Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 124/ШШ/2022/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7-р баг, “А” ХХК,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 20-ны өдрийн А/324 дугаар захирамжийн 214м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ө.Б, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Ц, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А” ХХК нь тус шүүхэд анх Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 20-ны өдрийн А/324 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актыг бүхэлд нь бус буюу “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 20-ны өдрийн А/324 дугаар захирамжийн 214м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж багасгасан бөгөөд шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэв.

3.Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 20-ны өдрийн А/324 дугаар захирамжаар “А” ХХК-ийн эзэмшиж байгаа 3000м2 газраас 1875м2 талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэн үлдсэн 1125м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.  

4.Нэхэмжлэгч “А” ХХК-иас Увс аймгийн Засаг даргад хандан 2021 оны 09 сарын 01-ний өдөр “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 20-ны өдрийн А/324 дугаар захирамжийг гаргахдаа бидний хүсэлт гаргасан хэмжээнээс илүү нийтийн эзэмшилд шилжүүлсэн тул компанийн эзэмшил газрыг буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг гаргасан байх ба Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 1/1508 дугаар албан бичгээр “гомдлыг хангах боломжгүй” талаар хариуг өгчээ.

5.Нэхэмжлэгч тал аймгийн Засаг даргад хандан гаргасан өргөдлийн хариуг аваад 2021 оны 11 сарын 01-ний өдөр нэхэмжлэл  ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв..

6.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Увс аймгийн засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/353 тоот захирамжаар “А” ХХК-д компанид Улаангом сумын 3 дугаар багт байрлах 8516010341 нэгж талбарын дугаар бүхий 3000м2 газрыг 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн.

"А" ХХК 2016 онд 1-р ээлжийн 24 айл 2017 онд 2-р ээлжийн 24 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн байнгын ашиглалтад өгсөн. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон сууц баригдсан газар, зогсоолын зориулалтаар нийтийн эзэмшлийн талбайн хүрэлцээ бага байгааг харгалзана үзэж, оршин суугчдын хүсэлтийн дагуу манай эзэмшлийн 3000м2 газраас 1500м2 орчим газрыг нийтийн эзэмшлийн газарт хэсэгчлэн шилжүүлж өгөх хүсэлт Газрын харилцаа хот байгуулалтын газарт гаргасан. Гэтэл аймгийн засаг дарга Ч.Чимэд нь тухайн хүсэлтийг харгалзан үзэхгүйгээр манай компанийн эзэмшлийн газарт халдаж хууль бусаар 1875м2 газрыг бидний зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь илт хууль зөрчсөн, Монгол Улсын үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн өмч хөрөнгөнд халдсан үйлдэл болсон байна.

Засаг дарга Ч.Ч захирамжлахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3.2 / 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна./, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт / 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана/ гэснийг тус тус үндэслэсэн нь хуулийн үндэслэлгүй хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл болсон байна.

Тухайн газар нь 2017 онд засаг даргын захирамжаар хууль ёсны дагуу өмчилсөн газар байсан бөгөөд төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээт буюу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,1-д заасан гэр бүлийн хэрэгцээнд ашиглах 0,07 га газар биш, 29,2-т заасан хүнсний ногоо жимс хүнсний ногоо тариалах зориулалттай 0,1 га газар биш 29,3 нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх газар тариалангийн зориулалттай 100га хүртэлх газарт хамаарахгүй байгаа нь засаг даргын захирамж нь эрх зүйн үндэслэлгүй хууль зөрчсөн болохыг баталж байна.

Мөн Увс аймгийн засаг дарга Ч.Ч-ийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/324 дугаартай захирамж гарсныг манай компанид албан ёсоор хуулийн хугацаанд мэдэгдээгүй, иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газар эзэмших гэрчилгээ олгоогүй зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаснаас үүдэн үл ойлголцол үүсэж зарим хэсэг бүлэг иргэд компанийн нэр төрд сошиал сүлжээгээр халдаж, тухайн эзэмшлийн газрын хашааг нурааж, хөрөнгөд тодорхой хэмжээний хохирол учруулсан үйлдэл гарсан.

1500м2 орчим газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх байтал 1875м2 газрыг шилжүүлсэн.Шүүхээс хийсэн үзлэгийн хүрээнд 214м2 гэж тогтоогдсон, манай эзэмшлийн газраас хасах ёсгүй байсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.Нэхэмжлэл гаргахдаа Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 10-ны өдрийн А/324 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба өнөөдрийн шүүх хуралдаанд А/324 дугаар захирамжаас манай эзэмшлийн 214м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна...” гэв.

7. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн тайлбарт: “...А ХХК нь аймгийн Засаг дарга Д.Батсайханы 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар 3000 м2 газрыг эзэмшиж авсан байна. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон сууц баригдсан газар, зогсоолын зориулалтаар нийтийн эзэмшлийн талбайн хүрэлцээ бага байгааг харгалзан оршин суугчдын хүсэлтийн дагуу 3000м2 газраас нийтийн эзэмшилд хэсэгчлэн шилжүүлж өгөх хүсэлт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргасан. Гэтэл тухайн хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр манай компанийн эзэмшилд халдан хууль бусаар 1875 м2 газрыг бидний зөвшөөрөлгүй шилжүүлж эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах тайлбар гаргаж байна.

1. Хишигт-2 дэлгүүрийн удирдлага, Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 64, Саруул өргөө 48 айлын оршин суугчид нийлж орон сууцны урд байрлах хашаа, жорлон зэрэг нь 3 байрны 112 айлын машин тавих боломж, оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлд хүндрэл үүсгэж байгаа тухай гомдол гаргасан. А компани тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхдээ өөрсдийн сайн дураар, нийгмийн хариуцлагын хүрээнд бус иргэд, оршин суугчдын албан шаардлагаар гаргасан.

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3 дугаар багийн иргэн Д.Оюунцэцэгээс зөвшөөрөлгүй хашсан хашааг бид нурааснаас болж зөрчлийн хуулиар  үндэслэлгүйгээр торгууллаа, Нийтийн эрх ашгийн төлөө бус нэг компанийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа байдлыг арилгаж өгөх талаар гомдол удаа дараа ирсээр байна.

2. А ХХКомпаниас 2021 оны 05 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаартай албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 8516010680, 8516010162, 8516010341 дугаартай гэрчилгээнээс орон сууц болон авто зогсоолын талбайг хэсэгчлэн хасаж нийтийн эзэмшилд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд тухайн хүсэлтэд газрын хэмжээг тодорхой тусгаж өгөөгүй байсан.Тус компаниас аймгийн Засаг даргад илүү авсан газрыг манай компанид буцаан олгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх явцад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 29-ны 12:30 минутад 99098847 Ө.Барсүрэнтэй утсаар холбогдож оролцоог хангаж ажиллах гэсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй.

3. Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн А/353 дугаартай захирамжид холбогдолтой 3000 м2 газарт одоогийн маргаан бүхий газрын тал нь ордоггүй бөгөөд анхнаасаа илүү хашаалж авсан нийтийн эзэмшлийн газар юм. Энэ талаар ГХБХБГазраас 2019 оны 07 дугаар сарын 29-ны 569 албан тоотоор уг компанид албан мэдэгдэл явуулсан байдаг. Мөн 2017 оны 07 дугаар сарын 20-ны А/353 тоот захирамжийн 3 дахь хэсэгт олгогдсон хэмжээнээс хэтрүүлэн эзэмшсэн зэрэг тохиолдолд хуулийн дагуу уг газрыг хураан авах хүртэл арга хэмжээ авч ажиллана гэж дурдсан байдаг.

4. Аймгийн Засаг даргын 06 дугаар сарын 10-ны өдрийн А/324 дүгээр захирамжаар 3000 м2 газрын 1872 м2-ыг нийтийн эзэмшилд шилжүүлэн, үлдсэн 1125м2 газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх эрх олгогдсон.

"А" ХХКомпани Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 4-р 64, Саруул өргөө 48 айлын орон сууцны оршин суугчдын Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх, орон сууц барихдаа барилгын зураг төсөлд тавигдах шаардлага болох барилгын тухай хуулийн 12.1.4-т заасан нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх тухай заалтыг зөрчиж байна.

Иймд хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан шалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...”А” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт анх 64 айлын орон сууцны оршин суугчдын авто гражийг чөлөөлж, доороо авто зогсоолтой,  дээрээ тоглоомын талбайтай байгууламж барихаар төлөвлөгдсөн байсан ба аймгийн Засаг даргын тамгын газар эзэмшиж байсан.2015 онд аймгийн засаг даргын захирамжаар “А” ХХК-нд хүүхдийн тоглоомын талбай болон авто зогсоолын зориулалтаар шилжүүлж олгон. Уг газар дээр орон сууц барих төлөвлөгөөний дагуу 2016 онд орон сууц барих шийдвэр гаргасан. “А” ХХК-иас 36 машины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн хамт өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. Цаашид уг газар дээрээ орон сууц барих төлөвлөгөөтэй байна гэсэн хүсэлтийг ирүүлсний үндсэн дээр “А” ХХК-нд орон сууцны зориулалтаар газрыг эзэмшүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Увс аймгийн засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 10-ны А/324 дугаар захирамж гарах урьтал нөхцөл нь Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх 64 айлын, саруул өргөө 48 айлын орон сууцны 53 оршин суугчийн гарын үсэг бүхий “А” ХХК-ийн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж өгнө үү гэсэн өргөдөл гомдлын хүрээнд энэ шийдвэрийг гаргасан.Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хүрээнд “А” ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 46 тоот албан бичгээр Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан.Компанийн 851606068008, 8516010341 дугаартай гэрчилгээнээс орон сууц болон холбогдох талбайг хэсэгчилж нийтийн эзэмшилд шилжүүлж өгнө үү, гэсэн хүсэлт гаргасан байна.Хүсэлтэд “А” ХХК-иас 1500 мкв газар юм уу, эсхүл хэдэн м.кв газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байсан.Захирамж гарсны дараа шийдвэрийг эс зөвшөөрч “А” ХХК-иас аймгийн засаг даргад 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан өргөдөлдөө хэмжээгээ тусгаж өгөөгүй, мөн албан бичгийн хавсралтад дурдагдсан кадастрын зураглал дээр нийтийн эзэмшилд шилжүүлэх хэсэг нь энэ байсан гэж тодруулж зураад өргөдөлдөө тусгасан байдаг. Энэ зураг дээр 1,2 гэж дугаарласан дугаарын 2 дахь хэсэг нь анхнаасаа нийтийн эзэмшлийн талбай бүхий газар байгаа.Аймгийн Засаг даргад гаргасан гомдлын дагуу “А” ХХК-тай холбогдсон боловч хариу тайлбар ирүүлээгүй.

“А” ХХК-ийн нийтийн эзэмшилд газар шилжүүлэх тухай өргөдлийг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлбөл гэдгийг баримтлан иргэдийн эрх ашиг,сонирхлыг хүндэтгэж Увс аймгийн засаг дарга А/324 тоот захирамж гаргасан.Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг анх чөлөөлөхөд төсвийн хөрөнгөөр нөхөн олговор олгогдож чөлөөлж байсан байдаг.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

10.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгч талаас “Манай компани 1,2-р ээлжийн 24 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон сууц баригдсан газар, зогсоолын зориулалтаар манай эзэмшлийн 3000м2 газраас 1500м2 орчим газрыг нийтийн эзэмшилд хэсэгчлэн шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан.Гэтэл тухайн хүсэлтийг харгалзан үзэхгүйгээр хууль бусаар 1875м2 газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн байна.Тухайн захирамжийг гарах үед тухайн газарт хэмжилтийг хийж аль газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхийг тодруулаагүй.Одоо манай компани шүүхийн үзлэгээр 214м2 газар гэж тогтоогдсон хэсгийг эзэмших эрхтэй тул аймгийн Засаг даргын А/324 дүгээр захирамжийн 214м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

12.Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга “А ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд бус иргэдийн албан шаардлагаар гаргасан,газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж өгөх тухай хүсэлтэд газрын хэмжээг тодорхой тусгай өгөөгүй байсан,одоогийн маргаан бүхий газрын тал нь ордоггүй бөгөөд анхнаасаа илүү хашаалж авсан нийтийн эзэмшлийн газар юм.Орон сууцны оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл,аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол,байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх,орон сууц барихдаа барилгын зураг төсөлд тавигдах шаардлага болох барилгын тухай хуулийн 12.1.4-т заасан нийтийн эзэмшлийн гудамж талбай,цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах авто зогсоол,түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх тухай заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд хариуцагчийн байр суурийг хэвээр хадгалан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

14.Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 10-ны өдрийн А/324 дүгээр “Эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн Улаангом сумын 3-р багийн нутагт “А” ХХК-ийн орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа 3000м2 газраас нийтийн эзэмшлийн талбай болох 1875м2  талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэн, үлдсэн авто зогсоол,хүүхдийн тоглоомын талбай бүхий 1125м2 газрыг “А” ХХК-д худалдаа,нийтийн үйлчилгээний газар,төв цогцолборын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 11 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

15. Увс аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 06-ны өдрийн А/638 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутаг 2/64 айлын орон сууцны урд талд байрлах аймгийн ЗДТГ-ын авто машины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн зориулалтаар эзэмшиж байсан 3000м2 газрыг “А” ХХК-д уг зориулалтаар нь 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ.

16. Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн А/322 дугаар “Газрын зориулалт өөрчлөх тухай” захирамжаар “А” ХХК-ийн эзэмшдэг 3000м2 газрын зориулалтыг өөрчилж орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж,2016 оны 06 сарын 02-ны өдөр 000307554 дугаар гэрчилгээ олгож, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

17. Увс аймгийн Засаг даргын 2017 оны  09 сарын 20-ны өдрийн А/353 дугаар захирамжаар газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон,зөвшөөрөгдсөн хэмжээ хэтрүүлэн 3750м2 газар эзэмшсэн зөрчлийг арилган кадастрын зураглалын дагуу 3000м2 газрыг орон сууц,авто гражийн зориулалтаар “А” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн кадастрын зурагт өөрчлөлт оруулжээ.

18. “А” ХХК-ийн зүгээс эзэмшлийн газартаа тус бүр 24 айлтай орон сууцны хоёр барилгыг барьж ашиглалтад оруулсантай холбоотой 2021 оны 05 сарын 14-ний өдөр 46 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр 8516010241 нэгж талбарын дугаартай газраас орон сууц болон авто зогсоолын талбайг хэсэгчлэн хасаж нийтийн эзэмшилд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Увс аймгийн Газрын харилцаа,барилга,хот байгуулалтын газарт гаргаж, хүсэлтдээ шилжүүлэх газрын хэмжээг заагаагүй, тойм зургийг хавсаргасан байна.

19. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хянан шийдвэрлээд Увс аймгийн Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийн хүсэлтэд нийтийн эзэмшилд шилжүүлэх газрын хэмжээг тоон хэмжээсээр илэрхийлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсжээ.

20. Шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэгээр “А” ХХК-ийн эзэмшиж байсан газарт хоёр орон сууцны байр баригдсан, өмнөө авто зогсоол бүхий хэсэгтэй, орон сууцны өөдөөс харсан зэргэлдээ хэсэгт дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий, авто зогсоолын байгууламжийг барьсан байх ба кадастрын санд зөрүүтэй орсон мэдээллийг засахаар орон сууцны өмнөх авто зогсоолын хэсгээс тоглоомын талбай бүхий байгууламж хоорондох 750м2 газрыг хасаж тооцсон сул газартай талууд маргаангүй байна.

Харин нэхэмжлэгч тал хоёр орон сууцны доорх газар болон авто зогсоолын зориулалт бүхий хэсгийн газрыг эзэмшил газраасаа хасуулаад үлдэх 214м2 газрыг хасуулах хүсэлт гаргаагүй талаар тайлбарлаж байна.

21. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно гээд 39.1.3 дахь хэсэгт “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулжээ.

22.”А” ХХК нь эзэмшлийн газраас хэсэгчлэн төрд буцаан шилжүүлэх хүсэлт гаргахдаа хавсаргасан гараар зурсан тойм зургаас үзэхэд дээрээ тоглоомын талбай бүхий авто зогсоолоос орон сууц хооронд хэсэг газрыг үлдээн, орон сууцны доор болон гаднах авто зогсоолын хэсгийн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр зургийг зурсан байна.

23. “А” ХХК-ийн Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт гаргасан дээрх хүсэлтийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасны дагуу өөрийн газар эзэмших эрхээс хэсэгчлэн татгалзаж гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд холбогдох байгууллага,албан тушаалтнаас газар эзэмшигчийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг дуусгавар болгоно.

Нэхэмжлэгч тал нь газар эзэмших эрхээсээ хэсэгчлэн татгалзсан тохиолдолд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасны дагуу үлдэх газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших эрхтэй байна.

24.“А” ХХК-ийн хүсэлтэд ямар хэмжээний газрын эзэмших эрхээсээ татгалзаж, газар эзэмших гэрээнд өөрчлөлт оруулах нь тодорхой бус байгаа тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг хангасан байх зохицуулалт, мөн хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж захиргааны байгууллагад үүрэг хүлээлгэсэн зохицуулалтын хүрээнд “А” ХХК-ийн өргөдлийг тодруулах үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр захиргааны байгууллага,албан тушаалтнаас “А” ХХК-ийн өргөдлийг хангаж шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээсээ татгалзсан хэсгийг ямар үндэслэлээр 1875м2 гэж үзсэн нь тодорхойгүй болсноос өргөдлийн бодит агуулгад тохироогүй шийдвэр гарчээ.

25.Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн алдаатай шийдвэр гарсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актаар “А” ХХК-ийн эзэмшлийн 1875м2 газрыг нийтийн эзэмшилд шилжүүлснээс 214м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

26.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт зааснаар бичгээр гаргасан захиргааны актад актыг гаргах бодит нөхцөл байдал,хууль зүйн үндэслэлийг заасан байх шаардлагыг заажээ.

Маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 10-ны өдрийн А/324 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар 33.1.1 дэх хэсгийг баримталсан байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн Засаг дарга газрын харилцааны талаарх эрхийг хэрэгжүүлэхдээ “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ” , 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана “ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахад хамааралтай байх бөгөөд “А” ХХК-ийн эзэмшлийн газраас нийтийн эзэмшилд шилжүүлэх шийдвэрийг гаргахад хамаарах хууль зүйн үндэслэлийг заасан зохицуулалт биш байна.

27.Хариуцагчаас талаас “Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх 64 айл, саруул өргөө 48 айлын орон сууцны оршин суугчдаас авто машин тавих боломж,оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлд хүндрэл үүсгэж байгаа тухай гомдол гаргасан, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан      орон сууц барихдаа нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх тухай заалтыг зөрчсөн” гэсэн тайлбар гаргасан ба энэ талаар маргаан бүхий актад тусгагдаагүй, иргэдийн гомдлын хүрээнд тухайн акт гараагүй, “А” ХХК-ийн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар “А” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн тул хариуцагчийн уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

28.Иймд нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

29.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч байгууллагын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 10-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн 1 дэх хэсэгт заасан 1875м2 гэсэн хэсгээс 214м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНЦЭЦЭГ