| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/02218/И |
| Дугаар | 181/ШШ2020/00380 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2020/00380
| 2020 02 04 | 181/ШШ2020/00380 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК -д холбогдох,
түрээсийн гэрээний үүрэгт 5.866.737.742,94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.А, Э.А, Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гэрч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В ХХК нь Б ХХК-тай
1.2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр RPO15/02-02 тоот Түрээсийн гэрээ,
2.2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр RPO15/03-01 тоот Түрээсийн гэрээ,
3.2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр RPO15/05-03 тоот Түрээсийн гэрээ,
4.2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-06 тоот Түрээсийн гэрээ,
5.2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-07 тоот Түрээсийн гэрээ,
6.2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр RPO15/09-06 тоот Түрээсийн гэрээг тус тус байгуулан нэг жилийн хугацаатайгаар 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг түрээслүүлсэн.
Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр тус бүр нэг сарын 773E(KEG00146)- 50.000.000 төгрөг, 773E(KEG00129)- 50.000.000 төгрөг, 385C(KGB00422)- 72.000.000 төгрөг, 77E(KEG00266)- 50.000.000 төгрөг, 336DL(KKT01064)- 18.676.350 төгрөг, 980 H(KZL00665)- 26.045.250 төгрөг, 773E(KEG00165)- 50.000.000 төгрөг, 773E(KEG00167)- 50.000.000 төгрөг, 773E(KEG00174)- 50.000.000 төгрөг байхаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний 7.4 дүгээр зүйлд заасны дагуу түрээслэгч нь түрээсийн хугацаанд түрээслүүлэгчид төлбөртэй гарвал нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн.
Манай компани түрээсийн техникийг түрээслэгч талд гэрээнд заасан нөхцөл хугацаанд шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаасан. Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны хооронд нэхэмжлэх хүргүүлж байсан.
Түрээсийн гэрээний талууд түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.-т заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,5%-тай тэнцэх хэмжээний алдлданги нэмж төлнө хэмээн тохиролцсон тул түрээсийн гэрээний дагуу алданги төлөх үндэслэлтэй.
Иймд Б ХХК нь RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/05-03, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 3.378.266.983 төгрөг, алданги 1.689.133.492 төгрөг, тоног төхөөрөмжийн сэлбэг болон засвар үйлчилгээний төлбөрт 532.891.511 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэний алданги 266.445.755 төгрөг, нийт 5.866.737.742,94 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компанийн зүгээс Түрээсээс худалдах гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжилж буй төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй
Бидний хувьд гэрээ байгуулах зорилго нь техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авах байсан. Тиймдээ ч нэхэмжлэгчтэй Түрээсээс худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Б ХХК нь Вагнер ази тоног төхөөрмж ХХК-тай RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/05-03, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06 дугаартай гэрээ байгуулж нийт 9 ширхэг машин механизм тоног, төхөөрөмжүүдийг тус бүрийг нь өөр өөр үнээр сар бүр тодорхой хуваарийн дагуу урьдчилгаа үнэ төлөхөөр тохиролцсон.
Манай компанийн зүгээс уг автомашинуудыг худалдан авах сонирхолтой байсан боловч урьдчилгааг нэг дор бөөнөөр нь төлөх боломжгүй байсан. Машины урьдчилгаанд төлөх төлбөрийн хэмжээ нь тухайн машины үндсэн үнийн 15-30% байдаг.
Гэтэл бидний энэ байдлыг В ХХК-ийнхан овжноор ашиглан дээрх түрээсээс худалдах гэрээнүүдийг байгуулах санал тавьсан бөгөөд тайлбарлахдаа Түрээсийн гэрээнүүд нь ерөнхийдөө танай компани урьдчилгаанд төлөх мөнгөө техник тоног төхөөрөмжөө ашиглан бүрдүүлж байгаа хэлбэр юм.
Хугацааны эцэст танай түрээсэнд төлсөн мөнгийг тоног төхөөрөмжийг худалдах үнийн дүнгээсээ хасаад танай байгууллагатай Лизингийн гэрээ байгуулна гэж ойлгуулан дээрх түрээсээс худалдах гэрээнүүдийг байгуулсан.
Бид тэдний хэлснээр дээрх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахаар урьдчилгаа мөнгөө төлж байна гэж ойлгож байсан. В ХХК тоног төхөөрөмжүүдийг манай уурхайн талбайгаас хүчээр авч, шүүхэд нэхэмжлэл гаргахад бид хууртсанаа ойлгосон.
Хэрвээ бид худалдан авах сонирхолгүй байсан бол хэзээ ч ийм өндөр түрээс төлж дээрх гэрээг байгуулахгүй байсан.
Бид 190.956.060 төгрөгийг авто засварын үнэд төлсөн бөгөөд ашиглалтын зардал тул нэхэмжлэхгүй болно.
Манай компани дээрх техник тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан бол дээрх техник хэрэгсэл нь манай компанийн өмч болох байсан. Гэрээний а хэсэг тусгай нөхцөл гэсэн хэсгийн 2 дугаар заалтад худалдан авах үнээс түрээсэнд төлсөн дүнг хасаж тооцсон дүн 1% хүү тооцно гэсэн заалт байгаа. Мөн гэрээ болгоны хавсралт болгон Харилцан ойлгоцлын санамж бичгийг байгуулсан. Энэ хэлцлээр талууд худалдан авах техникийн үнийг ам доллараар тодорхойлсон байдаг бөгөөд хэлцлийн 3.4.-т ... хэлцлийн нөхцөл болзол ойлголцлууд нь талуудын хувьд заавал биелэгдэх шинжтэй ба эрх зүйн үр дагавар үүсгэнэ гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д заасан хэлцэл гэж үзнэ.
Энэ нөхцөл байдлаас үзвэл дээрх 6 түрээсийн гэрээ, 6 харилцан ойлголцлын санамж бичгүүд нь агуулгын хувьд зээлээр худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцааг зохицуулж байсан.
Дээрх худалдааны хэлцлүүд нь утга агуулгаараа хууль болон түүнтэй нийцэн гарсан эрх зүйн бусад хэм хэмжээг зөрчөөгүй байх ёстой гэсэн шаардлага тавигдана.
Гэвч талуудын хооронд байгуулсан нийт 12 хэлцэл нь хуульд нийцээгүй гэрээ хэлцэл гэж үзэх үндэслэлийг агуулж байна.
Бараа үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют тооцооны нэгжээр үнэ тогтоох төлбөр тооцоо гүйцэтгэх зарлан сурталчлахыг хориглоно. Энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан хориглосон зохицуулалт байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ тус бүрээр дараах үнэлгээтэй байсан.
2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1.080.575 ам долларын үнэ бүхий 773E маркын өөрөө буулгагчийг RPO15/02-02 дугаартай гэрээгээр,
2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 590.000 ам долларын үнэ бүхий 385C маркын эксковаторыг RPO15/03-01 дугаартай гэрээгээр,
2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 750.000 ам долларын үнэ бүхий 773E маркын өөрөө буулгагчийг RPO15/05-03 дугаартай гэрээгээр,
2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 266.000 ам долларын үнэ бүхий 336DL маркын эксковаторыг RPO15/08-06 дугаартай гэрээгээр,
2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 402.000 ам долларын үнэ бүхий 980H маркын авто ачигчийг RPO15/08-07 дугаартай гэрээгээр,
2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2.250.000 ам долларын үнэ бүхий 3 ширхэг 773E маркын өөрөө буулгагчийг RPO15/09-06 дугаартай гэрээгээр, нийт 9 ширхэг машин механизм тоног төхөөрөмжийг тус бүрийг нь өөр өөр үнээр авахаар тохиролцсон. Иймээс дээрх хэлцлүүд нь хуульд нийцээгүй, түүнийг зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.
Б ХХК нь маргаан бүхий 9 техникийг худалдан авахаар урьдчилгаа төлбөрөө түрээс хэлбэрээр төлөхөөр нэхэмжлэгч хуулийн этгээдтэй зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан.
Иймээс талуудын хооронд байгуулсан Тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах гэрээ, Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг хэлцлүүд нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дах хэсэгт заасан нөхцөл байдалд орсон гэж үзэж байна.
Хэрэв талуудын хооронд хийсэн гэрээг түрээсийн гэрээ гэж үзсэн тохиолдолд зарим гэрээний хугацаа дуусаагүй байсан, техникийг буцааж татан авч гэрээний үүргийг шаардсан гэж үйл баримтыг дүгнэх шаардлагагүй болно. Энэ хүү дүгнэлтийг хийснээр алданги тооцох, төлбөр нэхэмжлэх шаардах эрх үүссэн эсэхийг гэрээ тус бүрээр тодруулах нь хэрэг маргааныг шударгаар тал бүрээс нь бүрэн дүүрэн шийдвэрлэх нь ач холбогдолтой.
Тухайлбал RPO15/09-06UB дугаартай гэрээний хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, RPO15/05-03 UB дугаартай гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дуусах байсан. Харин үлдсэн 4 гэрээний хугацаа аль хэдийнээ дууссан байсан.
Иргэний хуулийн 320.4. дэх заалтад түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална. Иргэний хуулийн 320.3 дах хэсэгт гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцлаж болно гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаас харахад нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах биш гэрээнээс татгалзсан явдал болж байна. Түрээсийн гэрээг цуцлах талаар тусгайлсан зохицуулалтын Иргэний хуулийн 320 дугаар зүлйд хуульчилсан.
Нэхэмжлэгч В ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тоног төхөөрөмжийг хариуцагч Б ХХК ийн эзэмшил ашиглалтаас татан авсан үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэж байна.
В ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 288.2.3., 294.2.1.-т зааснаар RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07 дугаартай 4 гэрээг цуцлаж, түрээслээсэн хугацаанд төлбөл зохих иөлбөрийг шаардсан гэж үзвэл хугацаа дуусаагүй 2 гэрээний хувьд нэхэмжлэгч тал иргэний хуулийн 320 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлаагүй, эсрэгээрээ гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй.
Иймд RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/05-03, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06 тоот түрээсийн гэрээнүүдийг иргэний хуулийн 56.1.1., 58.2.1., 58.2.2. 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн дээрх гэрээний дагуу буюу бидний хувьд худалдан авч буй машин механизмын үнийн урьдчилгаанд төлсөн нийт 1.898.816.267 төгрөгийг буцаан гаргуулах, RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06UB, RPO15/05-03UB дугаартай гэрээ, түүний салшгүй бүрдэл хэсэг болох хамтран ажиллах санамж бичгүүд нь худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа болохыг тогтоолгох, RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07 гэрээнүүдийг цуцалсан болохыг тогтоолгох, RPO15/09-06UB, RPO15/05-03UB дугаартай гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:
2015 онд В ХХК болон Б ХХК-ийн хооронд 6 ширхэг Түрээсээс худалдах гэрээг бичгээр байгуулан тус гэрээнүүдийн нөхцөл, хугацаа, төлбөр, эрх үүрэг хариуцлагыг харилцан тохиролцсон.
Тус гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг хариуцагчид нэг жил буюу 12 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн бөгөөд гэрээнд тохиролцсон түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээслэгч Б ХХК нь тухайн техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд худалдах, худалдан авах эсхүл Лизингийн гэрээ байгуулж, улмаар түрээслэгчийн төлсөн түрээсийн төлбөрүүдийг тоног төхөөрөмжийн үнээс хасаж тооцохоор талууд харилцан тохиролцсон.
Гэтэл Б ХХК нь гэрээний үүргээ зөрчин түрээсийн төлбөрүүдийг харилцан тохиролсон хугацаанд төлөөгүйгээс гадна, гэрээгээр тохирсон хугацаанд тоног төхөөрөмжүүдийг худалдан авах болон Лизингийн гэрээ байгуулаагүй юм.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас харахад хариуцагч нь хугацааны эцэст тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд түрээсэнд шилжүүлсэн төлбөрүүдийг тоног төхөөрөмжүүдийн үнийн урьдчилгаанд тооцохоор заасныг зөв ойлгосон буюу ямар нэгэн байдлаар төөрөгдөөгүй нь илэрхий байна.
Хариуцагч өөрөө гэрээнд заасан болзлоо биелүүлээгүй, тоног төхөөрмжүүдийн түрээсийн хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжүүдийг худалдан аваагүй зэрэгт түрээслүүлэгч В ХХК буруугүй юмаа.
Манай компанийн хувьд тоног төхөөрөмж худалдан авах бэлэн мөнгөгүй аж ахуйн нэгжүүдтэй Түрээсээс худалдан авах гэрээг байгуулснаар түрээслэгч нь бүтэн 12 сарын турш тоног төхөөрөмүүдийг түрээсээр ашиглаж, улмаар 12 сарын хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжүүдээ Худалдан авах эсхүл Лизингийн гэрээгээр өөрийн болгохдоо түрээст төлсөн төлбөрөө худалдах үнээс хасуулан тооцуулах таатай нөхцөл бий болгож байгаа юм.
Үүнийг Б ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд сайн ойлгож харилцан санамж бичиг байгуулсны дараа Түрээсээс худалдах гэрээ байгуулсан бөгөөд түрээслүүлэгчийн техникүүдийг хангалттай ашигласан. Гэтэл өөрсдийн сайн дураар хийсэн хэлцлээ хууран мэхэлж хийсэн хэлцэл, хууртагдсан мэт зүйл бичиж байгаа нь хуулийн бодит үндэслэлгүй байна.
В ХХК нь хариуцагчтай Түрээсээс худалдах гэрээ байгуулах зорилгоор хариуцагч компанийг огт хуурч мэхлээгүй бөгөөд тийнхүү хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй, Түрээсээс худалдах гэрээ, санамж бичгүүд, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан баримтууд тэдгээрийн төлбөрийн баримтууд, талуудын хооронд солилцсон албан бичгүүд зэрэг бүхий л нотлох баримтуудаар талууд тэгш эрхтэйгээр, харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
Хууран мэхэлж хийсэн хэлцлийг тодорхойлохдоо хууран мэхлэх, үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгож баталж нотлохыг оролдох, бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулсан байхыг шаарддаг бөгөөд талуудын хооронд байгуулсан Түрээсээс худалдах тухай 6 ширхэг гэрээнүүд нь дээрх шинжийг огт агуулаагүйн дээр урьдчилсан санамж бичиг үйлдсэний үндсэн дээр байгуулагдсан.
Хуурч мэхэлж хийсэн хэлцэл нь аль нэг талын хууран мэхлэх субъектив санаа зорилгоос үүдэлтэй байх учиртай байтал энэхүү гэрээн дээр талуудын санаа хүсэл зорилго нэгдсэн байгаа нь байгуулсан гэрээ, солилцсон албан бичгүүд санхүүгийн баримт зэргээр нотлогддог.
Б ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/65 дугаартай албан бичигт Бид түрээсээр ашиглаж байгаа техникүүдээ улирлын байдлаас шалтгаалан сул зогсолт хийсэн... түүнчлэн 2015 онд түрээсийн 1.409.758.611 төгрөгийн өглөг үүссэн байгаа. Энэ өглөгийн бид 2016 оны 5,6,7 дугаар сард 3 хуваан төлөх хүсэлтэй байна гэж, мөн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/33 дугаартай албан бичигт Бид 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн төлбөрт 700.000.000 төгрөг, цаашид олборлолтын үйл ажиллагаатай уялдуулан сар бүр тогтоосон графикийн дагуу түрээсийн төлбөрийг төлж, компани хоорондын төлбөрийн тооцоог 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтаан дуусгах саналтай байна гэх зэргээр түрээсийн төлбөр төлж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Урьдчилгаа гэдэг нь аливаа бараа, ажил үйлчилгээний төлбөр эсхүл ажлын хөлсний хувийг урьдчилан өгч авалцсан тухай ойлголт юм. Гэтэл талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, ямар нэгэн урьдчилгаа авах , өгөх асуудал огт үүсээгүй. Талуудын хооронд байгуулагдсан санамж бичиг, гэрээ болон бусад баримт бичигт урьдчилгаа өгч авах тухай тохиролцоо байхгүй бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ тоног төхөөрөмжийн түрээсэнд төлсөн мөнгөө урьдчилгаа төлбөр гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтыг тус тус тодорхойлон зааж өгсөн байдаг байхад хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээг иргэний хуулийн 8.1.1-д заасан хэлцэл гэж үзнэ гэж байгааг ойлгохгүй байна.
Түрээсээс худалдах гэрээ, санамж бичгүүд, тоног төхөөрмжүүдийг хүлээн авсан баримтууд, тэдгээрийн төлбөрийн баримтууд, талуудын хооронд солилцсон албан бичгүүд зэрэг бүхий л нотлох баримтуудаар талууд тэгш эрхтэйгээр, харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
Нөгөөтэйгүүр хариуцагчийн шүүхэд өгсөн сөрөг нэхэмжлэлээс үзэхэд ч хоёр компаний хооронд Түрээсээс худалдах гэрээний талаар анхнаасаа ямар нэгэн ойлголцлын зөрүү байхгүй болох нь тодорхой харагдаж байна.
Талуудын аль нэг нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаагүй. Түрээсийн төлбөрөө төлөхгүй, хугацаа авахын тулд ийм арга хэрэглэх нь ёс зүйгүй үйлдэл болно.
Нэхэмжпэгчийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрхийнхээ дагуу түрээслүүлсэн тоног төхөөрөмжүүдээ буцаан авч холбогдох түрээсийн төлбөр, хугацаа хожимдуулсны төлбөр нэхэмжилсэн.
Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн асуудал яригдаж байгаа бөгөөд хариуцагч нь Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэ талаараа ямар нэгэн тайлбар хийдэггүй бөгөөд гэрээний төлбөрийн үүрэг зөрчсөнөөс үүдэлтэй алданги нэхэмжилж байгааг хариуцагч сайн мэдэж байх учиртай.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ., 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан гугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Мөн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хожимдсон хоног тутамд 0.5%-тай тэнцэх хэмжээний элданги нэмж төлнө гэснээр алданги тооцогдсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ямар нэгэн гэрээ цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй байна.
Хариуцагч нь ямар хэлцлийг худалдааны хэлцэл гэж нэрлээд байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг хэлж байгаа тухайн гэрээнүүд нь худалдах худалдан авах гэрээ биш бөгөөд Улсын дээд шүүхээс энэ талаар эцэслэн дүгнэлт хийж, түрээсийн гэрээ гэдгийг баталгаажуул сан. Мөн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэг нь Хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Б ХХК нь түрээсийн гэрээ байгуулсан болон түрээсийн төлбөр төлж байсан талаараа огт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба хүсэл зориг нь тодорхой байсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/65 , 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/33 дугаартай албан бичгүүдээр тогтоогддог.
Мөн түрээсийн төлбөр төлж байсан болох нь Түрээслүүлэгч компаний дансны хуулга зэргээр хангалттай тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн түрээсийн төлбөрт урьдчилгаа төлж байсан гэсэн тайлбар нь илэрхий ташаа бөгөөд нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иймд хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5.866.737.742,94 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Б ХХК-тай
1.2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр RPO15/02-02 тоот Түрээсийн гэрээ байгуулж 773E(KEG00146), 773E(KEG00129) маркийн өөрөө буулгагч 2 ширхэг самосволыг тус бүрийг нь нэг сарын 50.000.000 төгрөгөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар,
/1-р хх-ийн 13,14, 17-26-р хуудас/
2.2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр RPO15/03-01 тоот Түрээсийн гэрээ байгуулж 385C(KGB00422)-маркын эксковаторыг нэг сарын 72.000.000 төгрөгөөр 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар,
/1-р хх-ийн 29,30, 33-42-р хуудас/
3.2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр RPO15/05-03 тоот Түрээсийн гэрээ байгуулж, 773E(KEG00266) маркын өөрөө буулгагч самосвалыг нэг сарын 50.000.000 төгрөгөөр 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар,
/1-р хх-ийн 44, 45, 48-57-р хуудас/
4.2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-06 тоот Түрээсийн гэрээ байгуулж 336DL(KKT01064) маркын гинжит эксковаторыг нэг сарын 18.676.350 төгрөгөөр 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар,
/1-р хх-ийн 60, 61, 64-73-р хуудас/
5.2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-07 тоот Түрээсийн гэрээ байгуулж 980 H(KZL00665) маркын дугуйт ачигчийг нэг сарын 26.045.250 төгрөгөөр 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар,
/1-р хх-ийн 75, 76 ,77-86-р хуудас/
6.2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр RPO15/09-06 тоот Түрээсийн гэрээ байгуулж 773E(KEG00165), 773E(KEG00167), 773E(KEG00174) маркын өрөө буулгагчийг тус бүрийг нь нэг сарын 50.000.000 төгрөгөөр 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар
/1-р хх-ийн 91, 92, 95-104-р хуудас/
тус тус түрээслэхээр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Дээрх түрээсийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах дээрх гэрээнүүдээр түрээслүүлэгч В ХХК нь түрээслэгч Б ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 773E(KEG00146), 773E(KEG00129) маркын өөрөө буулгагч самосвол 2 ширхэг, 385C(KGB00422)-маркын эксковатор 1 ширхэг, 773E(KEG00266) маркын өөрөө буулгагч самосвал 1 ширхэг, 336DL(KKT01064) маркийн гинжит эксковатор 1 ширхэг, 980 H(KZL00665) маркийн дугуйт ачигч 1 ширхэг, 773E(KEG00165), 773E(KEG00167), 773E(KEG00174) маркын өрөө буулгагч 3 ширхэгийг тус тус шилжүүлэх, түрээслэгч Б ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Талууд дээрх гэрээ тус бүртэй хамт Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоорондын тохиролцоо, зарчим, бусад зүйл зэргийг тогтжээ. /1-р хх-ийн 15-16,31-32, 46-47, 62-63, 87-88, 93-94-р хуудас/
Мөн Харилцан ойлголцлын санамж бичгүүдэд Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээнд заасан тоног төхөөрөмжийг түрээслүүлж байгаа тухай харилцан тохиролцож, аль нэг талын үйл ажиллагаа ашигаар хязгаарлахгүйгээр аливаа хохирлыг талууд хариуцахгүй гэж тохирчээ.
Талуудын хооронд байгуулсан Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах дээрх гэрээнүүдийн Б хэсгийн ерөнхий нөхцлийн 3.1.-т Түрээслүүлэгч нь түрээслэгчид тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөд бүрэн ажиллагаатай байсан болохыг баталгаажуулах зорилгоор үзлэг хяналтын шалгах хуудсыг үйлдэнэ гэж заасны дагуу шалгах хуудас үйлдэж гэрээнд заасан төхөөрөмжүүдийг түрээслэгчид хүлээлгэн өгчээ./1-р хх-ийн 27, 43, 58, 74, 90, 105, 106-110-р хуудас/
Дээрх гэрээнүүдийн дагуу түрээслэгч Болор оргол майнинг ХХК нь түрээслүүлэгч В ХХК-д 1.898.816.267 төгрөгийг төлсөн талаар болон гэрээнд заасан машин механизм, тоног төхөөрөмжүүдийг түрээслүүлэгч В ХХК буцааж авсан хугацааны талаар талууд маргадаггүй болно.
Нэхэмжлэгч В ХХК нь
2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16/04-116,
2016 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 16/04-125,
2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 16/07-035,
2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 16/08-071,
2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 16/09-020,
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16/11-104,
2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/12-045,
2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16/12-073
2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 17/02-165,
2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17/02-175,
2017 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 17/03-058,
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17/03-059,
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16/04-066 тоот албан бичгүүдээр түрээсийн төлбөрүүдийн үлдэгдэл төлбөрүүдийг тус тус шаардан, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17/01-180 тоот албан бичгээр 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн RPO15/02-02 тоот, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн RPO15/03-01 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн RPO15/08-06 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн RPO15/08-07 тоот Түрээсийн гэрээнүүдийн хугацаа дууссан, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн RPO15/05-03 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр RPO15/09-06 тоот Түрээсийн гэрээнүүдийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 27-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус дуусах ба гэрээний 1.1.3, 5.1 гэсэн заалтууд зөрчигдсөн байна.
Иймд гэрээний 1.7.-д заасны дагуу бид өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг танай уурхайд нэвтрэн орж татах зөвшөөрлийг 2017 оны 2 дугаар сарын 03-наас өмнө бидэнд мэдэгднэ үү гэсэн шаардлагыг Б ХХК-д хүргүүлжээ. /1-р хх-ийн 113-126-р хуудас/
Хариуцагч Б ХХК нь
2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/125,
2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1/212,
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/312,
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/330,
2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/18,
2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/07,
2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/38,
2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/49-01 тоот албан бичгүүдээр түрээсийн зүйлүүд болох тоног төхөөрөмжүүдийн тухай, түрээсийн төлбөрийн үлдэгдэл, түрээсийн төлбөр шилжүүлсэн тухай, хариу мэдэгдэх тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлж 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 01/65 дугаартай албан бичгээр ... 2015 онд түрээсийн 1.409.758.611,10 төгрөгийн өглөг үүсээд байгаа билээ. Энэ өглөгийг бид 2016 оны 5,6,7-р сард тэнцүү хуваан төлнө. Мөн 2016 оны түрээсийн төлбөрийг нэхэмжлэхийн хугацааны дагуу 2016 оны 4 дүгээр сараас эхлэн төлөх болно... гэж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/33 дугаартай албан бичгээр Бид 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн төлбөрт 700.000.000 төгрөг, цаашид олборлолтын үйл ажиллагаатай уялдуулан сар бүр тогтоосон графикийн дагуу түрээсийн төлбөрийг төлж, компани хоорондын төлбөрийн тооцоог 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтаан дуусгах саналтай байна гэж түрээсийн төлбөр төлж байсан тухайгаа нэхэмжлэгч В ХХК-д хүргүүлжээ.
/1-р хх-ийн 131,133,137,139-144-р хуудас/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн
318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
318.5.-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж,
294.2.1.нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлаж болно гэж,
288.2.3.хөлслүүлэгч нь хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад ... хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж,
289 дүгээр зүйлийн 289.1.2.-т Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Мөн талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийн 5.1.-т Энхүү гэрээний дагуу түрээслэгч нь түрээслүүлэгчид төлбөл зохих бүхий л мөнгөн дүнг тэрхүү мөнгөн дүнгийн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсанаас хойш, 3 хоногийн дотор төлнө гэж,
7.4.-т Түрээслэгч энэхүү гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор төлөөгүй бол төлөгдөөгүй байгаа бүхий л мөнгөн дүнгийн 0,5% тай тэнцүү алдангийг төлөгдөөгүй хоног тутамд төлнө гэж,
7.9.-д Түрээслэгч нь аливаа этгээдийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, ашиглалт, эзэмшил, үйл ажиллагаа, засвар, үйлчилгээ, эсвэл буцаан өгөхтэй холбоотойгоор түрээслүүлэгчид шууд болон шууд бусаар үүсч болох бүхий л гомдол, шаардлага, гэмтэл, гэм хор, алдагдал, зардал зэргийг түрээслүүлэгчид бүрэн хэмжээгээр нөхөн төлнө гэж харилцан тохиролцжээ.
Иймд нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Б ХХК-тай байгуулсан гэрээнүүдээ цуцлаж гэрээний үүргийг, алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч /түрээслэгч/ Б ХХК нь талуудын хооронд байгуулагдсан
а.2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр RPO15/02-02 тоот гэрээний хувьд:
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд дугаар бүхий 12 удаагийн нэхэмжлэхээр мөн хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрт 646.749.412,43 төгрөгийг, нийт алдангид 323.374.706,22 төгрөгийг, нийт 970.124.118,65 төгрөгийг,
б.2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр RPO15/03-01 тоот гэрээний хувьд:
Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд дугаар бүхий 8 удаагийн нэхэмжлэхээр мөн хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрт 700.994.572,74 төгрөгийг, нийт алдангид 350.497.286,37 төгрөгийг, нийт 1.051.491.859,11 төгрөгийг,
в. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр RPO15/05-03 тоот гэрээний хувьд:
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд дугаар бүхий 10 удаагийн нэхэмжлэхээр мөн хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрт 383.279.682,78 төгрөгийг, нийт алдангид 191.639.841,39 төгрөгийг, нийт 574.919.524,17 төгрөгийг,
г. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-06 тоот гэрээний хувьд:
Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд дугаар бүхий 11 удаагийн нэхэмжлэхээр мөн хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрт 303.386.001,89 төгрөгийг, нийт алдангид 151.693.000,95 төгрөгийг, нийт 455.079.002,84 төгрөгийг,
д. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-07 тоот гэрээний хувьд:
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд дугаар бүхий 9 удаагийн нэхэмжлэхээр мөн хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрт 336.042.701,79 төгрөгийг, нийт алдангид 168.021.350,90 төгрөгийг, нийт 504.064.052,69 төгрөгийг,
е. 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр RPO15/09-06 тоот гэрээний хувьд:
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд дугаар бүхий 13 удаагийн нэхэмжлэхээр мөн хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрт 1.007.814.611,57 төгрөгийг, нийт алдангид 503.907.305,79 төгрөгийг,
ё.Дээрх гэрээнүүдийн дагуу тоног төхөөрмжүүдийг түрээсээр ашиглах явцад буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрүүдийн хооронд дугаар бүхий 35 удаагийн нэхэмжлэхээр сэлбэг болон засвар үйлчилгээний төлбөрт 532.891.511,95 төгрөгийг, алдангид 266.445.755,98 төгрөгийг, нийт 799.337.267,93 төгрөгийг,
нийт түрээсийн үлдэгдэл төлбөрт 3.378.266.983 төгрөг /646.749.412,43 + 700.994.572,74 + 383.279.682,78+303.386.001,89+336.042.701,79+1.007.814.611,57/, алданги 1.689.133.492 төгрөг /323.374.706,22 + 350.497.286,37 + 191.639.841,39 + 151.693.000,95 + 168.021.350,90 + 503.907.305,79/, сэлбэг болон засвар үйлчилгээний төлбөрт 532.891.511,95 төгрөг, алдангид 266.445.755,98 төгрөгийг нийт 5.866.737.742 төгрөгийг нэхэмжлэгч /түрээслүүлэгч/ В ХХК-д төлөх үүрэгтэй. /1-р хх-ийн 224-250, 2-р хх-ийн 1-250, 4-р хх-ийн 4-14-р хуудас/
ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч В ХХК-д холбогдуулан Түрээсээс худалдах гэрээнүүдийг иргэний хуулийн 56.1.1., 58.2.1., 58.2.2. 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу төлсөн 1.898.816.267 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч В ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06UB, RPO15/05-03UB дугаартай Тоног төхөөрмжийн түрээсээс худалдах гэрээ, мөн Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан талаар талууд маргадаггүй болно.
Тоног төхөөрмжийн түрээсээс худалдах гэрээнүүдээр нэхэмжлэгч /түрээслүүлэгч/ В ХХК нь хариуцагч /түрээслэгч/ Б ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 773E(KEG00146), 773E(KEG00129) маркын өөрөө буулгагч самосвол 2 ширхэг, 385C(KGB00422)-маркын эксковатор 1 ширхэг, 773E(KEG00266) маркын өөрөө буулгагч самосвал 1 ширхэг, 336DL(KKT01064) маркын гинжит эксковатор 1 ширхэг, 980 H(KZL00665) маркын дугуйт ачигч 1 ширхэг, 773E(KEG00165), 773E(KEG00167), 773E(KEG00174) маркын өрөө буулгагч 3 ширхэг, нийт 9 ширхэг тоног төхөөрөмжийг шилжүүлэх, түрээслэгч Б ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж түрээслэгч нь нийт 1.898.816.267 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 13-144, 200-223-р хуудас/
В ХХК нь Б ХХК тай Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хууран мэхэлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 58 дугаар зүйлийн 58.2.1., 58.2.2., 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд болон санамж бичгийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.
Гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг хариуцагчид нэг жил буюу 12 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн бөгөөд гэрээнд тохиролцсон түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээслэгч Б ХХК нь тухайн техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд худалдах, худалдан авах эсхүл Лизингийн гэрээ байгуулж, улмаар түрээслэгчийн төлсөн түрээсийн төлбөрүүдийг тоног төхөөрөмжийн үнээс хасаж тооцохоор талууд харилцан тохиролцсон байгаа нь түрээсийн гэрээний харилцаа нь худалдах худалдан авах гэрээний харилцаанд шилжих зохицуулалтыг уг гэрээнүүдийн 6 дугаар зүйлд тодорхой тусгасан байна.
Хариуцагч /түрээслэгч/ Б ХХК нь 1.898.816.267 төгрөгийг тоног төхөөрөмж түрээслэн авсны төлбөрт төлж, уг тоног төхөөрөмж /машин механизм/-ийг өөрийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн авч үр шимийг хүртсэн байх тул 1.898.816.267 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Талуудын хооронд байгуулагдсан RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06UB, RPO15/05-03UB дугаартай гэрээ, түүний салшгүй бүрдэл хэсэг болох хамтран ажиллах санамж бичгүүд нь худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа болохыг тогтоолгох, RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07 гэрээнүүдийг цуцалсан болохыг тогтоолгох, RPO15/09-06UB, RPO15/05-03UB дугаартай гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох тухай шаардлага нь эрх зүйн үр дагавар үүсгэх шаардлага гэж үзэх боломжгүй юм.
2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 15.00 цагт болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /4-р хх-ийн 243-р хуудас/
Гэрч Б.Уранзаяаг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гэрч Б.Уранзаяа нь шүүх хуралдааны танхимаас тусгаарлагдсан үедээ мэдүүлэг өгөх үүргээ биелүүлэхгүйгээр орхин явсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.,115.2.3.,116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.6. дэх хэсэгт зааснаар Б ХХК-иас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 5.866.737.742 /таван тэр бум найман зуун жаран зургаан сая долоон зуун гучин долоон мянна долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 58 дугаар зүйлийн 58.2.1., 58.2.2., 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар Түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу төлсөн 1.898.816.267 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.491.638,71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 29.491.638,71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.064.600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5.360.246 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО