамар луу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би Г.Х.д цохиулаад буйдан дээр сууж байгаад доошоо нүүрээ таглаад унасан. Тэгсэн чинь Г.Х.гийн найз нь болох улаан цамцтай, шивээстэй, бүдүүн залуу нь намайг шүд болон хамар луу гараараа 5 удаа цохисон. Тэгээд газарт унаад байж байхад дэрэээс нэг нь дэвссэн. Одоо миний баруун нүд юу ч харахгүй хавдсан, хамар маань хугарсан юм шиг байна, амьсгалж болохгүй байна. Мөн үүдэн дээд шүд эмтэрсэн, салхи авахаар өвдөөд байна. Бас баруун чихний ард талд цохилтоос болж зулгарсан, өвдөөд байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Гэрч Т.М.ы өгсөн “Би тэнд Б.Н. болон түүний таньдаг хүний хамтаар “Зу” бааранд орсон. Б.Н. бид хоёр багаасаа бие биенээ мэдэх юм. Тэгээд “Зу” гэдэг бааранд Б.Н. болон түүний найзын хамтаар орсон. Тэгээд уг бааранд байж байхдаа Г.Х.тэй таарсан. Манай найз Б.Н. ширээ авна гээд ширээнд суусан. Тэгээд ширээ аваад ширээнд сууж байхад Г.Х. нэг найзтайгаа ирж ширээнд суусан. Тэгээд Г.Х. тэр найзтайгаа л зодолдсон юм байна лээ. Би Г.Х.тэй бэлтгэл хамт хийж байсан, спортын хүн учраас бие биеэ зүс мэднэ. Тэгээд ирээд суухад Г.Х.гийн хамт ирсэн найз нь ширээн дээгүүр яваад байсан. Тэгэхэд нь Г.Х. тэр залууд хандаж “ах аа, та соёлтой байгаач ээ, би нээх хүнээс айгаад байдаг хүн биш шүү” гэх мэтээр яриад, нөгөө найз нь бас орон шорон яриад л байх шиг байсан. Тэгээд байж байхад гэнэт л тас гээд Г.Х. тэр залууг нэг хоёр цохих шил болсон. Тэгсэн чинь тэр залуугийн нүднийх нь тэнд жаахан сэтэрчихсэн, хамраас нь цус гарсан байсан. Тэгэхэд нь би Г.Х.г салгаад, тэр залууд нь салфетка авч өгөөд, цусыг нь арчуулсан. Тэгээд тэр залуу нь цусаа арчаад сууж байхдаа ширээн дээрээс юм аваад Г.Х. рүү шидсэн. Тэгсэн чинь манай найз Б.Н. уурлаж босож ирээд шууд тэр залууг дараад авсан. Тэгээд босож ирэхдээ “энэ шил хагалаад барьчихсан байна, шилийг нь салгах гэж бөөн юм боллоо” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6749 дугаартай “Б.Н.ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, баруун нүдний доод зовхинд, эрүүнд шарх, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун мөрөнд цус хуралт, зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,

Шинжээч эмч Т.Ч.ын өгсөн “Б.Н.ын биед учирсан хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн зулайн хуйх, баруун нүдний доод зовхины шарх, эрүүний шарх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь дээр баруун нүдний доод зовхины шарх гэмтэлтэй хамт үүсэх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн гарын ядам хурууны шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун мөрний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Аль цохилтоос болж хамар хугарсныг тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Г.Х. нь хохирогч Б.Н.ыг цохиж байгааг харуулав. ...Хохирогч нь ширээн дээрээс ямар нэгэн зүйл авч Г.Х.гийн зүгт шидэхэд түүний хажууд сууж байсан Б.Н. босч ирэн хохирогч Б.Н.ыг цээжээр нь тэврэн авч газарт унагааж байгаа нь харагдаж байна. Хохирогчийг газарт унасны дараа Б.Н. нь цохиж байх бөгөөд түүнийг Т.М.а араас нь татаж салгаж байгааг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 130-133/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х. нь “буйдан, ширээн дээр гишгэж явлаа” гэх шалтгаанаар, шүүгдэгч Б.Н. нь үүний дараа бие даасан идэвхтэй үйлдэл гаргаж “Г.Х. рүү архины шил шидлээ” гэх шалтгаанаар тус тус хохирогч Б.Н.ын биед халдаж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч нар нь хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 Ийнхүү шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Х., Б.Н. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Шүүгдэгч Г.Х.гээс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.Н.ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд “эмчилгээний төлбөр” гэсэн утгатайгаар 9.400.000 төгрөгийг шилжүүлж, хохирогч нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ “...Өнөөдөр миний “Хаан” банкны ... тоот дансанд 10.000.000 төгрөг хохирол болон эмчилгээний мөнгө орж ирсэн тул цаашид ямар нэгэн гомдол саналгүй.” гэж, мөн хх-ийн 192-р талд авагдсан хохирогч Б.Н.ын хүсэлтэд (огноо тодорхойгүй) “...Б.Н. би хохирол, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Н. нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 196.380 төгрөгийн тусламж үйлчилгээ авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж,

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.”, 3-т “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн хэм хэмжээнүүдийг нэгтгэн үзвээс, нэг талаас, хэдийгээр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь нөхөн төлбөрийг гаргуулах эрхийг холбогдох хууль хяналтын байгууллагад хариуцуулахаар заасан, нөгөө талаас, төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа прокурорын байгууллагын тухайд тийнхүү төлөөлөх итгэмжлэлийг төрийн байгууллагаас авах шаардлагагүй байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа хуулийн этгээдийн тухайд (прокурорын байгууллага) “иргэний нэхэмжлэгч”-ийн эрхийг хэрэгжүүлж байх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоохоор хуульчилсан байна.

Гэтэл тийм ажиллагаа хийгдээгүй, эрүүл мэндийн даатгалын байгууллага нь өөрөө иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй, дан ганц “прокурор итгэмжлэлгүйгээр оролцож, нэхэмжлэх эрхтэй” гэх прокурорын байгууллагын байр суурь уг процессын харилцааг илүү нарийвчлан зохицуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.

Тийнхүү нэгэнт уг эрүүгийн хэрэгт дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нар нь баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Г.Хэрлэг, Б.Н. нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х. нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тамирчин, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Б.Н. нь дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайн мэргэжилтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 1 удаа ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.Х.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, Б.Н.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Х.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Н.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Г.Х., Б.Н. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хавсаргагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

            ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М. овогт Г.ын Х., Г. овогт Б.ы Н. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х., Б.Н. нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х., Б.Н. нарт тус бүр оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х., Б.Н. нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН