Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00246

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00246

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ж-д холбогдох,

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөр 5.731.000.75 /таван сая долоон зуун гучин нэгэн мянга / төгрөг 75 /далан таван мөнгө/ гаргуулах тухай 155/2020/01920/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М банк болон Х банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот М банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр М банкны зарим шаардах эрхийг Х банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Х банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Х банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Х банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Ц.Жд олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Ц.Ж нь М банктай 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ЗГ/0140 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн БГ/0135 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулж 8.000,000.00 /Найман сая/ төгрөгийг жилийн 31,2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкийг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Ц.Жы үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.Үүнд:

Нийт үлдэгдэл: нийт 5,731,000.75 /Таван сая долоон зуун гучин нэгэн мянга далан таван мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1104 дугаартай шийдвэрээр Ц.Жыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоохыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасан. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 50/6-2381 дугаартай албан бичгээр зээлдэгч Ц.Жы оршин суугаа хаягийг олж тогтоосон.

Иймд зээлдэгч Ц.Жаас зээлийн гэрээний үүрэгт нийт нийт 5,731,000.75 /Таван сая долоон зуун гучин нэгэн мянга далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчээс Х банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэлгэрэнгүй танилцууллаа. Хариуцагч Ц.Жыг 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилсан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас түүний оршин суугаа газрыг олж тогтоосон талаар манай байгууллагад мэдэгдсэн. Үүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн дансны хуулгаар зээлийг нотолж чадаагүй гэж байна. Зээлийн хүү, зээлийн данс тусдаа бүртгэгдсэн нь дансны хуулгаар тодорхой харагддаг. Зээлийн гэрээтэй холбоотой хангалттай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийг 2008 онд эрэн сурвалжилж цагдаагийн газраас олж тогтоон эрх хүлээн авагчид мэдэгдсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хариуцагчийн шүүхэд гаргасан боловч бичгээр гаргасан тайлбарууд нь зөрүүтэй. Энэ нь шүүхэд буруу ойлголтыг төрүүлж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул хангаж өгнө үү. .... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие нөхөр Ц.Жд холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд манай нөхөр Ц.Ж нь эрүүл мэндийн байдал муу, сонсголгүй, хөгжлийн бэрхшээлтэй учир итгэмжлэлээр оролцож Х банкны эрх хүлээн авагчийн гаргасан 5,731,000.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Манай нөхөр Ц.Ж нь М банкнаас 2006 оны 5-р сард машин худалдан авах зорилгоор 5 сая төгрөгийн зээлийг анх авч тэр мөнгөөрөө Улаанбаатар хот орж 5сая төгрөгөөр шинэ Делика автомашин худалдан авч байсан. Тэгээд энэхүү зээлийг 2007 оны 6-р сард эргүүлэн 8 сая төгрөг болгож төлөх ёстой байсан. Тэр өнгөрсөн 1 жилийн хугацаанд сар бүр төлбөр төлдөг байсан. Гэхдээ манайх зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлсэн, 2007 оны 5-р сард нөгөө делика машинаа зарж зээлээ төлөх гэсэн боловч зарагдахгүй болохоор нь машинаараа Мөрөнгөөс Их уул сум руу замд явж байгаад зам тээврийн осолд орсны улмаас миний бие ажил хийх боломжгүй болж, машин маань ямар ч засваргүй болж эвдэрсэн. Тэгээд бид зээлээ төлөх боломжгүй болсон учир 2007 оны 06-р сарын 06-ны өдөр өмнөх 5 сая төгрөгийн зээл, зээлийн хүүг нэмж 8 сая төгрөг шинээр зээл авсан мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед бид 8 сая төгрөг бол бодитоор зээлээгүй харин өмнөх зээлээ үргэлжлүүлж байна гэж ойлгоод гэрээ хийсэн. Тэгээд 2008 оны 6-р сард өөрийн амьдарч байсан Их-Уул сумын Сэлэнгэ 5-р баг 5-2 тоотод байрлах хашааг зээлийн өрөндөө бүрэн өгөөд, тухайн үеийн М банкны эрхлэгчээр ажиллаж байсан Цэрэндоржийн Амаржаргал нь хураан авч, банкинд хураалгаж зээл төлбөрөө бүрэн хаагаад Их уул сумын шивээ 1-р багийн иргэн Ванчингийн Мөнхбаяр гэж айлд зарж манайх Улаанбаатар хот руу шилжсэн. Тэр үед миний бие муу эмчилгээ шаардлагатай, нөхөр маань сумаас ажлаасаа гарч хот орж хувиараа ажил хийж байсан. Тухайн үед манай хашаа, байшинг 10 гаруй сая төгрөгөөр зарсан гэсэн тул бид энэ зээлийг бүрэн төлсөн гэж ойлгоод өдийг хүртэл банкнаас ч биднийг эрж хайгаагүй, бид ч зээлгүй гээд 2008 оноос 2019 оныг хүртэл Улаанбаатар хотод амьдарч байгаад 2019 онд Хөвсгөл аймаг Мөрөн суманд ирж амьдарсан. Гэтэл энэ үед Цагдаагийн байгууллагаас манай нөхрийг эрэн сурвалжилж банкны зээлтэй холбоотойгоор биднийг хайж байгаа, М банкнаас авсан зээлийн төлбөр хаагдаагүй болохыг мэдсэн. Манай нөхөр тухайн үедээ хашаа байшингаа зээлийн төлбөртөө бүрэн тооцуулаад өр төлбөрөө хаалаа гэсэн учир энэхүү зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн баримтаас харахад М банк дампуурч үүний дараа манай зээлийн төлбөр 2,000,000 төгрөгийн зээлийг үлдэгдэл үлдсэн гэсэн атлаа одоо надаас ямар үндэслэлээр 5,731,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын М банк ХХК-ийн эрхлэгч Ц.Атай 5 хүний эзэмшил бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьцаалан 2006 оны 6 дугаар сард 5,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авч Ниссан Делика маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан юм. Сар болгон зээлийн хүүг төлж байтал би 2007 оны 5 дугаар сард дээр машинтайгаа явж байгаад осолд орсон. Эмнэлэг, шүүх, цагдаагийн байгууллагаар явж байтал 2007 оны 6 дугаар сард 1 жилийн хугацаа болж үндсэн зээл 8,000,000 төгрөг болон төлөх чадваргүйгээ хэлээд өвөлжөө, худаг, мал, бусад хөрөнгөө 10,000,000 төгрөгөөр үнэлүүлж зээлийг дахин 1 жилийн хугацаагаар сунгах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд миний бие гэнэт муудаж Улаанбаатар хот-Говьсүмбэр аймагт эмчилгээ хийлгэж байх хооронд намайг ажлаас халах тухай тушаал гарсан байдаг. Гэтэл зээлийн хугацаа дуусаагүй, хүүг нь сар болгон төлж байсан.

Зээлийн хугацаа хэтрээгүй, хөрөнгө хураах шүүхийн шийдвэр гараагүй байхад Ц.Жыг байшингаа суллаж өг, байшинг чинь худалдах гэж байна гэж Ц.Амаржаргал хөөсөн. Нөхөр маань ажлын газартайгаа ярьж хичээлийн жил дуусгахын тулд сургуулийн дотуур байранд хэсэг амьдарсан. Энэ үед Их-Уул суманд мөнгө хүүлдэг байсан Р.Чулуунбат нь манай байшинг 10,000,000 төгрөгөөр авъя гэж тохироод Шуудан банк ХХК-ийн хүмүүстэй уулзахад Ц.Амаржаргал нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгөөгүй. 2008 оны 5 дугаар сарын сүүлээр Ц.Амаржаргалын нөхөр Ц.Баатар нь мал худалдан авч борлуулж байхдаа манай байшинг иргэн В.Мөнхбаярт хэдэн үхрээр худалдсан гэдгийг нутгийн иргэд бидэнд хэлсэн юм. Гэтэл үүнийг мэдсээр байж В.Мөнхбаяр, Ц.Амаржаргал нар үгсэн хуйвалдаж худал мэдүүлэг өгсөнд үнэхээр их гомдож байна.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвийн А зэрэглэлд байршилтай хуучин социализмын үед дарга нарын гэгдэх 2 өрөө байрыг бүрэн засвар хийж плита, пракетэн шалтай, бүргэд хаалгатай, нэг талд нь Хөвсгөл Алтан дуулга ХХК-ийн гэрээт борлуулагч ажилладаг, нөгөө талдаа 6х5 харьцаатай шинээр залгасан тамбартай, 2 айлын газартай, өвөлжөө, худагтай, ногоон талбайтай болгосон. В.Мөнхбаяр 27-28 үхрээ тэр үеийн ханшаар нэгийг нь 500,000 төгрөгөөр тооцож 13,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Бид 2 түүний нэр дээр яаралтай хашаа байшингаа шилжүүлж өгөх талаар бодож байхад худал мэдүүлэг өгсөн. В.Мөнхбаярыг нас гүйцсэн үхрээ худалдаж энэ байшинг худалдаж авсныг төрсөн ах болон нутгийн иргэд мэддэг.

Би 2007 онд Их-Уул сумаас гарч Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн Тариалан сум, Говьсүмбэр аймаг, Хөвсгөл аймгийн Мөрөнд суманд тогтмол хаягтай явсан. Нөхөр бид хоёр байнгын эмчийн хяналтад байдаг ба Ц.Ж нь чихрийн шижин өвчний хүндрэлээс болж сонсголгүй болсон. Миний хувьд зүрх өвддөг, хараа муу, даралт ихэсдэг өвчтэй. Тэр үед өсвөр насны 3 хүүхэдтэй байсан ба одоо 27-34 насны залуучууд болсон. Дээрх хэргийн талаар хүүхдүүддээ хэлээгүй. Бид хоёр 14 жил эрэн сурвалжлагдаж, өртэй гэж хэлэгдэж явсан байна. Үүнээс болж хүүхдүүд маань сонсоод хэн нэгэнд өш хонзон болох вий гэж эмээгээд хэлэлгүй хүрлээ. Хашаа байшинг маань өгсөн авсан, ашиг олсон эзэд нь тодорхой учир Х банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хариуцагч бүх эд хөрөнгөө банкны барьцаанд тавиад зээлээ бүрэн хаагаад явсан гэдэг. 2008 оноос хойш банкнаас нэг ч удаа залгаж байгаагүй тул бид хоёр зээлгүй л гэж бодож байсан. хашаа байшинг нь худалдаж авсан В.Мөнхбаярыг гэрчээр асуулгасан. Гэтэл энэ хүн тухайн хашаа байшинг хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санадаггүй боловч 26-27 тооны үхрийг зарж авсан гэдэг. Үүнийг хариуцагчийн тайлбараас бодоход дор хаяж 13,000,000-14,000,000 төгрөг болж байгаа. Гэтэл 8,000,000 төгрөгийн зээл болон зээлийн хүү нь нийт 10,000,000 төгрөг болохоор байдаг. Нэхэмжлэгч талаас зөвхөн зээл манайд ирсэн болохоос биш барьцаа хөрөнгөтэй холбоотой материалууд ирээгүй гэдэг. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байхад 10 гаран жил хүү тооцсон нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээг 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Мөнгө олгосноор хүү тооцох боломж нь нээгддэг. Банкс программаас гаргаж ирүүлсэн гүйлгээнээс харахад 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөгийг Ц.Жы данс руу зээл шилжүүлэв гэх байдлаар оруулсан. Тиймээс хүүг 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс тооцох ёстой.

Мөн 6,000,000 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн. Өөрөөр хэлбэл зээл олгосноос 3 сарын дараа байдаг. Зээлийн гэрээ 2008 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дуусна. Гэрээний хугацаа дуусаагүй байхад 6,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагчийн эд хөрөнгөө хураалгасан байх боломжтой гэж ойлгож байна. Учир нь Ц.Ж эхнэрийн хамт авто осолд ороод эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Гэтэл ийм байдалтай байхад нь хашаа байшинг чинь хурааж авлаа, зээлийг чинь хаалаа гэсэн. Хашаа байшингийн гэрчилгээ эрх хүлээж авсан байгууллагад байдаггүй. В.Мөнхбаярт ч гэрчилгээ байдаггүй, үл хөдлөх хөрөнгө шилжээгүй байгаа. Үүнээс харвал энэ зээлийг хаагдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Гэсэн ч хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 2007 оноос 2008 оны хооронд зээлийн хүүг яаж тооцсон, зээлийн ямар данстай байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Зээлийн дансны хуулгад 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж түүнтэй холбоотой хасагдсан үлдэгдэл нь 2,000,000 төгрөг байгаа.

2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээл хаагаад үлдэгдэл нь 0 төгрөг гэсэн. Үүнийг зээл хаасан гэж үзэхээр байна. Банкс программын мэдээллээс харахад хариуцагч сард хэдэн төгрөгийн хүү төлсөн, хэдийг төлөөгүй вэ гэдгийг харах боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байна. Өмнөх зээлтэй холбоотой нотлох баримтуудыг олж чадаагүй нь нэхэмжлэгч нотлох баримтыг өөрөө бүрдүүлж, цуглуулж өгөх үүргээ биелүүлж чадаагүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардаж байгаа боловч 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хүү тооцсон юм шиг харагддаг. Ийм ойлгомжгүй баримтууд байхад дүгнэлт хийх боломжгүй юм. Хэрэгт авагдсан баримтад нэг дансны хуулга байдаг боловч хоёр өөр он сар өдөр бичигдсэн. Хүү тооцсон аргыг сайн мэдэхгүй, манай нягтлан бодогч тооцож гарын үсгээ зураад тамга дарсан гэсэн. Дээрх баримтуудаар зээлийн хүүг төлөх ёстой гэж хэлэх үндэслэлгүй юм. Учир нь он сарын хувьд давхцалтай харагддаг.

Нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан байдаг. Гэрээний хугацаа 2008 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дуусна. Энэ хугацаанд О.Аззаяа нь Ц.Жыг эрэн сурвалжлуулж байсан. Нэхэмжлэлд зээлийг санаатайгаар төлөхөөс зайлсхийж хугацаа хэтрүүлсэн гэдэг. Гэтэл санаатайгаар зайлсхийсэн гэдгийг нэхэмжлэгч талаас нотолж чадаагүй. Ц.Жыг ямар нэг байдлаар олох боломжтой байсан. Мөн 2019 онд хариуцагчтай холбоо барьж хаана байгааг нь тогтоосон юм бол тэр даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Гэтэл нэг жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлдэгчид ашиггүй байдал үүсгэсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан. Иймд гэрээтэй холбоотой 3 жилийн, мөн ерөнхий 10 жилийн хугацаа дууссан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хариуцагч нар бүх хөрөнгөө зээлд өгөөд өөрсдөө осолд орж сэтгэл зүйн хувьд хэцүү байхад дахин зээлийн талаар сонирхоогүй, бүрэн төлөгдсөн гэж бодож байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Ц.Амаржаргал нь хашаа байшинг хувьдаа завшиж цааш нь өөр хүнд худалдсан байх магадлалтай байна. Нэхэмжлэгч талаас зээлийг ямар аргаар төлөх боломжтой эсэх талаар хариуцагчид мэдэгдээгүй, ийм баримт ч байхгүй. Зээлийн хүүг тооцохдоо Хийн хүүгээс бусдыг нь өөрчилж шинэчилж тогтооно гэсэн байгаа. Гэтэл шинэчилж хүүг тогтоогоогүй.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ц.Жд холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөр 5.731.000 /таван сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг 75 /далан тав/ мөнгө гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ/0140 гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай хашаа байшинг банк өрөндөө авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэгт:

Нэхэмжлэгчээс Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөрийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 921 дугаар Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг эх хувиар 1 хуудас, Х банкны хувь нийлүүлэгчдийн хурлын дарга Н.Дамдинжав, М банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын дарга Ш.Батхүү нарын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр баталсан М банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А114 дугаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А116 дугаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А172 дугаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаар Х банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дугаар Х банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаар Банкны эрх хүлээн авагчаар томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-30 дугаар Х банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-28 дугаар Х банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-258 дугаар Х банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарйн 23-ны өдрийн 1104 дугаар Шийдвэр ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М банкны 2007 оны 6 дугаар сарын 06, 05-ны өдрүүдийн Зээлийн зөвлөлийн хурлын шийдвэр-ийн Зээлдэгчийн болон зээлдэгч хуулийн этгээдийн удирдлагын анкетийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 4, Зээл, хүүний төлбөрийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, М банкны 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1, хариуцагч Борт овогт Цэрэнхүүгийн Ц.Жы Иргэний үнэмлэхний лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 8 хуудас, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50/6-2581 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Зээлийн дансны хуулга 22 хуудас зэрэг баримтыг,

Хариуцагчаас Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Хөвсгөл аймгийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ч.Ганчимэгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Иргэн Ц.Жд олгосон лавлагаа баримт эх хувиар, фото зураг 2 ширхэг /тайлбар хийсэн/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гарган уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн ба үүний үндсэн дээр хэрэгт Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1149 дугаар албан бичгээр гаргасан тайлбар, В.Мөнхбаяраас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд цугларсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар дээрхи авагдсан баримтуудаар 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Ц.Ж нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд байх М банкны 09-р тооцооны төвөөс 8 сая төгрөгийн зээлийг бэлнээр, сарын 2.6 хувийн жилийн 31.2 хувийн хүүг төлөхөөр, зээл болон түүний үндсэн хүүг 2008 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг эцсийн буюу гэрээ дуусах хугацаа болгон тохиролцон байгуулсан Зээлийн гэрээ, мөн өдөр тухайн зээлийн гэрээний салшгүй хэсэг болгон 172 толгой мал, өвөлжөө, хашаа байшин делика авто машиныг барьцаалан Барьцааны гэрээ зэргийг байгуулсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Дээрхи үйл баримтад талууд маргаагүй.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б зээлийн төлбөрт хашаа байшинг өгч бүрэн барагдуулсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг зээлийн 6 сая төгрөг л төлөгдсөн байдлаар дансанд тусгагдсан учир зээлийн үлдэгдэл 2 сая төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх учиртай, нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцсон гэж тус тус маргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан баримтаар М банкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийг шаардах эрх Х банкинд шилжсэн бөгөөд Х банк ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-258 дугаар Х банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалаар Банкны эрх хүлээн авагч М.Энхтөрд Х банк ХХК-ийн актив хөрөнгийг төлүүлэх үүргийг даалгажээ.

Хэрэгт авагдсан нэг талаас Хөвсгөл аймгийн Их-Уул суманд байх М банкны 09-р тооцооны төв, нөгөө талаас Ц.Ж нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүрээнд, талуудын хүсэл зоригт үндэслэн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, гэрээний нөхцлийг зөвшөөрөн байгуулсан нь хуульд харшилсан зүйлгүй байх тул 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан ЗГ/0140 дугаар хүчин төгөлдөр Зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

Иймд Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөр нь Ц.Жаас зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй.

Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх ба 2008 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болж, энэ хугацаанаас М банкны шаардах эрх үүсчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг 2008 онд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулж байсан бөгөөд үүний хариу 2019 онд бидэнд ирсэн. Тэрний дараа бид шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарлан мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1104 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагч Ц.Жыг эрэн сурвалжилсан, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Пүрэвсүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50/6-2381 дугаар албан бичигт ...эрэн сурвалжлахыг даалгасан Борт овгийн Цэрэнхүүгийн Ц.Ж нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-24-01 тоотод амьдарч байгаа, 98896078 утастай болохыг үүгээр мэдэгдэж байна. Ц. Ц.Жы сонсгол муудсан учир эхнэр Б.Бтэй нь ярих боломжтой гэж албан бичгийг Х банк ХХК-ны эрх хүлээн авагч М.Энхтөрд мэдэгдсэн зэрэг баримтаар хариуцагчийн эрэн сурвалжилж байсан нь нотлогдож байна.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад Ц.Жыг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр нь хугацаа тасалдах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь хариуцагч Ц.Жыг эрэн сурвалжилснаас хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн, Ц.Ж нь 12 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгох, Иргэний үнэмлэх дахин авах /Иргэний үнэмлэхний лавлагаагаар нотлогдсон/ зэрэг төрийн байгууллагуудтай харилцаж байсан төдийгүй Ц.Ж, түүний эхнэр Б.Б нар нь 1984 оноос хойш Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 24 жилийн турш ажиллаж амьдарч байсан, найз нөхөд ах дүү хамаатан садангийн хүмүүсийг тухайн орон нутгийнхан сайн мэддэг, тэднээс асууж сурагласан зүйлгүй байгаа нь бодит байдал дээр Ц.Ж нь оргон зугтаасан түүнийг эрэн сурвалжилж байсан гэх үйл баримттай нийцэхгүй, гэрээний үүргийг шаардахад Ц.Ж нь олдохгүй байсан гэх үндэслэлийг няцааж байх бөгөөд 2008 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш М банк болон Х банк, Х банк ХХК-ын эрх хүлээн авагчаас гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг огт гаргаж байгаагүй байна.

Иймд Ц.Жыг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр нь Х банк ХХК-ын эрх хүлээн авагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй байх тул Х банк ХХК-ын эрх хүлээн авагчаас М банк, Ц.Ж нарын хооронд 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ/0140 дугаар Зээлийн гэрээг үндэслэн 5.731.000 төгрөг 75 мөнгийг Ц.Жаас гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагчид татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2007 оны 10 дугаар сард хариуцагчийн үндсэн зээлээс 6 сая төгрөгийг төлөгдсөн байдлаар тусгагдсан байх бөгөөд энэ нь ямар учиртай болох үүнийг хариуцагчийн ямар хөрөнгөөс төлөгдсөн, түүнээс хойшхи ямар хугацаанд хүү тооцогдсон, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж тооцсон талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй / хариуцагчийн зээлийн дансны хуулбарыг ирүүлсэн боловч зээлийн хариуцагч солив гэж бичигдсэн, 2012.01.01-2020.09.30 хооронд орлого 4 сая, зарлага 2 сая эцсийн үлдэгдэл 2 сая гэж бичигдсэн, 2008.04.01-2020.9.30-ний хоорон дахь зээлийн дансны хуулбар зэргийг ирүүлсэн нь ойлгомжгүй/, энэ талаар тодорхой тайлбарлаж чадахгүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхи үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Ц.Жд холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөр 5.731.000 /таван сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг 75 /далан тав/ мөнгө гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаас нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА