Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1132

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         12         13                                    2024/ШЦТ/1132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч: Г.Бат-Оргил,

шүүгдэгч: Г.Б., түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нар оролцсон эрүүгийн 2426001022086 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г. овогт Г.ын Б.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “...” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, “...” хороолол, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б. нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус тус Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэг авах зөвшөөрөл бүхий Б-107 тоот албан өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...20.000.000 төгрөгийн үнэ бүхий төмөр сараалжин хашааг ... аймгийн ... сумын ... дарга ... гэх хүнд гэрээний дагуу худалдан борлуулсан...” гэх мэтээр бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Г.Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.    

Эрүүгийн 2426001022086 дугаартай хэргээс:

Гэрч Б.Б.ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21/,

Гэрч М.Н.ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 27, 51-52/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-41/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42/,

Гэрч З.Т.ийн мэдүүлэг /хх-ийн 111-112/,

Г.Б.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Г.Б. нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус тус Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэг авах зөвшөөрөл бүхий Б-107 тоот албан өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...20.000.000 төгрөгийн үнэ бүхий төмөр сараалжин хашааг Ө. аймгийн Т. сумын З. З.Т. гэх хүнд гэрээний дагуу худалдан борлуулсан...” гэх мэтээр бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Гэрч Б.Б.ын өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр З.Т. гэх хүний хүүхэд нь манай хашаа хийдэг газар ирээд манайхаар баруун салаанд байдаг лагерийн хашаагаа хийлгүүлсэн. Удалгүй З.Т. гэдэг хүн надтай  утсаар яриад танайхаар хашаа хийлгүүлсэн хүний аав байна. Танайх их сайн хашаа хийдэг юм байна гэж хэлсэн. З.Т. нь надаас 326 ширхэг хашаа 2 хаалганы хамт худалдаж авсан. З.Т. нь анх надтай утсаар ярихдаа Ө. аймгийн Т. сумын З. байна гэж хэлсэн байсан. Мөн дээрээс нь надаас 20.000.000 төгрөгийн хашаа авна. Эхлээд хашаагаа явуулчих. Төрийн сангаас мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгнө гэж хэлэхээр нь би танихгүй хүнд хашаагаа өгөхгүй гэж хэлсэн. З.Т. нь надтай ярихдаа би хүнээс мөнгө зээлээд хашаагаа авна, чи төрийн сангаас чам руу мөнгө орж ирэхээр буцаагаад надад өгөөрэй гэж хэлсэн. З.Т. надаас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хашааны мөнгө болох 20.000.000 төгрөгөө өгөөд 652 метр хашаа /326 ширхэг хашаа/ 2 хаалганы хамт аваад явсан. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангаас 16.000.000 төгрөг орж ирэхээр нь буцаагаад З.Т.ийн хэлсэн данс руу явуулсан. Бид хоёр ярихдаа хашааг энд тэнд суулгаж өгнө гэж гэрээ байгуулаагүй. Энэ хүнд хашаагаа л зарсан. З.Т. надтай утсаар ярьж байгаад хашаа авах өдрөө манай ажил дээр ирж хашаагаа авсан. З.Т.ийн зүгээс ямар  нэгэн хөнгөлөлт үзүүлэх санал, харилцан ашигтай байх ямар нэгэн санал тавьж байгаагүй.

З.Т.ийн хүү нь гэх Т.Ч. гэх залуу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр надтай холбогдож, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийт 52 метр урттай хашааг Баруун салааны зуслангийн газарт хийлгэж, суулгалтын ажлыг нь би  хийж өгч, анх Т.Ч. гэх залуутай танилцсан байдаг. Үүний дараа буюу мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөр З.Т. гэх хүн миний ... дугаартай утас руу залгаж “нийт 20.000.000 төгрөгөөр хашаа авах хүсэлтэй байна” гэж хэлсэн бөгөөд манай байгууллагаас хийдэг хашаанууд үнэ болон чанараасаа хамаараад 8-9 төрөл байдаг талаар тайлбарлахад “манай хүүгийн хийлгэсэн хашаатай ижил хашааг авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд бид ярьж байгаад НӨАТ-гүй үнээр буюу 20.000.000 төгрөгөөр хоёр хаалганы урт нь ороод нийт 678 метр урттай, 326 ширхэг хашаа, 2 хаалгыг надаар хийлгэхээр тохирсон. Авлигатай тэмцэх газраас мөрдөгч над руу холбогдож, хашаа худалдсан асуудлаар мэдүүлэг авна гэж дуудсан. Тэгэхээр нь би өөрийн таньдаг өмгөөлөгч ах руу залгаж, болсон асуудлын талаар хэлж, зөвлөгөө автал ямар нэгэн асуудалгүй, очоод үнэн зөв мэдүүлгээ өгчих гэж хэлсэн. Тэгээд арай мэдүүлгээ өгөөгүй байж байтал Т.Ч. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр вайбераар над руу гэрээ байгуулсан тухай  зураг явуулж “Авлигатай тэмцэх газраас чам руу ярьж мэдүүлэг авах байх, 20.000.000 төгрөгөөр хашаа нийлүүлсэн, одоо 4.000.000 төгрөгөө авах дутуу байгаа гэж хэлээрэй, айх юм байхгүй” гэж ярьсан. Гэхдээ би Т.Ч.ын хэлснээр мэдүүлээгүй, үнэн зөвөө мэдүүлсэн байгаа. Нэг ийм л асуудал болоод байна. Гэрээ байгуулаагүй учир мэдэхгүй байна. Би нэг бүр нь 2 м урттай, нийт 326 ширхэг төмөр хашаа, 50/50 кв шон төмөр 326 ширхэг, тус бүр нь 5 метр урттай төмөр хаалга 2 ком гүйдэг хаалгыг нийлүүлсэн. Энэ бүгд будаггүй байсан. Нийт авсан хашааны урт нь хаалга, шон төмөр нийлээд 678 метр болж байгаа. Би Г.Б. гэх хүн танихгүй, мөн урьдчилгаа мөнгө өгч хашаа зардаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21/,

Гэрч М.Н.ын өгсөн “...За яг өдрийг нь санахгүй байна. Улаанбаатар хотоос Хино загварын том машинаар машин дүүрэн будаггүй, ойролцоогоор 300 гаруй төмөр хайсан хашаа, мөн тооны төмөр шон, хоёр ширхэг явган хүний хаалга, хоёр ширхэг автомашины гүйдэг хаалгыг авч ирж, тухайн үедээ би З.ын Т.ын хогны жолооч Н.О., хувиараа мал малладаг Н.Ж. бид гурав буулгаж, З.ын Т.ын складан дотор хийсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа сумын наадмын талбайг тойруулаад нөгөө хайсан хашаагаар хашаа барих үүрэг чиглэлийг З. З.Т.ээс аман байдлаар надад хэлж, хамт хийх хүмүүсээ өөрөө сумаасаа олоод хашаа барь, өдрийн 40.000 төгрөгөөр цалинг бодож өгнө, 5-6 хүнтэй ажиллаарай гэж хэлсэн. Өөрөөр ажил хийх хөдөлмөрийн гэрээ бичиг цаасны юм болоогүй. Хашаа барих үүргийг З. өөрөө тойм байдлаар гаргаж өгч, бид нараар хийлгэсэн. Гэхдээ явцын дунд зураг нь өөрчлөгдөж, үүнээс болоод нийт авч ирсэн хашаанаас 20 орчим хашаа, мөн тооны шон үлдсэн байгаа. Одоо тэд нар нь З.ын Т.ын складанд байгаа байх.

Би Ө. аймгийн Т. сумын З.ын Т.т жолоочоор ажиллаад 10 жил болж байна. Би хэн гэх хүнээс авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Манай сумын З. З.Т. над руу утсаар залгаад хашаа очиж байгаа, тэр хашааг буулгаад аваад үлдээ гээд З.ын Т.ын агуулахад тухайн хайсан хашааг буулгасан. Нэг удаа Хино машинаар зөөвөрлөж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 51-52/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Үзлэг хийж буй эд зүйл орон газар нь Ө. аймгийн Т. сумын 3-р баг, шинээр баригдаж байгаа гэх ...-ийн талбай, хүрээлэн тойруулан барьсан төмөр хайсанд хашаанд үзлэг хийв. Төмөр хайсан хашааг тэгш өнцөгт байдлаар цэцэрлэгт хүрээлэнг тойруулан барьсан байх ба төмөр хашаа нэг бүрийн урт 200м, өндөр 150 см, хашаа хооронд суурилсан цагаан өнгийн төмөр шон өндөр газраас дээш 150 см хэмжээтэй байна. Барьсан хашаанд нийт 2 ширхэг тус бүртээ өргөн 100 см, өндөр 150 см хэмжээтэй явган хүний хаалга 2 ширхэг, нэг бүртээ өргөн 400 см өндөр, 145 см автомашины хаалга суурилуулсан байна. Хашааг ертөнцийн зүгээр зүүн талаас баруун талын төгсгөл хүртэл явж тоолоход хайсан хашаа нийт 310 ширхэг, цагаан төмөр шон 311 ширхэг байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-41/,

Гэрч З.Т.ийн өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр иргэн Г.Б. хайс авах гэрээ байгуулаад Г.Б.ын данс руу мөнгө нь орсон. Хайс хашааны талаар судлахад иргэн Б.Б. гэх хүний хайс хашааны үнэ хямдхан байсан учир хайс хашаа нийлүүлэх гэрээ байгуулаад Б.Б.д урьдчилгаа мөнгө өгөх шаардлагатай болоод Г.Б.ын дансанд хийсэн мөнгийг эрүүлж татаад Б.Б. гэх хүнд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112/,

Г.Б.ын яллагдагчаар өгсөн “...Тэр мөнгийг данс руу чинь шилжүүлчихнэ, тэгээд буцаагаад шилжүүлчихлээ л гэсэн. Тэгээд тэр найзыгаа бодоод, аавыгаа бодоод л тэгээд мэдүүлчихсэн. Худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 116/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б. нь бодит байдалд нийцэхгүй байхад 20.000.000 төгрөгийн үнэ бүхий хашааг З.Т.д гэрээний дагуу худалдан борлуулсан мэтээр худал мэдүүлсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Гэрч худал мэдүүлэх гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Б.оос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Б.ыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Г.Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Б.од “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Г.Б. танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г. овогт Г.ын Б.ыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН