Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэмөнхийн Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201525021665 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Эрдэнэмөнхийн Эрдэнэбаяр, Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар байрны 51 тоотод оршин суух хаягтай, /Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 46-543 тоод оршин суух/, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 358 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХЖ80040110/,

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 10-12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд хамт архи ууж байсан Б.Мөнхнасантай “11 дүгээр хорооллынх мөн, биш” гэж маргалдан нүүрэн тус газарт цохиж унаган  хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэддорж нэг хүнийг дагуулж ирсэн. Дагуулж ирсэн хүн нь талийгаач байсан. Буд хөгшин архи авч өгсөн болохоор би бас нэг юм авч өгөхөөр дэлгүүр рүү явсан. Намайг дэлгүүр рүү яваад ирэхэд өвгөний мөнгийг авчихсан байсан. Өвөө надад миний хажууд байсан залуу миний мөнгийг авсан гэж хэлсэн. Би араас нь өвөөгийн мөнгийг авч өгөх санаатай явсан. Тэгээд маргаан болж талийгаач намайг хэл амаар доромжлоод байсан. Миний уур хүрээд талийгаачийг алгадсан юм. Талийгаачийг алгадсан нь миний буруу. Гэрчүүд худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа мэдүүлэхдээ: Миний талийгаач хүүд холбогдох хэрэгт шалгагдаж байгаа Эрдэнэбаярын үйлдэл яагаад танхайн сэдэлт байдаггүй юм бэ. Эрдэнэбаяр нь тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба талийгаач хүүг минь цохиж, тархи толгойнд нь гэмтэл учруулсан. Уг гэмтлийн улмаас хүү минь үхсэн. Үүнийг тухайн үед байсан гэрч нар ч мэдүүлж байна. Эрдэнэбаяр нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж, надаас уучлалт гуйж үзээгүй. Харин ч би цохиогүй, зөвхөн алгадсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж байна. Би маш их гомдолтой байна. Эрдэнэбаярт хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа мөрдөн байцааалтад мэдүүлэхдээ: “…Би Яармагийн 2 дугаар буудлын орчим байрлах халуун усны газар үйлчлэгч хийдэг. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилтай байх үед ач охин Дэнзэнлхамыг гэртээ ганцаараа байхад нь 14 цаг 45 минутанд Отгонбаатар нь өөрийн машинаараа Мөнхнасанг хүргэж өгөөд явсан байсан. Ингээд орой ажлаасаа 21 цаг 50 минутанд тараад гэртээ ирэхэд ах унтаж байна гэхээр нь татаж үзсэн чинь ухаангүй байдалтай ямар ч хариу үзүүлэхгүй байхаар нь 103 дуудаж үзүүлэхэд авч яваад 1-р эмнэлгийн хүлээн авах дээр очиж ажиглах өрөөнд 2 цаг болоод гэмтлээс эмч нар ирж тархинд нь хагалгаа хийсэн боловч сэхэл авалгүй нас барсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-60-62/,

Гэрч С.Мягмар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ эхнэрийн хамт  гараад 10-11 цагийн үед хөдөөний нэг хүнд жолооны үнэмлэх өгөх гээд 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд зогсож байтал уг байрны орцны үүдний сандал дээр 1 эмэгтэй, 4 эрэгтэй архи уугаад байж байсан. Тэгээд эхнэр бид 2 тэдгээр хүмүүсийг хараад байж байтал нэг жижигхэн биетэй багавтар үстэй бараан хувцастай залуу босч ирээд өндөрдүү биетэй бараан хувцастай туранхайвтар залууг зогсож байхад нь шууд босч ирээд шанаа орчимд нь нэг удаа цохиод автал нөгөө өндөрдүү биетэй залуу нь шууд арагшаа шонгийн мод унаж байгаа юм шиг дагзаараа цементэн дээр унасан. ..шанаа орчимд нь гараараа их хүчтэй цохьсон. Их чанга дуу гарч байсан. Тэгтэл нөгөө цохиулсан залуу бүүр их эвгүй ар дагзаараа тэр цементэн дээр толгойгоороо унасан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-70-73/,

Гэрч Д.Наранлхам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2015.09.05-ны өдөр 10-11 цагийн орчимд нөхрийн хамт гэрээсээ гараад явж байтал 1-р байрны 5 дугаар орцны үүдэнд манай байрны архи уудаг 4-5 залуу нэг эмэгтэй хүн хүмүүс суудаг сандал дээр сууж байсан. Бүгд архи ууцгаасан байдалтай байсан. Тэгтэл нэг нь архи ууж дууссан архины шилээ гудамжинд ил шидсэн. Тэгээд манай нөхөр уурлаад шилээ хамаагүй хаяж болохгүй гэж хэлтэл тэд нар манай нөхөр рүү хараалын үг хэлээд байсан. Нөхөр бид хоёр нэг хүүхэд жолооны үнэмлэх өгөх гээд хүлээгээд байж байтал нөгөө архи ууж байсан жижигэвтэр бордуу царайтай нэг залуу хажууд нь зогсож байсан өндөрдүү залууг алгадсан уу толгой руу нь цохьсон уу нөгөө залуу нь ар дагзаараа арагшаа мод унаж байгаа юм шиг унасан. Их чанга дуугарч байсан. Би бүүр өөрийн эрхгүй орилоод хүүе та нар наад хүнээ аваачээ гэж хэлтэл нөгөө цохиулсан залууг цохьсон залуу нь нэг залуутайгаа хоёр талаас нь өргөөд сандалд суулгасан. Тэгтэл тэр залуу ухаагүй доошоо байгаа бололтой сандал дээр суугаад байсан. Тэгээд би нөхрийгөө аваад цаашаа яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /1-р хх-74/,

Гэрч Б.Сэддорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…архи ууж байхад Дональд Баяраа нар “манайх энд байсан, танайх энд хаана байсын, гээд хэрэлдэх маягтай болчихсон байсан, тэгээд муудалцах гээд байхаар нь би тэр хоёрыг “одоо болио та хоёр” гээд Баярааг хойш нь татсан, тэгтэл Баяраа нь уурлаад намайг түлхээд “та одоо лагерлуугаа яваачээ” гэсэн. Тэгээд би доошоо газарт суусан. Тэгээд л суухад л Баяраа нь Дональдыг гараараа “түс” гээд шанаанд нь хүчтэй цохьсон. Тэгтэл Дональд шууд л цохиулаад газарт унасан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-75-76/, /2-р хх-177-178/,

Гэрч Г.Отгонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд бид нар буу халаад тамхи татаж байхдаа Баяраа архийг тойруулж хүмүүст аягалж өгсөн. Тэгээд байж байтал Баяраа нь нилээн согтчихсон Доналдыг “энэ хаанахын хулгайч вэ” гэсэн. Тэгсэн Сэддорж Доналдын хажууд байж байгаад “11-ийнх шдээ, урьд нь байсан” гэж хэлтэл Баяраа нь “хараагүй үзээгүй юм байна” гэж хэлсэн. …Дональд Баяраа нар нутаг нуга яриад хэрэлдэж эхэлсэн. 11-ийн унаган хүүхэд мөн гэж хэрэлдээд байсан. Баяраа нь “чи 11-ийн унаган хүүхэд мөн үү, би чамайг хараагүй юм байна” гэсэн утгатай юм яриад асах маягтай болоод байсан… Дональд нь Баярааг “би чамайг мэднээ” гэж хэлж байсан. Тэгээд тэр өдрийн маргааш нь гэрээсээ гараад явж байхад Баяраатай тааралдсан. Тэгтэл Баяраа нь өчигдөр Дональд нь томроод байсан ш дээ, би нэг алгадсан чинь нам болсон ш дээ, юу ч биш юм байна лээ, ганц алгадалтын ая даахгүй юм байна лээ…” гэсэн мэдүүлэг /1-р хх-83-86/, /2-р хх-179-180/

Гэрч Л.Баясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Тэгтэл удалгүй 10 цаг 40 минут орчимд манай гэрийн хаалгыг хүн цохисон. Тэгээд би хаалгаа нээгээд яах гээд байгаа юм бэ гэж асуутал талийгаач Мөнхнасан танайд оръё гэхээр нь би гэртээ оруулахгүй ээжийн бие муу даралт нь өндөр байгаа эмнэлгээс сая гарсан гэж хэлээд хаалгаа дахин хаатал хаалга тогшоод байсан. Тэгээд би яах гээд байгаа юм бэ гээд дахин асуутал Мөнхнасан эмээгээр толгойгоо бариулах хэрэгтэй байна толгой их өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхнасанг чи эрүүл саруул ирэх хэрэгтэй дандаа согтуу байх юм гэртээ харь эрүүл болохоорооо ирээрэй гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /2-р хх-66/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг байцаасан тэмдэглэл: “…цогцост гадна үзлэгээр дагзны зүүн дээд хэсэгт хуйханд 0,5х1,5 см улаан хүрэн өнгийн язарсан шархтай байхыг харахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Цохилт авсны дараа хөдөлгөөн хийж болно. Хатуу хальсны дээрх цусан хураа нь бага багаар нэмэгдсээр байгаад тархийг дарах үед өвчтөн ухаангүй болж хурхирах, таталт өгөх, доошоо мэдээгүй шээж, өтгөн гаргах, бөөлжих шинж тэмдэгүүд илэрч хүндэрсээр нас баралтанд хүрдэг /1-хх 92/,

Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хойшоо хүчтэй савж унаснаас үүсэх боломжтой. …хүний гараар нэг удаа нүүрэн хэсэгт цохисноос бол гавал тархины гэмтэл үүсэхгүй. Харин ямар нэг хүчин зүйлээс болж газар хүчтэй савж унаснаас болж гавал тархины гэмтэл үүсч болно. Эдгээр нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн буюу гавал тархины хүнд гэмтэл байна…” гэсэн мэдүүлэг /3-р хх-18/,

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ¹1597 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “Б.Мөнхнасангийн цогцост зүүн чамархайны яс, зулайны яс болон суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины баруун, зүүн талын бөмбөлгийн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, дагзны хуйхны язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хүнд зэргийн гэмтлүүд байна. Талийгаач нь Улсын Клиникийн Нэгдсэн эмнэлэгт 2 хоног эмчлэгдсэн тул цусан дахь этилийн спирт тогтоох боломжгүй болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /1-р хх-93-95, 96-67/,

2015 оны 11 сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹954 дүгнэлтэнд: “Э.Эрдэнэбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Э.Эрдэнэбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Эрдэнэбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна. Э.Эрдэнэбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Э.Эрдэнэбаяр нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-111/, 

Гэрч С.Бямбасүрэнгийн мэдүүлэг /1-хх-63, 2-р хх-65/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /2-р хх-170-176/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-21-23/,

Таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-54-56/,

Шүүгдэгч Э.Эрдэнэбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-136/,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт                  

/1-р хх-142/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-143/, 2010 оны 12

дугаар сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ¹358 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-146-148/,

Э.Эрдэнэбаярын хугацаа дуусч суллагдсан тухай баримт /2-р хх-169/,

Зан байдлыг тодорхойлсон гэрчүүдийн мэдүүлэг /1-р хх-67-69, 78, 88-89/,

Амь хохирогчийн гэмтэл авсны дараах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэсэн гэх баримтууд /1-р хх-175-224/,

Хохирлын баримтууд /1-р хх-226-240, 2-р хх-1-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 10-12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд хамт архи ууж байсан Б.Мөнхнасантай “11 дүгээр хорооллынх мөн, биш” гэж маргалдан нүүрэн тус газарт цохиж унаган  хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь урьд 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ¹358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд ялтай байдлын хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан ялгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүх Э.Эрдэнэбаярыг бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Э.Эрдэнэбаярыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Эрдэнэбаярын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс цагдан хоригдсон 571 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаяраас 5.700.176 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаад олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 294,

297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.     Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэмөнхийн Эрдэнэбаярыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Э.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэбаярт оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 571 /таван зуун далан нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар 5.700.176 /таван сая долоон зуун мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг Э.Эрдэнэбаяраас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаад олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эрдэнэбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эрдэнэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ИДЭР

 

                       ШҮҮГЧИД                                               З.БОЛДБААТАР

    

                                                                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ