| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2024-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Дид холбогдох эрүүгийн 2419000000405 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д, /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О. Д нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум *** тоотод С.Дын өмчлөлийн алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 462,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн О.Д нь 2024 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сум *** тоотод С.Дын картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар данснаас 1,965,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум *** тоотод С.Дын өмчлөлийн алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 462,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн О.Д нь 2024 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сум *** тоотод С.Дын картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар данснаас 1,965,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Дын 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр би верийн алтан ээмгээ гаргаж ирж зүүх гэтэл миний ээмэг олдохгүй байхаар нь хайж байтал Доо “Эмээ та юу хайж байгаа юм” гэхээр нь би “Ээмгээ хайж байна” гэхэд чимээгүй суугаад байсан...Би өөрийн Хас банкны *** дугаарын дансанд өвлийн түлээ, идэш авна гэж 1,965,000 төгрөгийг хадгалж байсан юм. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр... Хас банканд очиж хуулга гаргаж өгч болох уу гэхэд банкны ажилтан таны дансанд 26,000 төгрөг байна гэхээр нь надад 1,965,000 төгрөг байх естой гэсэн чинь миний дансны гүйлгээг шалгаж үзээд Голомт банкны АТМ-аас гарсан байх шиг байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 44 дүгээр тал),
А ломбардны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №*** дугаартай барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 17-18 дугаар тал).
О.Дийн Голомт банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 15 дугаар тал),
*** ХХК-ий 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ТХҮ-*** дугаартай нийт үнэ. 462.000...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),
С. Дын Хас банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 41 дүгээр тал),
Дийн Голомт банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-54 дүгээр тал),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 62 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч О.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум *** тоотод С.Дын өмчлөлийн алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 462,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн О.Д нь 2024 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сум *** тоотод С.Дын картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар данснаас 1,965,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ган-Одын өмчлөх эрхэд 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклийг буцаан олгосон байна. Иргэний нэхэмжлэгч Ш.Мэд 100.000 төгрөгийн хохирол учирсныг мөн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх албадлагын арга хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Дид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх албадлагын арга авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Дид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 зааснаар шүүгдэгч О.Дид тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч О.Дид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР